2021
Эргэлзэх мөчид итгэлд үүд хаалгаа нээлттэй байлга
2021 оны 7-р сар


Залуучуудад зориулав

Эргэлзэх мөчид үүд хаалгаа нээлттэй байлга

Заримдаа бид сүнслэг туршлагадаа эргэлзэж болох ч бидний бат итгэл давлагаа адил дахин түрэн орж ирдэг.

Зураг
woman standing before open door

Сүмд төрж өссөн аль эсвэл амьдралынхаа сүүлд хөрвөгдсөн эсэхээс үл хамааран бидний ихэнхэд асуулт, эргэлзээ төрөх үе тохиолдож байсан байх. Бидэнд гайхалтай сүнслэг туршлага тохиож байсан ч одоо өөртөө дараах асуултуудыг тавьж байж болно. Тухайлбал: Тэдгээр сүнслэг туршлага бодит байсан уу аль эсвэл Сүнсийг мэдэрч байна гэж өөрөө ургуулан бодсон уу? Тэдгээрийн аль нь ч үнэн биш бол яах вэ? Хариултаа олж аваагүй асуултуудаа яах вэ? Хэрэв би үнэн гэдэгт эргэлзэж байвал Сүмд хэрхэн үлдэж болох вэ?

Эдгээр асуулт номлолд үйлчилсний дараа надад гарч ирсэнд би гайхаж билээ. Үнэн гэдэгт асар их итгэлтэй байсан учраас би бусдад жил хагас номлож байсан бол одоо мэддэг, заалгасан бүх зүйлдээ эргэлзэж байлаа. Аль нь ч үнэн биш юм бол би амьдралаа хий дэмий зүйлд үрсэн болох байв. Тиймээс миний заасан бүх зүйл үнэн байсан уу? Аль эсвэл үнэн байгаасай гэж би хүссэн үү? Найзуудаа Сүмийг орхин явахыг харахын зэрэгцээ өөрийн итгэлийг соригдоход би өөрийгөө хуурсан юм болов уу гэж хүртэл бодох болсон.

Энэ хугацаанд би надад асуух чухал асуултууд байсан гээд сүмд явж, зарлигуудыг дагахаа болиогүй юм. Харин ч асуух зүйлтэй байсан болохоор би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны өгсөн “илчлэлт хүлээн авах сүнслэг чадавхаа нэмэгдүүлэх”1 зөвлөгөөг дагасан.

“Өсөн нэмэгдсэн цэвэр ариун байдал болон ягштал дуулгавартай дагах, үнэн сэтгэлээсээ эрэлхийлэх, Мормоны Номд байгаа Христийн үгэн дээр өдөр бүр найрлах, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд тогтмол цаг гаргаж байх зэрэгтэй адилаар тэнгэрийг нээх өөр юу ч байдаггүй”2 гэдгийг би мэдэж байлаа. Бурхантай ойр үлдэх нь нэн чухал гэдгийг би мэдэрсэн. Эцсийн эцэст зөвхөн Тэр ганцаараа миний асуултад хариулж чадах байв.

Юнисийн түүх

Нэг удаа би Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүхээс Сэргээлтийн эхэн үед амьдарч байсан эмэгтэйн тухай нэгэн гайхалтай түүхийг уншсан юм. Юнис Франклинд минийхтэй адил асуулт, сэтгэлийн зовиуртай байсан бололтой.

Юнист Элайжа Эйбл гэх номлогч Нью-Йоркт баптисм хүртээсэн байлаа. Тэр баптисм хүртэж байхдаа сайн мэдээнд жинхэнээсээ хөрвөгдсөн байв. Гэвч Элайжаг Канад руу явсны дараа Юнис нэгэн цагт үнэн гэдгийг нь мэдэж байсан сайн мэдээнд эргэлзэх болжээ. Тэр Иосеф Смитийг үнэхээр бошиглогч байсан гэдэгт мөн Мормоны Ном жинхэнэ судар мөн эсэхэд эргэлзэх болов. Тэр өөрийгөө хууртагдсан байж магадгүй хэмээн бодож, олон шөнийг нойргүй өнгөрөөсөн юм.

