2011
Хүнд загасчлахыг заа
2011 оны зургадугаар сар


Загасчлахыг хүмүүнд заа

16 настай самоа залууд тусламж хэрэгтэй болсон үед тэр аавынхаа зааснаар Тэнгэрлэг Эцэгтээ хандсан гэнэ.

Эзра шурагт бяцхан завиа сэлүүрдэхээ больж, Номхон Далайн булангийн нөгөө талд жаргаж байгаа нарыг харлаа. Тэр олон жилийн турш энд аавтайгаа загасчилсан ч өнөөдөр танил газраа нулимстай нүдээрээ ширтэн явлаа.

Өнөөдөр тэр ганцаараа иржээ.

Сэлүүрт завь усан дээр зөөлхөн хайргадахад “Анхааралтай хараач, Эзра. Нэг л өдөр намайг хадан гэртээ харихаар чи гэр бүлээ яаж тэжээхээ мэддэг байх хэрэгтэй болно” гэсэн аавынхаа үгийг тэр сонсох шиг болжээ.

Өнөөдөр аавынх нь түүнд анхааруулж захисан бас түүнийг бэлтгэдэг байсан тэр өдөр нь иржээ. Харин энэ өдөр хэтэрхий хурдан ирсэн аж. Тэр дөнгөж 16-тай байлаа. Тэр үүнд бэлэн биш байв.

Үүрэг хариуцлага

Эзра ааваараа бахархан биширдэг ажээ. Эзра долоон настайгаасаа загасны тороо усанд тавьж, загас орсон эсэхийг шалгахад нь аавдаа тусалж чадахуйц насанд хүрэхийг олон жил тэсч ядан хүлээсэн ажээ.

Загасчлахаас төдийлөн их мөнгө олдоггүй ч олсон мөнгө нь Эзраг, таван эмэгтэй дүү, ээжийнх нь хамт тэжээх болон Нэгдсэн Улсад номлолд үйлчилж байсан эгчийг нь дэмжихэд, тэрчлэн хөршүүддээ илүүчлэн туслахад хангалттай хүрдэг байлаа. Тэр ч байтугай Эзра өөрийнхөө номлолд зориулан мөнгө хадгалах боломжтой байжээ.

Гэвч аав нь өөд болчихлоо. Аав нь зуурдаар нас барахад Эзрагийн зүрх шимшрэн, уй гашууд автжээ. Аавыгаа алдсан нь түүний хувьд бишрэн шүтдэг баатрыгаа, бишопоо, халамжлан хүмүүжүүлэгчээ алдсантай адил байлаа.

Гэтэл энэхүү уй гашуу дээр аав нь түүнийг бэлтгэхийг хичээж байсан гэр бүлээ тэжээх үүрэг хариуцлага гэнэт түүн дээр ирснийг ухаарах нь бүр ч аймаар байв. Эзра одоо гэр бүлээ тэжээх хэрэгтэй боллоо.

Залбирал

Тэр аавыгаа өөд болсны дараах долоо хоногт загасчлахыг ч бодсонгүй. Сэтгэл санаа нь дэндүү тавгүй байв. Аавынхаа завийг авах, торыг нь хэрэглэх, ажлыг нь түүнгүйгээр хийх нь дааж давшгүй мэт санагдсан гэнэ.

Дараагийн долоо хоногт загасчлахаар явах нь гэр бүлд нь хэрэгтэйг мэдсэн ч маш хүнд санагдаж байлаа. Эзра аавтайгаа адилхан байхыг хэдийчинээ хүсэх тусам, зорилгодоо хүрэх нь мөн ч хол байгааг улам илүү ойлгожээ.

“Үнэндээ найдвар байхгүй юм шиг л санагдаж байсан шүү. Аавынхаа мөрөөр анх удаа алхах нь хэцүү байлаа. Сэлүүрт завиа далай уруу гаргах үед аав минь дэргэд байх шиг санагдлаа. Аавын минь надад хэлдэг байсан үг сонсогдох шиг болж, гэр бүлийнхээ төлөө хүлээх хариуцлагын хүндийг мэдэрч билээ” гэж тэр ярив.

Тэрбээр Номхон Далайн гүехэн усан дотор зогсоод, Түүнд итгээрэй гэж аавынхаа захисан өөрт нь тусалж чадах тэр Хүнд хандлаа.

“Аавын минь зогсдог байсан газрыг надад үзүүлээч. Аавын минь захидаг байсан зүйлийг биелүүлэхэд надад туслаач” хэмээн Эзра залбирлаа.

Залбирлын хариу

Тэрхүү залбирлын дараа оройн нам гүмхэнд Эзра нэгэн өөрчлөлтийг мэдрэв. Тэр аавынхаа загасчилдаг байсан газар уруу хөтлөгдөж байгаагаа мэдрэхэд аавынх нь заадаг байсан зүйлс санаанд нь орж ирлээ.

