2009
Хүндэтгэлээр дамжуулан шүтэн бишрэх нь
2009 оны арванхоёрдугаар сар


Хүндэтгэлээр шүтэн бишрэх нь

Хүндэтгэл гэдэг бол чимээ шуугиан гаргахгүй байхаас хавьгүй илүү зүйл юм. Чин сэтгэлийн хүндэтгэл нь Бурханыг сонсож, тунгаан бодох, Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг хүндлэн дээдэлж, хайрлах мэдрэмжийг агуулдаг.

Зураг
Elder Robert C. Oaks

“Хүндэтгэл бол хайртай нийлсэн дээд зэргийн хүндлэл мөн” гэсэн Ерөнхийлөгч Давид O.MкКейн (1873–1970) зөвлөгөө хүндэтгэлийн сэдвийг тод томруунаар дүрсэлдэг.1 Энэхүү дүрслэлийг Children’s Songbook-ийн нэг дууны үгс цаашид баяжуулсан байдаг:

Хүндэтгэл бол чимээгүй суухаас хавьгүй илүү зүйл юм:

Энэ дээд тэнгэр дэх Эцэгийн тухай бодол,

Түүний олон адислалын тухай бодоход төрдөг мэдрэмж.

Хүндлэл бол хайр учраас би хүндэтгэлтэй байдаг.2

Судруудад хамгийн олон удаа тааралддаг түлхүүр үгс нь хүндэтгэл, хайр, хүндлэлтэй холбоотой байдаг. Бид эдгээр жишгүүдийг ашигласнаар хүндэтгэл нь идэвхгүй үг хэллэг биш зүрх сэтгэлийн үйл ажиллагаа болдог.

Хүндэтгэл бол шүтлэг бишрэлийн салшгүй хэсэг юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс зааварласан нь:

“Шүтлэг бишрэл ихэнхдээ үйлдлээр илэрдэг. Харин жинхэнэ шүтлэг бишрэл нь үргэлж оюун санааны онцгой чанар байдаг.

Шүтлэг бишрэл нь бишрэх, дээдлэн хүндлэх гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг. Шүтлэг бишрэл нь хайр болон бидний сэтгэл санааг Бурханд улам ойртуулж, дээдлэн шүтэх хүндэтгэлийн цогц юм.3

Шүтлэг бишрэлийн газарт орохын үндсэн зорилго нь Бурханд улам ойр дотно болох явдал байдаг нь тодорхой юм.

Бид Есүс Христийн амьдрал, сургаалыг судалж, бидний мөнх бус болон мөнх амьдралд аль алинд нь Түүний Цагаатгалын үзүүлдэг гайхамшигтай нөлөөг хүлээн авснаар хайр, хүндэтгэл, бишрэл зэрэг сэтгэл хөдлөлийн зүй ёсны үр дагаврыг биеэр эдлэх болно. Ингэсэн тохиолдолд сайн мэдээг дуулгавартай дагах болон Христийнхтэй адил үйлчлэл нь дээрх сэтгэл хөдлөлүүдийн зохих ёсны илэрхийлэл болдог. Гэвч хүндэтгэлгүйгээр хайр, хүндлэл, бишрэлийн илэрхийлэл төгс биш байдаг.

Бид Есүс Христийг хүндэтгэх бишрэл хүндлэлийг хөгжүүлснээр Түүний төгс үлгэр жишээг амьдралынхаа загварыг болгох боломжтой болно. Ийм хүндэтгэл бишрэлд олон хүчин зүйлс болох Тэрээр амьд гэдэгт болон Түүний амласан адислалуудад итгэх итгэл, сайн мэдээний жишгүүдийг дуулгавартай дагах явдал багтана. Гэвч хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь Бурханыг бишрэн хүндэлж, хайрлах бидний зүрх сэтгэлийн мэдрэмж юм. Их Эзэнийг хайрлан, бишрэн хүндэлдэг бид Түүний нэрийг хэзээ ч дэмий хоосон хэрэглэхгүй, Түүний тухай болхи, явган шог ярианаас эрс татгалзах болно. Харин оронд нь бид Тэнгэрлэг Эцэгээ болон Их Эзэн, Аврагч хэмээн шүтэн биширдэг Түүнийгээ магтаж, хүндлэн дээдэлдэг билээ.

