2009
Төгс сайжралтыг олсон бидний тэнгэрлэг гэр
зургадугаар сар 2009


Төгс хөгжсөн бидний тэнгэрлэг гэр

2006 оны есдүгээр сарын 19-нд Бригам Янгийн Их Сургууль дээр болсон онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс Англи хэл дээрх бүрэн эхийг http://speeches.byu.edu-оос үз.

Зураг
Elder Douglas L. Callister

Хэрэв бид марталтын хөшигний цаана гарч, дэлхий дээр ирэхээсээ өмнө амьдарч байсан гэрээ ажиглаж чаддагсан бол, тэнд агуу аз жаргалтай амьдарч байгаа хүмүүсийн гэгээрсэн оюун ухаан, зүрх сэтгэлийг хараад гайхан бишрэх биз ээ. Бидний тэнгэрлэг эцэг эхчүүд туйлын цэвэр ариун, төгөлдөржсөн хүмүүс гэдгийг би төсөөлж байна. Энэхүү агуу сайн мэдээнд дэлхий дээрх бидний сорилтын нэг зорилго бол бид тэнгэрлэг эцэг эхийнхээ дэргэд ая тухтай байхын тулд боломжтой бүхий л арга замаар тэдэнтэй адилхан болж, Иносын хэлснээр, тэдний царайг “тааламжтайгаар” харах явдал мөн (Инос 1:27).

Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77) хэлсэн нь: “Бид тэнгэрт аж төрдөг хүмүүсийн дүр төрхтэй байхыг хичээдэг. Бид тэднийг дуурайхыг, тэдэнтэй адилхан байхыг, тэдэнтэй мөр зэрэгцэн алхаж, ярилцахыг хичээдэг.”1 Биднийг тэнгэрлэг гэрээс маань түр хугацаагаар тусгаарласан хөшигний цаад тал руу зэрвэсхэн харж, тэнд оршдог ариун журамт, эрхэм сайхан, төгс сайжирсан оршихуйг үгээр дүрслэхсэн гэж би боддог. Тэгэх юм бол би тэнгэрийн хэл, уран зохиол, дуу хөгжим, урлагийн тухай, түүнчлэн тэнгэрлэг хүмүүн биесийн өө сэвгүй гадаад төрх байдлын тухай өгүүлье. Учир нь бид эдгээр хүмүүн бие бүрийг цэвэр ариун, төгөлдөржсөн байдлаар нь тэнгэрт олж харна гэдэгт би итгэдэг.

Бид Бурхантай хэдийчинээ адилхан болох тусам төгс сайжирсан, ариун сайхан зүйлс бидний санаа сэтгэлд төдийчинээ хүчтэй нөлөөлдөг билээ.

Хэл яриа

Бурхан бүх хэлээр, тэгэхдээ ном ёсоор нь, төгс сайхан ярьдаг. Тэрбээр даруу төлөв бөгөөд үг яриа нь эгэл жирийн. Бурхан энэ дэлхийг бүтээсэн агуу үйл явцыг ердийн үгсээр дүрслэн, “энэ нь сайхан байсан” (Эхлэл 1:4) гэжээ. Хэрэв Бурхан “аймаар гоё” үгээр эсвэл өөр сүржин үг хэллэг ашигласан бол бид сэтгэл гонсгор байх биз ээ.

Английн жүжгийн зохиолч, яруу найрагч Бен Жонсон, “Тухайн хүн ямар хүн болохыг хэл яриа нь хамгийн тод харуулдаг. Өөрийг чинь ямар хүн бэ гэдгийг би шууд хэлж болохоор ярь” хэмээн хэлжээ.2 Бидний хэл яриа, бидний бодол санаа, ариун журам, итгэл даах эсэхийг, бас эргэлзээ тээнэгэлзээ, тэр ч байтугай ямар гэр бүлд өссөнийг нь ч илчилдэг билээ. Хэрэв бид зохистой байдлаар ярьж занших юм бол Тэнгэрлэг Эцэгийнхээ дэргэд илүү тааламжтай байх болно.

