2019
Бизнес цэцэглэж байна
2019 оны 4-р сар


Бие даасан байдлаас ирдэг адислалууд

Бизнес цэцэглэж байна

Бие даах чадвар хөгжүүлэх ангид сурсан зүйлийнхээ ачаар Тэдди Рэйэсийн хувьд нэг хаалга хаагдахад, удалгүй өөр нэгэн хаалга нээгдсэн байна.

Зураг
couple preparing food

ГЭРЭЛ ЗУРГИЙГ РАУЛ САНДОВАЛ

Доминиканы Бүгд Найрамдах Улсын Санто Домингод үүрийн 4:00 болж байв. Тэдди Рэйэс аль хэдийн босож, ажиллаж эхэлсэн байлаа. Тэр цэцэглэж буй бизнесээ авч явахын тулд өнөөдөр шаргуу ажиллах хэрэгтэй. Тэр эхлээд улаан лооль, талхаа зүснэ. Дараа нь өөрийн тусгай сүмсээ хийнэ.

6:00 гэхэд хоёр ажилтан нь ирж түүнд туслах бөгөөд бэлтгэл ажил хурдасна. 8:00 гэхэд тэд 300 хачиртай талх хийн, тус бүрийг хүнсний гялгар цаасаар ороогоод, ууталсан байлаа. Дахиад 6 ажилтан нэмэгдэн ирж, бүгдээрээ худалдан борлуулах ажилдаа орно.

9:00 гэхэд багийнхныгаа хооллохоор хадгалсан гурав дөрөвхөн хачиртай талхнаас бусад нь борлуулагдсан байна.

Тэддигийн хувьд бизнес сайн явж байгаа аж. Гэхдээ түүний хувьд бүх зүйл дардан шулуун байсангүй. Үнэндээ сүүлийн таван жилийн хугацаанд өөрийн сонгосон мэргэжлээр буюу хуульчаар тогтвортой ажил олж чадахгүй байжээ.

Тэгэхээр Тэдди хэрхэн үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгдөг байснаа хүмүүст хачиртай талх зарах болов? Мэдээж амар хялбар байгаагүй. Гэхдээ тэр Сүмийн бие даах чадвар хөгжүүлэх санаачилгаар дамжуулан ангиас сурсан зарчмуудаа ягтшал хэрэгжүүлсний ачаар энд хүрч чадсан байв.

Ажлын байраа алдсан нь

Таван жилийн өмнө Тэддигийн амьдрал сайхан харагдаж байв. Тэр сайхан ажлын байранд хуульчаар ажиллан, дөнгөж гэрлэчихсэн мөн эхнэртээ баптисм хүртээгээд байлаа. “Гэхдээ бидэнд асуудал тулгарч, би ажлаа алдсан” гэж тэр хэлсэн юм.

Дараагийн дөрвөн жилийн туршид Тэддид ажил олдохгүй хэцүү байв. “Хийж болмоор ажил олон байсан ч хэн ч надад ажлын хөлс төлөхийг хүсэхгүй байлаа. Би бие дааж төрөл бүрийн ажил хийх гэж үзсэн ч нэг л болж өгөхгүй байсан” гэж тэр хэлсэн юм.

Түүний эхнэр Стефани сайн ажилтай байсан ч цалин нь сар бүрийн зарлагыг төлөхөд хүрэлцэхгүй байлаа. Хос залуу удалгүй хүүхэдтэй болов. Тэд баяртай байсан ч, санхүүгийн байдал нь улам бүр хүндрэв. Тэд байшингаа алдаж, машинаа зарж, хураасан бүх мөнгөө хэрэглэж дуусжээ. Удалгүй тэд Стефанийн ээжийн эзэмшдэг жижигхэн байшинд нүүж оров.

Гэсэн хэдий ч Тэдди бууж өгсөнгүй. Удалгүй гэнэтийн сайхан боломж өөрөө гарч ирэх нь тэр.

Бие даасан байдлын хүч

Олон жил зовсны эцэст Тэдди өөрчлөгдөх цаг болсон гэдгээ мэдэж байлаа.

Тэрээр “Би Сүмийн бие даах чадвар хөгжүүлэх ангид суухаар шийдлээ. Би энэ ангийн талаар сонсдог байсан ч надад зориулсан зүйл биш гэж дандаа боддог байв. Ангид зөвхөн бие дааж юм хийх талаар л ярьдаг гэж боддог байлаа. Харин ангиуд гайхалтай байсан” гэв.