Их Эзэн Өөрийгөө хүндлэн дээдлэхийг хүсэн хүлээдэг тухайгаа Левит 19:30-д, “Та нар миний Хүндэтгэлийн өдрийг миний ариун газрыг хүндэтгэ. Би бол Эзэн” хэмээн мэдэгдсэн байдаг. Түүний ариун сүмүүд болон ариун ёслолын цуглааны байруудад бид хүндэтгэлтэй ханддаг нь Түүнийг чин сэтгэлээсээ дээдлэн хүндэлж байгаагийн илрэл юм. Бид Их Эзэнийг ямар хэмжээгээр бишрэн хүндэтгэж, хайрладаг нь бидний зан төлөв, биеэ зохистой авч явах байдлын шууд тусгал байдаг.

Хүндэтгэлээс ирдэг адислалууд

Бошиглогч Иосеф Смит 1836 онд Көртландын Ариун сүмийг онцгойлон адислах залбиралдаа хүндэтгэлийн тухай сонирхолтой санааг тэмдэглэжээ. Наманчилсан хүмүүс эргэн ирж таны өргөөнд таныг хүндэтгэн бишрэх тэдэн дээр юүлэгдэх таны томилогдсон адислалуудад сэргээгдхийн төлөө” (С ба Г 109:21) Иосеф залбирсан юм. Хүндэтгэлээс ирдэг адислалууд нь юу байж болохыг Бошиглогчийн залбирал онцлон тэмдэглэсэн нь: Мэргэн ухааны үгс, Ариун Сүнсний бүрэн байдал, Их Эзэний мэлмийд сайшаалыг олох, Бурханы хүч болон уучлал юм (шүлэг 14, 15, 21, 22, 34-ийг үз). Хүндэтгэлийн үр жимс үнэхээр агуу юм!

Сүм дээр бидний ярьдаг хүндэтгэлийн тухай үгсийн ихэнх хэсэг нь шүтээний газруудад, ялангуяа хүүхдүүдийн хувьд чимээ шуугиан гаргахгүй байхад ихэвчлэн анхаарал төвлөрүүлдэг. Чимээгүй байх нь мэдээж хэрэг хүндэтгэлийн чухал хэсэг ч гэсэн хүндэтгэлийн тухай үзэл баримтлалын бүрэн төгс утга нь чимээ шуугиан гаргаж, үймэлдэхгүй байхаас илүү юм. Чимээгүй байх нь хүндэтгэлийн хэлбэр биш.

Манай цуглааны байрууд нь юуны өмнө оршил хөгжмийн үед нам гүм сууж, сэргээгдсэн сайн мэдээний агуу сайхныг бясалган, ариун ёслолын цуглаанд зүрх сэтгэл, оюун санаагаа бэлтгэн, Тэнгэрлэг Эцэгийнхээ сүр жавхлан, Аврагчийн Цагаатгалын аугаа хүчний тухай тунгаан бодох шүтлэг бишрэлийн хамгийн чухал газар юм. Ийм ариун нандин, чухал зүйлст анхаарал төвлөрүүлэх илүү тохиромжтой газар хаана байх билээ? Бид ийм байдлаар шүтлэг бишрэлээ харуулах нь хүндэтгэлийн зан төлөвийг зүй ёсоор дагуулдаг.

Шүтлэг бишрэлийн ийм хандлага нь бидний итгэлийг бэхжүүлэх суурь бөгөөд гэрчлэл, илчлэлтийн сүнс бидний бодгальд нэвтрэн орох суваг болж чадна. Нэг удаа Хүндэтгэлийн өдөр ариун ёслолын цуглааны оршил хөгжим сонсон сууж байхад энэхүү бодит үнэн надад яруу тодооор харагдсан юм. Эхнэр бид хоёр амьдралдаа тохиолдсон нэг асуудлаар сүнсний заавар эрж байсан юм. Сонгож авсан нэгэн дууллын оршил хөгжмөөр дамжин хариу ирсэнд бид хэчнээн их баярласан гээч. Сонсголонтой сайхан аялгуугаар дамжуулан Сүнс хариулахдаа зохих замыг бидэнд тодорхой харуулж билээ. Гэтэл харамсалтай нь дуулал төгсөхөөс өмнө миний хажууд сууж байсан хүн над уруу бөхийн ярьж эхэлтэл Сүнс тэр дороо орхин одох нь тэр. Хүндэтгэл дутагдсаны улмаас эрдэнэс лүгээ адил сайхан илчлэлт тасалдсан юм.