Зөв ярьсан тохиолдолд тэнгэрийн хэл хөгжим шиг сонсогдоно гэж би боддог. Энэ санааг бодон уран зохиолын шүүмжлэгч, эрдэмтэн, зохиолч К. С.Люис “зарим нийлэмж үгс жинхэнэ утгаасаа халин, сэтгэл сэргээсэн хөгжим лугаа адил сонсогддог нь сонин биш үү?” хэмээн бичжээ3 Есүсийг төрөхөд тэнгэр элчүүд хүрч ирэн, “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай” (Лук 2:14) гэж хэлсэн болохоос биш дуулаагүй шүү дээ. Бид үгсийг дуугаар илэрхийлэхийг хичээдэг ч, тэнгэр элчүүд үүнийг үгээр хэлсэн юм.

Америкийн философич, яруу найрагч Ральф Вальдо Эмерсоныг Английн агуу жүжгийн зохиолч, яруу найрагч Шекспирийн мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх ёслол дээр үг хэлнэ үү гэж урьсан тухай түүний намтрыг бичсэн Америкийн утга зохиолын шүүмжлэгч, түүхч Ван Вик Брукс өгүүлсэн байдаг. Эмерсон индэр дээр гарч өөрийгөө ном дүрмийн дагуу танилцуулаад суусан гэдэг. Тэр тэмдэглэсэн хэлэх үгээ мартчихсан аж. Чамбай бодож боловсруулаагүй үг хэлснээс юу ч хэлэхгүй байсан нь дээр гэж тэр үзжээ. Зарим хүмүүсийн бодлоор энэ нь Эмерсоны хамгийн уран илтгэсэн нэг тохиолдол байсан гэнэ.4

Үг яриа сайхан байх нь өнгө зассан уран илтгэх чадвараас илүү зүйл бөгөөд цэвэр ариун бодол санаа, үнэн сэтгэлийн үг хэллэгээс улбаатай байдаг. Зарим үед хүүхдийн залбирал Виллям Шекспирийн жүжгийн зохиолын хэлнээс илүүгээр тэнгэрийн хэлэнд ойр байж болно.

Хэл яриа сайхан байх нь зөвхөн бидний үг сонголтоос төдийгүй ярилцаж байгаа зүйлээс хамаатай байдаг. Үргэлж өөрсдийнхөө тухай яриад байдаг хүмүүс бий. Ийм хүмүүс нэг бол итгэл даахгүй, нэг бол бардам сэхүүн зантай байдаг. Үргэлж бусдын тухай ярьдаг хүмүүс бий. Тэд ихэнхдээ уйтгартай, залхмаар хүмүүс байдаг. Шинэлэг сонин санаа, сэтгэл гижигдсэн сонирхолтой ном, сүнслэг нөлөө бүхий сургаалын тухай ярьдаг хүмүүс байдаг. Тэд бол энэ дэлхийг илүү тааламжтай сайхан газар болгодог цөөхөн хүмүүс юм. Тэнгэрт аар саар, улиг болсон сэдвүүд яригддаггүй. Тэнд яригддаг сэдвүүд нь бидний хамгийн сайнаар төсөөлж чадахаас ч зүйрлэшгүй дээгүүр юм. Хэрэв бид энэ дэлхий дээр сайн сайхан, гэрэл гэгээтэй юмсын тухай өөдрөг өрнүүн, хэрсүү ухаанаар ярьж заншвал, тэнгэр дэх гэр орондоо тааламжтай сайхан байх болно.

Утга зохиол

Баасан гарагийн орой үзвэр цэнгүүнд хаашаа явж болох вэ гэдгийг мэдэх гэж хүмүүс яаран үймэлддэг биз дээ? Өнөөдөр манай нийгэм физикч, математикч, одон орон судлаач Исаак Ньютоныг эсвэл хөгжмийн зохиолч Вульфганг Амад Моцартыг төрүүлж чадна гэж үү? Үзвэр цэнгүүн үзэж зугаацах бидний ханашгүй хүсэл таашаалыг 85 сувагт, тоо томшгүй олон DVD хангаж чадна гэж үү? Компьютерийн тоглоом тоглох эсвэл Интернэтэд донтой болсон ухаалаг бус хүмүүс ном унших, хүмүүстэй ярилцах, хөгжим сонсож баяр баяслыг олох арвин баялаг туршлагыг өөрсдийнхөө хувьд үгүй болгож байгаа бус уу?

