2011
Дүүтэйгээ дахин уулзах үед
2011 оны долдугаар сар


Дүүтэйгээ дахин уулзах үед

Мария Изабел Парра де Юриба, Мексик

Би бага байхдаа дүү Хуан Фернандотайгаа бусад хүүхдүүдийн адил гүйж, тоглохыг их хүсдэг байж билээ. Бид хоёр яагаад гүйлдэж, хамт тоглож болдоггүй юм бэ? гэж ээжээс асуухад, дүү чинь төрөхдөө хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархины хүнд бэртэлтэй болсон. Иймээс тэр гүйж, тоглож огт болохгүй гэв.

Дүү минь амьдралынхаа бүх л цагийг орондоо хэвтэж өнгөрүүлдэг байв. Би Сүмд өссөн учраас дүүгийнхээ байдлыг, түүний сүнсний агуу чанарыг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг байлаа. Түүний явж, гүйж, ярих нь ямар байхыг төсөөлж чадахгүй ч гэсэн балчирхан зүрх сэтгэл минь түүнийг бусдын адил байгааг харах юмсан гэж эгээрэн хүсдэг байлаа.

Хэрэв түүнийг хорвоог орхихоос өмнө гэр бүлийн бусад гишүүд маань нас барчихвал хэн түүнийг асарч халамжлах юм бэ гэдэг асуудал миний санааг зовоодог байв. Би чин сэтгэлийн залбирлаараа Тэнгэрлэг Эцэгт хандан Тэрбээр Хуан Фернандог аваачихаас өмнө биднийг аваачихгүй байхыг гуйдаг байв. Тэрбээр надад хариулна гэдгийг би мэдэж байлаа.

Дүү минь 16-тайдаа өвлийн нэгэн хүйтэн өдөр гэртээ гэр бүлдээ өөрийнхөө зайг хоосон үлдээгээд хорвоог орхив. Бид уй гашуу, найдвар хоёрыг зэрэг мэдэрч билээ. Дүүгээ нас барснаас хойш би хэд хоногийн дараа түүний тухай бодоод унтсан чинь нэг сайхан зүүд зүүдэллээ.

Би хаа нэгтээ явж байх юм. Үүлний цаана юмс сүүмийн харагдана. Нэлээд хол нэг юм олж хараад түүнийг чиглэн удаан явлаа. Бүр ойртож очоод харвал нөгөөх юм чинь үзэсгэлэнт гоё цэцэгс дүүрэн ачсан морин тэрэг байв. Морин тэргийг ширтэн хартал цагаан хувцастай нэг сайхан залуу дэргэд нь зогсож байх юм. Би түр зуур зогсоод түүнийг таних гэж оролдов. Гэтэл тэр залуу миний дүү байхыг танилаа. Түүнийг харсандаа хэчнээн их баярласан гээч! Тэр надтай ярилаа. Би дүүгээ чанга тэвэрч, үнсэхсэн гэж бодтол сэрчихэв.

Түүний үг хэлэхийг сонсож, сайхан болсныг нь харсандаа би хэчнээн баяртай байсан гээч! Бид дахин уулзах мөчөө би төсөөлөн бодож чадна. Тэр үед бид чанга тэврэлдэж, бие биеэ үнсэж, хайр, талархлын үгсээ Есүс Христийн Цагаатгалд зориулан урсгана гэдэгт би итгэлтэй байдаг. Бид Аврагчийн ачаар булшнаас босч, гэр бүлээрээ уулзаад дахин хэзээ ч салахгүй байх болно.

“Сүнс мөн бие төгс хэлбэрээрээ дахин нэгдэх болно; бүр бид одоо энэ цагт байгаа шигээ, үе болон мөч аль аль нь зохих байдалдаа сэргээгдэх болно” (Aлма 11:43) гэсэн Амюлекийн үгсийг би санадаг.

Бодгальд минь амар амгаланг авчирсан Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд би баярлан талархаж явдаг билээ. Нэгэн цагт дүүтэйгээ дахин учран золгоно гэдгээ би мэднэ.