2011
Боловсролын хүч
2011 оны зургадугаар сар


Боловсролын хүч

Ээж минь надад хичээл номондоо шамдан суралцах хэрэгтэй яагаад гэвэл энэ нь ядуурлыг даван туулах нэг арга зам мөн хэмээн захидаг байлаа.

Ээж минь, элбэг хангалуун амьдрал гэгчийг огт үзэлгүй, өлсгөлөн, ядуу тарчиг байдалд өссөн хүн. Ээж албан ёсны боловсрол олоогүй ч боловсролын үнэ цэнэ болон амьдралыг өөрчлөгч хүчийг нь мэддэг байсан. Надад хичээлийн дэвтэр хийх гэж цаасны өөдсүүдийг зүйж оёдог байхдаа ээж минь зөвхөн боловсрол л ядуу амьдралаас гаргана гэдгийг надад ой тойнд ортол ойлгуулсан юм.

Даруухан эхлэл

Би хойд Бразилд төрөхдөө хугацаанаасаа гурван сарын өмнө төрсөн гэдэг. Гучин жилийн өмнө жоомоор дүүрсэн улсын эмнэлэгт гурван сар дутуу төрсөн нялх хүүхэд амьд үлдэх бараг л боломжгүй байсан аж. Эмч нар намайг “хүн болохгүй” гэж ээжид хэлсэн гэдэг. Гэвч би амьд үлджээ. Амьд мэнд үлдэхэд Их Эзэн надад тусалсан юм.

Намайг тав орчим настай байхад аав ээжийг маань таван хүүхэдтэй нь орхиж явсан. Ээжийг минь багад нь эцэг эх нь бас хаяж явсан болохоор түүнд туслах ойр дотны хүн байсангүй. Бидэнд байшин түрээслэх мөнгө байсангүй болохоор алга дарам газар түрээсэлж авлаа. Бид модны өөдөс, цаас, хуванцраар байшин барьж, хуурай навчаар дээврийг нь хийв. Хоёр, гурван хүн зэрэгцэж унтах орноос өөр тавилга гэх юмгүй, тэр ороо бид хэдэн зузаан цаасан хайрцаг задалж, нугалаад зассан юм. Бидэнд түгээгүүрийн ус, цахилгаан эрчим хүч, аль нь ч байсангүй. Бид үгээгүй ядуу байлаа.

Ээж минь гэрийн үйлчлэгч хийж, хүмүүсийн юмыг угаадаг байлаа. Би ээждээ чадах ядахаараа тусалж, гол уруу хамт явж, тэгээд бид угаасан хувцсыг эздэд нь хүргэж өгөхийн тулд хэдэн цаг явган явдаг байв. Ээжтэйгээ ийнхүү мөр зэрэгцэн хамт ажиллах нь надад туйлын сайхан байдаг байлаа. Ингэснээр ээжийгээ улам их хайрлан, ээждээ улам ойр дотно болсон юм.

Хэдийгээр бид шаргуу ажилладаг байсан ч бидэнд хэзээ ч хангалтай мөнгө байдаггүй байлаа. Заримдаа гол зогоох юмгүй болно. Ээж минь өөрийнхөө идэх юмыг бидэнд өгчихөөд хэдэн өдөр хоол ундгүй явна. Заримдаа бид ус уучихаад унтаад өгнө. Энэ бол ходоод хоржигнохоос зайлсхийхийн тулд бидний хийж чадах хамгийн сайн зүйл байсан гээд бод л доо.

Нэг өндгийг зургаан хүн хэрхэн хувааж иддэгийг та мэдэх үү? Тийм ээ, би мэднэ. 

Би бага байхдаа хэдхэн найзтай байлаа гэвч бид өсч том болоод өөр өөр замаар амьдралын мөр хөөсөн. Мөнгө олохын тулд охид биеэ үнэлж, хөвгүүд хулгай хийдэг байв. Тэд намайг өөрсөдтэйгөө нийлэхийг хүсэхэд энэ бол буруу гэдгийг би дотроо мэдэрдэг байлаа. Бүр Сүмийн гишүүн болохоос ч өмнө Их Эзэн намайг мэддэг байсныг би мэднэ. Одоог хүртэл өөрийн амьдрал дахь Түүний мутрыг би мэдэрсээр байгаа билээ.

