2009
20 маркийн дэвсгэрт
зургадугаар сар 2009


20 маркийн дэвсгэрт

2002 оны гуравдугаар сарын 12-нд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль дээр онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс нь авав. Хэлсэн үгний англи хэл дээрх бүрэн эхийг www.byui.edu/Presentations/Transcripts/Devotionals/2002_03_12_Packer.htm-т орж үз.

Зураг
President Boyd K. Packer

30 гаруй жилийн тэртээ би Ахлагч Томас С.Монсонтой Европт цэргийн албан хаагчдын гадас зохион байгуулах даалгавар аван ажиллаж байлаа. Бид Баварийн Альпийн өндөр уулан дахь Германы Берштесгаденд уулзав. Анх Берштесгаден нь хосгүй үзэсгэлэнт нутаг бөгөөд Адольф Гитлерийн бариулсан штаб байсан аж. Энэ дэлхий дээр Адольф Гитлерийнх шиг чөтгөрийн хорон санаа хүний зан чанар болон, зорилгод ховорхон тохиолддог. Хорон муу санаагаа хэрэгжүүлэх зорилгоор Гитлер штаб бариулсан тэр газрыг бид унаган сайхан төрхөнд буцаан оруулах ёстой гэж би бодож байлаа. Ингээд бид тэнд Сионы гадас зохион байгуулахаар очоод байв.

Бид гадсыг онцгойлон адисалж, зохион байгуулж дуусахад Берлинд болох гадасны чуулганд биднийг томилсон байв. Бид Альпын өндөр ууланд орших Берштесгаденаас бууж Мюнхений нисэх онгоцны буудалд хүрэх ёстой байлаа.

Бид онгоц нисэхээс олон цагийн өмнө нисэх буудалд очив. Онгоц өглөөний 10:00 цагийн орчимд нисэх ёстой байсан ч манантай байсан учир хөөрч чадсангүй. Бид онгоц нисэх цаг зарлахыг чих тавин сонссоор бараг 22:00 цаг болов. Нисэх буудлынхан манан арилна гэж найдаж байгаагаа дахин давтан зарласаар байв. Гэвч манан арилсангүй.

Тэр шөнө 10:00 цагийн үед хоёр номлогч бидэн дээр хүрч ирлээ. Тэгэхэд л бид онгоц нисэхгүй болсныг мэдлээ. Шөнө дунд Мюнхенээс Берлин рүү галт тэрэг явах гэж байгааг ахлагчид бидэнд хэлэв. Ахлагчид биднийг галт тэрэгний буудал руу дагуулан очиж, билет худалдаж авахад туслаад, шөнө дунд хөдөлж, маргааш өглөө нь 10 цагийн орчимд Берлинд очих галт тэргэнд суулгаж өгөв.

Галт тэрэг хөдлөхөд ахлагчдын нэг нь: “Танд Германы мөнгө бий юү?” гэж асуулаа.

Би байхгүй гэж толгой сэгсрэв.

“Германы мөнгө дэвсгэртэй байх нь дээр шүү” гэж тэр хэлээд хөдөлж байсан галт тэрэгний араас гүйж ирэн халааснаасаа 20 маркийн дэвсгэрт гарган, надад өгөв.

Тэр үед Төмөр хөшиг үнэхээр “татаастай” байлаа. Галт тэрэг Баруун, Зүүн Германы хоорондох хил Хоф гэдэг газар зогсож, галт тэрэгний багууд солигдлоо. Баруун Германы багийн бүх гишүүд галт тэрэгнээс бууж, Зүүн Германы баг галт тэргэнд оров. Тэгээд галт тэрэг Зүүн Германы нутгаар дамжин Берлин уруу хөдлөв.

Нэгдсэн Улсын засгийн газар саяхнаас таван жилийн хугацаатай паспорт олгож эхэлсэн байлаа. Би таван жилийн хугацаатай шинэ паспорттай байлаа. Бид замд гарахынхаа өмнө эхнэрийнхээ паспортыг шинэчлүүлэх гэсэн боловч гурван жилийн хугацаатай паспорт таван жилийн хугацаатай паспорттай адил хүчин төгөлдөр гэж хэлэн, эхнэрийн паспортыг буцааж өгсөн юм. Түүний паспортын хугацаа дуусахад хоёр жил гаруй үлдээд байв.

