2009
Гадасны ерөнхийлөгчид өгөгддөг сүнсний бэлгүүд
2009 оны арванхоёрдугаар сар


Гадасны ерөнхийлөгчид өгөгддөг сүнсний бэлгүүд

Би их олон гадасны ерөнхийлөгчтэй уулзаж явсан. Тэд бол өндөр ур чадвар, өндөр ёс суртахуунтай хүмүүс. Тэд итгэл бишрэлтэй, Их Эзэнийг баярлуулах нэгэн үзүүрт сэтгэлтэй хүмүүс.

Зураг
Elder Neil L. Andersen

Гадасны ерөнхийлөгчийн дуудлага ариун бөгөөд сүнслэг юм. Тэргүүн Зөвлөл, Ерөнхий Эрх Мэдэлтнүүд болон бүсийн Далуудын удирдлага дор энэ ажилд хүмүүсийг томилдог. Би Ерөнхий эрх мэдэлтнээр 16 жил үйлчлэхдээ энэ дуудлагад олон улс орон, Хойд, Өмнөд Америк, Ази, Европ тивд албан ёсоор томилдог байлаа.

Ингэх бүрд Ерөнхий Эрх мэдэлтэн болсныхоо эхний хэдэн долоо хоногт хүлээн миний авсан дараах хоёр сургаал юуны өмнө санаанд орж ирдэг байлаа. Үүнд: Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн: “Та Их Эзэний зараалд байгаа л бол Түүний тусламжийг авах эрхтэй байна” гэсэн сургаал. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид K.Пакерын: “Та үйлчлэлдээ хөшгөөр дамжуулан Их Эзэнд хандан асуулт асууж байвал, тэр даруйд хариу хүлээн авдаг туршлагатай болно” гэсэн сургаал юм. Ийнхүү тухайн дуудлагад хүмүүсийг томилох бүрд энэ хоёр амлалт хэрэгждэг билээ.

Гадасны ерөнхийлөгчийг дуудах туршлага үргэлж адилхан атлаа бас үргэлж өөр байдаг. Адилхан юм нь юу вэ? гэвэл Их Эзэнээс нэн их хамааралтайгаа мэдэрдэг Ерөнхий Эрх мэдэлтэн юм уу Бүсийн Дал илгээгддэг бөгөөд энэ хоёр дуудлагыг өгөхөөсөө өмнө сүнсний адилхан удирдамжийг хүлээн авсан байх ёстой. Гадасны ерөнхийлөгчдийг шилэн сонгох үйл явцыг Их Эзэний Сүнс үргэлж их хүч нөлөөтэйгөөр дагалдаж, баталдаг билээ. Юугаараа ялгаатай вэ гэвэл дуудагдаж байгаа хүн гадас бүрд өөр байдаг. Зарим үед гадасны ерөнхийлөгч нь их туршлагатай, олон жил үйлчилсэн хүн байхад заримдаа итгэл дүүрэн залуу хүн байдаг. Ямар ажил мэргэжлийн хүн байвал зохих вэ гэдэг нь энд хамаагүй юм.

Түлхүүрүүдийг олгох нь

Гадасны ерөнхийлөгчийг гадасны тухайн үеийн удирдлага дотроос ихэвчлэн дууддаг. Нэг удаа бид нэлээд орой болсон хойно ах нартай ярилцлага хийх үед уулзаж байсан хүмүүсийн дотор батлагч Сүнсийг мэдэрч чадсангүй. Эцэст нь, бид ярилцлага хийх жагсаалтанд байсан хүн бүртэй ярилцсаны дараа тухайн үед удирдах албан тушаалд үйлчилж байгаагүй, хүндэтгэл хүлээсэн хүмүүстэй уулзаж ярилцлаа. Оройн 10 цагт Сайн мэдээний сургаалын нэг багштай уулзаж ярилцтал энэ хүнийг сонгосноо Их Эзэн хүчтэйгээр батлах нь тэр. Тэрээр бидний утасдахыг хүлээн гэртээ байсныг нь бид түүнд дуудлагыг өгсний дараа л мэдэж билээ. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд өөрчлөлт оруулах тухай зарлахаас хэдэн сарын өмнө тэрээр эхнэрийнхээ хамт шөнө сэрж, энэ дуудлага түүнд ирэх юм байна гэдгийг мэдсэн ажээ.

