2019
Түүнээс өөр хэн ч байсан яах вэ дээ!
2019 оны 12-р сар


Түүнээс өөр хэн ч байсан яах вэ дээ!

Зураг
women standing in snow

Гэрэл зургийг Фил, i2i Illustration

Би Сүмийн Христийн мэндэлсний баярын “Гэрлээ гэрэлтүүл” санаачилгын тухай сонсоод, “Ямар сайхан санаа вэ. Би үүнд оролцоноо” гэж бодсон юм.

12-р сарын 1-ний дэлхий даяарх үйлчлэлийн өдрөөс хоёр хоногийн өмнө, миний тусламж хэрэгтэй нэгэн хүний тухай бодол надад орж ирэв. Би шууд л “Түүнээс өөр хэн ч байсан яах вэ дээ!” гэж бодлоо. Тэр хүн намайг олон жилийн туршид маш их зовоосон. Гэвч түүний нэр ахин дахин орж ирэх үед энэ бодол Сүнснээс ирсэн болохыг би мэдсэн юм.

Намайг нөхөртөө бодлоо хэлэхэд, тэрээр хүнд үйлчлэх нь чамд сайнаар нөлөөлнө гэж хэлэв. Гэсэн хэдий ч түүнд тусална гэж бодохоор л би сандарч байлаа. Би үүнийг ганцаараа хийж чадахгүй гэдгээ мэдэж байсан тул надад хүч чадал, хамт явах хүн олж өгөөч гэж залбирав. Хэсэг хугацааны дараа номлогч эгч нар руу утасдахад тэд надтай хамт явахаар боллоо.

12-р сарын 1 болж, машинаа жолоодож байхдаа би сандарснаасаа болж чичирч байгаагаа мэдэрч байсан. Бид байранд нь ирснийхээ дараа хамтдаа залбирлаа. Би гүн амьсгаа аваад, хаалгыг нь тогшив. Тэр хүн хаалгаа онгойлгоод, намайг танихгүй байгаа бололтой харагдав. Би түүнээс намайг таньж байгаа эсэхийг нь асуулаа. Намайг тэр номлогч эгч нарын нэг гэж бодсон байв. Өөрийгөө хэн болохыг хэлсний дараа тэр гайхсан ч ирж уулзсанд маань баяртай байсан юм. Өнөөдөр дэлхий даяарх үйлчлэлийн өдөр, бас бид чадлынхаа хэрээр түүнд туслахаар ирсэн гэдгээ хэлэхэд тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй зогтусав.

Гэсэн ч би номлогчдод ажил даалгаж өгөөд, хэдүүлээ байрыг нь цэвэрлэж эхэллээ. Хэдэн цагийн дараа бид цэвэрлэгээгээ хийж дуусгаад, явлаа. Би гэр лүүгээ явж байхдаа инээмсэглэж, аз жаргалтай байгаагаа мэдэрлээ. Дараа нь би чухал зүйлийг ухааран ойлгосон юм. Тэнгэрлэг Эцэг миний бүх өвчин, зовлон, гомдол, уй гашууг авсан байв. Бүгд алга болсон байлаа! Би олон жилийн турш дотроо хадгалж явсан сэтгэлийн шаналлаасаа салсан байв. Эцэст нь Тэнгэрлэг Эцэг надад тэр хүнийг уучлах хүчийг өгч адисалсан байлаа. Сэтгэл маань ямар их хөнгөрснийг мэдрэх гайхалтай сайхан байв.

Би тэр хүнд туслах сүнсний өдөөлтийг дагасандаа талархдаг. Хайрт Тэнгэрлэг Эцэг маань намайг өсгөж хөгжүүлэн, хүсдэг шиг нь хүн болгоход энэ туршлага надад хэрэгтэй гэдгийг мэдэж байсан юм.