Юу ч болсон сургуулиа бүү хая

Би дүү нарынхаа хамт улсын сургуульд бүртгүүлэхийг удаан хугацаагаар хүлээсэн дээ. Тэгсээр сая нэг юм бүртгүүлэх боломж олдоход ээж сургуулийн тухай олон сайн зүйл ярилаа. Хэрэв боловсролдоо ул суурьтай хандвал намайг хүний дайтай хүн болно гэж ээж хэлж билээ. “Чамайг сайн амьдралтай болгож чадаагүйг минь уучлаарай. Чамайг хар багаасаа амьдралын хатууг амсахаас аргагүй болгосны төлөө намайг уучлаарай харин одоо боловсролтой болох боломж чамд нээгдлээ. Юу ч болсон сургуулиа бүү хая. Учир нь энэ бол чамайг одоогийн амьдралаас чинь гаргах цорын ганц зүйл” гэж ээжийнхээ хэлсэн үгийг би хэзээ ч мартахгүй. 

Би сургуульд орсон болохоор хичээлийн хэрэглэлээ яаж ийгээд олж авах ухаан сийлэх хэрэгтэй байлаа. Тиймээс хогийн саван дотроос цагаан цаасыг ялган түүж, гэртээ авчирдаг байв. Ээж цааснуудыг нийлүүлж оёод дэвтэр хийнэ. Ээж нэг харандаа худалдаж аваад гурав хувааж хоёр дүү болон надад хичээлээ бич гэж өгдөг байлаа. Өөр хоёр дүү маань сургуульд орох нас нь хүрээгүй байв.

Шинэ итгэл

Ээж минь насан туршдаа өдий их зовлон үзсэн болохоор Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй байлаа. Хүүхэд ахуй насандаа би ч бас тийм л байсан. Гэвч арай том болсон үедээ би Бурханы тухай асуудаг болж билээ. Манай гэр бүл яагаад сайхан амьдарч чаддаггүй юм бэ? Яагаад надад тоглоом, хангалттай хоол унд, шинэ хувцас байдаггүй юм бэ? гэж би өөрөөсөө асуудаг байлаа. Эдгээр асуултуудыг асуух бүрд яагаад ч юм би ганцаар биш шүү дээ гэж зүрх сэтгэлдээ мэдэрдэг байлаа. Ийм бодол намайг олон жилийн турш тайтгаруулсан юм.

Намайг 13 орчим настай байхад Хожмын Үеийн Гэгээнтэн номлогчид манайд ирэв. Тэд миний бүх асуултанд хариулж, Есүс Христийн тухай заав. Миний насны хүмүүст зориулсан тусгай хичээлээр сайн мэдээний тухай илүү ихийг сурч болох сүм байгаа гэж тэд надад ярьсан юм. Тэд надад хэрхэн залбирахыг бас Мормоны Номын тухай заалаа. Намайг баптисм хүртэхэд манай гэрийхнээс нэг нь ч ирсэнгүй.

Ганцаардлын мэдрэмж төрсөн ч зөв зүйл хийж байгаагаа би мэдэж байв. Шинэ амьдрал, найдвар, аз жаргал, итгэл хийгээд хайрын амьдрал намайг угтлаа. Миний үе тэнгийнхэн тайтгарлыг мансууруулах бодис, ёс суртахуунгүй хэргээс эрж хайдгийг би мэддэг байлаа. Харин би тайтгарлыг хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүүгийн сайн мэдээнээс олдог байв. Их Эзэн миний бүх амьдралыг мэддэг болохыг би баптисмынхаа дараа мэдсэн.

Сайн мэдээний тухай их зүйл мэддэг боллоо. Итгэлийг минь хуваалцдаг хүмүүстэй танилцлаа. Гишүүдийн зарим нь надтай уулзахаар манайд ирэхдээ миний амьдралын тухай бага сага мэддэг болсон юм. Тэд надад сүмд өмсөх гутал хувцас, хичээлийн дэвтэр худалдаж авч өгөн өгөөмөр сэтгэл гарган туслав. Би Сүмийн гишүүдийн хүүхдийг харж, өмнө хэзээ ч олж байгаагүй их мөнгө олдог болов. Нас бага байсан болохоор сайн мэдээнээс холдон хөндийрөх нь миний хувьд амархан байж болох байв. Гэвч би Сүмийн гишүүдийн дэмжлэгтэйгээр шинэхэн олсон итгэлээрээ бат бөх байлаа.