Гадасны ерөнхийлөгчөөр үйлчилдэг хүмүүс энэ албан тушаалыг өөрсдөө хүсдэггүй. Бүгд даруухан байдаг бөгөөд зарим нь дуудагдагдахдаа сэтгэл нь их хөдөлдөг. Сүмд дөнгөж 10 жил орчим болсон нэг гишүүнийг би Европт гадасны ерөнхийлөгчөөр дуудахад тэрээр, “Өө хэрэггүй, хэрэггүй, намайг битгий дууд. Би энэ ажлыг хийж чадахгүй” гэж билээ. Аз болоход, дэргэд нь байсан эхнэр нь түүнийг тэврээд, “Хайрт минь, чи энэ ажлыг хийж чадна шүү дээ. Чамайг энэ ажлыг хийж чадна гэдгийг би мэдэж байна” гэв. Түүний зөв байлаа. Тэр маш сайн үйлчилсэн дээ.

Филиппенд залуухан удирдлагатай Сүм хурдан хөгжиж байгааг харсан нэг хүн: “Өө хэрэггүй ээ, намайг бүү дууд. Би хэтэрхий хөгшиднө” гэж билээ. Арванхоёрын зарим гишүүд түүнээс гуч гаруй ах гэдгийг сануулсанд тэрээр дуудлагыг хүлээн авч маш сайн үйлчилсэн юм.

“Та нар намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгож, томилсон” (Иoхан 15:16) хэмээн Аврагч хэлжээ. Дуудлагыг бид хүсдэггүй бас түүнээс татгалздаггүй билээ.

Зарим үед дуудлагын өмнө, дуудлагын үеэр эсвэл дараа нь Их Эзэн дуудагдаж байгаа хүнд түүний дуудлага Бурханаас юм шүү гэдгийг баталдаг. Нэг гадасны залуу ерөнхийлөгч түүний дуудлага хэрхэн батлагдсаныг өгүүлэхдээ:

“Би ярилцлаганд орохдоо 32 настай, бишопоор үйлчлээд дөрвөн жил орчим болж байлаа. Ярилцаж байсан хүмүүсийн нэг нь: (1) та хэрхэн гэрчлэлтэй болсон бэ? (2) та Аврагчийн тухай гэрчлэлээ бидэнтэй хуваалцаж болох уу? гэж асуув. Би арван хэдэн настай ээжийгээ өөд болоод удаагүй байхад сэргээгдсэн сайн мэдээ, ялангуяа Мормоны Ном үнэн болох тухай мэдэж авсан туршлагаа хуваалцлаа.

Би Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцах үеэр гадасны дараагийн ерөнхийлөгч болно гэсэн гэрчлэл хүлээн авсан билээ. Би гэртээ ирээд тохиолдсон явдлынхаа тухай эхнэртээ ярилаа. Би өөрийгөө гадасны дараагийн ерөнхийлөгчөөр дуудагдаж мэдэх нь байна гэж бодож байгаагаа эхнэртээ ярихад, ‘Чи бол сайн хүн. Гэхдээ гадасны ерөнхийлөгч байхаар тийм сайн биш шүү дээ’ гэв. Хоёр цагийн дараа утас дуугарч, намайг эхнэрийнхээ хамт буцаж ирнэ үү гэж урьсан. Ингээд дуудлага хүлээн авч билээ.”

