2019
Сонголт: Агуу зураач байх уу, агуу ээж байх уу?
2019 оны 4-р сар


Зөвхөн цахим хувилбараар

Сонголт: Агуу зураач байх уу, агуу ээж байх уу?

Хүн болгон надад хоёуланд нь агуу байх боломжгүй гэж хэлж байв. Гэвч үнэхээр тийм байсан уу?

Би коллежид байхдаа агуу зураачдын амьдралын тухай суралцаад, таагүй мэдрэмж мэдэрдэг байснаа санаж байна. Жинхэнэ дурсамж үлдээсэн, алдартай зураачид гэр бүлээ орхиж, эрүүл ухаанаа алдан байж агуу зураачид болдог юм шиг санагдаж байв. Агуу зураачид Христийн мэндэлсний баяраар хүүхдүүд нь бэлгээ задлах үед ч зургаа зурдаг байв. Нэг нь зургаан удаа гэрлэсэн байхад, өөр нэг нь чихээ тасдан, хайртай хүмүүс рүүгээ илгээсэн тохиолдол ч бий. Харин бас нэг нь хүний амийг хүртэл хөнөөсөн байдаг! Агуу эхнэр, эх хүн (мөн хэвийн сэтгэцтэй) байхын сацуу агуу зураач ер нь байж болдог юм болов уу гэж би эргэлзэж эхэлж билээ.

Манай профессорууд бидэнд хэрэв бид үнэхээр агуу нэгэн болохыг хүсвэл үүнийхээ золиосыг төлөх ёстой гэж заадаг байсан. Бид хэнээс ч илүү шаргуу ажиллах ёстой байв. Бид уран зургийг амьдралдаа нэгдүгээрт тавих ёстой байлаа. “Гэхдээ хэрэв зураач зарлигуудыг дагадаг, чухал зүйлсээ нэгдүгээрт тавьж, Их Эзэний Сүнсээр ажлаа удирдуулдаг бол зүгээр л агуу, магадгүй бүр агуу зураач болж чадахгүй гэсэн үг үү?” гэсэн асуулт толгойд минь байнга эргэлддэг байсан. Би суралцаж байх хугацаандаа энэ асуултыг байнга өөртөө тавьдаг байв.

Нөхөр бид хоёр сургуулиа төгсөх үедээ, гэрлээд жил болж байв. Ахлагч Рассэлл М.Нэлсон (тэр үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч байсан) бидний төгсөлт дээр үг хэлэхээр хүрэлцэн ирсэн юм. Өдрийн хоолны дараа зөвхөн 16 оюутан цугларалтад оролцохоор уригдсан байлаа. Сонирхолтой нь, нөхөр бид хоёр хоёулаа тэнд оролцохоор сонгогдсон байв. Ярилцлагын асуулт, хариултын цаг эхлэхэд, би гараа өргөж, ахлагч Нэлсоны нүд рүү эгцлэн хараад, зураач байх, эх хүн байх хоёр үүргээ хэрхэн авч явах талаар санаа зовниж яваагаа илэрхийлсэн юм. Би сургуульд байхдаа авьяас чадвараа хөгжүүлэхээр маш шаргуу хөдөлмөрлөдөг байсан ба одоо ч шаргуу ажиллаж, сайжрахыг хүсдэг хэвээр. Гэхдээ би миний эх байх үүрэг илүү чухал гэдгийг мэдэж байна. Хоёуланг зэрэг хийх арга зам бий юу? Ахлагч Нэлсоны нүд гялалзаж, “Мэдээж!” гэж хариулав. Тэрээр намайг авьяас чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ, хэрхэн хоёуланг нь хийхээ мэдэхийн тулд Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэн залбирахад урамшуулсан ба ингэснээр надад боломжгүй гэж бодож байсан зүйлээ Түүнтэй хамт хийх боломж гарах юм. Энэ зөвлөгөөг би зүрх сэтгэлдээ хүлээн авсан.

