2011
Би муу зуршлаасаа салахыг маш ихээр хүсэж байлаа
2011 оны зургадугаар сар


Би муу зуршлаасаа салахыг маш ихээр хүсэж байлаа

Порнографт донтсоноо даван туулсан нь.

Намайг өсвөр насны залуу хөвгүүн байхад минь бусад хүн зохисгүй материалуудыг танилцуулсан ба энэ үеэс порнографтай тэмцэх миний тэмцэл эхэлсэн. Тэр үед сайн мэдээ миний амьдралын чухал хэсэг байгаагүй. Бага насандаа би Хүүхдийн Хэсэгт явдаг байсан ч намайг 13-14 нас хүрэх үед манай гэрийнхэн сүмд очихоо больсон юм. Тиймээс би аливаа юманд сайн мэдээний сургаалын дагуу шийдвэр гаргадаггүй байлаа.

Хөршүүд болон найз гэгдэгч тэр хүмүүс надад юу үзүүлснийг би аав, ээж хоёртоо ч ярьдаггүй байв. Харсан болон биеэр хийж үзсэн тэр зүйлийг ярилцахад дэндүү ичгэвэртэй байлаа. Тэгээд энэ талаар юу хийхээ мэдэхгүй байв. Хэдэн арван жил өнгөрсөн ч порнографт донтсон нь миний нууц хэвээр үлдсэн юм.

Сайн мэдээний нөлөө

Ахлах сургууль төгсөхийн өмнөхөн миний амьдралыг өөрчилсөн нэгэн гайхамшигт явдал тохиолдов. Миний үйлдэл, сайн мэдээний жишгүүдийн хооронд маш их ялгаа байсан ч нэгэн ням гарагийн өглөө сүмдээ явж, аравны нэгээ төлье гэсэн хүчтэй хүсэлдээ хөтлөгдөн Сүм уруу явлаа. Цуглааны байранд хүрч ирээнд таньдаг хүмүүсээ сураглав. Би дикон байхдаа сүүлчийн удаа сүмд очиход минь байсан зарим нэг хүнийг болон тэр үеийн Залуу Эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийг сураглалаа. Тэр тойргийн бишопоор үйлчилж байлаа.

Тэр сайн бишоп Сүмд эргэж ирэхэд надад тусалсан юм. Намайг нүглээ хүлээхэд тэр өсөлт хөгжилтийн төлөвлөгөөг минь надтай хамт гаргалаа. Би хэдэн сарын турш нүглээ наманчлав. Санваараа ахиулж, дуудлагатай болов. Дажгүй сайн байж, номлолд үйлчлэн, хэдэн жил донтолтоо хянаж чадлаа.

Интернетэд олзлуулсан нь

Номлолоосоо эргэж ирсэн үед порнографтай тэмцэх шаардлага байсангүй. Би түүнийг сонирхохоо больсон байв. Энэ байдал интернет өргөн дэлгэрсэн 1990-ээд оны сүүлчийг хүртэл үргэлжилсэн юм. Нэг удаа санаандгүйгээр онлайн дахь порнографик зургуудыг олж хараад үүний дараа порнографын сайтуудад дахин дахин орж үзэх болов. Тэрхүү вэбсайт намайг ийнхүү урхидах нь тэр.

Порнографаас ангижрахад туслах хэн нэгэн олдоосой гэж бодовч энэ хэн байх, хэрхэн түүнийг олохоо мэдэхгүй байв. Энэ тухай аав, ээж хоёртоо яаж ярих билээ? Их ахиц дэвшил гаргасан хэрнээ ийм ёс суртахуунгүй авирт автагдсанаа больж чадахгүй байгаагаа бишоптоо хэрхэн тайлбарлах билээ? Би муу зуршлаасаа салахыг маш ихээр хүсч байсан ч сул дорой байдлаа хэн нэгэнд дэлгэн ярихаас ичиж, донтолтоо нуусаар байлаа.

