2009
Асуулт, хариултууд
2009 оны арванхоёрдугаар сар


Асуулт, хариултууд

Аав ээж хоёр маань Сүмийн гишүүн биш. Би тэднийгээ гомдоохгүйгээр сайн мэдээг хэрхэн хуваалцаж болох вэ?

“Эцэг эхээ хүндэл” (Eгипетээс Гарсан нь 20:12) гэсэн зарлигийг санагтун. Эцэг эхийнхээ хүслийг хүндэтгэхийн хамт сайн мэдээг гэр орондоо авчрахыг хичээ. Жишээ нь, Сүм ямар сайн хөтөлбөрүүдтэй болохыг тэд харж болохын тулд Хувийн хөгжил дэвшилдээ юм уу Бурханы өмнө хүлээх үүрэг удирдамжийг бөглөхөд туслахыг эцэг эхээсээ гуйж болно. Сүмийн найз нараа гэртээ урьж, сайн мэдээний тухай ярилцаж болно. Энэ нь итгэлийн чинь талаар эцэг эх чинь асуулт асуухад тусална. Хамгийн чухал нь, сайн мэдээнд болон аав ээж хоёртоо хэчнээн баярлан талархдагаа хэл.

Цаг нь болсон гэж үзсэн үедээ өөрөө залбирч, эцэг эхээ өөртэйгөө хамт залбирахыг эсвэл сүмд очих буюу Сүмийн үйл ажиллагаанд оролцох, гэр бүлийн үдэш хийхийг шахаж шаардалгүйгээр хэл. Эцэг эх чинь хүсэхгүй байсан ч, үүнд нь хүндэтгэлтэй ханд. Тэд одоо сайн мэдээг хүлээж авахад бэлэн биш байж мэднэ. Харин ирээдүйд сайн мэдээг хүлээн авах болно. Тэр өдрийн төлөө залбирч итгэл найдвараа тавь.

Эцэг эхээсээ ямагт сайн сайхан зүйлийг нь эрж хай. Тэднийг хайрлах нь боломжийг ямагт нээлттэй байлгадаг. Чадах чинээгээрээ сайн мэдээгээр амьдрахыг хичээ. Өөрийн чинь сайн үлгэр жишээг, сайн мэдээ чамайг хэрхэн адисалсныг хараад эцэг эх чинь сайн мэдээг улам сонирхох болно.

Лиахонагийн үзүүлэнгүүдийг ашигла

Би 2006 онд баптисм хүртэхээсээ өмнө гэр бүлийнхээ явдаг өөр сүмийн үйл ажиллагаанд оролцдог байлаа. Эхний үед би, гэрийнхэн маань дургүйцэх болов уу гэж айгаад Сүмийн тухай ярьж зүрхэлдэггүй байлаа. Гэвч Лиахонагийн үзүүлэнгүүдийг авч гэртээ ганц нэг газар тавьсанд, “Энэ юун тухай зураг вэ? Юу гэсэн утгатай юм бэ?” гэж гэрийнхэн маань асуудаг болов. Эдгээр асуултууд Сүм гэр бүлүүдэд юу санал болгодог тухай яриаг хөнгөвчилж өгсөн юм. Эмэгтэй дүү минь ийм замаар баптисм хүртсэн юм. Одоо би номлолд үйлчилж байгаа ба аав ээж хоёр маань сүмд явах их дуртай байдаг тухай захиандаа бичдэг.

Ахлагч Алмейда, 20 настай, Бразилын Сан Пауло Зүүн Номлол

Сайн мэдээгээр амьдар

Амьдралынхаа хэв маягийг мөн Сүм өөрт чинь хэчнээн чухал болохыг бас амьдралд чинь Сүмийн гаргасан өөрчлөлтийг эцэг эхдээ таниул. Ингэхийн тулд Ерөнхий Эрх Мэдэлтнүүдийн зөвлөгөөг дагаж, сайн мэдээгээр амьдрах ёстой. Залбирлынхаа дагуу үйлдэж, судар тогтмол уншин, сүмдээ явж, зарлигуудыг сахин, Залуучуудын Бат Бөх Байдлын Төлөө товхимол дахь жишгүүдээр амьдарч, зорилгодоо хүрэхийн төлөө ажиллан, Ариун Сүнсийг дагаж бай. Бас эцэг эхийнхээ төлөө залбирч, мацаг барин, өөрийгөө удирдахыг Сүнснээс гуйж болно. Түүнээс гадна, эцэг эхдээ хайраа илэрхийлж байх хэрэгтэй.