Шөнийн 2 цагийн орчимд цэргийн албан хаагч байрын нэг шалгагч цэрэг хүрч ирээд билетээ үзүүлэхийг шаардав. Бид германчууд биш болохыг тэр мэдээд паспортаа үзүүлнэ үү гэв. Би паспортаа, ялангуяа найрсаг биш газарт бусдад өгөх дургүй хүн. Гэтэл нөгөөх цэрэг бидний паспортуудыг аваад явчихлаа. Би хэнийг ч нүд үзүүрлэдэггүй боловч энэ хүнийг яагаад ч чадсангүй! Тэр бол дайсагнасан, дэндүү бүдүүлэг, даанч муухай хүн байлаа.

Бид германаар ярьдаггүй байв. Галт тэрэгний купенд зургуулаа явлаа. Нэг герман хүн, эхнэр бид гурав купены нэг талд, нөгөө талд гурван герман хүн вандан сандал дээр бараг өвдөг өвдгөө тулган суусан байлаа. Бид олигтой яриа хөөрөө өрнүүлсэнгүй. Шалгагчийг орж ирэхэд бүгд нам гүм болов.

Түүнийг нэг юм хэлэхэд, юу гэснийг нь би ойлголоо. Тэр манай эхнэрийн паспортыг хүчингүй гэв. Тэр явснаа дахиад хоёр, гурван удаа буцаж ирэв.

Би яах ч учраа олохгүй байтал, санаанд нэг юм орж ирэн, нөгөөх 20 маркийн дэвсгэртээ гаргаж өглөө. Шалгагч мөнгөн дэвсгэртийг хараад, түүнийг авч, бидний паспортыг буцааж өгөв.

Маргааш өглөө нь биднийг Берлинд ирэхэд Сүмийн нэг гишүүн галт тэргэнээс тосч авав. Би галт тэргэнд тохиолдсон явдлаа түүнд наргиан болгон ярьтал, түүний царай нь гэнэт хачин болоод явчихав. “Яав?” гэж би асуулаа.

“Таныг яаж энд хүрээд ирснийг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Одоо чинь Зүүн Герман гурван жилийн хугацаатай паспортыг хүлээн зөвшөөрдөггүй дэлхийн нэг орон болчихоод байгаа шүү дээ. Эхнэрийн чинь паспорт хил гаалийнханд үнэхээр хүчингүй” гэж тэр хэлэв.

“За тийм байдаг байж. Тэд биднийг яах бол?”

“Та нарыг галт тэрэгнээс хөөн буулгана” гэж тэр хариуллаа.

“Тэд биднийг галт тэрэгнээс хөөнө гэж үү? Арай үгүй байлгүй дээ” гэж би хэллээ.

“Биднийг биш. Эхнэрийг чинь! гэж тэр хэлэв.

Шөнийн хоёр цагт Зүүн Германд хаа нэгтээ эхнэрийг минь хүн галт тэрэгнээс албадан буулгахыг би нүдээрээ харж болох байжээ. Би яахаа үнэхээр мэдэхгүй байх байсан биз ээ. Бидэнд, ялангуяа эхнэрт минь ямар аюултай нөхцөл байдал тулгараад байсныг нэлээд хожуу хүртэл мэдээгүй явж билээ. Би өөрийнхөө төлөө гэхээс илүүгээр эхнэрийнхээ төлөө санаа зовж байлаа. Бидэнд үнэхээр ноцтой аюул тулгараад байв. Хүчингүй паспорттай хүмүүсийг тэд баривчлан саатуулдаг байлаа.

Бидний амьдрал зохицуулагддаг юм

Одоо би энэ түүхийг тайлъя. Надад 20 маркийн дэвсгэрт өгсөн ахлагч бол тэр үед Германы Өмнөд Номлолд үйлчилж байсан, эдүгээ Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн Давид А.Беднар байсан юм.

Калифорнийн Сан Леандрогийн тэр ахлагч яах гэж надад 20 маркийн тэр дэвсгэрт өгсөн юм бол? Хэрэв та нар үүнийг, амьдрал гэж юу болохыг ойлговол, Сүмийн гишүүд та нар амьдрал гэж юу болохыг үнэхээр ойлгож, мэдэх болно. Бидний амьдрал үнэхээр бидний өөрийнх биш байдгийг та нар ойлгох болно. Хэрэв бид яаж амьдарвал зохих тэр ёсоор амьдрах юм бол амьдрал зохицуулагдаж, бидэнд анхаарал тавих болно. Тэр надад 20 маркийн дэвсгэрт өгөхдөө үр дагаврыг нь мэдэж байсан гэж би бодохгүй байна. 20 марк бол зургаан доллар гэсэн үг. Зургаан доллар чинь номлогч хүнд овоо их мөнгө шүү дээ!

