2021
Бид хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх вэ?
2021 оны 7-р сар


Бид хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх вэ?

Хүчирхийллийн хохирогч, тэдний Сүмийн удирдагчид болон гэр бүлүүдэд өгөх зөвлөгөө.

Зураг
sad boy looking out window

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Аврагч хүчирхийллийн талаар нухацтай ярьсан байдаг. Тэрээр “Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь хэн бүдрүүлнэ, тэр нь хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр” (Матай 18:6-г мөн Марк 9:42; Лук 17:2-ыг үзнэ үү) хэмээн хэлсэн.

Хүчирхийлэл бол бие махбод, сэтгэл санааны эсвэл бэлгийн замаар хохирол учруулснаар бусдад (хүүхэд, хань ижил, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд) хүний ёсоос гадуур харьцаж эсвэл дорд үзэж байгаа хэрэг юм. Сүм хүчирхийллийн аливаа хэлбэрийг үл тэвчих байр суурь баримталдаг.

Дараах санаанууд нь хүчирхийллийн хохирогч, хохирогчийн Сүмийн удирдагч, эцэг эх гээд аль алинд нь тус болж болно.

Хохирогчдод

Хүчирхийллийн хохирогчийн хувьд1 та амссан хүчирхийллийнхээ төлөө буруутгагдах мөн таны эсрэг үйлдсэн хэргийн төлөө уучлал гуйх ёсгүй. Аврагч эдгэрэхэд маань хэрхэн туслах бол гэж та бодож байж магад. Аврагчийн цагаатгагч золиос зөвхөн нүгэл үйлддэг, наманчлах хэрэгтэй хүмүүст хамаатай гэж та бодож байж болох юм.

Тэгвэл Аврагч танд хэрхэн тусалдаг вэ? Тэрээр золиос гаргасан болохоор биднийг ойлгодог. Аврагч бурханлагаар хүнийг ойлгох чадвартай. Хэдийгээр Аврагч бидний бүх өвчин зовлонг яг хэрхэн ойлгодгийг мэдэхгүй ч хүн нэг бүрийг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэлтгүй төгс ойлгодог гэдэгт бид итгэж чадна (2 Нифай 9:21-ийг үзнэ үү). Тэр амар амгалан, урагш тэмүүлэх хүчийг өгч чадна.2

Аврагч Цагаатгалаараа дамжуулан, өвдөж шаналж байгаа хүмүүст тусалдаг. Тэр “бусдын буруу үйлдлийн улмаас учирсан зовлон зүдгүүрээс биднийг эдгээж, хохирлыг нөхөн барагдуулахад”3 тусалж чадна.

Хүчирхийлэгчийг хэзээ, хэрхэн хариуцлагад татахаас үл хамааран “бүх нарийн ширийнийг мэдэх Төгс Шүүгч, Есүс Христ хүчирхийлэгчдийг шударга бус үйлдэл бүрийнх нь төлөө хариуцлага үүрүүлнэ”4 гэдэгт та итгэж болно. Түүнчлэн “хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан … хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болохыг”5 мэдэж ав.

Сүмийн удирдагчдад

Зураг
priesthood leader talking to a young man

Өсвөр үеийнхэн болон хүүхдүүдэд үйлчилдэг Сүмийн бүх удирдагч, багш “Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах нь”6 сургалтыг онлайнаар авсан байх ёстой.

Сүмийн ямар ч удирдагч хүчирхийллийн талаарх мэдээллийг үл ойшоох ёсгүй мөн үйлдсэн гэмт хэргийг цааш мэдээлэхгүй байхыг зөвлөх ёсгүй.7 Сүмийн удирдагчид болон гишүүд хүчирхийллийг иргэний эрх бүхий байгууллагад мэдээлэх хуулийн өмнө хүлээсэн бүх үүргээ биелүүлэх ёстой. Гэвч бүс бүрд гэмт хэргийн талаар мэдээлэх өөр өөрийн гэсэн хууль бий. Зарим бүсэд хууль сахиулах байгууллагатай холбогдохыг зөвлөдөг бол заримд нь хориглодог.

Хүчирхийллийн хохирогчид бусдад, ялангуяа эрх мэдэлтэнд итгэж чаддаггүй гэдгийг удирдагчид ойлгох нь чухал. Сэтгэл санааны хувьд нөхцөл байдал нь хүндхэн байж болно. Хохирогчид тэр талаар ярьж чадахгүй байгаа нь хувь хүний тань хувьд тантай ямар ч холбоогүй байж болох юм. Удирдагчидтай ганцаарчлан уулзах нь хүчирхийллийн хохирогчид аймшигтай байж болно. Хохирогчид санваарын удирдагчидтай уулзахдаа хамт байх итгэл даасан насанд хүрсэн хүнийг урьж болно.8

Хэзээ хүчирхийлэлд өртсөнөөс үл хамааран тэдэнд мэргэжлийн хүний дэмжлэг туслалцаа тустай. Ихэнх хохирогчийн хувьд, сэтгэл санааг нь ойлгож байгаа, аюулгүй, хамгаалагдсан, өөрт нь хэн нэгэн итгэж байгаа гэдгийг мэдэрч, хүчирхийлэл хэрхэн тэдэнд нөлөөлснийг ойлгосон үед эдгэрэлт хамгийн сайн явагддаг. Дэмжлэг туслалцаа нь тэдэнд амар амгаланг олж, ганцаараа биш гэдгээ мэдрэхэд тусалж болох юм.9

Хэн ч оролцсон бай хүчирхийллийн эсрэг зогсохыг жишиг болговол зохино. Хүчирхийлэгч эрх мэдэл, итгэл хүлээлгэсэн албан тушаал хашдаг бол хүчирхийлэл нь ноцтой, хохирогчид илүү хор хөнөөлтэй байж болзошгүй. Бусдыг хүчирхийлдэг хүн бусдын итгэлийг хүлээсэн албан тушаалтан бол хохирогчийн итгэлийг хөсөрдүүлсэн гэдгээр нь тэдэнд илүү хүнд шийтгэл хүлээлгэвэл зохино. Сүм, ялангуяа бусдын итгэл хүлээсэн, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хувьд хүчирхийллийг үл тэвчих байр суурь баримталдаг.