Тэр ч байтугай 2000 онд гэрлэсэн эхнэртээ ч энэ тухай ярьсангүй. Бид хоёр болздог байхдаа энэ зовлонгийнхоо талаар түүнд ярихыг хүсдэг байсан ч тэр намайг голж тоохгүй болчих болов уу, түүгээр ч зогсохгүй надтай гэрлэхээс татгалзвал яана гэж айдаг байлаа. Тиймээс би худал хэлсэн. Тэгээд гэрлэснээсээ хойш ч мөн л нөгөөх зуршлаасаа салж чадахгүй байв. Донтолтод олзлогдохоос сэрэмжлэхийн оронд үүнийгээ нуудгаа би мэдэж байлаа. Порнографын зургуудыг компьютертоо нуудаг байлаа. Эхнэр маань интернетийн аль нэг сайтын тухай надаас асуухад түүний асуусан зүйлийг мэдэхгүй гэж хариулдаг байв. Донтолтод автагдсан хүмүүс худал хэлэхдээ гарамгай болдог байх. Донтолт бидний гэр бүлийн амьдралд өргөс болж, эхнэр маань үүнээс болж маш их шаналж байгааг би мэддэг байсан ч энэ талаар асуудалтай байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй байв. Миний санааг хамгийн их зовоодог зүйл бол миний зан авир биш харин хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг нь л байлаа.

Миний хоёр нүүрт амьдрал, үүнээс үүдэлтэйгээр Сүнсийг алдсан нь намайг илүү их гэм нүгэл уруу татаж, эхнэрээ хуурахад хүртэл хүргэсэн юм. Намайг нэг л биш байгааг эхнэр минь хүчтэй мэдэрч, тэр тухайгаа надад ярилаа. Би маш их гэмшиж, буруугаа хүлээлээ.

Энэ бол миний доройтлын доод цэг байсан бөгөөд энэ цэгт хүрч байж л сая өөрчлөгдөх хэрэгтэй байгаагаа ухаарсан билээ. Миний хайрладаг байсан эмэгтэй өөдөөс минь харан сууж байлаа. Тэр надад хайртай байсан. Гэтэл би түүнээс урван тэрсэлсэн байдаг. Би гэр бүлээ, эрхэм дотно харилцаагаа аврахын төлөө юу л хийх шаардлагатай байна, тэр бүгдийг хийхээр хатуу шийдээд байлаа.

Эдгэрэлт

Наманчлалын үйл явц болон Сүмийн сахилгаар дамжуулан бишоптойгоо тогтмол уулздаг болов. ХҮГ Гэр Бүлийн Төслөөс зохион байгуулдаг донтолтоос ангижрах хөтөлбөрийн цуглаануудад оролцохыг бишоп надад зөвлөв. Би тэр хөтөлбөрийн тухай урьд нь огт сонсоогүй байлаа. Сүмийн сургаал, зарчмуудад үндсэлсэн Alcoholics Anonymous (Архинаас гаргах) 12 алхамт төлбөргүй цуглаан явагддагийг би мэдэж авлаа. Энэ цуглаанд оролцогсдын хувийн нууцыг хадгалдаг байв.

Эхний хэдэн цуглаанд сууж байхдаа “Би энд явах шаардлагагүй хүн. Би порнографт тийм их автаагүй. Энэ донтолтыг би хэдийд ч хаяж чадна” гэж өөрийгөө өмгөөлөн бодож байснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Үнэн хэрэгтэй тэр бодол маань буруу байлаа.

Бишопынхоо дэмжлэгээр би тэр цуглаануудад үргэлжлүүлэн оролцсоор байлаа. Миний бардам зан арилж, хөтөлбөрийн алхмуудын дагуу ажиллаж эхлэхэд шударга зан, найдвар, Бурханд итгэх итгэл, гэмшил, зүрх сэтгэлийн өөрчлөлт даруу байдал, уучлалыг эрж хайх, порнографыг сонирхдоггүй хуучин байдалдаа эргэж орох, өөрийн байдалдаа өдөр бүр хариуцлага хүлээдэг болж, илчлэлт хүлээн авах болон үйлчлэх замд орж эхэлсэн билээ. Ийнхүү урт удаан хугацаанд миний амьдрал анх удаа “эрүүл саруул” порнографаас чөлөөлөгдөв. Эдгэрэлт “үнэхээр дуусаагүй ч” эрх чөлөөний шинэ төвшин надад ирсэн билээ. Хөтөлбөрт оролцсоны ачаар миний донтолтын учир шалтгаан юу болохыг би ойлгосон.

