2021
Ерөнхий чуулган: Дэлхий даяарх Сүмийн цуглаан
2021 оны 9, 10-р сар


“Ерөнхий чуулган: Дэлхий даяарх Сүмийн цуглаан,” Лиахона, 2021 оны 9/10-р сар

Сайн мэдээний үндсэн зарчим

Ерөнхий чуулган: Дэлхий даяарх Сүмийн цуглаан

Бид Ерөнхий чуулганаар бошиглогчийг болон Сүмийн бусад удирдагчийг сонсдог. Бурханы биднийг мэдээсэй хэмээн хүсэж буй зүйлсийг тэд бидэнд заадаг.

Зураг
Ерөнхий чуулган үзэхээр Чуулганы Төвд цугларсан хүмүүс

Сүм жил бүрийн дөрөв болон аравдугаар сард Ерөнхий чуулган хэмээх дараалсан хэдэн цуглааныг зохион байгуулдаг. Удирдагчид Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний тухай зааж, гэрчилдэг. Ерөнхий чуулган АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид зохион байгуулагддаг бөгөөд дэлхий даяар 90 гаруй хэлээр цацагддаг. Бүх гишүүд болон сонирхсон бусад хүний хувьд үг хэлж буй хүмүүсийг сонсох нь нээлттэй байдаг.

Сүмийн анхны чуулганууд

Зураг
Сүмийн зохион байгуулалтад оролцохоор цугларсан хүмүүсийн дүр зураг

1830 оны 4-р сарын 6-нд хуралдсан хурлын үеэр Сүмийг албан ёсоор зохион байгуулжээ (Сургаал ба Гэрээ 20-ийг үзнэ үү). Анхны Ерөнхий чуулган 1830 оны 6-р сарын 9-нд болсон. Тэр үеэс хойш Ерөнхий чуулганыг Сүмийн ерөнхийлөгчийн удирдлаган доор, гишүүдийн цугларч болох газруудад явуулдаг болов. 1840-өөд оны үед удирдагчид Ерөнхий чуулганыг жилд хоёр удаа зохион байгуулж эхэлсэн.

Ерөнхий чуулган өнөөдөр хэрхэн зохион байгуулагддаг вэ

Ерөнхий чуулганаар Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Сүмийн бусад удирдагч үг хэлдэг. Ариун сүмийн талбайн табэрнаклын найрал дуучид болон Сүмийн бусад найрал дуучид дуулдаг. Ерөнхий чуулган бүр бямба гаргийн гурав, ням гаргийн хоёр, нийт таван хуралдаанаас бүрддэг.

Удирдагчдын сургаалууд

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Ерөнхий чуулганд үг хэлж буй нь

Чуулганы өмнөх хэдэн сард Сүмийн удирдагчид юу заах талаараа залбирдаг. Их Эзэн тэдэнд юу хэлэхээ мэдэхэд нь сүнслэгээр нөлөөлдөг. Тэд сайн мэдээний үнэнүүдийг зааж, Бурханы зарлигуудыг дагахад биднийг урьдаг юм. Тэд мөн Есүс Христийн талаар гэрчилж, Түүнийг дагахад биднийг урамшуулдаг.

Чуулганаас суралцах

Ерөнхий чуулганы өмнө бид Их Эзэн биднийг юу сураасай гэж хүсэж байгааг мэдэхийн тулд залбирч болно. Тэдгээр үгийг сонсох үед Сүнс бидэнд юу мэдэх ёстойг зааж өгөх болно. Хэлсэн үгс чуулганы дараа ChurchofJesusChrist.org, Gospel Library аппликэйшн болон Ерөнхий чуулганы сэтгүүл дээр гардаг. Есүс Христийн болон Түүний сайн мэдээний тухай мэдэхийн тулд бид хэлсэн үгсийг залбирч байгаад судалж болно.

Судруудаас

Есүс Христ бидэнд ойр ойрхон цуглан, уулзацгаах хэрэгтэй хэмээн заасан (3 Нифай 18:22-ыг үзнэ үү).

Сүмийн гишүүдийг хамтдаа шүтэн бишрэх үед Их Эзэн тэдэнтэй хамт байх болно (Матай 18:20-ийг үзнэ үү).

Их Эзэн Сүмийн гишүүдийг ”бие биедээ зааварлаж мөн сэнхрүүлэхийг” (Сургаал ба Гэрээ 43:8-ыг үзнэ үү) зарлигласан.

Сүмийн гишүүдийг итгэлтэй байж, Христэд итгэлээ хөгжүүлэн, хамтдаа цугларсан үед Түүний Сүнс тэдэнтэй хамт байх болно (Сургаал ба Гэрээ 44:2-ыг үзнэ үү).