2019
Аврагчийн чөлөөлөх хүчинд итгэ
2019 оны 4-р сар


Аврагчийн чөлөөлөх хүчинд итгэ

2008 оны 1-р сарын 15-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “Чөлөөлөлтийн хүч” үгээс авав.

Аврагчийн Цагаатгал болон Амилалт биднийг сорилт бэрхшээлтэй тулгарахад хүчирхэгжүүлэх буюу тэдгээрээс чөлөөлөх хүчийг Түүнд өгдөг.

Зураг
image of the Savior with arms outstretched

“ЭНЭХҮҮ ЗОРИЛГЫН УЧИР” ЗУРГИЙН ХЭСГЭЭС, ЁНСУНГ КИМ, HAVEN LIGHT-ЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ХЭВЛЭВ

Хайртай нэгнээ алдсан хүмүүст өмнөх зам нь гуниг зовлон, ганцаардлаар дүүрэн байж болно. Харин Аврагч Есүс Христийн Цагаатгал, Амилалтын талаар мэдлэггүй хүмүүст бүр ч хэцүү байж болох юм. Та нар Еммау орох зам дээр тааралдсан Түүний эргэлзсэн хоёр шавийг санаж байгаа байх. Амилсан Их Эзэн тэдний хажууд ирж, яагаад гунигтай байгааг нь тэднээс асуусан. Лук бидэнд хариултыг нь цэдэглэн үлдээхдээ

“Тэгтэл тэд Түүнд—Назарын Есүсийн тухай юм. Тэр бол Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг ба үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм.

Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж Түүнийг цовдолсон.

Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойш гурван өдөр боллоо” (Лук 24:19–21) хэмээсэн байдаг.

Тэрээр Израилыг гэтэлгэсэн нэгэн байсан хэмээх мэдлэг, гэрчлэлээсээ бид тайтгарлыг олж авдаг. Тэр мөн “үхлийн хүлээсийг тасчсан” (Мозая 15:23) нэгэн байсан юм. Бас Тэрээр “нойрсогсдоос анхны үр жимс” (1 Коринт 15:20) байсан. Тэрээр биднийг “эртнээс хайрлаж, хэсэг хугацаанд алдсан”1 хүмүүстэйгээ мөнхөд холбогдох ариун сүмийн гэрээг боломжтой болгосон нэгэн байсан.

Энэхүү Христийн амилсны баярын үеэр би Аврагчийн чөлөөлөх хүчийн тухай хэдэн жилийн өмнө хэлсэн үгийнхээ хэсгээс хуваалцахыг хүсэж байна. Энэ нь уг үгийг бэлдэж, хэлэх үед намайг хүчирхэгжүүлсэн юм. Та нарыг унших үед ч энэ үг та нарыг хүчирхэгжүүлэх болтугай хэмээн би залбирч байна.

Зарим хүний хувьд амьдрах цаг хугацаа нь эрт дуусдаг бөгөөд эцсийн эцэст бидний цаг хугацаа ч гэсэн дуусах болно. Бидний хүн нэг бүр хайртай хүнээ алдаж соригдох болно.

Би хэд хоногийн өмнө, эхнэр нь нас барснаас хойш уулзалдаагүй нэгэн эрэгтэйтэй тааралдсан юм. Нийтээр тэмдэглэх баярын таатай сайхан өдөр санамсаргүй уулзах боломж надад тохиосон. Тэр над руу инээмсэглэсээр дөхөн ирэв. Би эхнэр нь нас барсныг санаад, “Чи дажгүй юү?” хэмээн хүн болгоны л тавьдаг асуултыг тавилаа.

Түүний инээмсэглэл алга болж, нүдэнд нь нулимс цийлгэнэн, сэтгэлийнхээ угаас “Би зүгээр ээ. Гэхдээ маш хэцүү байдаг юм байна” хэмээн намуухан хэлсэн юм.

Та нарын ихэнхийн мэдэж байгаачлан, бидний хүн нэг бүр хэзээ нэгэн цагт үүнийг маш хүнд хэцүү гэдгийг олж мэдэх болно. Энэ сорилтын хамгийн хүнд хэцүү хэсэг бол хэн нэгнийг алдсанаас ирдэг уйтгар гуниг, ганцаардал, гарз хохирлыг яаж даван туулах вэ гэдэгт оршдог юм. Уй гашуу бол архаг өвчинтэй адилхан. Заримд нь уурлах юм уу шударга бус санагдах үе ч бий.

