2019
Урам тань хугарах үед Найн дахь бэлэвсэн эмэгтэйг санаарай
2019 оны 4-р сар


Урам тань хугарах үед Найн дахь бэлэвсэн эмэгтэйг санаарай

Ялангуяа биднийг мартсан эсвэл орхисон мэт санагдах үед, Аврагч бэлэвсэн эмэгтэйд тусламж хэрэгтэй байх яг тэр үед нь ирж тусалсан бөгөөд бидэнд ч бас туслахаар ирнэ гэдгийг бид санах ёстой.

Зураг
the widow of Nain

Заримдаа өөдөлж, уруудах амьдралын харгуйд Бурхан бидний өдөр тутмын амьдралд идэвхтэй оролцдоггүй юм байна гэж бодогдох үе гардаг. Бидний амьдралын хэв маяг уйтгартай, нэг хэвийн мэт санагдах үе бий. Өөрчлөгдсөн гээд байх юмгүй, бас заримдаа Бурханы шууд оролцоо орсон ганц зүйл юу юм бол гэдгийг заахад хүртэл хэцүү байдаг. Миний амьдрал ач холбогдолгүй юм байна гэсэн бодол төрөх үед би Шинэ Гэрээн дээрх түүхэнд гардаг эмэгтэйн талаар үргэлж боддог. Түүний нэр сударт тэмдэглэгдээгүй байдаг ч амьдардаг тосгоных нь нэр болон гэрлэлтийн байдлаар нь амархан мэддэг.

Тэрээр Найн хотын бэлэвсэн эмэгтэй байсан бөгөөд зөвхөн евангелист Лук түүний гайхалтай түүхийг цэдэглэсэн. Миний хувьд тэр эмэгтэй Аврагчийн хүн рүү чиглэсэн тохинууллын мөн чанарыг болон Тэрээр нийгэм дэх урам нь хугарсан энгийн хүмүүст тусламжийн гараа хэрхэн сунгадаг байсныг төлөөлдөг. Энэ түүх Бурхан бидний хэн болохыг мэддэг гэдгийг харуулдаг бөгөөд бидний төлөө санаа тавьдаг эсэхтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэдэг.

Лук номын 7-р бүлгийн товч тоймд Есүс оршуулгын ёслолын дундуур орж, нас барсан залууг гайхамшигтайгаар амилуулсан талаар өгүүлсэн байдаг. Гэхдээ орчин тойрных нь талаарх өөр олон зүйлийг бид ойлгосон байх ёстой. Бүх гайхамшгийн адилаар, тэр тусмаа энэ үйл явдлыг ойлгоход нөхцөл байдал амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Бригам Янгийн Их Сургуулийн Иерусалим дахь төвд зааж байсны хувьд би энэ гайхамшгийн талаарх өөрийн бодол санааг хуваалцъя.

Найн нь Есүсийн амьдарч байх үед Морэ уулын эсрэг талд, Иезреелийн хөндийн зүүн зүгт оршдог, тариалан эрхэлдэг жижигхэн тосгон байжээ. Уг тосгон шороон замаас зайдуу байрладаг байв. Тийшээ ганцхан замаар очдог байжээ. Есүсийн амьдарч байсан үед энэ тосгон харьцангуй жижигхэн, ядуу тарчиг байсан ба одоо ч тэр хэвээр байдаг. Түүхэндээ энэ тосгон тойрон хүрээлсэн 34 байшин, 189-хөн хүнтэй үе ч байсан.1 Одоо энэ тосгонд ойролцоогоор 1500 хүн амьдардаг.

Лук энэхүү түүхийн эхэнд Есүс Капернаумд өмнөх өдөр нь байсан бөгөөд зуутын даргын боолыг эдгээсэн талаар өгүүлдэг (Лук 7:1–10-ыг үзнэ үү). Дараа нь Аврагч “удалгүй” (11-р шүлэг; тодотгол нэмэгдсэн) Найн хэмээх хот руу олон шавиа дагуулан явсан тухай мэдэж авдаг. Үйл явдлын энэ дараалал маш чухал. Капернаум хот нь Галилын тэнгисийн хойд эргээр, далайн түвшнээс 600 тохой (183 м) доор байрладаг. Найн нь Капернаумаас баруун өмнөд зүгт 30 бээрийн (48 км) зайд, далайн түвшнээс 700 тохой (213 м) дээр газарт байрладаг учраас тийшээ очихын тулд дээшээ өгсөж, нэлээн хүч гаргаж байж очдог. Капернаумаас Найн руу явган явж хүрэхийн тулд хамгийн багадаа нэгээс хоёр өдөр шаардагдах байв. Саяхан би БЯИС-ийн Иерусалим дахь төвийн суралцагчдыг тийшээ авч явахдаа засмал замаар 10 цаг явган явж хүрсэн. Тиймээс Есүс “удалгүй”2 тийшээ очиж, оршуулах ажиллагааг зогсоохын тулд өглөө үүрээр сэрж, шөнө алхах хэрэгтэй байсан байж ч болох юм.