Эцэг эхчүүдэд

Эрх мэдэл бүхий хүний үйлдсэн хүчирхийлэл илүү анхааралд өртдөг ч ихэнх тохиолдолд мэддэг таньдаг хүмүүс нь хохирогчдыг хүчирхийлсэн байдаг. Гэр бүлийн гишүүн, хамаатан садан, хөрш нь хүчирхийлэгч байж болно. Мөн аль ч насны хүн хүчирхийлэгч байж болно. Хүчирхийлэгч огт танихгүй хүн байх нь ховор.10

Гэхдээ хүчирхийллийг таньж мэдэх, үүнээс зайлсхийхэд нь хүүхдүүддээ туслахын тулд зааж болох хүчирхийллийн хэд хэдэн тэмдэг бий. Хэн нэгэн мэдсээр байж ямар нэгэн буруу зүйл үйлдэхийг хүсэх юм бол “үгүй” гэж хэлэх хэрэгтэйг хүүхдүүддээ заа. Хүчирхийлэгчид хэрхэн хохирогчдыг дарамталж, айлган сүрдүүлж, уруу татаж болох хэдэн жишээг дурдъя. Үүнд:

  • Гэмт хэрэгтэн байр суурь, эрх мэдэл, нас, бие бялдар, мэдлэг зэргээ ашиглан хүссэнээ хийлгэхийн тулд хохирогчийг дарамталдаг.

  • Хохирогчийг хүссэнийг нь хийхгүй л бол найз нь байхыг хүсэхгүй байгаа тухай тэд хэлдэг.

  • Тэд ямар нэгэн зүйлийг нь авчхаад, хохирогчийг хэлснээр нь үйлдэхгүй л бол өгөхгүй гэдэг.

  • Хохирогчийг бууж өгөхгүй л бол хохирогчийн талаар худал мэдээлэл тараана гэж тэд заналхийлдэг.

  • Тэд хүссэндээ хүрэхийн тулд бэлэг өгч, тусламж үзүүлж, шагнаж урамшуулдаг.

  • Хүчирхийллийн талаар хэлэх юм бол тэдэнд хэн ч итгэхгүй эсвэл чи өөрөө асуудалд орно гэж тэд хохирогчид хэлдэг.

  • Тэд хүссэнээр нь үйлдэхгүй л бол тэдэнд төдийгүй тэдний хайртай хүмүүст хор хөнөөл учруулна гэж сүрдүүлдэг.11

Хүчирхийлэлтэй тэмцэх маш ярвигтай. Үүнд энгийн хариулт өгөх боломжгүй ч бид Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үгээс тайтгарал авч болно. Тэр “Аврагчийн амсаж туулаагүй тийм их бие махбодын өвчин, сүнслэг байдлын шарх, сэтгэл санааны зовлон, сул дорой байдал энэ мөнх бус амьдралд та бидэнд хэзээ ч тохиолдохгүй. Бид сул дорой байдлаасаа болж, ‘Ийм хүнд ачааг хэн ч мэдэхгүй, хэн ч ойлгохгүй шүү дээ’ хэмээн дуу алдан хашхирч мэднэ. Харин Бурханы Хүү төгс мэддэг, төгс ойлгодог, учир нь Тэр бидний хүн нэг бүрийн ачааг мэдэрч, үүрсэн юм. Тэр Өөрийн хэмжээлшгүй бөгөөд үүрдийн золиослолын улмаас (Алма 34:14-ийг үзнэ үү) сэтгэл санааны зовлонг төгс ойлгодог ба бидэнд нигүүлслийн мутраа сунгаж чадна. Тэр бидэнд туслахыг санал болгон, бидэнд нөлөөлж, дэмжлэг үзүүлэн, биднийг эдгээн хүчирхэгжүүлж чадна. Тэрээр бидэнд өөрсдийнхөө хүчээр яагаад ч хүрч чадахааргүй түвшинд хүрэхэд мөн өөрсдийнхөө хүчээр хийж чадахгүй зүйлсийг хийхэд тусалж чадна”12 хэмээн хэлсэн.

Зураг
Savior in Gethsemane

Ай Эцэг минь, Саймон Дювэй

Бид Амар амгалангийн Ханхүүд хандаж, Түүгээр дамжуулан итгэл найдвар, эдгэрлийг олох болтугай.

Эх сурвалж

  1. Зарим хүн хохирогч гэхээсээ амьд үлдэгч гэсэн нэр томьёог илүүд үздэг.

  2. “Сорилт бэрхшээл тулгарсан үед Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ?-ийг abuse.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү.

  3. Д.Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129.

  4. Richard G. Scott, “To Heal the Shattering Consequences of Abuse,” Liahona, May 2008, 42–43.

  5. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org.

  6. “Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах,” ChurchofJesusChrist.org/callings/church-safety-and-health/training-and-video-resources/youth-protection-ийг үзнэ үү.

  7. “Protecting Members and Reporting Abuse,” abuse.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  8. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 31.1.1, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  9. “Should I Get Professional Help?” abuse.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  10. “Recognizing Patterns of Abuse,” abuse.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  11. “Talking to Children about Abuse,” abuse.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  12. Дэвид А.Бэднар, “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” Liahona, 2014 оны 5-р сар, 105.

  13. “Talking to Children about Abuse,” abuse.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.