2011
Дуудлага
2011 оны долдугаар сар


Дуудлага

“Та нарт миний зарлигласан юу ч байлаа бүх зүйлд та нар итгэлтэй байгаагаа өөрсдөө надад нотлон харуулж болохын тулд миний нэрэнд, бүр энэ газарт өргөө барь” (С ба Г 124:55).

“Айзик, Айзик” гэж ээж нь дуудав. “Морин тэрэгний хашаанд очиж аавдаа туслаарай.”

Айзик өндийж, цонхоор харав. Нар дээр манджээ. Энэ бол гэрийн ажилдаа орох цаг болжээ гэсэн үг. Айзик орноосоо үсрэн босч, цамцаа авав. Гадаа үхэр мөөрөх нь сонсогдов.

Гал тогооны өрөөний хаалга уруу очтол аав нь хөгшин шар Таурусыг хаалгаар хөтлөн оруулж байгаа харагдлаа.

“Аав та ийм эрт хаашаа явах гэж байгаа юм бэ?” гэж Айзик асуув.

“Хашааны гадаа гараад л ирлээ. Тауруст энэ хувинтай тариаг барьж байгаад идүүлээч.”

Хөгшин шар мөөрсөн нь “Өнөө өглөө юу болоод байна вэ?” гэж асуух шиг санагдав. Айзик хувинтай тариаг аман дор нь барьж өгөхөд Таурус тайвширч, урт хэлээрээ тариаг долоон үмхэлж гарлаа. Шарыг тариа идэж байх хооронд аав цулбуурыг хашаанаас бөхлөн уялаа.

Ээжийг хаалгаар гарч ирэхэд аав “Би нэг чухал ажил хиймээр байна, Эмелин. Ширээн дээрээс мужааны харандаа авчраад өгөхгүй юү?” гэв.

Ээжийг харандаа авчирч өгөхөд аав хэдэн банз авч газарт тавилаа. Аав тэгээд Таурусыг анхааралтай ажиглан харснаа, шар өнгийн тэгшхэн модон дээр зурж эхэллээ.

“Аав аа, юу хийж байгаа юм бэ?” гэж Айзик асуув.

“Фордхам ах бид хоёрт ариун сүмийн талаар нэг чухал даалгавар өгсөн юм. Баптисмын санг нуруун дээр нь тогтоох 12 шарын хөшөө хийхэд бид хоёр туслах юм. Таурус загвар болж, би зургийг нь зурж байна” гэж аав тайлбарлав.

Таурус нэрээ дуулаад эргэж харснаа тариагаа дахин идэж эхлэв.

Аав нь урт, өргөн шугамнууд зурахыг Айзик харан зогсож байв. “Энэ чинь яг л Таурус шиг харагдаж байна” гэж Айзик хэллээ. “Та яагаад Таурусыг сонгосон юм бэ?”

“Яагаад гэвэл тэр хүчтэй, миний мэдэх хамгийн мундаг шар. Зогсож байгааг нь харж байна уу? Мундаг шар байгаа биз дээ. Таурус бас номхон, дуулгавартай.”

“Энэ даалгавар чинь маш онцгой дуудлага байна шүү дээ, аав аа. Тийм үү?”

“Тийм ээ, миний хүү. Энэ ажилд намайг туслахыг хүссэнд би баяртай байна” гэж аав нь хэллээ.

Айзик Таурусын хүзүүг илэв. Шарын хүчирхэг булчин түүнд мэдрэгдэж байлаа. “Өвгөн найз минь, энэ чинь чамд нэр төрийн хэрэг шүү” гэж тэр шивнэлээ.

Айзик ажлаа түргэн дуусгалаа. Тэр хорь гаруй боодол түлээний модыг ердийнхөөсөө илүү хурдан бэлтгэв. Гэрийн ажлаа дууссан бол хүссэн юмаа хийж болно гэдгийг тэр мэдэж байлаа.

Өнөөдөр Айзик зураг зурахыг хүсч байлаа. Шатсан модны нүүрс ашиглан пийшингийн ханан дээр зураг зурж байхыг аав ээж хоёр нь түүнд зөвшөөрсөн ажээ. Нүүрсээр зурсан зургуудыг амархан арилгаж болно. Тиймээс тэр өргөн, нарийхан зураасууд зурахад шатсан модны нүүрс ашигладаг байв.

Айзик Таурусыг зурж байхдаа аавынхаа тухай, Наувуд баригдах үзэсгэлэнт ариун сүмийн тухай бодож байлаа. Хэрэв Айзик Таурус шиг хүчтэй, дуулгавартай байсан бол Их Эзэн мөн л аав шиг нь түүнийг ариун сүм дээр ажиллуулахаар сонгох байсан биз ээ.

Зураг чимэглэлийг Жим Мадсен