2009
Залбирал ба хөх тэнгэр
зургадугаар сар 2009


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Залбирал ба хөх тэнгэр

Зураг
President Dieter F. Uchtdorf

Нислэгийн талаарх миний хамгийн дуртай зүйлсийн нэг бол бороотой бүрхэг үед нисэх буудлаас хөөрөн айн сүрдмээр өтгөн үүлэн дундуур дээш дүүлэн, харанхуй мананг нэвтлэн, нар гийсэн, хязгааргүй гүн хөх тэнгэрт гэнэт шумбан орох тэр үе байлаа.

Яг үүнтэй адил үйл бидний амьдралд байнга тохиодгийг хараад би гайхдаг байлаа. Бид айн сүрдмээр үүлс, харанхуй шуурган дунд байхдаа түнэр харанхуй ер нь арилах болов уу хэмээн боддог бус уу? Бид өдөр тутмын амьдралын үймээн бужигнаанаас өөрсдийгөө ангид байлгах, амар амгалан, тайтгарлын газар аваачих цорын ганц зам бий.

Энэ бол боломжтой зүйл гэдгийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд мэддэг билээ. Бурханаас авдаг мэдлэг, ойлголт, удирдамж, өнөө үеийн бошиглолын чиглүүлэл нь бидэнд үүнийг чухам яаж хийхийг харуулдаг юм.

Өргөлт

Нисэх онгоцыг газраас хөөргөхийн тулд та өргөлтийг бий болгох ёстой. Аеродинамикт нисэх онгоцны далавчин дээгүүр агаарын урсгал өнгөрөхөд далавчин доорх даралт далавчин дээрх даралтаас илүү гарсан тохиолдолд хөөрөлт бий болдог. Дээш нь өргөх хүч доош татах хүндийн хүчнээс давсан үед нисэх онгоц газраас дээш хөөрч, нисдэг.

Үүнтэй адилаар бид сүнсний амьдралдаа өргөлтийг бий болгож чадна. Биднийг тэнгэр өөд өргөх хүч нь уруу таталт, гай зовлонгоос илүү байгаа үед бид дээш өргөгдөж, Сүнс уруу элин халин нисч чадна.

Толь бичгүүдэд өргөлт гэдэг үгийг доор байгаа юмыг илүү өндөр байрлалд дээш нь аваачих буюу чиглүүлэх; шинэ түвшин буюу шинэ өндөрлөгт өргөн гаргадаг хүч; хүндийн хүчний доош таталтын эсрэг дээш өргөх чиглэлд үйлчилдэг хүч гэж дүрсэлжээ.1

Дууллыг зохиогч бүр үүнээс ч илүү өндөр зорилго дэвшүүлжээ: “ЭЗЭН, Тань уруу би сэтгэлээ өргөдөг (Дуулал 25:1). Би харцаа уулс уруу өргөнө. Миний тусламж ЭЗЭНээс ирдэг” (Дуулал 121:1–2).

Бид хувь хүнийхээ сүнслэг байдлыг хөгжүүлснээр тэргүүнээ тэнгэрийн Бурхан уруу өргөдөг. Бид Эцэг, бидний Аврагч Хүү мөн Ариун Сүнстэй нийцэн амьдарснаар ийм байж чадна. Бид үнэхээр “хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн [бидэн] дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхийг” хичээн чармайснаар ийм байж чадна (Мозая 3:19).

Зөв шударга зүрхний чин сэтгэлийн залбирал

Бидний өргөлтөд тусалдаг сайн мэдээний олон зарчим байдаг ч, би нэг л зарчим дээр тусгайлан анхаарал төвлөрүүлэхийг хүсч байна. Залбирал бол өргөлтийг бий болгодог сайн мэдээний зарчмуудын нэг юм. Залбирал нь биднийг дэлхийн санаа зовоодог зүйлсээс, цөхрөл гутралын үүлс дундуур туулан харанхуйгаас гэрэл гэгээтэй, цэлмэг тэнгэр уруу өргөн гаргах хүчтэй.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бидэнд байдаг агуу адислал, онцгой хувь тавилан хийгээд боломжуудын нэг бол Түүнтэй харилцаж чаддаг явдал мөн. Бид амьдралынхаа туршлага, хүнд сорилт, адислалуудын тухай Түүнд ярьж, Ариун Сүнсийг сонсож, селестиел удирдамжийг нь хүлээн авч чадна. Мөн тэнгэрт хандан хүсэлт гуйлтаа хэлэхэд, залбирлыг маань хайраар дүүрэн, мэргэн цэцэн Эцэг сонсож, хариулах болно гэдэг бат итгэлийг хүлээн авдаг.

Зүрх сэтгэлийн угаас гарсан, утга учир багатай үгсийг улиглан давтахаас зайлсхийсэн залбирал үр өгөөжтэй байдаг. Бидний залбирал Тэнгэр дэх Эцэгтэйгээ нэг байх гүн хүслээс ундран гардаг байх ёстой.

Хэрэв залбирал чинхүү итгэлээр хийгдвэл Бурхан ямар ч цаг үед хүлээн авдаг. Залбирч чадахгүй юм шиг танд санагдвал, таны хувьд зайлшгүй итгэлээр залбирах хэрэгтэй цаг иржээ гэсэн үг. “Хэрэв та нар хүмүүнд залбирахыг сургах Сүнсийг анхаарах аваас, та нар залбирах ёстойг мэдэх бөлгөө; өөрөөр хэлбэл, хилэнцэт сүнс … залбирах ёсгүйг түүнд сургадаг” (2 Нифай 32:8) гэж Нифай тодорхой заажээ.

