2019
Аз жаргалын эрэл
2019 оны 12-р сар


Аз жаргалын эрэл

Би сайн мэдээний дагуу амьдарч байлаа. Ийм байтал яагаад аз жаргалтай байж чадахгүй байна вэ?

Зураг
blocks

© Getty Images-ийн гэрэл зургууд

Шөнө дунд болж байв. Тайван унтаж чадалгүй нойр сэргэж, нүд минь нээгдчихэв. “Үгүй байлгүй дээ. Дахиад биш байгаасай” гэж би залбирав.

Гэтэл бараг шууд бие минь чичирхийлж эхэллээ. Миний бие гэнэт саа өвчин туссан мэт бүхэлдээ дээш, доош татганаж, аймшигтай салганан чичирхийлэх нь эвгүй бөгөөд харь хүний бие мэт. Гар, хөл ч гэсэн юунаас болж байгаа нь мэдэгдэхгүй, галд автсан мэт шатна. Эхнэр минь сэрж, намайг чанга гэгч тэврэн, ганц ч үг хэлэлгүй тайвшруулна.

Өмнө нь би үргэлж аз жаргалтай байна гэж боддог байсан бол одоо аз жаргалын сураг ч байхгүй байлаа.

Тэр харанхуй шөнө надад бие минь яагаад байгаа юм бол гэсэн бодлоос (дараа нь би ямар өвчин байсныг олж мэдсэн) гадна өөр асуулт асуух байсансан бол би “Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахыг хичээж байхад яагаад би аз жаргалыг мэдрэхгүй байна вэ?” гэж асуух байсан.

Аз жаргалд хүрэхэд олон саад бэрхшээл тулгарч болзошгүй. Ёс бус явдал яах аргагүй тэдгээрийн нэг юм (Алма 41:10-ыг үзнэ үү). Итгэлтэй хүмүүст ч гэсэн заримдаа аз жаргал алс холын зүйл мэт санагдах үе бий.

Аз жаргалтай цаг мөчүүд ирнэ гэдгийг сонсох хэрэгтэй цаг үе бид бүгдэд тохиодог. Магадгүй одоо яг тийм үе танд тохиолдож байж болох юм. Хэрэв тийм бол би та бүхэнд гэгээлэг, сайхан өдрүүд үнэхээр ирэх болно гэдгийг чин сэтгэлээсээ хэлэхийг зөвшөөрнө үү. Би та нарыг ийм илт тэнэг гэмээр буюу гэнэн мэт ерөнхий мэдэгдлийг үгүйсгэхийнхээ өмнө миний хэлэх гэсэн үгийг дуустал сонсоно байх гэж найдаж байна.

Амьдралд тань юу ч тохиолдсон байлаа гэсэн та байгаагаасаа илүү аз жаргалтай болох боломжтой.

Яагаад гэдгийг тайлбарлах боломжийг надад олгоно уу.

Аз жаргал гэж юу вэ?

Ингэхэд аз жаргал гэж ер нь юу юм бэ? Энэ нь таны дуртай амттаныг өдрийн хоолны саванд чинь хэн нэгэн хийсэн байхыг харахад төрдөг мэдрэмж үү? Энэ нь цалин тань нэмэгдэхэд эсвэл мөнхийн ханьтайгаа гэрлэхэд төрдөг мэдрэмж үү? Есүс Христийн Цагаатгалын хүчээр дамжуулан нүглээс цэвэршигдэхэд төрдөг мэдрэмж үү?

Эсвэл дээрх бүх мэдрэмж үү?

Энэ ярилцлагаараа сайн мэдээ болон сэтгэл судлалын шинжлэх ухаан аз жаргалын талаар бидэнд юу заадгийг авч үзнэ. Энэ дугаарын 18-р хуудсан дээр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар жинхэнэ аз жаргал бол Есүс Христ дээр төвлөрсөн амьдрал мөн гэсэн чухал үнэнийг бидэнд заасан.