Та явах ёстой замаараа явж байгаа тохиолдолд иймэрхүү зүйлс амьдралд тань тохиолдох болно.

Хэрэв Сүнс гэж юу болохыг мэдэж чадвал та хэзээ ч ганцаардахгүй. Сургаал ба Гэрээ 46:2-т, “Гэхдээ бичигдсэн тэдгээр зүйлүүд байгаа хэдий ч, бүх цуглаануудыг Ариун Сүнсээр удирдагдан мөн хөтлөгдсөний дагуу хөтлөн явуулах нь эхлэлээс миний сүмийн ахлагч нарт өгөгдсөөр ирсэн бөгөөд мөн ямагт тийм байх болно” хэмээн өгүүлжээ.

Таны Сүнсэн бие

Судар, илчлэлтүүдэд тайлбарлагдсан сургаалаар бид бол сүнс, бие хоёроос бүтсэн бодгаль билээ. “Сүнс хийгээд бие нь [эдгээр нь мөнхөд нэгдсэн үед] хүмүүний бодгаль [болдог] бөлгөө” (С ба Г 88:15). Тэгэхээр та бол хоёр хэсгээс бүрдсэн хүмүүн биетэй юм. Биеийн дотор сүнс оршдог.

Танд сүнсэн бие байдаг; таны оюун билэг үүрд мөнх оршдог (С ба Г 93:29-ийг үз). Үүнийг ойлгоход хэцүү л дээ. Бид мөнх амьдрах болно. Та үүнд итгэдэг үү? Амилуулалтын дараа бид мөнх амьдрах болно. Хэрэв бид өмнө нь мөнх амьдарч байсан бол мөнх амьдрал өнгөрсөн үеийн тухайд ч бас л үнэн байх байсан. Бид эдүгээ мөнхийн юмны дунд нь байна.

Миний сүнс биеийг минь орхих тэр өдөр хэзээ ирэхийг би мэдэхгүй. Тийнхүү “салалт” болж, таны бие оршуулагдаад, бид таны сүнсийг харах боллоо гэхэд та ямархуу харагдах бол?” Таны сүнс ямархуу харагдах бол?

Та нарын заримыг нь төгс зохион байгуулалттай, юуг ч хийх чадвартай төгс тамирчид гэж дүрсэлж болох юм! Энэ тохиолдолд та гоё сайхан бие бялдартай байна. Хэрэв бид биеийг тань сүнснээс тань салгавал сүнс чинь ямархуу харагдах бол? Хэрэв та гоё сайхан бие бялдартай болохын төлөө суралцаж, залбирч, энэ тухай бодсоор байх юм бол сүнс чинь сул дорой, үлбэгэр болно гэдгийг мэдэх болно. Нөгөө талаар, та нар сул дорой бие бялдартай байж болох хэдий ч, юмсын мөнхийн байдалд сүнсээ үүрдийн үнэ цэнэтэй болгохын тулд дасгал, сургуулилалт хийж болно.

Сүнс тань биеэсээ тусгаарлагдах тэрхүү “салалт” болох өдрийг та хүлээж болно. Сүнс тань цэл залуу, гал цогтой, гоё сайхан байдаг. Бүр бие тань өтөлж хөгшрөн, өвчин эмгэгт нэрвэгдэж, ямар нэг байдлаар эрэмдэг зэрэмдэг болсон ч сүнс, бие хоёр тань Амилуулалтанд нэгдэж, та алдар суугаараа мөнхжих болно.

Миний таньдаг агуу хүмүүсийн нэг нь болж бүтэхгүй юм хийж, төрхгүйтдэг тавтиргүй хөвгүүдийн нэг байсныг би мэдсэн юм. Тэд байх ёсгүй газарт үргэлж байх мөртлөө байх ёстой газартаа байна гэж огт үгүй. Эцэст нь нэгэн ухаалаг, овсгоотой удирдагч тэднийг Ням гарагийн хичээлд авчирчээ. Багш нь хаа ч байдаг ердийн л нэг өвгөн байв. Түүнээс гадна тэр өвгөн Европоос ирсэн хөрвөгч, англиар төдийлөн сайн ярьдаггүй байв. Хөвгүүд, “Бидний багш гэнэ ээ? Хараач?” гэж жиг жуг инээлдэнэ. Миний бодоход энэ хөвгүүд ямар ч багшийг тоодоггүй байсан болов уу.

