2009
Эгч нарынхаа хайраар
2009 оны арванхоёрдугаар сар


Эгч нарынхаа хайраар

“Бид сайн байгаа шүү” гэж би айлчлагч багш нартаа итгүүллээ. Гэсэн ч тэдний үйлчлэл тэр удаагийн Христийн мэндэлсний баярыг огт өөр болгосон юм.

Христийн мэндэлсний баяр ойртох тусам миний санаа зовж байлаа. Арваннэгдүгээр сарын турш нөхөр минь ч би ч ажилгүй байлаа. Би байрны түрээс, цахилгаан, утасны төлбөрийг, нөхөр минь машины төлбөрийг мөн л буурсан цалингаасаа төлнө. Үлдсэн мөнгө нь амь зуулгад дөнгөн данган хүрдэг байв. Бид арванхоёрдугаар сард овоо их ажил хийж, байдал хэвийн болсон ч, нэгдүгээр сард цалингүй байхаар байв. Байдал ийм болсон учир Христийн мэндэлсний баярын зоогийн тухай санахын ч хэрэггүй болов.

“Бүх юм сайхан болноо” гэж би өөртөө хэллээ. Тэр зун манай нөхөр их хэмжээний бөөрөлзгөнө хурааж, бид жимсний чанамал хийсэн юм. Бид бин, жимсний чанамал хийж мөн бэлгээ өөрсдөө хийж болно шүү дээ. Гэтэл манай гурван охин (6, 8, 14 настай) өөрсдийнхөө хийсэн хэлхээ цэцгээр чимэн хөл нь газар хүрэхгүй шахам баярлан, Христийн мэндэлсний баяраар биднийг юу өгөх бол гэж ярихыг нь сонсоод миний зүрх шархиран өвдөх шиг болов.

Нэг орой манай гэрийн багш нар санаандгүй байтал хүрч ирлээ. Надад төрсөн ах, эгч байхгүй болохоор салбарын Нийгмийн Халамжийн бүлгийн эгч нар, ялангуяа айлчлагч багш нар үнэхээр надад эгч шиг минь болсон байлаа. Тэр орой тэд нэг сонирхолтой хичээл хуваалцаад, ирж яваа баярын талаар ярилцаж эхлэв. Би юм бүхэн сайн байгаа гэж тэдэнд итгүүлээд, харин Христийн мэндэлсний баяр бидний хувьд нэлээд “тарчигхан” болох байх гэв. Тэд манай гэр бүлийн төлөө залбирна гэж надад амлав.

Нэг өдөр нөхөр маань намайг ажил дээрээс авах гэж ирээд, манай гэрийнхэн бүгдээрээ намайг ирэхийг тэсч ядан хүлээж байгаа гэв. Манай салбарын нэг эгч хэдэн хайрцагтай юм оруулж тавиад явсан гэнэ. Хайрцгуудыг задлахад дотор нь баярын бүхий л амттан: жимс, жигнэмэг, чихэр, хүнсний бусад зүйлс, чимэглэл, нямбайлан гоёмсгоор боосон бэлгүүд байх нь тэр. Баярласнаас миний нулимс урсаж эхэллээ. Түүгээр ч зогссонгүй. Манай айлчлагч багш нарын нэгнийх нь гэр бүл Христийн мэндэлсний баярын өглөө хайрцагтай бэлгээр биднийг гэнэт баярлуулав.

Эцэстээ бидний “тарчигхан” Христийн мэндэлсний баяр бүр ч онцгой сайхан боллоо. Манай гэр Христийн мэндэлсний баярын сүнсээр төдийгүй, бас манай айлчлагч багш нар, салбарын бусад гишүүдийн элгэн халуун сэтгэл, хайраар дүүрсэн байлаа. Их Эзэн бусад хүмүүсээр—ялангуяа биднийг харж хандаж, анхаарал тавьж байхаар Өөрийнхөө томилсон болон сүнсээр нөлөөлсөн хүмүүсээр дамжуулан бидний хэрэгцээг хангадгийг би ойлгосон юм.

Зураг чимэглэлийг Грегг Торкелсон