Гадасны чуулганы ерөнхий хуралдаан дээр дэмжин батлуулсны дараа, гадасны шинэ ерөнхийлөгчийн толгой дээр гараа тавьж, гадсыг тэргүүлж, ажил хэргийг нь удирдахад шаардлагатай түлхүүрүүдийг түүнд өгөхөөр бид илгээгддэг билээ. Гадасыг тэргүүлэх түлхүүрүүд нь дэлхий дээр бүх түлхүүрийг эзэмшдэг Сүмийн ерөнхийлөгч болон бусад 14 Төлөөлөгчөөс томилолтоор ирдэг. Эдгээр түлхүүрүүдэд сүнсний эрх мэдэл, хүч оршдог.

Их Эзэн түлхүүрүүдийг үргэлж Өөрийн сонгосон Төлөөлөгчдөд өгдөг билээ. “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” (Maтай 16:19) хэмээн Тэрбээр Петрт мэдэгдсэн билээ. Эдгээр түлхүүрүүдээс заримыг нь орон нутгийн удирдагчидтай хуваалцдаг юм. Алма Зарахемлад “Бурханы жаягийн дагуу гараа тавин, сүмийн дээр тэргүүлэх санваартнууд хийгээд ахлагчдыг томилов (Алма 6:1).

Түлхүүрүүдийн гадаад илэрхийлэл

Ариун сүмийн зөвшөөрлийн бичигт Сүмийн Ерөнхийлөгч гарын үсэг зурах шаардлагатай байсан нь сонирхолтой юм. Эдүгээ энэхүү эрх мэдэл гадасны ерөнхийлөгчид олгосон түлхүүрүүд дотор багтдаг. Гадасны ерөнхийлөгч зөвлөхүүдийнхээ хамт бишопуудыг Тэргүүн Зөвлөлд санал болгон нэр дэвшүүлж, зөвшөөрөгдсөнийнх нь дараа томилдог. Мөн Мелкизедек санваарт томилж, бүрэн цагийн номлогчдыг онцгойлон адисалдаг. Бас ноцтой нүгэл үйлдэгчдэд бүрэн уучлагдахад нь туслахын тулд Израилын шүүгчээр үйлчилдэг. Тэрээр гадасныхаа бишопууд болон салбарын ерөнхийлөгчдийн ажил төрөл, тэдний гаргасан шийдвэрийг удирдан зохицуулдаг.

Их Эзэн үүргийнх нь дагуу Өөрийнхөө гадасны ерөнхийлөгчдөд илчлэлт өгдөг. Нэгдсэн Улсын өмнөд хэсгийн гадасны ерөнхийлөгч дараах туршлагыг надтай хуваалцсан юм:

“2007 оны 10-р сард нэг эгч ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахаар ирэв. Бид ярилцаж дууссаад нөхөр нь зөвшөөрлийн бичгээ авахаар ирж болох эсэхийг асуулаа. Нөхөр нь ариун сүмд оролгүй 20 гаруй жил болж байгааг, тэр хоёр гэрлээд 40 жил болж байгаа ч ариун сүмд лацдан холбуулаагүй байгаагаа ярив. Энэ ахтай нэн даруй уулзах хэрэгтэй гэсэн хүчтэй өдөөлтийг би мэдэрлээ. Тэрхүү өдөөлт их хүчтэй байсан учир би гарч, барилгын нөгөө талаас түүнийг авчирч ярилцав. Ярилцлагын үед бишоп нь ирж, ярилцлагын дараа түүнд ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг нь өгөв. Энэ нь бид бүгдийн хувьд, ялангуяа түүний эхнэрийн хувьд сэтгэл догдлом үйл явдал болсон юм. Би тэр долоо хоногийнхоо сүүлчээр ариун сүмд болох тэдний лацдан холболтод оролцох урилга хүлээж авлаа.

“2008 оны эхээр энэ хос лацдан холбуулснаас хойш дөрвөн сар орчмын дараа нөхөр нь өглөө боссоноо ухаан алдаж, гэртээ нас барсан юм. Сүнсний өдөөлтийг сонсож, тэр ахыг амьдралдаа хэрэгтэй зүйлийг хийхэд нь урам хайрлан дэмжсэнийхээ төлөө би үүрд баярлаж явдаг билээ.”