Аврагч бидний уй гашууг мэддэг

Аврагчийн Цагаатгал болон Амилалт биднийг ийм сорилт бэрхшээлээс чөлөөлөх хүчийг Түүнд өгдөг. Тэрээр Өөрийн биеэр бидний бүх уй гашууг амссан юм. Тэр үүнийг Сүнсний өдөөлтөөр дамжуулан мэдэж болох байсан ч үүний оронд тэдгээрийг Өөрийн биеэр туулах сонголтыг хийжээ. Энэ талаар ийнхүү өгүүлсэн байдаг.

“Мөн болгоогтун, тэр бидний эцэг өвгөдийн нутаг болох тэр Иерусалимд, Мариагаас төрөх болно, тэр нь онгон бүсгүй, Ариун Сүнсний хүчээр бүрхэгдэж мөн хөл хүнд болгогдож, мөн хүү төрүүлэх, тийм ээ, бүр Бурханы Хүүг тээгч болж сонгогдсон мөн хонгорхон нэгэн байх болно.

Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.

Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” (Aлма 7:10–12).

Зураг
Jesus Christ praying

ЗАЛБИРЛЫН ЭЗЭН ЗУРГИЙН ХЭСГЭЭС, ЁНСУНГ КИМ, HAVEN LIGHT-ЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ХЭВЛЭВ

Та нарын эргэн тойронд буй сайн хүмүүс хайртай нэгнээ алдсан уй гашууг тань ойлгохыг хичээх болно. Тэд уй гашууг тань мэдэрч ч болох юм. Аврагч уй гашууг ойлгож, мэдрэхийн зэрэгцээ зөвхөн хувь хүнийхээ хувьд мэдэрдэг уй гашууг тань ч хүртэл мэдэрдэг. Бас Тэрээр таныг төгс мэдэхээс гадна зүрх, сэтгэлийг тань хүртэл мэддэг.

Ариун Сүнсийг урь

Та нарыг Ариун Сүнсийг тайтгарал, адислал авахаар урих үед л Аврагч та нарын хийж болох тэр олон зүйлээс аль нь хамгийн сайн тохирохыг олж мэдэх боломжтой болдог. Мөн та нар яг хаанаас эхлэх нь зүйтэй вэ гэдгийг Тэрээр мэдэх болно. Заримдаа энэ нь залбирал байж болно. Харин заримдаа энэ нь өөр хэн нэгнийд очиж тайтгаруулах явдал байж болох юм. Өвчнөөсөө болж хүч тэнхээ суларсан ч өөр нэгэн бэлэвсэн эмэгтэйг эргэж тойрсон нэгэн бэлэвсэн эмэгтэйг би танина. Би айлчилж очиход нь хамт байгаагүй ч Их Эзэн тэрхүү итгэлт шавьдаа өөр хүнд тусламжийн гараа сунгахыг сүнсээр өдөөж, ийнхүү хоёуланг нь халамжилж чадсан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Уй гашууд автсан хүмүүсийг яг тэдэнд тохирсон байдлаар халамжлах олон арга зам Аврагчид байдаг. Гэхдээ Тэрээр үүнийг уй гашууд автсан хүмүүст болон тэдний эргэн тойрныхонд хамгийн сайн тохирох арга замаар хийдэг бөгөөд хийх ч болно гэдэгт та эргэлзэх хэрэггүй. Бурхан уй гашуугаас хүмүүсийг чөлөөлөхөд тэд Түүний өмнө бяцхан хүүхдийн адил даруу болсон байгаагаа мэдэрдэг явдал бол хэзээ ч үл хувирах зүйлсийн нэг юм. Итгэлтэй даруу байдлын хүчийг үзүүлсэн агуу жишээг Иовын амьдралаас харж болно (Иов 1:20–22-ыг үзнэ үү). Өөр нэгэн үл хувирах зүйл нь бас л Иовт байсан бөгөөд энэ нь Аврагчийн Амилалтын хүчинд итгэх бат бөх итгэл юм (Иов 19:26-г үзнэ үү).

Бид бүгдээрээ мөн нас барсан хайртай хүмүүс тань ч гэсэн амилуулагдана. Бид тэдэнтэй биегүйгээр биш, харин үхэшгүй, хөгширч, сул дорой болохгүй биетэйгээр дахин уулзах болно.

Аврагч амилсныхаа дараа төлөөлөгчдөдөө үзэгдэхдээ тэдний уй гашууг хуваалцахын зэрэгцээ бидний хүн нэг бүрд тохиолдох уй гашууг мөн адил хуваалцсан юм. Тэрээр тэднийг болон биднийг

“Амар амгалан та нарт байх болтугай. …

Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв” хэмээн тайтгаруулсан (Лук 24:36, 39).