Сайн мэдээ үнэхээр миний амьдралыг өөрчилсөн юм. Баптисм хүртсэнийхээ дараа сурах илүү эрч хүчтэй болсноо мэдэрсэн. Их зүйл сурч, цагийн багш боллоо. Хэрэв ямар нэг сэдвийг мэдэхгүй бол түүнийг зааж чаддаг болтлоо бүр сайн судалдаг байв. Олсон мөнгөө гэрийнхэндээ зарцуулна.

Патриархын адислалаа авлаа. Их Эзэн миний номлолын талаар онцгой адислалыг хадгалсан байжээ. Энэ адислал миний амьдралыг эгнэгт өөрчилсөн юм. Тэрхүү онцгой адислал нь юу байсныг мэдээгүй ч хэрэв би дуулгавартай байвал үүнийг ойлгох болно гэдгийг мэдэж байлаа.

Шинэ боломжууд

Би 2000-2002 онд Бразилын Куритиба Номлолд үйлчилсэн. Нэг хамтрагчийнхаа оролцоотойгоор Нэгдсэн Улсад явж суралцах боломж надад олдсон юм. Энэ миний амьдралыг эгнэгт өөрчилнө гэдгийг би мэдсэн. Тэнгэрлэг Эцэг намайг мэддэг бөгөөд надад зориулсан тусгай төлөвлөгөө Түүнд бий гэдгийг би мэдсэн билээ. Миний боловсролд түлхэц үзүүлсэн энэхүү боломж залбирлын минь хариу байлаа.

Хоёр дахь хэл сурах нь амаргүй байж болох ч хэрэв шаргуухан хичээвэл боломжтой зүйл гэдгийг би мэдэж байлаа. Бригам Янгийн Их Сургуулийн Англи хэлний төвийн номын санд өдөрт 10 цаг суудаг байв. Манай багш нарын нэг нь хэлний бэлгийн төлөө залбирдаг байхыг бидэнд зөвлөдөг байсан учраас би орой бүр залбирч, энэ бэлгийг Тэнгэрлэг Эцэгээс гуйдаг байлаа. Тэр надад тусалсан нь тодорхой байлаа.

Англи хэлний төвийн хичээлээ дүүргэсний дараа би нэлээд хэдэн их сургуульд тэнцэв. Тэгээд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуульд сувилахуйн хөтөлбөрөөр суралцахаар шийдлээ. Энэ хөтөлбөрөөр суралцах нь ялангуяа гадаадын оюутнуудад маш хүнд гэдгийг би сонссон. Тиймээс би тун шаргуу суралцсан. Ихэнх цагаа номын санд өнгөрүүлдэг болохоор найз нар маань намайг шоглож, номын санд нүүгээд орчихмоор юм даа гэдэг байж билээ. Номын сан хаагдсаны дараа гэртээ ирээд хичээлээ үзнэ.

Хүнд үе тулгарахад би Ерөнхийлөгч Гордон Б.Хинклийн (1910–2008) дараах үгсийг санадаг байлаа: “Чадах чинээгээрээ сайн боловсрол эзэмш. Машинаа золиосол; дэлхийн ажил хийхэд өөрийгөө тэнцэхээр болгоход шаардлагатай бүхнийг золиосол.”1 Эдгээр үгс бол Бурханы бошиглогчийн үгс гэдгийг мэдсэн болохоор би үүнд буурь суурьтай хандсан юм.

Сувилахуйн хөтөлбөрөөр суралцахаар тэнцсэн үед зүрх сэтгэл минь талархал, баяр хөөрөөр дүүрч билээ. Золиослол хийх нь тэр тусмаа миний хувьд байнга золиослол хийх нь хэцүүг мэдэж байсан ч Их Эзэн надтай хамт байгааг би мэддэг байлаа.