Үүнтэй адил Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Эцсийн аз жаргал, жинхэнэ амар амгалан, судрын баяр баясгалантай өчүүхэн төдий ч гэсэн төстэй юуг ч гэсэн юуны өмнө, хамгийн чухал нь, үүрд мөнхөд Есүс Христийн сайн мэдээг дагадаг амьдралаас олж авч болно. Үүнээс өөр олон гүн ухааны ойлголт, тогтолцоог туршиж үзсэн байдаг. Тийм ээ, өөр бүх гүн ухааны ойлголт, тогтолцоог түүхийн олон зуун жилийн туршид шалган туршиж үзсэн гэж хэлэхэд буруудахгүй байх.”1

Хэрэв бусад бүх гүн ухааны ойлголтыг шалгаж үзсэн юм бол тэр урт жагсаал дээрх бүх зүйлийг бүгдийг нь авч үзэх боломжгүй. Тийм ч гэлээ аз жаргалтай байх дэлхийнхний хэдэн худал хуурмаг ойлголтыг авч үзье.

Дэлхийнхний үзэж байгаагаар удаан хугацааны аз жаргалыг дараах байдлаар олж авдаг байна. Үүнд:

  • Санхүүгийн хувьд баян чинээлэг болох, ялангуяа эргэн тойрныхноосоо илүү их мөнгө төгрөгтэй байх

  • Нэр алдартай байх

  • Амар хялбар, тав тухтай, зугаатай амьдрах

  • Байнга аяллаар явж, дэлхийн гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэж харах

  • Ажил мэргэжилдээ болон олон нийтийн дунд эсвэл өөр бусад хүрээнд хүч чадал, эрх мэдэл бүхий байр сууринд хүрэх

  • Өөрийн биеийг тодорхой байдлаар харагдуулахаар өөрчлөх.

Эдгээр арга зам юугаараа адилхан байна вэ? Нэгд тэдгээр нь бүгд нөхцөл байдалтай холбоотой. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.”2

Тиймээс бид тэр баяр баясгаланг олохын тулд юун дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой вэ? Ерөнхийлөгч Нэлсон “Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд Есүс Христ баяр баясгалан билээ!”3 хэмээн заасан.

Баяр баясгалан бол зүгээр нэг олж авч болдог сайхан мэдрэмж биш юм. Тийм ээ, ерөнхийлөгч Нэлсон баяр баясгалан бол “сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг нэг зарчим мөн”4 хэмээн тайлбарласан.

Тиймээс баяр баясгалан, аз жаргалыг олж авахын тулд төлөх төлөөс ихдэнэ гэж үгүй. Түүнчлэн бидний ихэнх нь үүнийг олж авахын төлөө ажиллахад бэлэн байдаг. Тийм бол яагаад олон хүн, үүний дотор зөв шударга хүмүүс хүртэл зовсоор байна вэ?

Нэгд, юуны өмнө тэр зовлон зүдгүүр нь бидний яагаад энд байгаагийн түлхүүр юм.

Энд өсөж хөгжихийн тулд байгаа

Заримдаа бид асуудал, зовлонгүй амьдралыг аз жаргал гэж боддог. Гэвч зовлон бэрхшээлгүй амьдрал нь олж авахаар ирсэн өсөлт хөгжлийг бидэнд өгөхгүй.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) нэгэн удаа:

“Хүний амьдрал … нэгэн зэрэг итгэлээр дүүрэн атлаа сэтгэлийн дарамтаас чөлөөтэй байж чадахгүй. …

Та бид ‘Их Эзэн минь, та надад зовлон зүдгүүр, өвчин эмгэг, эсэргүүцэл, урвалт, бас ганцаар хаягдах гэдгийг өөрийн биеэр үзүүлэлгүйгээр туршлага суулгаж өгөөч. Их Эзэн минь, Таныг одоо хэн байгаад чинь хүргэсэн бүх туршлагаасаа Та намайг хол байлгаач! Дараа нь Тан руу очиж, Тантай хамт амьдран, баяр баяслыг тань хуваалцах боломжийг надад соёрхооч!’ гэж гуйн, зовлон зүдгүүрээс ангид амьдарна гэж хэрхэн бодож болох билээ?”5 хэмээн заасан.