Бидний тэнгэрлэг гэрт телевизор, DVD тоглуулагч байдаг эсэхийг би мэдэхгүй. Гэвч миний төсөөлдгөөр, тэнгэрт том төгөлдөр хуур, бишрэм сайхан номын сан байгаа нь лавтай. Ерөнхийлөгч Гордон Б.Хинклийг (1910–2008) залуу байхад гэрт нь маш сайхан номын сан байсан гэдэг. Түүний гэр сайрхан гайхуулсан, гял цал байсангүй. Харин номын сан нь дэлхийн уран зохиолын дээж болсон 1,000 орчим боть номтой байсан гэдэг. Ерөнхийлөгч Хинкли идэр насаа тэдгээр номуудыг шимтэн уншиж өнгөрүүлжээ. Гэвч их юм уншдаг байхын тулд уран зохиолын номын үнэтэй цуглуулгатай байх нь алба биш. Учир нь уран зохиолын дээжис болсон номууд дэлхийн номын сангуудад баячууд, ядуучууд аль алинд нь хүртээмжтэй байдаг билээ.

Ерөнхийлөгч Давид О.МкКей (1873–1970) өглөө бүр 4:00 цагт босч, нэг юм уу хоёр номыг хурдан гүйлгэн уншаад, ажлаа 6:00 цагт эхэлдэг зуршилтай байсан гэдэг. Тэрээр 1000 шүлгийг цээжээр мэддэг байжээ. Тэрээр уран зохиолын агуу мастеруудыг “бага бошиглогчид” гэж ярьдаг. Тэр бол “мэргэн ухааны үгсийг шилдэг номнуудаас эрэлхийлэгтүн та нар” (С ба Г 88:118) гэсэн судрын зөвлөгөөний амьд биелэл байсан юм.

Гэргий бид хоёр саявтархан Сүмийн томилолтоор Зүүн Европт дөрвөн жилийг өнгөрүүлсэн юм. Бид Метро хэмээн нэрлэгддэг Москвагийн газар доорх төмөр замаар байнга явдаг байлаа. Метрогоор яваа Оросын зорчигчдын толгой бөхийсөн байхыг бид ажигладаг байлаа. Учир нь тэд Толстой, Чехов, Достоевский, Пушкин, бас заримдаа Марк Твейний зохиолыг уншиж явдаг. Хүмүүс нь ядуу ч, ядуу зүдүүгээ юманд бодохгүй. Тэд бол Оросын уран зохиол, урлаг, хөгжмийн баялаг өв уламжлалыг эзэмшсэн хүмүүс.

Ерөнхийлөгч МкКей: “Номыг хамтрагчаа болгон нөхөрлө. Биднийг илүү сайн, илүү оюунлаг, дэлхий дэх сайн сайхан бүхнийг илүү ихээр эрхэмлэн дээдлэх болгодог номнуудыг бид сонгож болно. Эс бөгөөс ‘шаварт хутгалдсан’ юм шиг мэдрэмжийг бидэнд төрүүлэх хог новшийн, бүдүүн баараг, бузар булай юмсыг бид сонгож болно.’”5

Судрууд бусад бүх ном зохиолоос илүү дээгүүр, тэдгээртэй эгнэхгүй чухал нь мэдээж юм. Учир нь судрууд хүмүүний бодол санаан дээр тулгуурладаггүй билээ.

Хөгжим

Хэрэв бид тэнгэрийн хөшигний цаад тал руу зэрвэсхэн харж чаддагсан бол тэнгэрийн хөгжим бидэнд сүнслэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Эл хөгжим энэ дэлхий дээр бидний сонссон, сонсдог ямар ч хөгжмөөс илүү сайхан байх нь лавтай.

Зарим хөгжим цаг хугацааны шалгуурыг даван туулж, боловсрол хүмүүжилтэй, цэвэр ариун санаа бодолтой хүмүүс эдгээр хөгжмийг магтсан хэвээр байхад агуу хөгжмийг үнэлэхгүй байгаа нь бидний алдаа дутагдал юм. Агуу хөгжмийг үнэлэхгүй байгаа алдаа нь уг хөгжимд биш, харин бидэнд өөрсдөд маань байгаа билээ. Хэрэв залуу хүн хавчуургатай талх, шарсан төмсөөр байнга хооллож өсөх юм бол тэр нарийн хоолонд дуртай болохгүй биз ээ. Гэвч алдаа дутагдал нь нарийн хоолонд биш юм. Тэр залуу хүн өөр ямар нэг юмаар дутмаг өсөх биз ээ. Зарим хүмүүс бүх нийтийн гэх, чихэнд чийр болсон, бүдүүлэг хөгжмийг сонсон өсч байна.