Зураг
map of Galilee

Христ хүнд аяллын дараа, хорь орчим3 насны залууг оршуулах дамнуурган дээр аваад гарч явж байгааг харжээ. Лук энэ залууг нэгэн бэлэвсэн эмэгтэйн ганц хүү гэдгийг хэлсэн ба зарим эрдэмтэн энэ хэсгийг түүнд тэр залуугаас өөр үр хүүхэд байгаагүй гэж грек хэлнээс орчуулсан байдаг.4 Тосгоны олон хүн уг эмэгтэйн гэр бүлд тохиолдсон гай зовлонг хуваалцахаар дагажээ.

Хүүгээ алдах нь ямар ч хүний хувьд эмгэнэлтэй зүйл боловч тэрхүү бэлэвсэн эмэгтэй ямар ээдрээтэй байдалд орсныг бодож үзнэ үү. Эртний Израилд өв залгамжлагчгүй үлдэх гэдэг нь нийгэм, сүнслэг байдал, санхүүгийн хувьд ямар байдалд орно гэсэн үг байсан бэ? Хуучин Гэрээний цаг үед нөхөр нь өтөлж хөгшрөхөөсөө өмнө үхвэл нүглийн төлөө Бурханы өгсөн шийтгэл хэмээн үздэг байжээ. Тиймээс зарим хүн бэлэвсэн эмэгтэй Бурханы шийтгэлийг хүртэж байна гэдэгт итгэж байсан. Рут номд Наоми залуудаа бэлэвсрээд “Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс хүчит Нэгэн намайг зовоосон” (Рут 1:21, Олон улсын жишиг хувилбар)5 хэмээн гашуудан өгүүлсэн байдаг.

Найн дахь бэлэвсэн эмэгтэй сүнслэг болон сэтгэл санааны зовлон шаналлаас гадна өлсгөлөнд нэрвэгдэхээр байв.6 Гэрлэснээр эмэгтэй хүн нөхрийнхөө гэр бүлийн санхүүгийн хамгаалалтан доор ордог байж. Нөхөр нь нас барснаар энэ үүргийг ууган хүүгийн эрх бүхий хүү нь хүлээж авдаг байв. Харин одоо тэр бэлэвсэн эмэгтэйн ууган хүүгийн эрхтэй цорын ганц хүү нь нас барж, санхүүгийн эх үүсвэр нь ч үгүй болжээ. Хэрэв хүү нь 20 гаруй настай байсан бол тэр эмэгтэй дундаж насны, тариачдын алслагдмал жижигхэн хотод амьдардаг бөгөөд сүнслэг байдал, нийгэм, санхүүгийн хувьд үгүйрч хоосорсон тийм нэгэн эмэгтэй байв.

Зураг
widow of Nain with the Savior

Энэ эмэгтэйн хүүг хотынхон нь оршуулахаар авч явж байх яг тэр мөчид Есүс оршуулгын ёслолтой тааралдаж, “ихэд өрөвд[жээ]” (Лук 7:13). Энэ нь Лукийн хамгийн дутуу хэлсэн хэсэг байж болох юм. Есүс яагаад ч юм тэр бэлэвсэн эмэгтэйн цөхөрсөн байдлыг мэдэрсэн. Магадгүй уг эмэгтэй шөнөжингөө шороон шалан дээрээ тэрийн унаж, Тэнгэрлэг Эцэгээс яагаад гэдгийг мэдэхийг хүсэн залбирсан байж болох юм. Тэрээр энэ дэлхий дээр цаашид амьдрахыг өөрөөс нь шаардаж байгаа шалтгааныг асуусан байж ч магадгүй. Эсвэл тэрээр өөрт нь тулгарах ганцаардлаас айж байсан байж болох юм. Бид үүнийг мэдэхгүй. Гэхдээ Аврагч Капернаумаас шууд гарч явсан гэдгийг бид мэдэх бөгөөд биеийг нь газарт булахаас өмнө оршуулгын ёслолыг болиулахын тулд Тэр шөнөжингөө алхах хэрэгтэй байсан.

Тийм ээ, Тэрээр ёслолын сүүлд алхаж буй эмэгтэйн нулимс урссан царайг хараад, түүнийг ихэд өрөвдөв. Гэхдээ Тэрээр оршуулгын ёслолыг болиулахаар “гэнэт тэнд” явж очихоосоо өмнө өрөвдөх сэтгэл төрсөн байсан бололтой. Тэрээр уг эмэгтэйд тусламж хэрэгтэй байсан яг тэр мөчид очсон юм.