Амьдралд өсөж хөгжихийн тулд бидэнд зовлон бэрхшээл хэрэгтэй бөгөөд зөв шударга байх нь биднийг зовлонгоос ангижруулдаггүй. Иосеф Смит, Иов, Алмагийн хүмүүс, бүр ялангуяа бидний Аврагч Есүс Христийн амьдралыг сайтар судал.6

Үгүй ээ, зөв шударга амьдрах нь биднийг бүх зовлон зүдгүүр, саад бэрхшээлээс хэлтрүүлдэггүй. Хэн ч үүнээс хэлтрүүлэгдэхгүй. Гэхдээ Бурхан танд тусалж, эдгээнэ гэдэгт та эргэлзэх хэрэггүй (Алма 6:3, 27-г үзнэ үү). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн “Зөв шударга та нарын хувьд бол бидний бодгалийг Эдгээгч нь Өөрийн цагт, Өөрийн арга замаар бүх шархыг тань эдгээх болно”7 хэмээн заасан.

Хэрэв та шархадсан гэж бодож байвал эдгэрэлт нь таны гарын дор байгаа. Үүнд та итгэж болно (Мозая 14:4–5-ыг үзнэ үү).

Аз жаргал ба удамшил

Эхнээс нь бодож үзвэл зохих нэг зүйл бол бидний зан төрх, сэтгэцийн эрүүл мэнд болон өдөр бүрийн үйл явцтай холбоотой аз жаргалын суурь үндэс ихэнхдээ удамшлаас шалтгаалдаг болохыг судалгаа харуулдаг.

Хүн бүрийн биеийн галбир, үсний өнгө адилгүй. Үүнтэй адил хүн бүр төрөлхийн хөгжилтэй зан ааштай байдаггүй. Гэхдээ энэ нь эвлүүлдэг зургийн зөвхөн нэг хэсэг.

Бригам Янгийн Их Сургуулийн багш Ханк Смит “Хэрэв та ДНК хэмээх хөзрийн тоглоомд муу хөзөр авсан бол яах вэ? Энэ нь та юугаа ч сайжруулж чадахгүй буюу хэзээ ч аз жаргалтай болохгүй, юу ч хийж чадахгүй гэсэн үг үү? Огтхон ч үгүй. … Тархин дахь химийн элементүүд тань удамшлын эмгэгийн улмаас (сэтгэлийн гутрал, түгшүүр гэх мэт) хэвийн ажиллахгүй байвал тэдгээрийг эрүүл хэмжээнд нь авчрах эм тариа, эмчилгээ байгаа шүү”8 хэмээн бичсэн байдаг.

Бидний аз жаргалтай байх боломжийг өсгөн нэмэгдүүлэхэд чиглэгдсэн сайн мэдээний болон шинжлэх ухааны судалгааны зарим арга барилыг авч үзье.

Зураг
mother with children

Аз жаргалтай хүмүүсийн 9 арга зам

1-р арга зам: Сайн мэдээний дагуу амьдрах

Ерөнхийлөгч Нэлсон, ахлагч Холланд, Бэднар нар болон бусад хүн жинхэнэ аз жаргал сайн мэдээний дагуу амьдарснаар ирдэг хэмээн заадаг. Есүс Христийн сайн мэдээг “авралын төлөвлөгөө” (Алма 42:8-ыг үзнэ үү) гэж бас нэрлэдэг. Жинхэнэ аз жаргалтай болохын тулд зөв шударга байх ёстой гэсэн зөвлөгөө судруудаар дүүрэн байдаг (олон жишээний хоёрыг 2 Нифай 2:13, Мозая 2:41-ээс үзнэ үү).

Энэ нь энгийн, хүчтэй бөгөөд суурь зарчим юм. Есүс Христийн сайн мэдээг бүрэн дүүрэн хүлээн авч, үүний дагуу амьдрах нь энэ болон ирэх амьдралдаа илүү агуу баяр баясгалан, аз жаргалыг олох хамгийн чухал алхам юм.