Сургуульд сурч байхдаа нөхөртэйгөө танилцаж, бид 2007 онд гэрлэв. Ээж минь мөн тэр жил Сүмд нэгдсэн. Бидэнд тохиолдсон хамгийн хүнд хэцүү үед ч намайг яагаад ийм их аз жаргалтай байдгийг ээж огт мэддэггүй байсан гэж надад ярьж билээ. Гэвч өөрөө Сүмд нэгдсэн хойноо ээж бүхнийг ойлгосон юм. Есүс Христийн сайн мэдээ манай гэр бүлийг адисалсан бөгөөд ээж минь хийсэн бүх золиослолынхоо дараа хэрхэн адислагдсаныг нь хараад би хэчнээн баяртай байсан гээч. Ээждээ би үргэлж талархаж явах болно.

2010 оны эхээр би төгсөх шалгалтууддаа бэлтгэж байх үеэр жирэмсэн болж анхныхаа үрийг хэвлийдээ тээж явлаа. Сувилахуйн хөтөлбөрөө дүүргэхээс хоёрхон сарын өмнө жирэмсний хүндрэлийн улмаас манай анхны хүүхдийг мэс засал хийж төрүүлэв. Багш нар намайг чөлөө авч, дараа нь сургуулиа төгсөхийг зөвлөсөн ч, ердөө хоёр сар үлдээд байлаа!

Тиймээс сургуулиа төгсөхийн тулд нөхөр бид хоёр хамгийн түрүүнд анхаарах зүйлсэд цаг хугацаа, хүч чармайлтаа төвлөрүүлэх нарийн хуваарь гаргаж мөрдөв. Хичээллэх хуваариа гарган нөхөр, хүү хоёртоо ч анхаарал тавих цагийг бас төлөвлөв. Заримдаа намайг хичээлтэй үеэр манай хадмууд хүүг минь хардаг байлаа. Ангийн хоёр найз маань хичээлийн материалуудыг нэгтгэн дүгнэхэд тусалдаг байлаа. Их Эзэн хүнд үед надад туслахын тулд эдгээр хүмүүсийг явуулсныг би мэдэрдэг, мэддэг байлаа.

Аз жаргалтай амьдрал

Сургуулиа төгссөний дараа улсын магадлан итгэмжлэх шалгалт өгч, сувилагчаар ажиллан гэр бүлээ тэжээх болов. Энэ хооронд нөхөр минь сургуулиа дүүргэв. Миний нөхөр мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн болохоор би ажил хийх бодолгүй байгаа ч амьдралд зовлон бэрхшээл тохиолдох юм уу эдийн засгийн хямрал болж, би ирээдүйд ажиллах шаардлагатай боллоо гэхэд миний боловсрол туслах нь лавтай.

Боловсрол амьдралыг өөрчлөх хүчтэй гэж ээжийн хэлдэг зөв ажээ. Боловсрол намайг өөрчилсөн юм бас хүүхдүүдийн минь амьдралыг өөрчлөх болно. Их Эзэний төлөвлөгөөг дагасан учраас амжилтад хүрснийг минь хүмүүс мэдэх болно гэдэгт би итгэдэг. Их Эзэн намайг боловсролтой болохыг хүссэн юм. Тиймээс Тэрбээр энэ зам өөд хийсэн миний алхам бүрд тусалсан билээ. Хүүхдүүд минь над шиг суралцаж мөн миний адилаар боловсролын үнэ цэнийг ойлгоно гэдэгт би найддаг.

Эшлэл

  1. Гордон Б.Хинкли, “A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Лиахона, 2001 оны 4-р сар, 34.

Сувилахуйн хөтөлбөрөөр суралцахаар тэнцсэн үед зүрх сэтгэл минь талархал, баяр хөөрөөр дүүрч билээ. Золиослол хийх нь тэр тусмаа миний хувьд байнга золиослол хийх нь хэцүүг мэдэж байсан ч Их Эзэн надтай хамт байгааг би мэддэг байлаа.

Зураг чимэглэлийг Жон Замудио

Drake Busath гэрэл зургийн газрын авсан Ерөнхийлөгч Хинклийн зураг