2011
Зөвлөлөөр адислагдсан нь
2011 оны зургадугаар сар


Сүмд үйлчилсэн нь

Зөвлөлөөр адислагдсан нь

Counseling with Our Councils–аас (1997), 15–17.

Зураг
Elder M. Russell Ballard

Олон жилийн өмнө намайг бишопоор үйлчилж байхад манай тойргийн нэгэн айлын тэргүүн нь ажилгүй болж, тэднийх хүнд байдалд оров. Миний санаа зовж, Сүмийн тусламжийг санал болгохоор тэднийд очлоо. Сонирхолтой нь материаллаг тусламж үзүүлэх гэсэн миний саналд дуртай биш байсан учир би уг асуудлыг тойргийн зөвлөлд оруулав. Би нууцыг хадгалж, гайхалтай энэ гэр бүлийн талаарх өөрийн санаа зовнилыг тэдэнтэй хуваалцан, бид тэднийг хэрхэн адисалж болох тухай санал хүсэлтийг нь асуув.

Манай Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхийлөгч тэдний материаллаг хэрэгцээг тодорхойлж, тэдэнд хэрэгтэй байсан эд зүйлсийг олж авахын тулд эхнэртэй нь очиж уулзахаар шийдсэн юм. Сүмийн хөтөлбөрийн дагуу энэ нь түүний үүрэг байлаа. Тэр миний хийж чадахааргүй ажлыг хоёр гуравхан хоногт багтаан амжуулж, тэр гэр бүл тусламжийн бараа бүтээгдэхүүнийг даруухан бөгөөд талархалтайгаар хүлээн авсан билээ. Ахлагч нарын чуулгын ерөнхийлөгч тэр гэрийн эзэнтэй зөвлөж, ажил олох талаар хамтран ажилласан нь түүний эрх, үүрэг байлаа. Манай Залуу Эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч тэдний байшинг яаралтай будах хэрэгтэйг ажиглаж, байшинг будах ажлыг санваартнууд болон дээд пристүүдийн бүлгийн хамтарсан хүчээр зохион байгуулжээ.

Би эцэг эх хоёртой нь ярилцах явцдаа тэднийх их өртэй бөгөөд байрны зээлээ төлөөгүй удаж байгааг нь олж мэдэв. Би батлагдсан халамжийн удирдамжийг баримтлан, тэднийхэнд туслах ойрын төрөл төрөгсдийнх нь чадвар боломжийн тухай асууж лавласан ч тун бага зүйл олж мэдлээ. Гэвч манай Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхийлөгч гэрийн эзэгтэй нь чинээлэг ахтайг нь олж мэдсэн байлаа.

“Ахтай холбоо барих шалтгаан алга л даа. Бид түүнтэй ярьсангүй олон жил болжээ” гэж тэдний эхнэр хэлжээ.

Би түүний байдлыг ойлгосон ч Сүмийн дүрэм журмыг баримтлах нь чухал гэдгийг мэдэж байв. Тиймээс би түүнтэй зөвлөлдөж, эцэстээ алс холын хотод амьдардаг ахтай нь холбоо барих зөвшөөрлийг түүнээс авлаа. Тэгээд түүнтэй утсаар ярьж, эмэгтэй дүү нь хүнд байдалд ороод байгааг тайлбарлалаа. Тэр хүн гурван өдрийн дараа Солт Лейк хотод ирж, дүүгийнхээ санхүүгийн асуудлыг зохицуулахад туслав. Тэр хооронд манай ахлагч нарын чуулгын ерөнхийлөгч нөхөрт нь цалин сайтай, тогтвортой ажил олоход нь туслав.

Гэвч хамгийн чухал нь тэд улам ойр дотно, эв нэгдэлтэй гэр бүл болсон явдал юм. Олон жил уулзаагүй, хол хөндий байсан ах, дүү хоёрын учран золгосон тэрхүү сэтгэл уярам агшныг би хэзээ ч мартахгүй гэж боддог. Ах нь хэдийгээр Сүмээс хөндийрсөн ч тэдний хооронд тэр даруйд сүнслэг хэлхээ холбоо бий болжээ. Үүний ачаар ах нь Сүмд эргэж ирэн, бүрэн идэвхтэй болж, гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа сэргээсэн аж.

Бурхан Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан хүүхдүүддээ зориулж бий болгосон хөтөлбөрийн дагуу итгэлтэйгээр ажилласан тойргийн зөвлөлийн сүнслэг нөлөө бүхий ажлын үр дүнд энэ бүхэн тохиосон билээ.