2011
Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байх ёстой гэж би боддог. Гэвч Сүнсийг байнга мэдэрч байгаагаа мэддэггүй. Би ямар нэг зүйл буруу хийгээд байна уу?
2011 оны долдугаар сар


Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байх ёстой гэж би боддог. Гэвч Сүнсийг байнга мэдэрч байгаагаа мэддэггүй. Би ямар нэг зүйл буруу хийгээд байна уу?

Хэрэв чи зохистой атлаа Сүнсийг үргэлж мэдэрдэггүй бол Тайтгаруулагчийн удирдамжийг таньж, түүний дагуу үйлдэж сурч байна гэсэн үг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Давид А.Беднар “Бид итгэлтэй, дуулгавартай байхыг хичээсэн ч, амьдралдаа ирсэн Сүнсний удирдамж, баталгаа, амар амгаланг танихад бэлэн биш байх нь заримдаа тохиолддог” гэж тайлбарлажээ (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Лиахона, 2006 оны 5-р сар, 29).

Хэрэв чи Ариун Сүнс өөртэй чинь байгааг мэддэггүй бол нам гүм байж, анхааралтай сонсох цаг гаргаж бай. Тэгвэл Сүнсний нөлөө нам гүмхэн бөгөөд амар амгалан тайтгарал болж ирэхийг мэдэрч болно. Залбирах, судрууд судлах, ариун ёслолын цуглаанд оролцох зэрэг Сүнсийг урьдаг юмсыг хийх үеэрээ намуун, зөөлхөн дуу хоолойг танихыг хичээ. Сүнсний өдөөлтүүдээр ажиллаж, Сүнсийг анхааралтай сонсох дадлага хийснээр тэрхүү намуухан, торгон мэдрэмжийг ялган таних чадвар чинь өсөн нэмэгдэх болно.

Чи Сүнсийг өөртэйгөө хамт байхаар зохистой амьдрах ёстой (Moзая 2:36-г үз). Хэрэв чи амьдралдаа Сүнсний нөлөөг мэдрэхгүй байвал энэ нь наманчилж, эн тэргүүнд эрхэмлэдэг зүйлсээ эргэн харах хэрэгтэй байгааг чинь сэрэмжлүүлж байж мэднэ. Чин сэтгэлийн залбирал, судар судлах болон санаа сэтгэлийг чинь өргөсөн бусад үйл ажиллагаануудад оролцсоноор чи Сүнсийг амьдралдаа урьж чадна.