2-р арга зам: Өөрийн өдрүүдийг “сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулах” (Сургаал ба Гэрээ 58:27)

Далайн эрэгт үүрд хэвтэх боломж олгох эд хөрөнгийг өвлөж авах нь хэдийгээр дэлхийнхний үзлээр сайн зүйл байж болох ч энэ нь таны аз жаргалд хор хөнөөлтэй. Үнэндээ бид аз жаргалтай байхын тулд утга учиртай ажил хөдөлмөрт оролцож байх хэрэгтэй.

“Франклин Д.Рузвельт үүнийг зөвөөр ойлгосон юм. Тэр: ‘Аз жаргал мөнгө төгрөгтэй байхад оршдоггүй. Энэ нь гаргасан амжилтаар ирэх баяр баясгалан, хийж бүтээснээр ирэх баяр хөөрт оршдог’ хэмээсэн.’”9

Утга учир бүхий ажил нь өөр ямар ч арга замаар олж авч чадахгүй сэтгэл ханамжийг авчирдаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Улиссэс Соарэс “Аз жаргалыг олж авахын тулд ихэвчлэн амьдралдаа илүү чухал ямар нэгэн зүйлийн төлөө урт удаан хугацааны туршид хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байдаг”10 хэмээн заасан. Ийм утга учир бүхий ажил нь ямар нэгэн ажлаас эсвэл ажлын байрандаа өсөж дэвжихээс илүү чухал юм. Үүнд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, Сүмд үйлчлэх, өөрийн цаг, авьяасыг сайн дурын ажилд зориулах зэрэг нь ордог.

3-р арга зам: Баярлаж талархахыг сонгох

Талархаж амьдрах сонголтын хүч нь өдөр тутмын бодлыг орвонгоор нь өөрчилдөг тул энэ зуршлыг “тархиа шинэчлэх” гэж олонтоо нэрлэдэг.

Үнэндээ амьдрал нь саад тотгоргүй байлаа ч мууг олж харах гэсэн хүнд гомдоллох зүйл олдох нь мэдээж. Үүний эсрэгээр, амьдрал хэчнээн хүнд хэцүү байсан ч бид үргэлж баярлаж талархах зүйлсийг олж харж чадна гэдэг нь бас л зөв.

Харин яг ингэж чадсан үед гайхалтай сайхан зүйлс болдог.

Дараах энгийн хүчирхэг туршилтыг хийж үзээрэй. Талархлын тэмдэглэлийн дэвтэр хөтөл. Өдөр бүр, гурван долоо хоногийн турш тухайн өдөр болж өнгөрсөн явдлаасаа талархаж буй гурван зүйлээ бичиж тэмдэглэ. Түүнчлэн цэцэгс, гэр бүл, хоол хүнс гэх мэт талархаж явдаг гурван ерөнхий зүйлээ нэмж бичиж болно.

Та жагсаалтдаа нэмж бичих зүйлийг улам амархан олж харахаас гадна эрж хайдаг болсноо удахгүй олж мэднэ. Илүү их талархаж амьдрах нь одоогийн нөхцөл байдлаасаа баяр баясгаланг олоход туслах бөгөөд энэ нь таны аз жаргалд ихээр, шууд нөлөөлөх болно.11

Forbes сэтгүүлд “Талархаж сурахад мөнгө төгрөг, тэр ч бүү хэл цаг зав гаргах хэрэггүй ч үүний ашиг тусыг хэмжих боломжгүй”12 хэмээн бичжээ.

Та өнөөдөр юунд талархаж байна вэ?

4-р арга зам: Гадаа цагийг өнгөрүүлэх

Зураг
man jogging

Гадаа, ялангуяа байгальд цагийг өнгөрүүлэх нь сэтгэлийн хямрал, зүрхний цохилтыг бууруулах, бодол санаагаа цэгцлэхэд тустай.

Time сэтгүүл биднийг цэнэглэж сэргээх байгалийн чадавхын талаарх нэгэн судалгааг нийтэлжээ. Судалгаагаар “Хүмүүс гадаа цэцэрлэгт хүрээлэн, ойд 15-хан минут суухад л сэтгэл санааны хувьд сэргэж эхэлдэг”13 нь тогтоогдсон байна.