Их Эзэн биднийг уй гашуугаасаа хамгийн тохирох арга замаар чөлөөлөгдөх хүчээс хүртэхэд сүнсээр өдөөж чадна. Бид Их Эзэний өмнөөс бусдад үйлчлэх сонголтыг хийж болно. Бид бас Аврагч, Түүний сайн мэдээ, Сүмийнх нь сэргээлт, Амилуулалтынх нь талаар гэрчилж, зарлигуудыг нь сахиж болно.

Эдгээр сонголт бүгд Ариун Сүнсийг урин авчирдаг. Гагцхүү Ариун Сүнс л бидэнд таарсан арга замаар биднийг тайтгаруулах чадалтай. Харин Сүнсний өдөөлтөөр бид Амилуулалтын талаар гэрчлэлтэй болж, ирээдүйд болох гайхамшигт уулзалтаа тодорхой харж чадна. Би өөрийн таньдаг мөн хэзээ нэгэн цагт энгэртээ тэврэх болно гэдгээ мэдэх хүнийхээ булшны чулууг харж байхдаа тэрхүү тайтгарлыг мэдэрсэн билээ. Үүнийг мэдсэнээр би уй гашуугаасаа чөлөөлөгдөхийн зэрэгцээ баяр хөөрөөр дүүрэн хүсэн хүлээх болсон юм.

Тэр бяцхан хүн насанд хүрч чадсан бол өөр сорилт бэрхшээлээс чөлөөлөгдөх хэрэгтэй байх байсан. Тэр хүн бүрд тулгардаг бие махбод болон сүнслэг байдлаараа Бурханд итгэлтэй хэвээр үлдэх эсэхээрээ соригдох байсан. Хэдийгээр бие махбод гайхамшигтай сайхан бүтээл ч гэлээ, үүний үйл ажиллагааг хэвийн явуулах гэдэг нь бидний хувьд өөр нэгэн сорилт юм. Хүн бүр өвчин зовлон, хөгшрөлтийн нөлөөг тэсвэрлэн давах ёстой.

“Чи даруу бай”

Сорилт бэрхшээлээс маань чөлөөлөх хүч хүчин төгөлдөр. Энэ нь хайртай нэгнээ алдсанаар ирэх сорилт бэрхшээлээс чөлөөлөгдөхтэй адилхан ажилладаг. Чөлөөлөгдсөнөөр хайртай хүнийхээ амийг эргүүлэн авдаггүйтэй адил, бусад сорилт бэрхшээлээс чөлөөлөгдөх гэдэг нь тэдгээрийг авч хаяна гэсэн үг биш ээ. Биднийг Цагаатгалын хүч амьдралд маань ажиллаж эхлэхэд хүргэх тэрхүү сонголтуудыг хийх итгэлээ хөгжүүлтэл Их Эзэн чөлөөлөхгүй байж ч болох юм. Тэрээр бидний зовлонг хайхардаггүйдээ биш, харин биднийг хайрладаг тул үүнийг шаарддаг.

Тухайн үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байсан Томас С.Марш амьдралын сөрөг зүйлээс чөлөөлөх Их Эзэний хүчийг хүлээн авах удирдамжийг авсан. Тэрээр хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарч байсан ба цаашид өөр олон сорилт бэрхшээлтэй тулгарна гэдгийг нь Их Эзэн мэдэж байсан. Би түүнд өгсөн зөвлөгөөг энд өөрийн зөвлөгөө болгон та нарт өгье. “Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно” (Сургаал ба Гэрээ 112:10).

Зураг
Christ with lamb

АЛДАГДСАН ХУРГА ЗУРГИЙН ХЭСГЭЭС, ЁНСУНГ КИМ, HAVEN LIGHT-ЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ХЭВЛЭВ

Их Эзэн биднийг үргэлж илүү зөв шударга болгох замаар чөлөөлөлт рүү хөтлөхийг хүсдэг. Энэ нь наманчлалыг шаарддаг. Энэ нь мөн даруу байдлыг шаарддаг. Тиймээс, Их Эзэнд биднийг асуудал бэрхшээл дундуур, ариусгалд авчрахыг хүсэж байгаа тэр газар луу гараас маань хөтлөн аваачих боломж олгохын тулд чөлөөлөлтөд хүрэх зам нь үргэлж даруу байхыг шаарддаг.