Та бүхэн сонсдог хөгжимдөө шигшилт хийж, сэтгэл санааг өргөж, сүнслэгээр нөлөөлдөг хөгжмийг сонгон авах цаг болжээ. Энэ бол та бүхний мөнхийн аяллын үе дэх өсч хөгжин сайжрах үйл явцын нэг хэсэг юм. Эдүгээ бас та бүхэн хөгжмийн зэмсэгт суралцах эсвэл хагас дутуу эзэмшсэн хөгжмийнхөө ур чадварыг дээшлүүлэх цаг нэгэнт болжээ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл А.Максвелл (1926–2004) хэлсэн нь: “Бид … удаан үргэлжлэх үнэ цэнэгүй юмсыг сонгох хандлага давамгайлсан дэлхийд амьдарч байгаа болохоор шилдэг сайн хөгжимд шимтэн дурлах боломж, нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Мөн эдүгээ бид бүх нийтийн дунд дэлгэрсэн юмст анхаарал тавин шохоорхдог дэлхийд аж төрж байна. Бүх эрин зууны шилдэг хөгжмийг улам ихээр шимтэн сонирхох боломж, нөхцөлийг бид хүмүүст бүрдүүлж өгөх хэрэгтэй.6

Шилдэг сайн хөгжим зүрх сэтгэлд нэвтрэн нөлөөлөх хүчтэйг ойлгосон, Ирландын жүжгийн зохиолч, яруу найрагч Оскар Вайд зохиолынхоо нэгэн баатраар дамжуулан, “Шопены хөгжмийг тоглосны дараа би хэзээ ч үйлдээгүй нүглийн төлөө уйлан хайлж байгаа юм шиг, өөртөө тохиолдоогүй эмгэнэлт явдлын төлөө уй гашуу болж байгаа юм шиг мэдрэмж надад төрдөг билээ” хэмээн хэлжээ.7 Есүс Христийн ирэлтийн тухай судрууд ашиглан Жорж Фредерик Ханделын зохиосон Мессиа магтуу дууны анхны тоглолтын дараа, магтаалын хариу болгон Хандел хэлэхдээ, “Эзэн минь, хэрэв би хүмүүсийг зөвхөн зугаацуулсан бол би харамсах учиртай. Би тэднийг илүү сайн болгож чаддаг ч болоосой” гэжээ.8 Жозеф Хейдн (Австрийн хөгжмийн зохиолч) “зохиолоо бичихдээ хамгийн сайхан хувцсаа өмссөн байв. Учир нь хөгжмийн зохиолоо бичих нь Бурхантай хамт цаг өнгөрөөж байгаа юм шиг мэдрэгддэг” гэж тэрээр хэлжээ.9

Амьдрал дахь зарим үйл явдал сайн хөгжмийн оролцоогүйгээр төсөөлж чадахааргүй тийм нарийн байдаг. Бид Христийн Мэндэлсний Баярыг багт наадамгүйгээр, ерөнхий чуулганыг ариун дуулалгүйгээр хийж чадахгүй шүү дээ. Гайхан биширмээр хөгжимгүй тэнгэр гэж хаанаас байх билээ. “Тамд хөгжим байхгүй, учир нь бүх сайн хөгжим тэнгэрийнх юм” гэж Ерөнхийлөгч Янг хэлжээ.10 Тамд очиж, бүх үүрд мөнхийн туршид хөгжмийн ноот сонсохгүй байх нь хатуухан шийтгэл болох биз ээ.

Урлаг, гадаад төрх байдал ба зан харьцаа

Зөв хэл яриа, сайн ном зохиол, шилдэг хөгжмийг гэр оронд бий болгох тухай миний хуваалцсан зүйл бидний тэнгэрлэг гэр оронд тансгаар тоглож үзүүлдэг байж болох үнэнхүү агуу урлагтай эн тэнцүү юм хэмээн хэлж болох биз ээ. Энэ нь бас бидний гадаад төрх болон биеэ авч яваа байдал, бидний гэр орон дахь эмх цэгц, дэг журам, залбирлаа хэрхэн хэлдэг, Бурханы үгийг хэрхэн уншдагтай холбоотой гэж хэлж болно.

