2021
Миний үйлчлүүлэгч үү эсвэл миний дуудлага уу?
2021 оны 9, 10-р сар


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Миний үйлчлүүлэгч үү эсвэл миний дуудлага уу?

Санваарын үүргээ биелүүлэхийг хичээх үед Их Эзэн миний санхүүгийн байдлыг мэддэг гэдгээ надад мэдүүлсэн юм.

Зураг
briefcase

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Намайг 2000 онд ахлагчдын чуулгын ерөнхийлөгчөөр дуудагдахад долоохон ахлагч санваарын цуглаандаа оролцдог байв. Түүнчлэн бид тохинууллын айлчлал гэж одоо хэлдэг болсон гэрийн багшлалтаа сайн хийдэггүй байв.

Бид ахлагчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн чармайлт гаргах хэрэгтэй болсныг би мэдэж байсан. Тиймээс анхлан хийгчдийн хувьд, даалгавраа өөрчлөн зохион байгуулж, хяналтаа нэмэгдүүлэхээр шийдэв.

Би хувиараа өмгөөлөгчөөр ажилладаг болохоор ийш тийш их явдаг. Би маш завгүй ч санваарын үүргээ биелүүлэхийг хүсэж байв.

Нэг өдөр үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар өөр хот руу автобусаар явах хэрэгтэй болсон юм. Санхүүгийн хувьд даржин байсан тул үйлчлүүлэгчээ надад урьдчилгаа төлөхийг зөвшөөрөх байх найдаж байлаа.

Автобусанд суух замаараа би чуулгын хэдэн гишүүнтэй уулзаж, тэднийг хариуцсан гэр бүл дээрээ очиход урамшуулахаар шийдэв. Зарим нь мартсан байсан ч хийнэ гэж амласан. Зарим нь тэр долоо хоногтоо амжиж айлчилна гэж амлав.

Би тэдний өгсөн амлалтад маш их баярласан болохоор чуулгын бусад гишүүнийхээрээ айлчилж, тэднийг урамшуулахаар шийдэв. Анзаараагүй байтал үд дунд болсон байлаа. Тиймээс би хотоос явахын оронд үйлчлүүлэгчийнхээ хэргийг хянахаар оффис руугаа очихоор шийдсэн юм.

Оффис дээрээ иртэл үйлчлүүлэгч маань өөр нэг хүнтэй хамт үүдэнд зогсож байгааг хараад би их гайхлаа. Би үйлчлүүлэгчдээ түүний хэрэгтэй танилцах гэж байснаа болон маргааш хариу мэдэгдэнэ гэдгээ тайлбарлав. Тэр намайг шинэ үйлчлүүлэгчтэй танилцуулахаар ирсэн гэдгээ хэллээ. Би түүний найзтай ярилцсаны эцэст тэр хуулийн асуудлыг нь шийдвэрлэхэд туслах төлбөрийг надтай тохиролцсон юм. Тэгтэл үйлчлүүлэгч маань гэнэтхэн урьдчилгаа төлбөр төлөхийг санал болгов.

Миний хувьд энэ бүхэн гайхамшиг байлаа. Тэнгэрлэг Эцэг намайг Түүнд итгэлтэй байхыг хичээж байгааг мэдэж байсан. Тэр бас миний хэрэгцээг мэдэж байв. Тэр олон жилийн турш намайг олон талаар адисалж ирсэн боловч энэ удаа санхүүгээр адисалсан юм. Тэрээр Өөрт нь үйлчлэх хүмүүст хандсан, судар дээрх “Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” ( Матай 6:33) үгсээ биелүүлсэн билээ.

Манай ахлагчдын чуулга яасан бэ гэж үү? Биднийг нэгдмэл сүнстэйгээр урагшлах үед Их Эзэн биднийг адисалсан. Манай гэрийн багшлалт удалгүй 100 хувь болтлоо өсөж, санваарын ирц маань 35 итгэлтэй ахлагчтай болтлоо нэмэгдэв.

Бид бүгдээрээ Их Эзэний ажилд зэмсэг болж, бусдад үйлчлэх замаар Түүнд үйлчлэн баяр баясгалан, адислалуудыг хүртэж чадна гэдгийг би гэрчилж байна.