Дараа нь Есүс бэлэвсэн эмэгтэйд “Бүү уйл” (13-р шүлэг) хэмээн хэлсэн. Тэрээр оршуулгын ёслолоос цэрвэлгүй “авсанд гараа хүргэтэл ёслолд явж байсан хүмүүс зогслоо.” Тэгээд Тэр “Би чамд хэлж байна. Залуу минь, бос!” хэмээн тушаахад

Зураг
widow with son

“үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингэж Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв” (14–15-р шүлэг). Хотынхон болон Есүсийн дагалдагчид гайхаж, уй гашуу нь баяр хөөрөөр солигджээ. Тэд бүгдээрээ “Бурханыг алдаршуулж—Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ” (16-р шүлэг) гэцгээж байлаа. Гэхдээ энэ гайхамшиг нь нэгэн цөхөрсөн бодгалийг аварсан тухай өгүүлдэг. Өөрийн соёлд дорд үзэгддэг энэ эмэгтэйн хувьд шударга бус зүйл болж байгааг Есүс мэдэрсэн. Хэдийгээр Тэрээр яг тохирох цаг мөчид нь очихын тулд хол зам туулах хэрэгтэй байсан ч тэр эмэгтэйн нөхцөл байдал нэн даруй тусламж үзүүлэхийг шаардаж байсан. Тэрээр түүний цөхөрснийг мэдсэн бөгөөд хурдхан ирсэн. Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) “нэгэн өдөр бид амьдралынхаа тохиолдлын зүйл мэт санагдсан зүйлсийг эргэж хараад, тэдгээр нь тохиолдлынх биш байсныг ухаарах болно”7 хэмээн хэлжээ.

Хэдийгээр энэхүү түүх урам зориг өгдөг ч энэ нь бидний хувьд Библийн баяр хөөртэй нэгэн түүхээс ч илүү чухал болох ёстой. Энэ нь Есүс тэрхүү ядуу, мартагдсан, цөхөрсөн бэлэвсэн эмэгтэйн талаар мэддэг байсан гэдгийг маргаангүй баталж өгдөг. Ялангуяа бидэнд мартагдсан, орхигдсон эсвэл ач холбогдолгүй мэт санагдах үед Аврагч уг бэлэвсэн эмэгтэйд тусламж хэрэгтэй үед нь ирж тусалсан төдийгүй бидэнд ч бас туслахаар ирнэ гэдгийг санах ёстой. Түүнчлэн Аврагчийнхаа жишээнээс авч болох хоёр дахь сургамж бол эргэн тойрныхоо хүмүүст тусламжийн гараа сунгаж адислахын ач холбогдол юм. Эргэн тойронд тань байх олон хүн үе үе сэтгэлээр унадаг. Хэрэв та тэдэнд “Найн дахь эмэгтэйн” талаар мөн түүний урам хугарч, хувийн томоохон асуудалд орсныг нь Их Эзэн хэрхэн яг таг мэдэж байсан тухай хэлэх юм бол энэ нь харанхуйг гэрлээр солих болно. Үүнд тохирох сануулгыг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) хэлсэн байдгийг санаарай. “Бурхан биднийг анзаарч, харж хандаж байдаг. Гэвч ингэхдээ бидний хэрэгцээг ихэвчлэн өөр хүнээр дамжуулан хангадаг.”8

Зураг
widow hugging her son

Дэлхий дээр байх хугацаандаа үйлдсэн Есүс Христийн гайхамшгууд дундаас Найн дахь эмэгтэйд тохинуулснаас илүү өр нимгэн, энэрэнгүй сэтгэл харуулсан нь цөөхөн. Энэ нь бид Түүний хувьд чухал бөгөөд Тэрээр хэзээ ч биднийг мартахгүй гэдгийг сануулдаг юм. Бид үүнийг мартах ёсгүй.

Эшлэлүүд

  1. E. Mills, Census of Palestine 1931: Population of Villages, Towns, and Administrative Areas (1932), 75-ыг үзнэ үү.

  2. S. Kent Brown, The Testimony of Luke (2015), 364-ийг үзнэ үү.

  3. Brown, The Testimony of Luke, 365-ыг үзнэ үү.

  4. Brown, The Testimony of Luke, 365-ыг үзнэ үү.

  5. Исаиа 54:4-т Их Эзэн Израилын бэлэвсэн эмэгтэйд “Бэлэвсрэлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй” (New English Translation) хэмээн хэлсэн.

  6. Brown, The Testimony of Luke, 365-ыг үзнэ үү.

  7. Thomas S. Monson, in Joseph B. Wirthlin, “Lessons Learned in the Journey of Life,” Liahona, May 2001, 38.

  8. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 82.