Түүний зорилгуудад нийцэх нь

Нөхөр бид хоёр одоо дөрвөн хүүхэдтэй болсон ба эцэг эхийн олон үүрэг хариуцлагаас суралцсаар байна. Эхэндээ би зургаа зурахын тулд ихэнх өдөр нь хүүхдүүдээ сэрэхээс өмнө өглөөний 4 цагт босдог болов. Би долоо хоногийн зургаан өдөрт нь, заримдаа 30-хан минут гарсан байсан ч зургаа зурахыг хичээсээр байсан. Би Их Эзэний тусламжгүйгээр ихийг хийж чадахгүйгээ мэддэг байсан учраас зургаа зурах болгондоо залбирлаар эхлүүлдэг байв. Би зураг зурах боломжоос гадна тэр өдрийн хувьд юу хамгийн чухал зүйл болохыг мэдэж авахын тулд залбирч, Түүний зорилгуудыг эхэнд тавих амлалт өгдөг байлаа. Өсөлт маань хурдан байгаагүй ч тогтмол байв.

Нэг мэдэхэд би сургуулиа төгсөөд 12 жил болсон байв. Надад сэтгэлээр унах үе тохиолдож байсан. Амьдрал хэцүү санагдаж байв. Эх байх нь миний бодож байснаас ч илүү хэцүү байсан юм. Надад зургийнхаа тавиурын хажууд суугаад, агуу зураач болох мөрөөдөлдөө үнэхээр хүрч чадах эсэхтээ эргэлзэн уйлах үе бишгүй тохиолддог байлаа. Тавиур дээрээс хуучин тэмдэглэлийн дэвтрээ авмаар санагдсан тул би 2006 оны 4-р сарын 30-нд сургууль төгссөнөөсөө хойш нэг өдрийн дараа бичиж байсан тэмдэглэлээ гаргаж ирэв. Би ерөнхийлөгч Нэлсоноос хүлээн авсан гайхалтай туршлагаа бүгдийг нь мартаж орхисон байв! Ямар нэгэн байдлаар амьдралын нугачаан дунд энэ нь оюун санаанаас минь бараг арчигдах шахсан байлаа. Тэнд одоогийн бошиглогчийн маань “Мэдээж” гэсэн үгс өмнө минь зурайж байв. Тэр цагаас хойш би амжилтад хүрч чадсан бүх зүйлээ эргэн харахад нүдний минь нулимс талархлаар солигдон, ирээдүйгээ итгэл найдвараар хардаг болсон билээ.

Боломжгүй зүйлсийг хийх нь

Хэдэн сарын дараа Ensign сэтгүүлийн дизайнеруудын нэг нь над руу залгаж, 2018 оны 11-р сарын Ерөнхий чуулганы дугаарын дотор талын хавтсанд миний зурсан зургуудаас нэгийг нь нийтэлж болох уу гэж асуулаа. Би бүр гайхан балмагдав. Өсөж том болтлоо би сүмийн сэтгүүл аваад хамгийн түрүүнд зургуудыг нь ширтэн хардаг байсан. Одоо тэгвэл миний зургуудын нэг нь тэнд гарна! Тэгээд тэднийг миний зурсан зургийг ерөнхийлөгч Нэлсоны үгстэй хамт нийтлэхийг хүсэж байгаагаа хэлэх үед би намайг урамшуулж буй Бурханы мутрыг олж харсан билээ.

Уран бүтээлчийн аянаа үргэлжлүүлэхийн тулд урт зам туулах ёстой ч би ерөнхийлөгч Нэлсоны Их Эзэнд болон бидэнд найддаг найдварт маш их талархаж байна. Би түүний өөдрөг үзэл, өөртөө итгэлтэй байдалд талархаж байна. Бид Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлснээр агуу зүйлсийг, бүр боломжгүй гэж бодож байсан зүйлсээ хүртэл хийх боломжтой байх болно гэдгийг би мэднэ. “Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37).