Сүнсний бэлгүүд ба сүнслэг амлалтууд

Гадас нь “батлан хамгаалалтын тулд мөн шуурганаас толгой хоргодох газар” (С ба Г 115:6) байх ёстойг Их Эзэн тунхагласан юм. Гадасны ерөнхийлөгч бол Их Эзэний хоньчин бөгөөд Сүмд сүнсний бат найдвартай аюулгүй байдал, нөхөрлөл бий болгоход туслах ёстой. Тэрээр заагдаж байгаа сургаал үнэн зөв, цэвэр байхад анхаарах ёстой. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) нэг удаа хэлэхдээ:

“Гадасны ерөнхийлөгч Аароны санваартан багшийн үүргийг гүйцэтгэж болно. Тэр [гадсыг бүхэлд нь] харж хандан, [гишүүдтэй] хамт байж, бэхжүүлэх ёстой.

‘Мөн сүмд алдас байхгүй мөн бие биендээ хахир хатуу хандахгүй, мөн худал хэлэхгүй, хов жив хөөцөлдөхгүй, мөн хилэнцэт мууг ярихгүй байхад анхаарах нь болой’ гэжээ.

‘Мөн сүм хамтдаа олонтаа цуглахыг анхаарч, мөн тэрчлэн бүх гишүүд үүргээ биелүүлж байгааг анхаарах нь болой’ (С ба Г 20:53–55).”1

Гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх, өсвөр үеийнхнийг бэхжүүлэхэд сүнсний нөлөө үзүүлэх, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээс улам олныг нь баптисмын цэвэршүүлэгч усанд урих, Сүмээс холдон хөндийрсөн хүмүүст хүрч ажиллах, ариун сүмийн ёслолуудыг амьд байгаа гишүүд болон нас барсан хүмүүсийн өмнөөс хүлээн авахад туслах нь гадасны ерөнхийлөгчийн ажил үүрэгт багтдаг.

Их Эзэн, гадасны ерөнхийлөгчийг чухал үүргүүдийнх нь төлөө сүнсний бэлгүүдээр элбэг дэлбэг адисалдаг. Сургаал ба Гэрээний 46-р хэсэгт Их Эзэний сүнсний олон бэлгийн тухай өгүүлж, тунхагласан нь.

“Бүгдэд бэлэг бүхэн өгөгддөггүй; учир нь олон бэлэг байдаг, мөн хүн болгонд Бурханы Сүнсээр бэлэг өгөгддөг болой.

“Үүгээр бүгд ашиг тусыг олж болохын тулд заримд нь нэг бэлэг өгөгддөг байхад, мөн нөгөөд нь өөр бэлэг өгөгддөг болой (С ба Г 46:11–12).

Тэгээд Их Эзэн нэмж хэлэхдээ, “Сүмийг харж хандахаар Бурханы тохоон мөн томилох … тэдгээр бүх бэлгийг ялган таних нь тэдэнд өгөгдөх ёстой … гишүүн бүхэн үүгээр ашиг тусыг олж болохын тулд тэргүүн байхын тулд” (С ба Г 46:27, 29) гэжээ.

Бүх үед сүнслэг амлалтуудтай холбогддог эдгээр бэлгүүдийг Их Эзэн өгөх болно. Бразилын нэг гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан ах дараах туршлагыг хуваалцсан юм:

“Өсвөр насны дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон итгэлтэй нэг эх амь зуулгаа залгуулах гэж зүдэрдэг байлаа. ‘Эгч ээ, хүүхдүүд чинь семинарт тогтмол явдаг уу?’ гэж намайг түүнээс асуухад, ‘Надад олон бэрхшээл байдаг, бас цуглааны байраас хол амьдардаг. Энэ чинь аюултай шүү дээ’ гэж тэр хариуллаа.Тэр агшинд түүнд зөвлөгөө, амлалт өгөхөөр би сүнсээр хүчтэй өдөөгдлөө. ‘Танд мөнгө байхгүй бол, хүүхдүүдтэйгээ хэдэн км явган явж болно шүү дээ. Хүүхдүүдтэйгээ хамт очоод хичээлд нь сууж бай л даа. Та ингэх юм бол хүүхдүүдээ аварна. Тэд бүгдээрээ ариун сүмд гэрлэх болно’ гэж би хэлэв.Би чинь юу хэлчихэв ээ гэж цочсон ч сүнсний хүчтэй нөлөөг үгүйсгэж чадсангүй.

“Тэр эгч зөвлөгөөг хүлээн авч хүүхдүүдтэйгээ хамт семинарт олон жил явсан. Түүнд өгсөн амлалт хэрэгжсэн юм. Хүүхдүүд нь бүгдээрээ ариун сүмд гэрлэсэн бөгөөд одоо хүү нь тойрогтоо бишопоор үйлчилж байна.

Гадасны ерөнхийлөгчид өгөгддөг хамгийн агуу бэлгүүдийн нэг нь үйлчлэхээр дуудагдсан хүмүүсээ хайрлах гүнзгий, өргөн хүрээтэй хайр биз ээ. Гадасны ерөнхийлөгчөөр дуудагдсан үед гадасныхаа хүмүүсийг хайрлаж, тэдэнд анхаарал халамж тавьж байх хүчтэй мэдрэмж надад төрж билээ. Ноцтой нүгэл үйлдсэн хүмүүсийг ч гэсэн өрөвдөн, туслах хүслээр дүүрэн байлаа. Хайрын энэхүү мэдрэмж нь Аврагч болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд жинхэнэ ёсоор хөрвөхөд нь гишүүдэд туслах хүсэлтэй үргэлж нэгдэн нийлдэг билээ. Би зөвлөхөөр олон жил үйлчилсэн ч, ерөнхийлөгчийн зөвлөлийн түлхүүрийг эзэмшсэн үед дээрх мэдрэмж илүү хүчтэй, илүү өдөөгч шинжтэй болсон юм. “Та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун” (Moронай 7:48) хэмээн зөвлөж, Моронайн дурдсан энэрлийн бэлгийг би ямар нэг хэмжээгээр хүлээн авсан болов уу гэж боддог байлаа.

Эдгээр мэдрэмжүүд бусдад хүрч ажиллахад нь гадасны ерөнхийлөгчийг өдөөж, улмаар гайхамшиг тохиодог билээ. Ийм хайр алга болсон нэг гишүүнийг хайхад Өмнөд Африкийн нэг гадасны ерөнхийлөгчийг хэрхэн өдөөсөн тухай жишээг тэрээр дурсчээ:

“Олон жилийн өмнө миний хамтрагчаар үйлчилсэн нэг ахыг олох хэрэгтэй гэсэн бодол санаанаас минь гарахаа болив. Тэр гэрлээд Сүмд идэвхгүй болсон юм. Гадасны төвөөс 150 км хол орших нэг жижигхэн нэгжид түүний гишүүнчлэлийн бүртгэл байлаа. Би тийшээ очиж, салбарын ерөнхийлөгчтэй ярилцахад номлолын хамтрагч байсан ах маань бүр хол хөдөө нутагт амьдарч байгаа тухай ярив. Тэр жижиг тосгонд хүрэх замыг ерөнхийлөгч надад зааж өглөө. Удалгүй засмал зам дуусч шороон замд орлоо. Олон км явсны эцэст төөрчихсөнөө мэдлээ. Машинаа зогсоогоод цаашаа явахаа больдог ч юм уу гэж бодлоо. Аагим халуу өдөр байсныг яана. Гэтэл машинд сэрүүцүүлэгч байсангүй. Замаас боссон тоос эхнэр, хүүхдүүдэд минь тун хэцүү байлаа. Би зам дээр өвдөг сөгдөн Их Эзэнээс тусламж хүсэв.