Бид үргэлж ядарч туйлдсан, сэтгэлийн хямралтай байх юм бол аз жаргалыг мэдрэх хэцүү. Долоо хоногийн ихэнх өдөр, болж өгвөл өдөр бүр 30 минут орчим гадаа агаарт гарахыг хичээ. Яагаад гадаа арай их агаарт гарч, байгалиас таашаал авч болохгүй гэж?

5-р арга зам: Дэлгэц харах цагаа багасгах

Дэлгэц ширтэхэд олон цаг зарцуулах нь бидний аз жаргалд сайнаар нөлөөлөхгүй. Зурагт, компьютер, таблет, утасны дэлгэц ширтэхэд зарцуулсан цаг, ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ерөнхийдөө бидний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Энэ сэдвээр нарийн судалгаа хийсэн алдартай зохиолч Жин М.Твинж: “[Хүмүүс] хэдий их цагийг дэлгэц ширтэж өнгөрөөнө, сэтгэл гутралын шинж тэмдэг илрэх магадлал төдий чинээ өндөр байдаг”14 хэмээн тайлбарлажээ.

Ерөнхийлөгч Нэлсон “та нар сошиал медиан дахь мэдээллүүдэд Сүнсний шивнээнээс илүү их анхаарал хандуулбал өөрсдийгөө сүнслэг эрсдэлд оруулж, асар их ганцаардал, гутранги байдалд унах эрсдэлд орж байгаа гэсэн үг”15 хэмээн хэлсэн.

Тиймээс дэлгэцээс хол байх цагийг өөртөө олго. Дараа нь та өөрөө өөртөө талархах болно.

6-р арга зам: Өнөөдрөөр амьдар

Хүн л юм чинь танд хэлсэн эсвэл хийсэндээ харамсдаг зүйл байгаа. Ийм зүйл ганцхан ч биш, олон байдаг байх. Харин хүмүүс тэр үйл явдлынхаа талаар ямар их боддог нь хамгийн хачирхалтай зүйл юм.

Хожмын үеийн гэгээнтэн зохиолч Жон Байтэвэй өнгөрсөн цагтаа амьдрахын асуудлын талаар ийн хэлсэн: “Баяр хөөргүй хүмүүс өмнө нь хийсэн алдаагаар дүүрсэн дахин ашигладаг хогийн савтай юм шиг л байдаг. Өдөр болгон тэд харамсдаг зүйлээ эргэн бодож, дахин гэмшдэг. Тэд ‘Би тэгэх ёстой байсан,’ ‘Би тэгэх л байсан юм,’ ‘Би тэгж болох л байсан,’ ‘Тэгэхгүй яасан юм бол?’ мөн ‘Тэгсэн л бол’ гэж үргэлж хэлдэг. Тэд өнгөрснөөсөө харц салгаж чаддаггүй тул хаашаа явж байгаагаа харж чаддаггүй.”16

Түүнчлэн ирээдүй дээр хэт их төвлөрөн амьдрахыг дагаж ирдэг асуудлын талаар тэр “Баяр хөөргүй хүмүүс аз жаргалтай болгодог зүйлийг гаднаас эрж хайдаг. ‘Сургуулиа төгсөнгүүт би аз жаргалтай болно’ гэдэг. Харин сургуулиа төгссөнийхөө дараа тэд ‘Ажилд орж чадах л юм бол би аз жаргалтай болно’ гэж хэлдэг. Ажилтай болсныхоо дараа ‘За одоо гэрлэчих л юм бол аз жаргалтай болно’ гэдэг. … Хэрэв та баяр хөөргүй байхаар шийдсэн бол амьдралыг хүлээлтийн өрөө, харин аз жаргалыг эмчээ гэж бодоорой.”17

Бид яг одоо бидний амьдралд тохиолдож буй зүйлсэд анхаарлаа төвлөрүүлснээр хамгийн агуу аз жаргал, сайн сайхныг олж хардаг.