Их Эзэн Юнист тохиолдсон бэрхшээлийг Элайжагийн зүүдэнд харуулсан бөгөөд тэр ч цаг алдалгүй Нью-Йорк руу эргэж ирсэн байна. Элайжаг хаалгыг нь тогшиход Юнис гайхсан бөгөөд дахин түүнтэй уулзмааргүй байна гэж хэлэхээр зэхэж байсан ч харин гэртээ оруулжээ. Элайжаг оройн номлолдоо урихад тэр тээнэгэлзэж, очмооргүй санагдсан байна. Гэвч эцэст нь тэр бууж өгөн, юу хэлэхийг нь сонсохоор явав.

Номлол айлдахдаа тэр “та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх” хэмээн 1 Петр 4:12-ыг эш татав. Юнисийн итгэлийг устгахыг эрэлхийлж байсан тэрхүү галт сорилт амжилтад хүрсэнгүй. Учир нь Элайжагийн үгийг сонсоод, Юнисийн эргэлзээ ор мөргүй алга болсон байлаа. Гэгээнтнүүд номон дээр “Өмнө нь мэдэрч байсан бат итгэл нь давлагаа лугаа дахин түрэн орж ирдэг”3 хэмээн өгүүлсэн байдаг.

Бат итгэл давлагаа адил түрэн орж ирдэг

Юнист тохиолдсон үйл явдал намайг гайхшируулж, би тэр талаар ахин дахин бодсон. Юнисийн адил би Элайжагийн энгийн бөгөөд хүчтэй үгсээс суралцсан. Итгэлийн тухай асуултыг бид “хачирхалтай юм гэж” бодох ёсгүй. Энэ нь байх л ёстой зүйл. Өмнө нь үнэн тэнгэрээс асгарч буй мэт санагдаж байсан ч хожим нь сүнслэг байдлын хувьд ган гачигт нэрвэгдэж болно. Бид бороо орохыг үнэхээр мэдэрсэн үү гэж бодогдох үе ч гарч ирж мэдэх юм. Ямар ч хариу, баталгаа аваагүй байсан ч бид илчлэлтийн бороо цутгаасай гэж үргэлжлүүлэн залбирч болно. Өчигдөр үнэн байсан зүйл өнөөдөр ч үнэн хэвээр гэдгийг мэдэхийн тулд бид гэрчлэлтэй болохыг эрэлхийлж болно. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Үүний талаар залбирах үед, хэрэв энэ нь зөв байсан бол, тэгээд үүнд итгэж, үүний дагуу амьдарсан бол энэ нь зөв.… Эргэлзээтэйгээ нүүр тул. Айдсаа ял”4 хэмээн заасан.

Хэдийгээр нээж өгөх хэрэггүй гэж бодож байсан ч номлогч найздаа хаалгаа дахин нээж өгснөөр Юнис өөрийн зүрх сэтгэлийг дахин нээсэн юм. Их Эзэн ахин Юнист хүрч, өмнө нь мэдэж байсан бүхнээ баттай гэдгийг мэдрэхэд тусалсан. Үүнтэй адил бидний хүн нэг бүр эргэлзэж байсан ч итгэлд үүд хаалгаа нээлттэй орхидог. Бид яг юу хийж байгаагаа сайн мэдэхгүй байж болох ч зөвийг хийж, илчлэлтийг үргэлжлүүлэн эрэлхийлж чадна.

Бидний бодгаль сайн хэмээн Бурханы хэлсэн жижигхэн зүйлсийг үргэлжлүүлэн хийснээр үүд хаалгыг нээлттэй байлгаж болно. Бид Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, цуглаандаа суудаг. Заримдаа нэг шүлэг ч байсан бид судраас уншдаг. Бид сүмийн дуулал болон чуулганы үгсийг сонсдог. Бид өөрийн асуудал, итгэж найдаж байгаа зүйлийг Тэнгэрлэг Эцэгтэй ярилцаж, үнэнийг мэдэхэд бидэнд туслахыг Түүнээс гуйдаг. Бид зарлигуудыг сахиж, наманчлан, Ариун Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлдэг.