“Залбирлын дараа би илүү их хүч чадалтай болсноо мэдэрсэн. Тэнгэрлэг Эцэг надад тусална гэдгийг би мэдсэн” гэж тэр хэллээ.

Аврагч эртний Төлөөлөгчдөд загасны тороо хаана хаяхыг үзүүлсэн шиг тусламжийг Эзра бас хүлээн авчээ. “Тэр өдөр би олон загас барьсан шүү” гэж тэр хэлэв.

Эцэг нь ямар бол хүү нь тийм

Эзра аавынхаа хийдэг байсан зүйлсийг хийж чадна гэдэгт эргэлзэж байсан ч бодсоноосоо хавьгүй илүү зүйлийг хийж чадах юм байна гэдгээ мэдсэн ажээ.

“Миний бодож сэтгэх, юмсыг ойлгож, хийх арга барил, амьдралд их өөрчлөлт гарсан. Аавынхаа хийдэг зүйлсийг хийж чадах юм байна гэдгийг би ойлгосон” гэж Эзра ярилаа.

Эзра өөрийнхөө бодож байснаас хавьгүй илүүгээр аавтайгаа адилхан болжээ. Тэрбээр загасчны хувьд бас багшийн хувьд аавынхаа мөрөөр замнаж явна.

Эзраг загасчлахаар явсан хоёр дахь долоо хоногт найз Фетю нь түүнтэй хамт явж загас барихыг сурч болох уу гэж асуусан гэнэ. Эзра загас хэрхэн барихыг Фетюд зааж, Фетю түүний ажилд туслан, хамт байжээ.

“Аав надад заадаг байсны адилаар бусад хүмүүст заах боломж надад олдсонд би баяртай байна. Би аав шигээ зөвхөн загасчин төдийгүй бас багш болсноо мэдээд их баярласан шүү” гэж Эзра хэллээ.

Хүнд загасчлахыг заа

Хэрэв та хүнд загас өгвөл түүнийг нэг өдрийн хоолтой залгуулж байгаа хэрэг харин түүнд загасчлахыг зааж өгвөл насных нь хоолтой болгож байгаа хэрэг гэсэн зүйр үг байдаг. Эзрагийн аав хүнд загасчлахыг заадаг байсан нь тодорхой байна.

Харин Эзра загасчлахаас хавьгүй илүү их зүйлийг ааваасаа сурсан ажээ. Тэнгэрлэг Эцэгтээ найдаж болохыг тэр мэдсэн гэнэ. Энэхүү мэдлэг нь түүнд насан туршид нь бүр загасчлах чадвараас нь илүү сайнаар үйлчлэх болно.

Тэнгэрлэг Эцэгийн тусламж түүнд хэчнээн их хэрэгтэйг Эзра мэддэг учир, аав нь нас барахаасаа долоо хоногийн өмнө түүнийг томилсон пристийн албан тушаалынхаа үүргийг зохистойгоор биелүүлэхийг хичээдэг ажээ. Тэр бас загасчлах ажлаа сургууль, семинарын хичээлтэй давхцуулахгүйгээр хуваарь гарган зохицуулдаг байна.

Эдүгээ загасчлах нь түүний хувьд мөнгө олох арга хэрэгсэл байгаа бол хэзээ нэгэн цагт тэр хүмүүсийн загасчин болно хэмээн тэр өгүүлэв (Maтай 4:19-ийг үз).

“Гэр бүлийн нэг үдшийн үеэр аав биднийг бүгдээрээ номлолд үйлчлээсэй гэсэн бодолтой байдгаа хэлж билээ. Энэ бол миний эрхэм дээд зорилго” гэж Эзра хэллээ.

Түүнийг дуудагдах үед Их Эзэн залбиралд нь хариулсныг Эзра санадаг ажээ. Тэрбээр намайг дуудсан үед би хариулах боломжтой байхыг хүсдэг.”

Эзра найз Фетюгийн хамт загасны тороо аваад сэлүүрт завиндаа буцаж ирэв.

Тэмдэглэснээс бусад нь Адам К.Өүлсоны гэрэл зургууд

© iStock гэрэл зургийн газрын зураг

Эзра номлолд үйлчлэхээр төлөвлөж байна. Тэнгэрлэг Эцэг түүний залбиралд хариулсныг тэр санадаг. “Тэрбээр намайг дуудсан үед би хариулах боломжтой байхыг хүсдэг” гэж Эзра хэллээ.

Эзра гэр бүлээ тэжээх хариуцлага ноогдсоны дараа “Эхний үед гэр орноо аавынхаа дайтай авч явах нь хэцүү байсан шүү” гэв.