Андрю Б, 14 настай, Невада, АНУ

Хэцүү ч боломжгүй зүйл биш

Намайг эцэг эхтэйгээ ярих үед тэднийг гомдоохгүй байхын тулд Бурхан миний амаар зөв үгсийг хэлүүлэхийг гуйж, Түүнд хандан залбирах болно. Бас аав ээж минь миний чин сэтгэлийн илэн далангүй байдал, хайрыг мэдрэхийн төлөө Түүний Сүнснээс гуйна. Мормоны Номыг дэмждэг Библийн аль нэг судрыг хуваалцана. Бас өөрийнхөө туршлага, бодол санааг хуваалцана. Сайн мэдээ, Бурханы хайр, залбирал нь бидний өөртөө байлгахыг хүсдэг сүнсний амар амгаланд улам ойртуулдаг билээ. Их Эзэний ажил хэцүү боловч хийхэд боломжгүй зүйл биш. Сүнсэнд итгэ.

Жонатан Э, 19 настай, Веракруз, Мексик

Бодол санаагаа тайлбарла

Хэрэв чи сайн мэдээг хуваалцахаас эмээдэг бол, залбирсан, судар уншсан үед ямар мэдрэмж төрдөг тухайгаар яриагаа эхэл. Гэрчлэлийнхээ тухай, яагаад сайн мэдээнд дуртай болсноо тайлбарла. Өөрийнхөө бодол санаа, мэдрэмжийг эцэг эхдээ нээн харуулбал тэд ойлгож, гомдохгүй байх болно.

Мадисон Н, 14 настай, Иллиной, АНУ

Хайраар ярь

Манай аав гишүүн биш. Энэ нь заримдаа хэцүү байдаг л даа. Гэвч миний мэдсэн ганц хоёр зүйл байдаг. Нэгдүгээрт, би аавтайгаа хайраар, илэн далангүй ярилцсан үед миний ярьсныг эсэргүүцэх нь түүнд хэцүү байдаг биз. Бид хоёр дандаа санал нийлдэггүй ч гэсэн аав минь миний хайрыг мэдэрдэг. Хоёрдугаарт, сайн мэдээ энгийн юм. Бид сайн мэдээг ямар нэг өөр зүйлээр өнгөлөн далдлах ёсгүй. Энгийн үнэнүүдийг нотол. Эцэст нь бид Христийн гэрчүүдээр дуудагдсанаа сана.

Пейж И, 19 настай, Юта, АНУ

Зүрх сэтгэлийн өөрчлөлт

Сүмийн жишгүүд болон зарлигуудыг, ялангуяа Мэргэн Ухааны Үгийг дагаж, хайр, дуулгавартай байдлыг үйл хэргээрээ эцэг эхдээ харуулснаар чи тэдэнд сайн үлгэр дуурайл үзүүлж чадна. Энэ нь эцэг эхийн чинь анхаарлыг чиний зан төлөвт хандуулж, улмаар Их Эзэний Сүмд ирэхэд нь тусалж болно. Чи залбирлаараа дамжуулж, эцэг эхийнхээ зүрх сэтгэлийг өөрчилж өгөхийг Тэнгэрлэг Эцэгээс гуйж болно.

Шармила С, 18 настай, Карнатака, Энэтхэг

Үлгэр дуурайл үзүүл

1 Тимот 4:12-т Паул заасан нь, “Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол. Сайн үлгэр дуурайл үзүүлэх нь эцэг эхийн чинь хөрвөлтийн үүд хаалгыг нээдэг. Энэ нь сайн мэдээний тухай гэрчлэлийг хэлэх зөв уур амьсгал, боломжийг бүрдүүлэх болно. Айж эмээх биш харин итгэлтэй байж, үлгэр жишээ үзүүлэх нь аав ээжийн чинь бодол санааг өөрчилж, амьдралыг чинь адисална.

Ахлагч Тонюмейпеа, 20 настай, Филиппиний Каюян Номлол