Тухайн цаг мөчид болж өнгөрч буй зүйлд бүхий л талаараа оролцохыг “анзаарга сайтай байх” гэсэн нэр томьёогоор сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн хүрээнд товч илэрхийлдэг.

Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд “Болж өнгөрсөн үйл явдлаас болон ирээдүйгээсээ айж эмээх, үүндээ итгэлгүй байх нь одоогийн цаг мөчөөсөө бүрэн дүүрэн таашаал авахад саад болдог”18 хэмээн зөвлөдөг.

Анзаарга сайтай амьдрахад туслах хэдэн санааг харуулъя. Үүнд:

  1. Талархлын тэмдэглэлийн дэвтэр хөтөл (дээрх 3-р арга замыг үзнэ үү), ялангуяа тухайн өдрийн талархаж байгаа хэдэн зүйлийг жагсааж бич.

  2. Өдөр бүр цаг гарган бясалга. Анхаарал сарниулах зүйлгүй тайван суух газар ол. Нүдээ аниад, амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл. Бодол орж ирвэл хүлээн зөвшөөрч, бодлоо орхиж, эргээд амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүл. Сонин сонсогдож байж болох ч энэ нь одоо үед анхаарлаа төвлөрүүлэхэд зориулсан оюун санааны сайн дасгал юм.

  3. Аяга таваг угаах, машин жолоодох, хоол идэх зэрэг өдөр тутам хийдэг ердийн үйлдэлдээ анхаарлаа илүү их хандуул. Гаран дээрх савантай усаа мэдэр. Машин барьж явахдаа мод, хүмүүс, барилга байгууламжийг ажигла. Амандаа хийсэн хоол бүрийн амт, ширхгийг мэдэр.

  4. Тухайн өдөр таны тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг олж харахад туслахыг хүсэн залбир. Дараа нь анхаарлаа хандуулж, үйлдэхэд бэлэн бай.

  5. Тогтсон хэвшлээ үе үе өөрчилж, өөр замаар гэртээ харьж, зохион байгуулалтыг нь сайн мэдэхгүй хүнсний дэлгүүрт орж эсвэл орой байнга хийдэг үйл ажиллагаагаа өөрчил.

7-р арга зам: Бусадтай холбогд

Аз жаргал, ерөнхий эрүүл мэндийн хувьд утга учир бүхий харилцаанд анхаарлаа хандуулах нь амин чухал.

Доктор, профессор Эмма Сэппала “нийгмийн харилцаа бат бөх байх нь

  • урт наслах магадлалыг 50 хувиар уртасгаж,

  • биеийн дархлааг хүчирхэгжүүлж …

  • өвчин эмгэгээс хурдан эдгэхэд тусалдаг” гээд,

цааш нь “хүмүүстэй илүү их харьцдаг хүмүүс сэтгэлийн түгшүүр, гутралтай болох магадлал бага байдаг”19 хэмээн бичжээ.

Утга учиртай харилцааны хувьд бол өнгөцхөн таньдаг олон хүнтэй байснаас сайн харилцаатай цөөн хүнтэй байх нь дээр. Бид бүх чөлөөт цагаа олон нийтийн үйл ажиллагаанд зарцуулах хэрэггүй ч бидэнд хүмүүсийн харилцаа холбоо хамгийн их хэрэгтэй. Дуу цөөнтэй хүмүүст ч гэсэн найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд харилцаагаа гүнзгийрүүлэх олон арга зам байдаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф “Гэр бүлийн харилцаанд хайр гэсэн үгийг үнэндээ ц-а-г з-а-в гэж үсэглэдэг”20 хэмээн гэр бүлийн талаар заасан.

Та зурагт үзэх цагаа аль хэдийн хассан тул (сануулга) гарсан зарим чөлөөт цагаа нүүр нүүрээ харж ярилцахад ашигла. Тохинууллын айлчлал, спортын лиг, шуудангийн марк цуглуулах бүлэг … эсвэл бусадтай харилцах боломж олгодог бүх үйл ажиллагаа нь аз жаргал, сайн сайхан байдлыг тань өсгөн нэмэгдүүлэхэд тусална.