Би нэг удаа бельги гаралтай агуу жүжигчин Оодри Хепбөрнийг Миний үзэсгэлэнтэй хатагтай киногоо хийж байхад нь уулзсан юм. Тэрээр цэцэг зардаг даруухан, цагаан цайлган сэтгэлтэй охиныг дүрсэлсэн киноныхоо эхний хэсгийн зургийн тухай ярьж билээ. Амьдардаг орчинтой нь нийцүүлэхийн тулд нүүрийг нь модны нүүрсээр халтартуулан будсан байж. “Гэвч” би өөрийнхөө үнэртэй усыг түрхсэн байсан. Би дотроо хатагтай гэдгээ мэдэж байсан” гэж тэр нүдээ ирмэн хэллээ. Хатагтай байхын тулд өндөр үнэтэй үнэртэй ус түрхээд л болчихдоггүй, харин энэ нь цэвэрч байдал, даруу зан, өөрийгөө дээдлэх хүндлэл, аятай сайхан гадаад төрх байдлыг шаарддаг юм.

Олон жилийн тэртээ миний нэг танил орой гэртээ ирэх болгондоо гэргийгээ ямар нэг зүйлээр магтан баярлуулж байхаар шийдсэн билээ. Нэг орой тэр эхнэрийнхээ хийсэн хоолыг магтаж. Хоёр дахь орой гэр орноо гаргуун сайхан авч явдагт нь талархал илэрхийлж. Гурав дахь орой нь хүүхдүүддээ сайн нөлөө үзүүлдгийг нь магтан сайшааж гэнэ. Дөрөв дэх орой нь түүнийг магтаалын үг хэлэхээс өмнө, эхнэр “Чиний юу гээд байгааг би мэдэж байна аа. Үүнд чинь баярлалаа. Гэхдээ одоо ийм юмс битгий хэл. Зүгээр л чамайг үнэхээр сайхан гэж боддог гээд л хэлчих” гэсэн гэдэг.

Тэр эмэгтэй өөртөө хэрэгтэй байгаа юмыг л илэрхийлсэн аж. Эзэмшдэг бүх бэлгийнх нь төлөө, түүний дотор бусад хүмүүсийн амьдралыг өөдрөг өрнүүн болгоход бие хайргүй хувь нэмэр оруулж, гадаад төрх байдалдаа ихэд анхаарал тавьдгийнх нь төлөө эмэгтэйчүүдийг магтах ёстой. Бид гадаад төрх байдлаа анхаарахгүй байж болохгүй. Тэнгэр бидэнд соёрхсон гоо сайхнаас бид холдон хөндийрөхгүйн тулд биеэ бүү хайнга, салан задгай авч яв.

“Би ямар байдалтай харагдах нь Бурхан миний талаар юу гэж бодохтой огт падгүй хэрэг” гэж зарим хүмүүс эх захгүй юм шиг хэлдэг. Гэвч дэлхийн болон тэнгэрийн эцэг эхчүүд аль аль нь үр хүүхдүүддээ урам хугарснаа үг хэлгүйгээр илэрхийлж, хайраа багасгах нь байж болох зүйл.

Сүмийн зургаа дахь Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918) цөөхөн юмтай байсан ч эдгээр юмстаа анхаарал тавьдаг байсан аж. Тэр гадаад төрх байдалдаа нягт няхуур ханддаг байв. Тэр долларын дэвсгэртүүдээ үрчлээг нь арилгах гэж индүүддэг байв. Тэр шөнө үүрдэг цүнхэндээ юмаа хийхийг өөрөөсөө өөр хэнд ч зөвшөөрдөггүй байсан гэдэг. Гэр ахуйн юм бүхэн нь эрэг шураг, боолт хүртэл хаана байгааг мэддэг байсан гэдэг. Юм бүхэн нь байх ёстой газартаа л байдаг байжээ.

Та нарын амьдардаг орчин мөн л ийм байж болноо доо? Энэ чинь эмх цэгц, дэг журамтай гэр орон мөн биз дээ? Та бүхэн Их Эзэний сүнсийг гэр орондоо урихаас өмнө тоос шороогоо цэвэрлэж, юмаа эмх цэгцтэй болгох хэрэгтэй юү? Ерөнхийлөгч Лорензо Снөү (1814–1901): “Гэгээнтнүүд дандаа газрын агуй, хонгилд амьдрах ёсгүй, харин гоё сайхан орон байр барих ёстой гэж Их Эзэн боддог байсан юм. Их Эзэн ирэхдээ бохир заваан хүмүүстэй биш, харин цэвэр сайхан хүмүүстэй уулзахыг хүсэн хүлээх болно” гэж хэлжээ.11