Тэгтэл юу болсон тухай найз минь ярилаа. Нөгөөх багшийг ярьж эхэлтэл хөвгүүд бүгдээрээ анхааралтай сонссон гэнэ. “Түүний итгэлийн галаар та нар гараа дулаацуулж болно” гэж найз минь хэлжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, өтөлж үжирсэн бие махбод хазгай дуудлагыг арилгаж чадахгүй ч, хүчирхэг сүнс тэнд байдаг юм шүү гэсэн санаа ажээ.

Газрын тоос болох бие--бидний зуурдын хэсэг Амилуулалтаар шинэчлэгдэн, сүнстэй эн тэнцүү хүчирхэг болно.

Ариун Сүнс таныг удирдана

Хэрэв та Ариун сүнс хэрхэн ажилладгийг ойлгох юм бол таны хувьд бүх юм тодорхой болно. Хар бараан, заналхийлэгч энерги нийлж, тан дээр бөөгнөрөөгүй бол, хилэнц төдийлөн хүчтэй байдаггүй. Та ийм энергид найр тавин бууж өгөөгүй бол, энэ нь таныг сүйрүүлж чадахгүй.

Суралцах явцад чинь “мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах, олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой” (Сургаалт Үгс 4:7).

Өөрт чинь тодорхой заагаагүй зүйлсийг ч та сурч чадна гэдэгт итгэлтэй бай. Хэрэв уншсан юм уу сонссон юм чинь л таны мэддэг бүх зүйл байвал та төдийлөн ихийг мэдэж чадахгүй. Тунгаан бодож,мэдрэхэдчинь чимээгүй байх цаг хугацаа туйлын үнэ цэнэтэй юм. Чухам үүнд л ариун сүмүүдийн ач холбогдол оршино. Та ариун сүмд явснаар, дэлхийгээс ангид байж чадна.

Та Ариун сүнсийг хүлээн авсан үед “тэрээр та нарт бүх зүйлсийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно” (Иохан 14:26) гэдэг нь Их Эзэний амлалт юм.

Та зарим зүйлийг аяндаа, бараг өөрөө ч мэдэлгүйгээр хийх болно. Та Ариун Сүнсээр өдөөгдөж, удирдагдсанаа бодож сэтгэлгүйгээр мэдэх болно. Чухам иймээс мөнөөх залуу ахлагч учир начрыг нь мэдэлгүйгээр, галт тэрэг хөдөлж байхад, араас нь гүйж ирээд 20 маркийн дэвсгэртийг түрийвчнээсээ гаргаж, надад өгсөн юм шүү дээ. Тэр биднийг их аюулаас аварсан юм.

Ингэж л юмыг хийж, хийснээ эргэн харвал, өөрийг чинь далдаас удирдаж байсныг мэдэх болно. Мөн ингэж л далдаас сэрэмжлүүлж байсныг мэдэх болно. “Тийшээ бүү яв! Ийм юм бүү хий!” хэмээн таныг сэрэмжлүүлэх болно. “Түүнтэй бүү хамт яв! Тэдэнтэй бүү хамт бай!” хэмээн танд сануулна. Тэгээд дараа нь, “Эдэнтэй хамт бай!” хэмээн таныг удирдах болно. Тийнхүү Их Эзэн таныг харж хандаж байх болно.

Сайн мэдээ үнэн, Есүс бол Христ, Тэрээр амьд, Энэ Сүм бол Түүний Сүм гэдгийг би мэднэ. Нэгдүгээрт, та Есүс Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, хоёрдугаарт, хийдэг юмнаас чинь илүү та өөрөө чухал гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр, ичиж зоволгүйгээр өөртөө зарлан мэдэгдэж болох тийм газрыг дэлхийгээс ол. Таны хийдэг юм далдаас удирдагдаж байвал энэ нь таныг одоо ямар хүн бэ, ямар хүн байж чадах вэ гэдгийг тодорхойлно.

Зураг чимэглэлийг Грегг Торкелсон

Тэр залуу ахлагч яагаад надад 20 маркийн дэвсгэрт өгсөн юм бол? Хэрэв та үүнийг ойлговол, бидний амьдрал чухам яагаад бидний өөрийнх биш байдгийг ойлгох болно. Бидний амьдрал далдаас удирдагддаг юм.

Гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер

Крейг Даймондын авсан Хятадын Хонг Конгийн Ариун сүмийн гэрэл зураг; гэрэл зураг чимэглэлийг Жон Лук