2019
Улаан цаасан шувуу
2019 оны 12-р сар


Улаан цаасан шувуу

Зохиогч нь АНУ-ын Айдаход амьдардаг.

Найзууд нь түүнийг байхгүйд цагийг ямар хөгжилтэй өнгөрөөх бол гэсэн бодол Ийвийн толгойноос гарахгүй байв.

“Өвчтэй байхад минь Намайг эргэж байсан” (Maтай 25:36).

Зураг
The Red Paper Bird

Ийв Христийн мэндэлсний баярт дуртай. Сургуулийн анги нь өглөөжингөө ил захидал будаж, хөгжилтэй дуу сонсож өнгөрөөв.

Хатагтай Груниг “Одоо унших цаг боллоо. Өнөөдөр, маргаашдаа бүх унших даалгавраа хийж дуусгах юм бол амралтынхаа үеэр хийх гэрийн даалгавар та нарт байхгүй шүү” гэж хэллээ.

Ийвийн ангийн бүх хүүхэд баярлан алга ташив. Гэвч Ийвд баярлах зүйл байсангүй. Тэр бага зэрэг чичирхийлснээ уншихаар номоо гаргаж ирлээ. Тэр маш их даарч, хоолой нь өвдөж байв. Хуудсан дээрх үгсийг ширтэх зуур нүд нь халуу оргино. Хичээл дуусах үед Ийвийн гэдэс өвдөж эхэллээ.

Эцэст нь ах Тим, эгч Вильма хоёртойгоо хамт гэр лүүгээ алхаж харих цаг болов. Ихэвчлэн тэд гэртээ харих замдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг байлаа. Тэд хөөцөлдөж эсвэл цасан хүн хийдэг байв. Харин өнөөдөр Ийв зөвхөн гэртээ харьж, хэвтэхийг л хүсэж байлаа.

Ийвийг гэртээ ирэнгүүт ээж нь духыг нь барьж үзэв.

Тэр “Чи халуурч байна. Ус их ууж, сайн унтаж амрах хэрэгтэй” гэж хэлэв.

Ийв ор луугаа авирч гараад, шууд унтлаа. Өглөө гэрийнхэн нь бүгд ажил, сургуульдаа явахаар бэлдэж байв. Ээж нь Ийвд өвдсөн байгаа тул сургуульдаа явж хэрэггүй гэлээ.

Гэхдээ Ийв нэг зүйлийг санаад, сэтгэлээр унав. Өнөөдөр сургуулийнх нь Христийн мэндэлсний баярын үдэшлэг болох байсан! Тэд зургийн төслөө дуусгаж, дуу дуулцгааж, амттан идэх байв. Тэр юу ч болсон явах хэрэгтэй байлаа!

Гэвч ээж нь бодлоо өөрчилсөнгүй.

“Үдэшлэгт орж чадахгүйд чинь би харамсаж байна л даа. Гэвч чиний эрүүл мэнд илүү чухал” гэж ээж нь хэлэв.

Ийв уйлж эхлэх нь тэр. Ээж нь амттай шөлөөр түүний сэтгэлийг сэргээх гэж оролдлоо. Гэвч найзууд нь түүнийг байхгүйд цагийг ямар хөгжилтэй өнгөрөөх бол гэсэн бодол Ийвийн толгойноос гарахгүй байв.

Өдөр нь Тим, Вильма хоёр сургуулиасаа гэртээ ирлээ. Цасаар тоглосон учир тэдний хацар улайсан харагдав.

“Сургуулийн үдэшлэг ёстой гоё болсон. Бид гэртээ өлгөх улаан цаасан шувуунууд хийсэн” гэв.

Тим халааснаасаа ямар нэгэн зүйл гаргаж ирлээ.

“Хар даа, хатагтай Груниг чамд зориулан онцгой бэлэг явуулсан. Чи ч бас үүгээр улаан цаасан шувуунууд хийж болно!” гэлээ.

Ийв инээмсэглээд, “Та нар надад яаж хийдгийг үзүүлээч?” гэв.

Тим, Вильма хоёр цэгэн шугамын дагуу хэрхэн хайчилж, зөв нугалж хийхийг Ийвд үзүүллээ. Тэд мөн уяаг нь зангидахад түүнд туслав.

“Ээж ээ, миний юу хийснийг хар даа!” гэж Ийв хэлээд, Христийн мэндэлсний баярын шинэ дуртай чимэглэлээ үзүүллээ.

Хатагтай Груниг түүний өвдсөнийг санасан нь мөн Тим, Вильма хоёр ч гэсэн түүнд тусалсан нь ямар сайхан хэрэг вэ гэж Ийв бодов. Одоо Ийв улаан цаасан шувуугаа харах тоолондоо маш их хайрыг мэдэрдэг.

Цаасан шувуу хий!

  1. Энэ хуудсыг хайчлаад, улаан цаасан дээр наа. Дараа нь шувууг болон далавчийг нь хайчил.

  2. Шувуун дээрх цэгэн зураасын дагуу ухлаадас гарган эвтэйхэн хайчил. Далавчийг ухлаадас руу шургуул.

  3. Далавчнуудын дээр нүх гаргаад, нүхээр нь өлгөх уяагаа хийж, зангидна.