Хэрэв бидэнд итгэх хүслээс өөр зүйл байхгүй байсан ч бид жижиг зүйлсээ үргэлжлүүлэн хийж, доторх хүслээ ажиллуулах ёстой. Бид итгэлийг хөгжүүлэх орон зайг зүрх сэтгэлдээ үлдээх ёстой. (Алма 32:27-г үзнэ үү.)

Би юу мэддэг вэ?

Зураг
man standing before open door

Хэдийгээр заримдаа би эргэлзэн, тээнэгэлзэж, төөрөлдөж байсан ч энэ бол Христийн Сүм гэдгийг өөрийн биеэр нэг бус удаа олж мэдсэн. Түүнээс гадна Иосеф Смит төгс бус хүн байсан ч бүх зүйлээ золиосолж, байдаг чадлаараа зүтгэсэн, Бурханы сүнслэгээр өдөөгдсөн бошиглогч байсныг би мэднэ. Мөн Мормоны Ном бол эртний үнэн цэдэг байсан бөгөөд өнөөгийн бидэнд зориулан хадгалсан ариун судар гэдгийг би мэднэ. Тэнгэрлэг Эцэг эдгээр үнэнийг өдөр бүр надад баталдаг. Тэр эдгээр үнэнийг Юнис Франклинд ч гэсэн баталсанд би баярладаг.

Үүд хаалга, зүрх сэтгэлээ үнэнд болон Бурханд нээлттэй байлгах нь юу үнэн, юу худал болохыг Ариун Сүнсээр дамжуулан мэдрэхэд бидэнд тусална гэдгийг би мэднэ. Тэр цаг мөчид сүнслэг туршлагаа үгүйсгэх аргагүй байх болно. Үүний дараа эргэлзээ сүүдэр адил тусах цаг мөч бүрд бид өөрт төрж байсан мэдрэмжээ санах хэрэгтэй. Юнист тохиолдсоны адил сайн мэдээнд итгэх итгэл тань давлагаа адил түрэн орж ирнэ.

Бид сүнслэг туршлагаасаа зуурсаар байвал эргэлзээний ган гачигт удаан нэрвэгдэх шаардлагагүй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн “Ариун нандин дурсамжуудаа нандигнан хайрла. … Тэдгээр нь Тэнгэрлэг Эцэгээс болон Түүний Хайрт Хүүгээс танд ирдэг гэдэгт итгэ. Эргэлзэх үедээ тэвчээртэй байхад, бэрхшээл тулгарах үед ойлголтыг авчрахад тэдгээрийг ашиглаарай. Хэрэв та амьдралыг тодорхойлогч сүнслэг үйл явдлуудаа хүлээн зөвшөөрч, нандигнан хайрлахад бэлэн байвал тэдгээр нь ар араасаа даган ирнэ гэдгийг би танд амлаж байна”5 хэмээн хэлсэн.

Шинэ сүнслэг туршлагатай болж, Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийг эрэлхийлдэг хүмүүсийн хувьд “[Христэд] итгэдэг нь хэзээ ч цангахгүй” (Иохан 6:35) гэсэн амлалт биеллээ олдог. Бидэнд хэрэгтэй хариулт ирнэ. Бид Сатаны бидэн рүү хаясан галт сорилтыг даван гарч чадна. Бид мөн амьдралынхаа туршид биднийг хайрладаг Бурхандаа итгэлтэй хэвээр үлдэж чадна.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119.

  2. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 120.

  3. Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, боть 1, Үнэний жишиг, 1815–1846 (2018), 315–317-г үзнэ үү.

  4. Jeffrey R. Holland, “Cast Not Away Therefore Your Confidence” (Brigham Young University devotional, Mar. 2, 1999), 4, speeches.byu.edu.

  5. Нийл Л.Андэрсэн, “Амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23.