2021
Эрүүл мэндийн асуудалтай хүмүүст тохинуулах нь
2021 оны 7-р сар


Тохинууллын зарчмууд

Эрүүл мэндийн асуудалтай хүмүүст тохинуулах нь

Бид Аврагчийн мутар байж, тайтгаруулж, тусалж чадна.

Зураг
man delivering groceries

Өвчин, харшил, хөгжлийн бэрхшээл, өндөр нас зэрэг нь гишүүний шүтэн бишрэх, үйлчлэх чадварт нөлөөлж болно. Хэрэв тохинуулагч ах, эгч нар тэдний хэрэгцээнд анхаарлаа хандуулах юм бол эрүүл мэндийн асуудалтай гишүүдэд сайн мэдээний адислалуудаас илүү их хүртэхэд туслах олон арга зам байгааг харж болно.

Залуухан эх хорт хавдартай гэж оношлогдсоныхоо дараа ганцаардаж, айдаст автжээ. Гэхдээ өвчнийх нь талаар тойргийнхон нь мэдсэний дараа тэр удалгүй эгч нарынхаа хайр, энэрлээр хүрээлэгдсэн байна. Хүнд эмчилгээ эхлэхэд эгч нар түүнийг эмчилгээнд нь машинаараа хүргэж өгч, химийн эмчилгээнийх нь үеэр олон цагаар хамт суудаг байжээ. Тэд түүнтэй хамт залбирч, урамшуулан зоригжуулж, идэж чадах амттанг нь хийж авчран, хэдэн долоо хоногийн туршид гэр бүлийг нь хоол ундаар тасалсангүй. Өөр эгч нар өөрсдөө завгүй байсан ч цаг зав гарган гэр орныг нь цэвэрлэж байлаа. Нэг эгч зарим эмчилгээний улмаас нойр хулждагийг мэддэг байсан тул шөнө орой ирж, инээдмийн кино хамт үздэг байв. Орондоо хөрвөөхийн оронд уг залуу эх айдсаа түр умартан, инээд, нөхөрлөлийн эдгээгч хүчийг мэдэрсэн байсан юм. Эдгээр тохинуулал, санваарын адислал, тойргийнхны барьсан мацгийн ачаар тэр туйлын хүнд хэцүү үеийг даван туулж, энэ бүхэнд оролцсон хүмүүсийн хооронд хайрын хүчтэй холбоо үүсчээ.

Эрүүл мэндийн асуудалтай хүмүүст тохинуулах амаргүй. Гэхдээ бид Аврагчийн үлгэр жишээг даган, өвчин зовлонд нэрвэгдэхэд нь ах эгч нартаа хайраар хөтлөгдөн тусламжийн гараа сунгаж чадна. Бид Түүний мутар болж, нүдэнд ил харагдахгүй асуудалтай тулгарсан эргэн тойрныхоо хүмүүсийг тайтгаруулж, тэдэнд тусалж чадна.

Анхаарч үзвэл зохих санаа

1. Тэдний хувийн амьдралыг хүндэтгэ. Таны хувьд асуудал биш байж болох ч зарим хүн эрүүл мэндийн асуудалтай гэдгээ хүнд хэлэхээс ичиж зовдог. Нөхцөл байдлыг нь бусадтай хуваалцахаасаа өмнө хуваалцаж болох эсэхийг тэднээс үргэлж асууж байгаарай.

2. Эмнэлгийн жишиг эмчилгээ үйлчилгээ авахад байнга урамшуул. Үр дүн нь нотлогдоогүй юм уу эмнэлгийн жишиг эмчилгээ үйлчилгээнээс өөр эм бэлдмэл, үйлчилгээг санал болгохоос зайлсхий. Сүнслэг удирдамж хүлээн авсан бол санаа бодол, туршлагаа хуваалц. Гэхдээ хүмүүсийг өөрсдөө судалж үзэхэд болон мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахад урамшуул.

Зураг
adult woman helps her mother put on clothing

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

3. Тэдэнд үйлчилж, тэдний төлөө залбир. Хүмүүсийг тохиолдлын, богино хугацааны эрүүл мэндийн асуудалд эсвэл хүүхэд төрүүлэх, мэс засал хийлгэх гэх мэт урьдчилан тооцоолж болох нөхцөл байдалд орох үед таны үйлчлэл, бэлдсэн хоол унд, сайхан сэтгэл, залбирал хайрлаж халамжилж байгааг тань тэдэнд харуулна. Яаралтай тусламж хэрэгтэй үед шууд туслахад бэлэн байдаг тань юу юунаас илүү үнэ цэнтэй.

4. Тэдэнд урам зориг өгч тусал. Ялангуяа урт удаан хугацаагаар юм уу хүндээр өвдөх үед таны тусламж, үйлчлэл юу юунаас илүү хэрэгтэй ч өөр олон хэрэгцээ шаардлага гарч ирнэ. Тэдэнд бас дараах зүйлсийг өөрсдөө хийж сурахад нь туслах хэрэгтэй байж болно. Үүнд:

  1. Хэрэгцээг нь тодорхойлох. Одоогийн байдлаар тэд өвчнийхөө талаар юу мэдэх вэ? Тэд энэ талаар юу мэдэрч байгаа вэ? Одоогийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлага, санааг нь зовоож байгаа ямар зүйлүүд байна вэ? Зовлонг нь ойлгон, буруутган шүүлгүйгээр сонсож, бодит асуудалтайгаа нүүр тулахад нь тусал.

  2. Давуу талуудыг нь санах. Өмнө нь ямар ямар асуудал тулгарч байсныг мөн тэдгээрээс юу сурч мэдсэнийг нь асуу. Олж харж байсан эерэг зан чанар, үнэт зүйл, ур чадварыг нь онцлон хэл. Энэ нөхцөл байдалд хувь хүний ямар үнэт зүйл тэдний амьдралд хамгийн чухал болохыг асуу. Тэд тэдгээр үнэт зүйлийнхээ дагуу хэрхэн амьдарч болох вэ?

  3. Төлөвлөгөө гаргах. Ямар шийдвэрийг цаг алдалгүй гаргах ёстой вэ мөн тэдгээр шийдвэрийг гаргахад ямар нэмэлт мэдээлэл тэдэнд хэрэгтэй вэ? Ямар дэмжлэг туслалцаа, нөөц бололцоо тэдэнд нэн шаардлагатай байна вэ мөн урт хугацааны туршид юу хэрэгтэй вэ? Тэдэнд ямар боломжууд харагдаж байна вэ? Тэдгээрийн давуу болон сул тал юу вэ?

  4. Багийг нь зохион байгуул. Хэн тэдэнд тусалж чадах вэ? Аав, ээж, ах, эгч, дүүс нь хамгийн түрүүнд туслах ёстой боловч хамаатан садан, найз нөхөд, тойргийн бусад гишүүн, мэргэжлийн эмч, тусламж үзүүлэх улсын байгууллага, та болон таны хамтрагч, Ариун Сүнс гээд бүгд тэдний багт ордог. Боломжтой бол тэдний зөвшөөрлөөр, ямар бодит тусламжийг та өөрөө болон бусад гишүүн мөн Сүм нөөц бололцоогоороо хэрхэн үзүүлж болохыг судлахад Халамжийн нийгэмлэгийн болон ахлагчдын чуулгын ерөнхийлөгчдийг татан оролцуул.

  5. Сүнсийг урь. Шийдвэрийг нь бататгаж, удирдан залж, Их Эзэний хайрыг мэдрэхэд нь туслахын тулд Түүнийг урин, тэдэнтэй хамт болон тэдний төлөө залбир.