Ихэнх донтогсод амьдралдаа мэдэрдэг хоосон зайг бөглөхийн тулд ямар нэг байдлаар “өөрийгөө тайвшруулах” арга хэрэглэдгийг би мэдэж авсан. Сэтгэлийн эмзэглэл, уй гашуу, ганцаардал, айдас эсвэл алив нэг байдлаар сэтгэл санаа тавгүй байх нь сэтгэл санаагаа өөд татахын тулд энэхүү өөрийгөө тайвшруулах аргыг ашиглахад хүмүүсийг уруу татдаг ажээ. Зарим хүн жороор олгодог эмийг хэрэглэдэг. Зарим нь хориотой эмнүүдийг ашигладаг. Зарим нь архи уудаг. Миний хувьд порнограф үзсэнээр богинохон хугацаанд “гялс” надад хэрэгтэй байгаа зүйлийг өгдөг гэж боддог байлаа.

Яагаад энэ донтолтод уруу татагдсанаа мэдэх нь нэг хэрэг, харин намайг донтолтод уруу татсан нөхцөл байдлаас зайлсхийх нь өөр хэрэг байлаа. Донтолтоос ангижрах нь амьдралынхаа үлдсэн хугацаанд хоногийн 24 цагийн турш, долоо хоногийн долоон өдөр сэрэмжтэй байхыг шаарддаг. “Зүгээр нэг зэрвэсхэн харахын” төлөө ч онлайнд орж болохгүй байлаа. Ганцаараа байхдаа онлайнд орохоо бүрмөсөн болив. Есөн шидийн зар сурталчилгаа харахаа больж, элдвийн муу зүйлсийг бодохоо болив. Манай гэрийн зурагт кабельгүй байлаа. Ажилдаа ирж, очихдоо зохисгүй санаа бодол уруу түлхэж мэдэх зарлалын самбар байдаг замаар явахаас зайлсхийдэг болов. Хэрэв санаа бодол минь ямар нэг байдлаар тогтворгүй болж эхлэх юм бол би эхнэртээ эсвэл бишоптойгоо ярилцах юм уу хүч чадлын төлөө залбирдаг байв.

Донтолт миний амьдралын өчүүхэн хэсгийг эзэлдэг ч ийнхүү сэрэмжлэх нь чухал байлаа. Донтолт надад болон хайртай хүмүүст минь ямар гай авчирч болохыг би мэдэж байсан учир дээрх хамгаалалтын арга хэмжээг үл тоомсорлож болохгүй байлаа.

Бурханд найдсан нь

Энэ бол зөвхөн муу зүйлээс зайлсхийх явдал биш юм. Сайн сайхан зүйлд тэмүүлэх байнгын хүч чармайлт шаардлагатай байлаа. Хөтөлбөрийн нэлээд хэдэн зүйл нь намайг хүч чармайлт гаргахад тусалж, Бурханд улам ойртуулсан юм.

Өглөө болгон сэрэхдээ өвдөг дээрээ сөхөрч, нүглээ наманчилж, Түүний Хүү Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Түүнд ирэх боломж олгосных нь төлөө би Тэнгэрлэг Эцэгт хандан залбирдаг. Хүслийг тань биелүүлэхийн тулд Та надад хүслээ мэдүүлнэ үү гэж би Түүнээс гуйдаг. Намайг уруу таталтаас зайлуулна уу хэмээн би Түүнээс гуйдаг. Би энэ залбирлаа зүрх сэтгэлдээ өдөржин тээж явдаг учир өдрийн өнгөрөх хором бүрийг Тэнгэрлэг Эцэгтээ найдан амьдардаг билээ. Тэгээд орой болгон дахин залбирна. Санаа бодлоо ариун журамтай зүйл дээр төвлөрүүлэхийн тулд өдөр бүр судар уншихад тодорхой хугацааг зориулна. Хэрэв би эдгээр зүйлсийг хэвшил болгон мөрдөхгүй бол Сүнс миний амьдралд мэдрэгддэггүй. Ганцаархнаа байгаа үед уруу таталтыг эсэргүүцэх хангалттай хүч надад байдаггүй.