Станфордын Их Сургуулийн ерөнхийлөгч асан, Давид Старр Жордан: “Бүдүүлэг байна гэдэг бол тухайн юмны хамгийн доод түвшинд байна гэсэн үг. Энэ бол муу юмыг муу аргаар үйлдэж, түүндээ сэтгэл хангалуун байх явдал юм… . Бүдүүлэг байна гэдэг бол хүн бохир ажил хийгээгүй үедээ бохир зотон даавуун хувцастай байна гэсэн үг. Муу хөгжимд шимтэн дурлах, номны оронцгуудыг унших, шуугиан дэгдээгч сонинуудаар оюунаа цэнэглэх, хогийн саванд хийвэл зохих роман, туужаас баяр цэнгэлийг олох, театрын болхи зохисгүй тоглолтыг үзэх, явган шог наргианаас сэтгэлийн баяслыг олох нь бүдүүлэг явдал мөн.12

Тэнгэрлэг гэртээ бус тэнгэрийн хаант улсын дэв зиндаанд тохирох бэлтгэлийг хийлгэхээр Тэнгэр дэх Эцэг чинь та нарыг нааш нь илгээсэн юм шүү дээ. Тэрээр та нарыг итгэл мөрөөдлөө гээгээсэй гэж хүсдэггүй. Та нар бол өргөмлөгдсөн хүүхдүүд юм. Та нар хаад, хатад болохоор урьдчилан томилогдсон билээ. Та нар хэл яриа, уран зохиол, дуу хөгжим, соёл урлаг хийгээд тэнгэрийн дэг журмын сайн сайхны дээд туйл болсон гэр оронд, мөн тийм орчинд амьдрах болно.

“Бид тэнгэр элчүүдийн хүрээлэлд тохирохуйц зохистой болохын тулд бидний оюун ухаан төгс сайхан зүйл, жинхэнэ гаргуун юмс дээр төвлөрдөрдгийг тэнгэрт нотолж, бидэнд авьяас билэг, хүсэл таашаал байдгийг дэлхийд харуулцгаая” гэсэн Ерөнхийлөгч Янгийн үгсээр би үгээ өндөрлөе.13

Үүгээр ч зогсохгүй, тэнгэрлэг эцэг эхийнхээ төгс сайжралтыг олсон орчинд тохирохоор зохистой байцгаая. Учир нь бид бол Бурхадын үр сад, “Хамгийн Дээд Нэгэний хүүхдүүд” (Дуулал 82:6) билээ.

Эшлэл

  1. Бригам Янг, “Remarks,” Deseret News, 1862 оны 5-р сарын 5, 1.

  2. Алгернон Свинбөрне, A Study of Ben Jonson, хянан тохиолдуулсан Сөр Эдмунд Госсе болон бусад (1926), 120.

  3. К.С.Люис, They Stand Together: The Letters of C. S. Lewis to Arthur Greeves (1914–1963) (1979), 96.

  4. Венделл Ж.Аштон, In Your Own Image (1959), 113-ыг үз.

  5. Давид О.МкКей, Pathways to Happiness, эмхтгэсэн Ллевилин Р.МкКей (1957), 15.

  6. Нийл А.Максвелл, ЛаМар Баррус-т, “The Joy of Music,” New Perspectives, 1997 оны 4-р сар, 10.

  7. The Works of Oscar Wilde (1909), 112.

  8. “A Tribute to Handel,” Improvement Era, 1929 оны 5-р сар, 574.

  9. Хал Виллямс, “Доктор Рейд Нибли, Acquiring a Taste for Classical Music,” BYU Today, 1980 оны 4-р сар, 14.

  10. Discourses of Brigham Young, эмхтгэсэн Жон А.Видцөү (1954), 242.

  11. Лорензо Снөү, Wilford Woodruff: History of His Life and Labors, хянан тохиолдуулсан Маттиас Ф.Каули (1964), 468.

  12. Давид Старр Жордан, “The Strength of Being Clean,” Inspirational Classics for Latter-day Saints, эмхтгэсэн Жак М.Лайон (2000), 191.

  13. Discourses of Brigham Young, 424.

Роберт Касейн гэрэл зураг; доод талд: Shambala Publications хэвлэлийн газрын чимэглэл; баруун талд: Nova Development-ийн чимэглэл

© Getty Images-ийн гэрэл зураг