Энэ явдлаас би ариун ёслолын оршил хөгжмийн ариун нандин байдлыг онцгой үнэлдэг болсон билээ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч Боид К.Пакер, “Үл хүндэтгэх нь оюун санаа болон сүнсний аль алинд нь илчлэлтийн эмзэг нарийн сувагт саад тээг учруулдгаараа дайсны зорилгод нийцэн үйлчилдэг” хэмээн хэлж энэхүү үнэнийг товойлгон харуулжээ.4

Хүндэтгэлийн хэмжүүр

Хүндэтгэлийн хэмжүүрийг тодорхойлох нь хэцүү биш юм. Бид оюун ухаанаа дэлхийн улиг болсон юмст хандуулахын оронд Бурханы юмсыг: Цагаатгалын сүр жавхлан, мөнхийн гэр бүлүүд, Сайн мэдээ бүрэн байдлаараа Сэргээгэгдсэн үнэнийг хүндэтгэлтэйгээр бодох газар болон цаг хугацаанд төвлөрүүлж сурах ёстой. Хүндэтгэлийн хэмжүүр нь бидний зан төлөв хүндэтгэл, хайр, бишрэл дээр хэрхэн төлөвшсөнөөр хэмжигддэг. Хайш яйш хувцаслахгүй байх, Сүмийн байранд хэтэрхий чанга ярих, зохисгүй авир гаргахаас зайлсхийж, хамгийн сайхан хувцсаараа даруухан хувцаслах нь хүндэтгэлийн хэмжүүрт багтана. Мөн ариун ёслолын байранд ялангуяа ариун ёслолыг адислан түгээж байх үед бид бүр өндөр түвшинд “чимээгүй” байхыг хичээх ёстой.

Хэрэв бид аль нэг шалтгаанаар цуглааныг орхиж явах хэрэг гарвал гарах хаалганд ойрхон ар талд сууж , чимээгүй гарч явах нь хүндэтгэлтэй байх хүслийн илэрхийлэл болдог. Үйлчлэлийн дундуур, ялангуяа үг хэлж байхад юм уу бусад заавар өгч байхад гарч явах нь үг хэлэгчийн болон ойролцоо суугаа хүмүүсийнхээ анхаарлыг сарниулдаг. Бусдыг болон Их Эзэнийг үл хүндэтгэсэн иймэрхүү цагаа олоогүй үйлдлээс бид зайлсхийх ёстой.

Бид ихэнхдээ цуглааны үеэрх хүндэтгэлтэй байдлыг цуглаанд оролцож байгаа хүүхдүүдийн төрх байдлаар хэмждэг. Бага насны хүүхдүүд хүндэтгэлд бэрхшээл учруулах нь байдаг л даа. Гэвч хүндэтгэлийн хувьд баримтлах эн тэргүүний дүрэм бол тэднийг Сүм дээр авчрах явдал мөн. Тэдэнд зааж, цуглаан болон бусад үйл ажиллагаанаас түр гаргаж, буцаан оруулж ирж болно. Харин тэдэнд заахдаа хүмүүжлийн арга хэрэгсэл болгож сүм дээр тоглоом, хүнсний зүйл авчрахыг аль болохоор багасгах хэрэгтэй. Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн цугларалтууд олон хүүхэд залуучуудаар адислагдсан бөгөөд бид үүний төлөө баяртай байх ёстой. Тэд бол Сүмийн ирээдүй юм.

Чин сэтгэлийн хүндэтгэл бол Тэнгэрлэг Эцэг болон Их Эзэнийг шүтэн бишрэх бидний шүтлэг бишрэлийн нэн чухал хэсэг юм. Бид өдөр тутмын амьдралынхаа үйл ажиллагаандаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хүндэтгэх хүндэтгэл дутуу дулимаг байх аливаа хандлагаас зайлхийх ёстой. Шүтэн бишрэх бүхий л үйл ажиллагаандаа Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ нарыг хүндэтгэх, хайрлах, бишрэн шүтэх мэдрэмжээ өргөжүүлж, улам баялаг агуулгатай болгоцгооё. Эдгээр бодол санаа бол жинхэнэ Христэд итгэгчийн зан чанар юм.

Эшлэл

  1. Давид O.МкКей, Conference Report, 1967 оны 4-р сар, 86.

  2. “Reverence Is Love,” Children’s Songbook, 31.

  3. Даллин Х.Өүкс, Pure in Heart (1988), 125.

  4. Боид K.Пакер, “Reverence Invites Revelation,” Ensign, 1991 оны 11-р сар, 22.

Гэрэл зураг чимэглэлийг Кари Хенри