Эхлээд Тэдди Хувийн санхүү гэсэн бүлэгт хамрагдсан аж. Дараа нь Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь бүлэгт оров. Бүлгийн ангиуд Тэддид хэрэгтэй байсан бизнесийн мэдлэгийг өгөхөөс гадна сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд нь тусалсан байна.

“Тэр ангиудад сууснаар бүх зүйлийг өөрчилсөн. Би тэдний заасан бүх зүйлийг хийхээр шийдсэн юм. Мөн миний санхүүгийн байдал ч тэр даруй өөрчлөгдсөн. Би аравны нэгээ бүрэн төлж, өдөр бүр залбирч, судраас суралцан, итгэлээ хөгжүүлж эхэлсэн юм. Бүх зүйл өөрчлөгдөж, би мөнгө хуримтлуулж, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих болсон. Бүх зарчим намайг адисалсан” хэмээн тэр хэлэв.

Бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь бүлэгт Тэдди амьдарч байгаа газартаа ашигтай байх боломжтой бүтээгдэхүүнийг тодорхойлж сурчээ. Түүнийг хүмүүсийн хайж байгаа зүйлд үнэлгээ хийж байх үед сүнслэг өдөөлт орж ирэх болов. Түүний амьдарч байсан газарт хүмүүс шинэхэн хачиртай талханд дуртай байхаас гадна хүргүүлэхийг хүсдэг байсан байна.

“Олон ресторан өөрийн гэсэн онцгой сүмстэй байдаг ба тэр нь хоолыг нь бусдаас ялгаруулдаг байв. Тиймээс би хачиртай талхныхаа сүмсийг өөрөө найруулсан юм” гэж Тэдди хэлэв.

Бизнесээ хөгжүүлсэн нь

Бизнесээ нээсэн өдрөө Тэдди хачиртай талх гучийг хийжээ.

“30 минут өнгөрсний дараа намайг гэртээ ирээд, буйдан дээрээ хэвтэж байгааг харан, эхнэр маань санаа зовсон аж. Тэр надаас гэртээ ийм эрт юу хийж байгаа юм бэ, хачиртай талх зарж байх ёстой биш билүү гэж асуусан. Харин би аль хэдийн бүгдийг нь зарсан байлаа!” гэж тэр хэлжээ.

Тэдди дараагийн хэдэн сарын туршид орон нутгийнхаа бизнес, сургуулиудтай холбогдсон байна. Ихэнх нь хачиртай талх авахыг хүсэж байсан ба түүний бизнес ч өсөж эхэллээ. Тэр шинэхэн ногоог муутгахгүй хадгалахын тулд юу хийх ёстойг хурдан сурав. Тэр мөн онцгой сүмсээ хэр удаан хадгалахаа яг таг мэддэг болжээ. Тэр талхаа захиалж, орой болгон авдаг байна. Даваа гараг гэхэд муудахааргүй, хямдарсан ногоог бямба гарагт худалдан авдаг болов.

Удалгүй тэр олон төрлийн хачиртай талхны захиалга авдаг болсон бөгөөд онцгой үйл явдлуудад зориулсан захиалгынх нь тоо улам өсдөг болжээ. Түүнд тусламж хэрэгтэй болсон бөгөөд ажилтан авч эхлэв.

Орон нутгийнхаа сургууль, бизнестэй найрсаг харилцаа тогтоосноор Тэдди тогтмол худалдан авах чадвартай, идэвхтэй үйлчлүүлэгчидтэй болжээ. Дөрвөн сарын дотор тэр 8 ажилтан авч, өдөр бүр 300 хачиртай талх хийж, долоо хоногийн 5 өдөр зардаг болсон юм. Түүний борлуулалтын баг сургуулиуд амарсан зуны цагаар хүртэл хачиртай талх зарж, маш үр дүнтэй ажиллаж чадсан байна. Харин одоо Тэдди бизнесээ дахин өргөжүүлэхэд бэлэн.

Тэр бие даах чадвар хөгжүүлэх ангид суусан тул хачиртай талхны бизнес эхлүүлэх сүнсний удирдамжийг хүлээн авсан. “Сүмийн энэхүү удирдамж болон хүлээн авсан адислалынхаа ачаар Сүм болон Есүс Христийн талаарх гэрчлэл маань хүчирхэгжсэн” гэж тэр хэлсэн юм.