“Хэдэн цагийн дараа бид жижиг тосгонд ирж, номлолын хамтрагчаа олж уулзав. Би түүнийг Сүмдээ эргэж очихыг урилаа. Тэрээр Сүмд идэвхтэй болж, олон удирдах албан тушаалд үйлчилсэн юм. Түүний хүү номлолд хүндэтгэлтэйгээр үйлчилсэн бөгөөд өнөөдөр миний найз, номлолын хамтрагч маань бишопын зөвлөлд зөвлөхөөр үйлчилж байна.

Энэ албан тушаалд хүч байдаг. Их Эзэн гадасныхаа ерөнхийлөгчидтэй үргэлж хамт байдаг. Эквадорын нэг гадасны ерөнхийлөгч: “Цаанаа л нэг гунигтай нэг хүн манай гадсанд байгааг би ажиглалаа. Энэ хүнтэй уулзах хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж надад төрөв. Би тэр даруй гэр уруу нь явлаа. Олон жил аавтайгаа ганц ч үг сольсонгүй учраас их уйтгартай байдаг гэж тэр ярилаа. Аав нь хатуу хахир хүн болохоор тэдний харилцаа тасарсан юм гэв. Байдлыг өөрчлөхийг хүсч байна уу гэж би түүнээс асуув. Аавынх нь гадаа очиж, машинаа байшингийнх нь урд тавив. Хаалгыг нь тогштол ‘Хэн бэ?’ гэх дуулдав. Би түүний дууг таниад, ‘гадасны ерөнхийлөгч чинь байна аа, ах аа’ гэв.Тэр хаалга онгойлгов. Эцэг хүү хоёр ганц үг дуугаралгүй тэврэлдэж аваад уйлж гарав. Эвгүй байдал ийнхүү засарч билээ.”

Дэлхий даяар 2,800 гаруй гадасны ерөнхийлөгч байдаг. Тэд олон талаараа тан шиг бас над шиг жирийн хүмүүс. Бид авралынхаа төлөө ажилладаг шиг тэд мөн л өөрсдийнхөө авралын төлөө ажилладаг. Гэвч тэд ер бусын дуудлага хүлээн авсан. Тэдний толгой дээр гар тавих үеэр тэд санваарын түлхүүрүүдийг хүлээн авдаг.

Би хэдэн зуун гадасны ерөнхийлөгчтэй уулзаж ярилцсан. Тэд бол хувийн амьдрал болон мэргэжлээрээ туйлын ажил хэрэгч, өндөр ёс суртахуунтай хүмүүс. Тэд итгэлээр дүүрэн, Их Эзэнийг баярлуулах нэгэн үзүүрт сэтгэлтэй хүмүүс.

Би тэдний гэрт очиж, залбирахаар хамт өвдөг сөгдөж, Тэнгэрлэг Эцэгт хандсан даруухан залбирлуудыг нь сонсож байсан. Их Эзэний хүч тэдэн дээр байгааг би мэдэрдэг байсан. Их Эзэн тэднийг хайрлаж, сүнсний бэлгүүдээ өгдөг юм.

Бүгдээрээ гадасны ерөнхийлөгчийнхөө төлөө залбирцгаая. Бүгдээрээ түүнийг дэмжиж, түүнд тусалцгаая. Түүнийг сонсож, түүнд итгэцгээе. “Израил аврагдах болно … ; мөн миний өгсөн түлхүүрүүдээр тэд хөтлөгдөх болно, мөн дахиад будлиулагдах нь огт үгүй болой” (С ба Г 35:25).

Эшлэл

  1. Гордон Б.Хинкли, “The Stake President,” Лиахона, 2000 оны 7-р сар, 61.

Гэрэл зураг чимэглэлийг Жон Лук, Кристина Смит