Сорилт бэрхшээл нь дургүйцэх, урам хугарахад хүргэж болно. Их Эзэнээр гараасаа хөтлүүлэхэд хэрэгтэй, надаас болон та нараас шаардагдах даруу байдал итгэлээс ирдэг. Энэ нь Бурхан үнэхээр амьд, Тэр биднийг хайрладаг бөгөөд хэдийгээр хүнд хэцүү байсан ч гэсэн Түүний хүссэн зүйлс үргэлж бидний сайн сайхны төлөө байдаг гэдэгт итгэх итгэлээс ирдэг.

Аврагч бидэнд тэрхүү даруу байдлыг харуулсан билээ. Тэрээр бидний төсөөлөн бодох, даван туулах, тэр ч бүү хэл дүрслэн хэлэх чадвараас давсан зовлон шаналлыг бидний өмнөөс Гетсеманийн цэцэрлэгт үүрч байхдаа хэрхэн залбирсныг нь та уншсан. Та түүний “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв” (Лук 22:42) хэмээх залбирлыг санаж байгаа.

Тэрээр Өөрийн Тэнгэрлэг Эцэг, агуу Елохимыг мэддэг мөн Түүнд итгэж найддаг байсан. Тэрээр бас Эцэгээ бүхнээс хүчтэй, дуусашгүй сайхан сэтгэлтэй гэдгийг мэдэж байсан. Хайрт Хүү нь бяцхан хүүхдийн адил даруухан үгсээр Түүнд чөлөөлөх хүчийг өгч туслахыг гуйсан.

Урам зориг, тайтгарал олж ав

Эцэг Хүүгийнхээ сорилт бэрхшээлийг авч, чөлөөлөөгүй. Бидний төлөө Тэрээр үүнийг хийгээгүй бөгөөд Аврагчид ирсэн зорилгоо биелүүлж дуусгах боломжийг олгосон юм. Гэсэн хэдий ч бид Эцэгийн өгсөн тусламжийн талаар мэдсэнээр үргэлж урам зориг, тайтгарлыг олж авч чадна.

“Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.

Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.

Тийнхүү залбирсныхаа дараа Тэр босож шавь нар уруугаа очоод, уй гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад,

тэдэнд—Та нар юунд унтана вэ? Босоцгоо, сорилтод орохгүйн тулд залбирцгаа гэж айлдав” (Лук 22:43–46) хэмээсэн байдаг.

Аврагч чөлөөлөх хүчийн төлөө залбирсан. Түүнийг сорилт бэрхшээлээс нь салгах биш, харин үүнийгээ гайхамшигтай сайн даван гарахад хангалттай тайтгарлыг өгсөн.

Дор бүрнээ соригдож байсан шавь нартаа өгсөн Түүний зарлиг бол бидэнд зориулсан удирдамж юм. Бид үүнийг нь дуулгавартай дагах, агуу итгэл, даруу байдлаар босож, залбирах шийдвэрийг гаргаж чадна. Эцэст нь бид Марк номд нэмж оруулсан “Бос, явцгаая” (Марк 14:42) хэмээх зарлигийг дагаж чадна.

Үүнээс та амьдралд тулгарах биеийн болон сүнслэг сорилт бэрхшээлийг даван туулах зөвлөгөөг авч болно. Чадах бүхнээ хийсний тань дараа танд Бурханы тусламж хэрэгтэй. Тиймээс босож яв. Гэхдээ чөлөөлүүлэхийг гуйхын тулд сорилт бэрхшээлийг хүлээлгүйгээр аль болох эртнээс Түүний тусламжийг аваарай.

Бурхан Эцэг амьд бөгөөд биднийг хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Би үүнийг мэднэ. Бидэнд зориулсан Түүний аз жаргалын төлөвлөгөө төгс бөгөөд энэ нь үнэхээр аз жаргалын төлөвлөгөө юм. Есүс Христ амилсан бөгөөд бид ч мөн амилуулагдана. Тэрээр сорилт бэрхшээлтэй тулгарах үед биднийг харж халамжилж болохын тулд зовж шаналсан. Тэрээр мөн биднийг үхэл болон нүглээс чөлөөлөхийн тулд бидний болон Тэнгэрлэг Эцэгийн бүхий л хүүхдийн бүх нүглийн төлөөсийг төлсөн юм.

Есүс Христийн Сүмд Ариун Сүнс биднийг Эзэнийг дагах үед тайтгаруулж, цэвэршүүлэхээр ирдэг гэдгийг би мэднэ. Та нар хэрэгтэй үедээ мөн амьдралд тань тохиолдох бүхий л сорил, бэрхшээл дундуур Түүний тайтгарал, хайр халамжийг хүртэх болтугай.

Эшлэл

  1. “Lead, Kindly Light,” Hymns, no. 97.