2019
Ганцаардлын эсрэг миний өдөр тутмын тэмцэл
2019 оны 12-р сар


Залуучуудад зориулав

Ганцаардлын эсрэг миний өдөр тутмын тэмцэл

Зохиогч нь Чех улсын Прагад амьдардаг.

Сүмд нэгдсэн нь эцэг эхээ салснаас хойш мэдрэх болсон ганцаардлыг олон талаар нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ нь ганцаардлаас гарах арга замаа олоход ч надад тусалсан юм.

Зураг
young woman looking sad through rainy window

Getty Images-ийн зураг

Би амьдралынхаа олон жилийг орь ганцаар өнгөрүүлж байгаа мэт надад санагдаж байв. Манайх тавуулаа байсан бөгөөд би бага байхдаа гэрээр дүүрэн хөл хөдөлгөөн, дуу шуугиантай байхад дуртай байсан тул эхлээд ганцаардал миний хувьд цоо шинэ мэдрэмж байв. Би ганцаар биш гэдгээ мэдэж байсан.

Харамсалтай нь, эцэг эх маань өсвөр насанд минь салсан юм. Үүний дараа би үнэхээр ганцаардах болов. Би дасан зохицсон хүрээллээсээ гарч, сургууль дээрээ найз нөхөдтэй болох гэж хичээсэн. Би яг гэртээ байсан шигээ сургууль дээр олон хүний дунд бужигнаж, иймэрхүү танил байдлыг таашаана гэж найдаж байв. Хэдийгээр хүмүүсээр хүрээлэгдсэн байсан ч би ганцаардсан хэвээр байлаа. Энэ мэдрэмж хэдэн жилийн дараа намайг Сүмийг олоход багассан юм.

Нэг өдөр номлогч эгч нарыг манай хаалгыг тогшиход ээж хаалгаа нээв. Би түүний “Би сонирхохгүй ч охин маань сонирхоно байх. Хүлээж байгаарай. Би охиноо аваад ирье” гэж хэлснийг санаж байна.

Харин намайг тэдэнтэй ярьж эхлэхэд Сүнс надад сонс гэж хэлэхийг би мэдэрсэн. Хэдэн сарын турш сонсож, сурч мэдсэнийхээ дараа энэ нь миний хайж байсан зүйл мөн болохыг би мэдэж байлаа. Эхлээд ийм зүйл болно гэж бодохгүй байсан ч баптисм хүртэх шийдвэр маань намайг Их Эзэнтэй ойртуулахаас гадна ганцаардлын эсрэг тэмцлээ төгсгөхөд ойртуулан тусалсан юм.

Хөрвөгчийн хувьд ганцаардах

Намайг баптисм хүртэх шийдвэр гаргахад гэрийнхэн маань тийм ч их баярласангүй. Хэдийгээр ээж, нэг ахтай минь миний баптисм дээр ирсэн ч гэр бүлийн бусад гишүүн өөр шашинтай болсон тул надаас татгалзав.

Эхлээд нэлээн хэцүү байсан ба өмнө нь хэзээ ч байгаагүйгээрээ ганцаардах болсон. Гэхдээ хэсэг хугацааны дараа нэг үеэл маань бас л гэр бүлийн бусад хүний шашнаас өөр хинду шашинд үнэнчээр итгэхээр шийдэв. Тэр ч бас надтай адил сонголт хийсэн тул Сүмд нэгдэх болсон миний сонголтыг хүндлэх болсон юм. Түүний надад үзүүлсэн хайрын үлгэр жишээний ачаар гэр бүлийн зарим гишүүн надаас дөлөхөө болив.

Сургуулийн хувьд бид тэнд таарч тохирохоо больсон байлаа. Мөн ажил дээр баптисм хүртсэн гэдгээ хэлэхэд хүмүүс над руу сонин харах болов. Миний гаргасан шийдвэр буруу байгаагүйг би сэтгэлийнхээ угаас мэдэж байсан тул гаргасан шийдвэрээсээ ичээгүй. Гэхдээ найзууд маань амьдралын хэв маяг маань өөрчлөгдөж байгааг ойлгохгүй байсан бөгөөд ихэнх нь найзалж нөхөрлөхөө больсон юм.

Шинэ найзуудтай болох

Ийм хүнд хэцүү зүйл тохиолдсон ч би залбирсаар байсан ба хүлээн авсан санваарын адислалд амлагдсан Сүнсний тайтгарлыг мэдэрдэг байв. Нэг өдөр “Би яагаад ганцаардаад байгаа юм бэ?” гэж асууж зүрхэллээ. Би хариугаа буюу намайг ойлгодог шинэ найз нөхөдтэй болно гэсэн амлалтыг хүлээн авсан юм.

