2019
Хожмын үеийн гэгээнтэн залуу эмэгтэйтэй сохор болзоонд явсан нь
2019 оны 12-р сар


Хожмын үеийн гэгээнтэн залуу эмэгтэйтэй сохор болзоонд явсан нь

Рэнэгийн сайн мэдээний дагуу амьдрах гэсэн итгэл үнэмшил миний амьдралыг өөрчилсөн.

Зураг
blind date

Зураг чимэглэлийг Алекс Набаум

Өсөх насандаа би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байгаагүй ч уулзаж байсан зарим гишүүнээс цэвэр, ариун байдлаар амьдрах юм бол Христийн гэрэл тэднээс гэрэлтдэгийг олж мэдсэн юм. Тэдгээр нь хүчирхэг үлгэр жишээ болж чаддаг.

Коллежид сурч байхдаа танилцсан нэг найзаараа дамжуулан би анх Сүмтэй холбогдож байсан. Тэр номлолд үйлчилж байсан, Сүмийн маш сайн гишүүн байв. Би католик шашинтай гэр бүлд өссөн тул тэр надтай шашны талаар яриа өрнүүлэхийг олон удаа хичээсэн. Үнэндээ би шашин сонирхдоггүй байв. Харин найз минь ухаантай нэгэн байсан тул намайг хожмын үеийн гэгээнтэн охинтой сохор болзоонд явуулах замаар дахин Сүмийг танилцуулах гэж оролдсон юм.

Бидний анхны болзоо

Би Рэнэтэй анхны болзоонд явсан эхний мөчөөс эхлэн түүнд шууд дурлав. Тэр надад гоо үзэсгэлэнтэй харагдсан бөгөөд ямар нэгэн онцгой зүйл түүнд байгааг би мэдсэн. Үүнээс хойш тун удалгүй би түүнтэй харилцаагаа гүнзгийрүүлж, гэр бүл болъё гэж бодсон ч хэд хэдэн удаа болзсоны дараа тэр “чи надад хэтэрхий таалагддаг” тул цаашид болзож чадахгүй, учир нь би ариун сүмд гэрлэхийг хүсэж байгаа гэж хэллээ. Харин тэр удалгүй номлолд явсан нь асуудлыг бүр ч хүндрүүлэв. Түүнээс хойш би хожмын үеийн гэгээнтнүүдэд дургүй болохоор шийдлээ.

Түүнийг номлолоосоо эргэн ирэхэд бидний дундын найз намайг нэг үдэшлэгт урьсан бөгөөд тэнд би Рэнэг харж, бид дахин цагийг хамт өнгөрүүлэх болсон юм. Би коллежоо төгсөж, сайн ажилтай болсон байсан тул дахиад л гэр бүлтэй болоход бэлэн байгаагаа мэдрэв. Би өөрийгөө хэнд ч гологдохгүй гэж бодож байсан тул түүнд гэрлэх санал тавилаа. Тэр надад татгалзсан хариу өгөв.

Номлогчидтой дурамжхан уулзсан нь

Харилцаагаа хадгалж үлдэхийн тулд би номлогчидтой уулзаж ярилцах урилгыг нь хүлээн авав. Нэг удаа тэр над дээр ирээд, нулимстай нүдээр намайг харан, Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцаж, уншихыг надаас хүссэн юм. Тэр ариун сүмд гэрлэх хүслээ биелүүлэхийн тулд намайг сайн мэдээний талаар гэрчлэлтэй болгохыг хүсэж байлаа. Би түүнд хайртай мөн урмыг нь хугалахыг хүсэхгүй байсан тул зөвшөөрөв. Хэдийгээр номлогчидтой уулзахыг зөвшөөрсөн ч би эхлээд Рэнэг надтай гэрлэ хэмээн ятгах цаг хожих зорилгоор тэдэнтэй уулзсан юм. Надад өөр шашинд нэгдэх ямар ч сонирхол байгаагүй.

Номлогчидтой хэдэн удаа уулзсаны дараа надад сонирхол төрөөгүй хэвээр л байв. Би тэдэнтэй хамт хичээлд нь суусан ч үнэндээ анхаарлаа төвлөрүүлж, Сүнсийг мэдрэх гэж хичээхгүй байлаа. Би номлогчдыг өөрийнхөө төлөө биш, харин Рэнэгийн төлөө сонсож байсан тул зүрх сэтгэл маань хаалттай байсан юм. Энэ хэвээр үргэлжилж, би баптисм хүртэхгүй ч гэсэн сайн нөхөр нь болж чадна гэдэгтээ Рэнэг ятгаж чадахгүй л байв. Тэр итгэл үнэмшилдээ бат зогссоор байлаа.

Мормоны Номыг өөртөө тусган унших нь

Тэгтэл номлогчид солигдлоо. Надад заахаар шинэ номлогч ирсэн ба түүнд нэгэн санаа орж иржээ. Тэр надаар судрын Алма 42-ыг нээлгээд, уг хэсгийн шүлэг бүрийг чанга уншиж өгөхийг надаас хүсэв. Харин үг бүрийг уншихдаа өөрийнхөө нэрийг орлуулан уншихыг надаас хүслээ. Би үнэндээ хүсэхгүй байсан ч тэр бууж өгсөнгүй.

Тиймээс би эхний шүлгийг уншив. “Мөн эдүгээ Хуакин …” гэсэн үгсийг уншиж эхлэнгүүт тэр ном надтай ярьж эхэллээ. Нэрээ оруулж унших зуураа би хувийн гэрчлэлийн хүчийг мэдэрсэн юм.

Алма 42-ын дараагийн хэсэг Адам, Ева хоёрын уналтын талаар зааж, эцэст нь гэтэлгэлийн төлөвлөгөөн дээр ирлээ. 29-р шүлэг дээр ирээд би “Мөн эдүгээ, Хуакин хүү минь, чамайг эдгээр зүйл дахин бүү зовоогоосой” гэж уншингуут нялх хүүхэд шиг уйлж эхэллээ. Би урьд нь хэзээ ч ингэж уйлж байсангүй. Мормоны Ном үнэн гэдгийг би мэдсэн бөгөөд уг бүлгийг ч гүйцэд уншиж чадахгүй байсан юм. Эцэст нь би биеэ барьж, номлогчдод баптисм хүртмээр байгаагаа хэллээ. Рэнэ ямар их баярласан гээч! Би баптисм хүртэж, тэр ч гэрлэх саналыг маань хүлээн авсан юм. Жилийн дараа бид Аргентины Буэнос Айрес дахь ариун сүмд лацдан холбуулж билээ.

Рэнэгийн сайн мэдээний дагуу амьдарч, ариун сүмд гэрлэх гэсэн итгэл үнэмшилд би маш их талархдаг. Болзохдоо итгэлээ хадгалсан нь зөвхөн Бурхан тэр хоёрын харилцааг хүчирхэгжүүлээд зогсохгүй, намайг сайн мэдээний талаар илүү ихийг мэдэж авахад урьсан юм. Тэр яагаад надад гоо үзэсгэлэнтэй харагдсан болохыг би мэднэ. Учир нь тэр цэвэр, ариун, хайраар дүүрэн байсан. Түүний итгэл үнэмшлийн ачаар би Мормоны Номын талаар мөн энэ Сүмийн талаар хувийн гэрчлэлээ хөгжүүлж чадсан.