2009
Их Эзэн тэтгэсэн юм
зургадугаар сар 2009


Их Эзэн тэтгэсэн юм

Гэрлэсний дараах миний хамгийн агуу нэг хүсэл бол өнөр гэр бүлтэй болох явдал байлаа. Нэг шөнө би зүүдэлж, өнөр ам бүлийнхээ хэсэг болсон дөрвөн охин, гурван хүүг зүүдэндээ харж билээ. Намайг хүүхдүүдтэй болж эхлэхэд хүүхдүүдээ асарч халамжлах ажилд нөхөр бид хоёрт Их Эзэн тусалдаг байв. Хүүхэд өвчлөх юм уу ямар нэг асуудал гарахад санваартны адислал өгөхөд гайхамшиг тохиож, бүх юм сайн сайхнаар төгсдөг байлаа.

Гэтэл нөхөр маань өөд болов. Би уй гашуугаасаа салахыг хичээн, ядахдаа жирэмсэн байсан болохоор хүүхдүүдээ яаж гэдсийг нь цатгалан, мөрийг нь бүтэн явуулдаг билээ гэж санаа зовж байлаа. Гэвч Их Эзэн надад тусалсаар байх болно гэдгийг мэдэж байв.

Түүний тусалсан нэг арга зам намайг тайтгаруулсан юм. Би ариун сүмд байхдаа нөхөр минь дэлхийг орхих шалтгаан түүнд байсныг мөн хөшигний нөгөө талаас тусалж байгааг ухаарч ойлгосон билээ. Ариун сүмд удалгүй дахин явах хэрэгтэйг би бас хүчтэйгээр мэдэрсэн. Би гурван сарын дотор ариун сүмд дахин явахыг хүссэн ч цаг зав, мөнгө төгрөг аль аль нь хэцүү байлаа. Би Швейцарийн Бернийн ариун сүм рүү явдаг юм. Энэ ариун сүм Итали дахь гэрээс минь алс хол оршдог.

Ариун сүмээс холгүй орших жижиг зочид буудлаас намайг гарч явтал Сүмийн нэг гишүүн намайг зогсоолоо. Тэр надад нэг дугтуйтай юм өгөөд, “Үүнийг танд өгч байгаа юм шүү” гэв.

Дугтуйг задалбал дотор нь мөнгө байлаа. “Би үүнийг авч болохгүй шүү дээ” гэж намайг хэлэхэд,

“Ав л даа, ав” гэж тэр хэлэв. “Намайг ариун сүмд байх үед энэ мөнгийг танд өгөх хэрэгтэй гэсэн Сүнсний өдөөлтийг би мэдэрсэн.”

Тоолж үзвэл Италиас ариун сүмд машинаар ирж, буцах зардалд хүрэх мөнгө байлаа. Гурван сарын дараа би ариун сүмд дахин ирэв.

Эмчийн оффист ажилд ороход Их Эзэн надад тусалснаар намайг бас тэтгэсэн юм. Эмнэлгийн түргэн тусламжинд ажиллахаар магадлан шалгуулах боломж удалгүй надад олдов. Би магадлан шалгах хичээлд суусан ч, шалгалт нь хүүхдээ төрүүлснээс хойш хоёрхон долоо хоногийн дараа болсон юм. Би дамжааны бүх хичээлд сууж, судалсан ч, хамгийн их хичээвэл зохих хоёр долоо хоногт дөнгөж саяхан төрсөн охиндоо хамаг анхаарлаа хандуулах хэрэгтэй байлаа. Би толгой өндийлгөх завгүй байлаа. Хичээлээ хийх цаггүй байсан болохоор шалгалтаа өгч чадна гэхэд нэг итгэлгүй байлаа.

Би бараг л бууж өгөх дээрээ тулан, шалгалтанд орохоо болихоор шийдээд байтал Их Эзэн намайг энэ боломжоор адисалсан шүү дээ гэж гэнэт бодогдоод явчихлаа. Ингээд залбирахад, би хийдгээ хийсэн болохоор Их Эзэний тусламжийг хүлээн авах болно гэсэн баттай итгэлийг Сүнс надад төрүүллээ.

Их Эзэн надад тусална гэсэн итгэтэйгээр би шалгалтаа өглөө. Шалгалт нь миний хамгийн сайн мэддэг материал дээр тулгуурласныг мэдээд санаа амарлаа. Би шалгалтаа амжилттай өглөө. Илүү боломж олгосон түргэн тусламжийн гэрчилгээ л чухамдаа гэр бүлд минь хэрэгтэй байсан зүйлийг надад өгсөн юм. Хүүхдүүддээ илүү их цаг гаргаж, тэднийг асарч халамжлахын тулд илүү их мөнгө олох боломж надад олдсон билээ.

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, итгэлээр даруухан гуйсан үед надад тусалдгийг би мэднэ. Хүүхдүүдээ тэтгэхэд Тэрээр надад тусалдгийг, хүүхдүүд, нөхөртэйгөө үүрд мөнхөд хамт байх болно гэдгийг би мэднэ.

Сүмийн нэг гишүүн надад нэг дугтуйтай юм өгөөд, “Үүнийг танд өгч байгаа юм шүү” гэв.