Зан авирынхаа сул талыг хүссэн үедээ өөрийнхөө хүч чадлаар даван туулахад юухан байхав гэдэгт би урт удаан хугацаанд итгэж явсан хүн. Гэвч хэрэг дээрээ огт тийм биш байлаа. Донтолтоос зөвхөн “өөрийн хүчээр” ангижрах гэж хэсэг оролдсоны дараа энэ нь бүтсэнгүй. Тэгээд Их Эзэний тусламжгүйгээр хийх хэрэгтэй зүйлээ хийж чадахгүйг сая ойлгосон доо. Ифер 12:27 энэ талаар илүү сайн ойлгоход надад тусалсан юм. Их Эзэн Моронайд “Миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө даруусгаж мөн надад итгэлтэй байх аваас тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” хэмээн хэлсэн билээ.

Нэгэнт би Түүнд очсон болохоор чадах бүхнээ хийж байгаа (2 Нифай 25:23-ыг үз) бөгөөд Түүний тусламжтайгаар би илүү амжилтанд хүрч чадна гэдгийг, өөрийнхөө хүч чадлаар мөрөөдөөд ч хүрч чадахгүй тийм хэмжээнд хүртэл хөгжиж чадна гэдгийг ухаарч ойлгосон билээ (Алма 7:14-ийг үз).

Одоо эхнэр бид хоёр донтолтоос ангижрах хөтөлбөрийн цуглаануудад дэмжлэг үзүүлэгчдээр үйлчилж байна. Цагаатгал бол зөвхөн донтолтыг даван туулахаар ажиллаж байгаа хүмүүст төдийгүй өөрсдийнхөө сонголтын улмаас биш атлаа донтолтын балаг тэдэнд нөлөөлж буй хүмүүсийн төлөө байдаг гэдгийг мэдэж, үүнийг ойлгоход нь бусдад тусалж байна. Хэрэв бид Аврагчид хандвал Түүний ач ивээл бидний бүх амьдралын туршид үйлчлэх болно.

Донтолттой тэмцэж байгаа хүмүүст мөн тэдний хайртай хүмүүст найдвар бий шүү гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн сайн мэдээнд ямагт найдаж болно.

Аврагчид найдах нь

Чухамдаа Есүс Христ намайг нүглийн гинжнээс аварсан учраас би Түүнд гүнээ талархаж явдаг. Донтолт бол гинжээр хүлэгдсэнтэй адил “зовлон гамшгийн мөнхийн ангалд тэднийг доош олзлон хүргэхийн тулд хүмүүний үрсийг хүлэх тэр гинжтэй” (2 Нифай 1:13) адил юм. Би зовлонд унаснаа ойлгосон үед хаашаа хандахаа мэдэхгүй байлаа. Би хүнд байдлаасаа өөрөө гарч чадахгүйдээ гутардаг байлаа. Харин Их Эзэн намайг чөлөөлсөн юм. Намайг Түүнд хандахад Тэр тусалсан.

“Тийм ээ, би юу ч биш гэдгээ мэднэ; чадлынхаа хувьд би сул дорой; тиймийн тул би өөрөөрөө бардамнахгүй, харин би Бурханаараа бардамнах болно, учир нь түүний хүч чадалд би бүх зүйлийг хийж чадна” (Алма 26:12) гэсэн Аммоны үгийг би эш татаж чадна. Бурхан бидэнд бүх зүйлийг түүний дотор донтолтын гинжийг тасдаж хаяхад тусалж чадна.