Тэр амлалт биелсэн! Би зарим нь Сүмийн гишүүн биш ч гэлээ намайг хүндэлж, хайрладаг шинэ найзуудтай болсон. Би бас гэр бүл шиг минь дотно Сүмийн найзуудтай болсон.

Бүрэг ичимхий зантай надад хүмүүстэй ярих тийм ч амар хялбар байгаагүй. Ихэвчлэн хүмүүс над дээр ирж танилцдаг байсан ба ахлах сургуульд надтай ярих хүсэлтэй хүмүүс тийм ч их байсангүй. Тиймээс би өмнө нь сурсан нэгэн сайхан аргаа буюу инээмсэглэх хэрэгтэйгээ санасандаа баярладаг. Хүн хэдий чинээ их инээмсэглэнэ, төдий чинээ хүмүүс түүнд ханддаг. Би хүмүүс рүү хэдий чинээ их инээмсэглэнэ, тэд надтай төдий чинээ их ярьж эхлэн, улмаар тэдэнтэй найзлах улам хялбар болж байсныг би ухаарсан.

Тэнгэрлэг Эцэгтэй хамт зогсох

Ерөнхийлөгч Томас С.Монсоны (1927–2018) “Ганцаар зогсох зоригтой бай” (2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 74–78) гэсэн үг миний асуултад хамгийн тохирсон хариултыг өгсөн. Цаг хугацааны явцад энэ үг надад “Их Эзэнтэй зогсож байхад та хэзээ ч ганцаараа зогсохгүй” гэж ганцаардлын талаар нэг чухал зүйлийг заасан юм.

Заримдаа Түүнтэй хамт зогсоход хэцүү өдрүүд надад тохиолддог хэвээр. Бусад хүн намайг болон шашин шүтлэгийг маань шоолно гэхээс айх нь хэцүү. Бүх шашин утга учиргүй зүйл, чи тэнэг хонь адил хөтлөгдөж байна гэж хэлдэг хүмүүс надтай тааралдаж байсан. Шашин шүтлэгийг минь мэдсэнийхээ дараа зарим хүн надтай аймшигтай халдварт өвчин туссан хүнтэй харьцаж буй мэт харьцаж байсан. Энэ бүх тохиолдол намайг өөртөө итгэлгүй байж, ганцаардахад хүргэж байсан билээ. Энэ нь өдөр тутмын тэмцэл ч, би энэ тулаанд Их Эзэний тусламж, бүрэн дэмжлэгтэйгээр өдөр бүр, ахин дахин ялдаг.

Өдөр бүр би Сүнсийг дагахыг хичээдэг. Сүнсийг сонсож, хүмүүстэй ярих болгонд Сүнс надад бусдад үйлчлэх сүнслэг өдөөлтийг өгдөг билээ. Энэ нь надад ганцаараа биш гэдгээ санах боломж олгодог. Хамгийн чухал нь Сүнсийг сонсох нь надад гэрчлэлээ хуваалцах боломж олгодог юм. Итгэл үнэмшлээ ийм арга замаар хуваалцах нь айдсаа дарж, бусдад илүү сайн ойлгогдоход тусалдгийг би ухааран ойлгосон. Үүнийг ухааран ойлгохоосоо өмнө, тухайн мөчид хэнтэй ч ярьж байсан гэлээ би ганцаараа байгаагүй, Сүнстэй хамт зогсож байсан. Сүнстэй хамт байснаар та хэзээ ч ганцаардахгүй.

Олон жилийн туршид, ганцаардах цаг мөч бүрд Их Эзэн намайг Өөрийн хайртай охин гэж үзэн, намайг хайрладаг гэдгээ надад ахин дахин хэлж байсан. Миний Эцэг надтай хамт зогсож байхад би яахин ганцаардах билээ? Түүнтэй энгийн залбирлаар холбогдож болох байтал би хэрхэн ганцаардах билээ?

Ганцаардлын эсрэг өдөр тутам тулалдахдаа би Тэнгэрлэг Эцэгтээ хандан дэргэд минь зогсохыг гуйхын зэрэгцээ Өөрийнх нь хажууд үргэлж зогсоход туслаач хэмээн гуйдаг. Тэрээр хэзээ ч намайг тулаанд орь ганцааранг минь орхиж байгаагүй мөн миний дэргэд байж, намайг хайрладаг байсныг би мэднэ.