8-р арга зам: Өөрийн ариун сүмийг арчилж хамгаалах

Хангалттай сайн унтаж амрах, зохих шим тэжээлийг өгөх, хангалттай сайн дасгал хийж биеэ арчлах нь аз жаргалд асар их ашиг тустай. Бидний сэтгэлийн хөдлөл тархинд төвлөрсөн байдаг бөгөөд эрүүл мэндээ сайжруулах нь биеийн өөр эрхтэнгүүдтэй адил тархинд ч бас маш ашиг тустай.

Биеийн эрүүл мэндийг сайжруулахын тулд хийх алхмуудад бие махбодын тань нэгэн хэсэг болох тархиныхаа ажиллагааг сайжруулах бас ордог. Энэ нь илүү эрүүл ухаанаар бодох, илүү хурдан анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл хөдлөлөө тогтворжуулахад тань тусална.

Эрүүл дадал хэвшилтэй болохын тулд аажим аажмаар эхэлж, өөрчлөлтийг нэг нэгээр хийх нь зүйтэй. Илүү их алхах, боломжтой бол идэж ууж байгаа зүйлээ сайжруулах зэрэг жижиг зүйлсээс эхэл. Жижигхэн өөрчлөлтүүд нэмэгдсээр том өөрчлөлт болдог.

9-р арга зам: Гадагш хандах

Өмнөх 8 арга зам хамгийн сүүлчийнхийг бодвол ойлгомжтой ч аз жаргал дээр анхаарлаа шууд төвлөрүүлэхгүй байх үед ихэнхдээ аз жаргалыг олдог.

Ахлагч Холланд: “Шууд чиглэн гүйж очоод аз жаргалыг олох хэцүү. Энэ нь ихэвчлэн баригдахгүй, хурдан өнгөрчихдөг ба ил байх нь ховор. Та яг одоо үүнийг мэдэж аваагүй байгаа бол ирэх он жилүүдэд аз жаргалыг хүсэж хүлээгээгүй байхад мөн өөр ямар нэгэн зүйл хийгээд завгүй байхад ирдэг гэдгийг олж мэдэх болно. Аз жаргал нь ихэвчлэн өөр ямар нэгэн ажил хэргийг дагалдан ирдэг.”21

Юу ч болсон байлаа гэсэн аз жаргалд хүргэх арга зам, дадал хэвшлийг суулгахын тулд чадах бүхнээ хий. Харин чадах бүхнээ хийснийхээ дараа гадагш гарч, бусдад туслахаар эрэлхийлэх үедээ аз жаргал өөрөө бидэнд хүрч ирэхийг хүлээгээрэй.

Аз жаргал ба сэтгэцийн өвчин

Сэтгэл гутрал, түгшүүр гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай үед аз жаргал гэдэг зүйл илүү төвөгтэй болж ирдэг. Дээр дурдсанаар, шөнө дунд салганан чичирдэг байсан маань сэтгэл гутралын хүнд хэлбэрээс болж үүссэн сэтгэл гутралын шинж тэмдэг байсныг би олж мэдсэн.

Би амьдралдаа хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орон, сөрөг бодлоор дүүрч, өөрийн биеийн өндөр, нүдний өнгийг сонгож чадахгүйтэй адил “аз жаргалтай байх сонголтыг” хийх чадалгүй болсон байсан.

Гэхдээ би ямар ч үед харанхуйн эсрэг тулалдах сонголтыг хийж чадна. Би Бурханд хандаж чадна. Итгэл, залбирлаас эхлэн орчин үеийн эм тан гээд өөрийн гар доор байх бүх хэрэгслийг би ашиглаж чадна.

Миний хувьд би олон арга замыг хэрэглэсэн тул олон жилийн сэтгэл гутралаасаа амжилттай гарч чадсан. Би биеийн (дасгал хийх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, сайн унтаж амрах), анагаах ухааны (эм тан, амин дэм хэрэглэх, эмчээс зөвлөгөө авах), сэтгэл зүйн (зөвлөгөө авах, бусадтай харилцах) мөн сүнслэг (залбирах, судраас суралцах, Сүмд үйлчлэх, ариун сүмд орох) эрүүл мэнддээ зохих хэмжээнд анхаарал тавих ёстой.

