2011
Хоёр хот ба өрөвч нигүүлсэнгүй сэтгэл
2011 оны долдугаар сар


Хоёр хот ба өрөвч нигүүлсэнгүй сэтгэл

Тиффани Тейлор Баулес, Иллиной, АНУ

АНУ-ын Миссипийн Начез хот Иллинойн Наувугийн адил Миссипи мөрөн уруу өнгийсөн хадан цохио дээрх өндөрлөгт оршдог. Анхны Хожмын Үеийн Гэгээнтнүүд Англиас шилжин ирээд Нью Орлеанаас Науву явах замдаа ихэвчлэн мөрний дээд хэсэгт орших Начезаар дайран өнгөрдөг байжээ. 1844 онд нэлээд хэдэн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг авч явсан усан онгоцыг Начезын зогсоол дээр байхад нь танхайрагчид галдан шатаасан баримт байдаг.

Миний бие Нэгдсэн Улсын Үндэсний Паркийн Газарт ажилд орохоор Начезад ирэхэд надад эргэлзээ, айдас төрж билээ. Би энэхүү шинэ, харийн гэмээр хотод оршин суух болсноор Юта дахь ая тух болон танил зүйлс бүхэн ард хоцорсон юм.

Дадлагын анхны өдөр зохион байгуулагч намайг цэцэрлэгт хүрээлэнгийн Иргэний Дайны үеийн харшид дагуулан аваачиж, миний хөтөч хийх аяллыг үзүүлэв. Нэгдүгээр давхрыг үзэж дуусах үеэр бүх нарийн ширийн зүйлсийг тогтоох нь хэцүү юм байна гэдгийг мэдлээ. Чамин хээ угалзтай Франц тавилгаас эхлээд Английн тансаг шаазан, Өмнөдийн цэцэглэн хөгжилтийн бэлэгдэл болсон тансаг орон байр гээд юм бүхэн намайг гайхан сандаргахад хүргэж билээ. Бид уг байшингийн хоёрдугаар давхрыг үзэж ч амжаагүйгээ бодохоор бухимдал төрж, гэрээ санаж эхлэв.

Биднийг сүрлэг өргөн шатаар өгсөх үед нэгэн жижигхэн хотын тосон будган зураг миний анхаарлыг татлаа. Энэ зургийг би өмнө нь огт хараагүй ч ямар нэгэн танил зүйл байх шиг санагдав. Хотын цаадах цохио хадны орой дээрх том барилга дээр миний хараа тогтох үед хотыг тойрон тахиралдан урссан голыг танилаа. Энэ үнэхээр миний бодож байгаа тэр хот мөн болов уу?

Энэ зураг Науву хотын зураг мөн үү гэж би асуулаа. Дарга миний асуултанд цочих шиг болсноо тийм ээ, мөн гэж хариулав. Энэ зураг XIX зууны дунд үеэр зурагдсан бололтой байсан бөгөөд голын байдал нь Начезийн үзэсгэлэнт газрын байдалтай маш сайхан хосолжээ. Байшингийн сүүлчийн эзэмшигчдийн нэг нь энэ зургийг худалдаж авсныг би удалгүй мэдэж билээ.

Мөрдлөг хавчлагын дундуур Начезийг дайран өнгөрдөг байсан Гэгээнтнүүд эцэстээ Наувуд ирээд амар амгалан, баяр талархлыг мэдэрдэг байсан биз ээ. Түүн лүгээ адил би Начез дахь харшид Наувугийн зургийг хараад тайтгарч билээ. Тэнгэрлэг Эцэг миний байдлыг мэдээд гэрээ санаж, айж, эргэлзэж байсныг даван туулах хүч чадлаар намайг адисалсныг мэдэхэд маань тэр зургийг харсан нь тусалсан юм. Наувугийн зураг Их Эзэний нигүүлсэнгүй сэтгэл байсныг би мэдэж байлаа.

Сүрлэг өргөн шатаар биднийг өгсөх үед нэгэн жижигхэн хотын тосон будган зураг миний анхаарлыг татлаа. Энэ зураг миний бодож байгаа тэр хотын зураг үнэхээр мөн үү?