Миний бие сэтгэл гутралын улмаас олон жилийн туршид зовсон ч гэлээ ихэвчлэн аз жаргалтай, эерэг мэдрэмжийг авч байсандаа баярладаг. Надаас илүү хүнд, удаан хугацаанд сэтгэцийн өвчинтэй байсан хүмүүсийн зовлонг би сайн ойлгож байгаа бөгөөд Амар Амгалангийн Ханхүү та нарын зовлонг мөн адил эдгээнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг (Иохан 14:27-г үзнэ үү).

Сэтгэл гутрал нь аз жаргалын талаар олон худал зүйлийг хэлдэг. Энэ нь асуудал хэзээ ч сайжрахгүй гэсэн бодлыг төрүүлдэг. Миний хувьд би энэ худал хуурмагийн эсрэг эмийг “Be Still, My Soul” нэртэй өөрийн дуртай дууллаас олсон.

Бодгаль минь тайван байгтун. Таны Бурхан өнгөрсөн хугацаанд удирдсан шиг

Ирээдүй рүү мөн удирдах болно.

Итгэл, найдвараа битгий алдаарай.

Одоо байгаа бүх нууцлаг зүйлс нь төгсгөлд бүгд тодорхой болно.22

Гайхалтай сайхан үнэнүүдийг өгүүлсэн байгаа биз? Амьдралаа эргэн харахад, Бурхан намайг замын туршид адисалж, хүчирхэгжүүлэн, удирдан залж байсан гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Тиймээс яг л аз жаргалтай өдрүүдэд хүрэх замд тань Бурхан тантай хамт байна гэдгийг мэдэж авахын адил Тэрээр ирээдүйд ч гэсэн надтай хамт байна гэдгийг би мэднэ.

Түүгээр дамжуулан та хэзээ нэгэн цагт бүрэн дүүрэн аз жаргалыг мэдрэх болно.

Эшлэлүүд

  1. Jeffrey R. Holland, “The Gospel Path to Happiness,” Liahona, Sept. 2017, 17.

  2. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72.

  3. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72.

  4. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 72.

  5. Neal A. Maxwell, “Lest Ye Be Wearied and Faint in Your Minds,” Ensign, May 1991, 88.

  6. Исаиа 53:7; Мозая 23–24; and Иосеф Смит—Түүх 1-ийг үзнэ үү.

  7. Нийл Л.Андэрсэн, “Шархадсан тэд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий Чуулган, 33.

  8. Hank Smith, Be Happy (2017), 17–18.

  9. Arthur C. Brooks, “A Formula for Happiness,” New York Times, Dec. 14, 2013, nytimes.com.

  10. Үлиссэс Соарэс, “Жинхэнэ аз жаргалд хүргэх зам,” Лиахона, 2018 оны 4-р сар, 46.

  11. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–75.

  12. Amy Morin, “7 Scientifically Proven Benefits of Gratitude That Will Motivate You to Give Thanks Year-Round,” Forbes, Nov. 23, 2014, forbes.com.

  13. Florence Williams, “How Just 15 Minutes in Nature Can Make You Happier,” Time, Feb. 7, 2017, time.com.

  14. Jean M. Twenge, “Have Smartphones Destroyed a Generation?” The Atlantic, Sept. 2017, theatlantic.com.

  15. Рассэлл M.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (Өсвөр үеийнхний дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  16. John Bytheway, How to Be Totally Miserable (2007), 57.

  17. John Bytheway, How to Be Totally Miserable, 33.

  18. “Mindfulness,” psychologytoday.com.

  19. Emma Seppälä, “Connectedness & Health: The Science of Social Connection Infographic,” Apr. 11, 2014, emmaseppala.com.

  20. Дийтр Ф.Угдорф, “Хамгийн чухал зүйлсийн тухай,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25.

  21. Jeffrey R. Holland, “The Gospel Path to Happiness,” Liahona, Sept. 2017, 16.

  22. “Be Still, My Soul,” Hymns, no. 124.