Ерөнхийлөгч Харольд Б.Лий (1899–1973) сургасан нь: “Зөв шударга зүрхний чин сэтгэлийн залбирал нь зөв шударгаар эрэлхийлдэг бурханлиг мэргэн ухаан хийгээд хүч чадлын хаалгыг хүнд бүрд нээж өгдөг.”2

Залбирал хариулагддаг уу? Тийм ээ, залбирал хариулагддагийг би гэрчилж байна.

Бид тэнгэрийн хаант улсаас тусламж, мэргэн ухаан, дэмжлэг хүлээн авч чадах уу? Тийм ээ, хүлээн авч чадна гэдгийг би дахин тов тодорхой гэрчилж байна.

Дуулгавартай байдал бол бид залбиралдаа хариу хүлээн авах баталгаа мөн. “Бид гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүний мэлмийд тааламжтай зүйлсийг үйлддэг билээ” (1 Иохан 3:22) хэмээн бид Шинэ Гэрээнээс уншдаг билээ.

Бидний залбирлын хариу Их Эзэний таалсан цагт ирдэг. Их Эзэн бидний залбирлын хариуг хойшлуулжээ хэмээн бид заримдаа бухимддаг. Ийм үед бидний мэдэхгүй юмыг Тэрээр мэддэгийг ойлгох хэрэгтэй. Тэрээр бидний хардаггүй юмыг хардаг. Түүнд итгэ. Тэр хүүхдүүддээ юу хамгийн тохиромжтой болохыг мэддэг. Бурхан төгс учраас бидний залбиралд төгс байдлаар, төгс цаг үед хариулах болно.

Бусад үед бидний залбирлын хариу шууд ирж болно. “Сүнсээр асуудаг тэрээр Бурханы тааллын дагуу асуудаг юм; иймийн тул энэ нь бүр түүний асуусанчлан үйлдэгддэг болой” (С ба Г 46:30; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) гэдгийг 1831 онд Бошиглогч Иосеф Смит Көртландад өөрт нь ирсэн нэг илчлэлтээс мэджээ. Ямар гайхамшигтай амлалт билээ!

Шинэ өндөрлөг

Залбирал бол биднийг сүнслэг байдлын өргөлтөд хүрэхэд туслах зорилготой тэнгэрлэг бэлэг юм. Залбирал нь бидний Бурхантай харилцах харилцааг өргөжүүлэн хөгжүүлдэг. Бид хаана ч, хэзээ ч ертөнц дахины мэргэн ухаан, өрөвч нигүүлсэнгүй сэтгэлийн аугаа дээд Эх Сурвалжтай ярилцаж чаддаг нь гайхамшиг биш гэж үү?

Өдөр тутмын энгийн, чин сэтгэлийн, хүчит залбирал нь бидний амьдралыг сүнслэг байдлын дээд өндөрлөгт өргөн гаргадаг юм. Бид залбиралдаа Бурханыг магтаж, Түүнд талархал өргөн, сул дорой байдлаа хүлээн зөвшөөрч, хэрэгтэй юмаа гуйн, Тэнгэрлэг Эцэгтээ бие сэтгэл бүхнээ зориулахаа илэрхийлдэг билээ. Гэтэлгэгч Есүс Христийн нэрээр бид энэхүү сүнслэг байдлын хүч чармайлтыг гаргахад илүү сүнслэг нөлөө, илчлэлт, зөв шударга байдлаар хишиг хүртдэг билээ. Энэ бүхэн нь бидний амьдралд тэнгэрийн гэрэл гэгээг авчирдаг.

Би нисгэгч байсан үеэ эргэн бодохоор, өтгөн үүлс, айн сүрдмээр аянга цахилгаан нь бүхнийг бараан бүүдгэр болгодог байсныг санаж байна. Дэлхийн үзэл бодлын үүднээс миний авч үзсэн юмс хэдийгээр хүйтэн зэврүүн харагддаг ч, бараан үүлсийн цаанаас хязгааргүй их далай шиг хөх тэнгэрийн мандалд нар нь гялалзагч эрдэнийн чулуу адил хурцаар гэрэлтдэгийг мэдэж байсан юм. Үүнийг хийж чадах байсан гэсэн итгэл надад байгаагүй ч—би үүнийг мэдэж байсан юм. Би үүнийг биеэрээ үзэж туулсан учраас мэдэж байсан билээ. Бусад хүмүүсийн онол буюу итгэл бишрэлд найдах хэрэг надад байгаагүй. Тийм ээ, би үүнийг мэддэг байлаа.

Аеродинамикийн өргөлт нь биднийг дэлхийн шуурган дээгүүр өргөн гаргадагтай адил сүнслэг байдлын зарчмууд ч биднийг амьдралын дотоод шуурган дээгүүр өргөн гаргадгийг би мэднэ.

Би бас өөр нэг зүйлийг мэднэ. Үүлэн дундуур зүсэн хөх тэнгэрийн гэрэлт мандалд дүүлэн гарч ирэх нь сэтгэл тэнийлгэдэг ч, даруухан хийгээд чин сэтгэлийн залбиралд бид бүхэн зүрх сэтгэлээ нээн өргөдөг гайхамшигт туршлагатай үүнийг харьцуулах юм бол юу ч биш юм.

Залбирал хүнд хэцүү цаг үеийг даван туулахад бидэнд тусалдаг. Залбирал нь газраас ч эс харж чадах хөх тэнгэрийн мандал руу зэрвэсхэн харах боломжийг бидэнд олгодог бөгөөд Өөрийг нь хайрлаж, дагадаг хүмүүст Их Эзэний амласан гэрэл гэгээтэй адислалуудыг баталгаа, итгэл найдвар бүхий сүнслэг байдлын өөр нэгэн өндөрлөгийг бидэнд илчилдэг билээ.

Эшлэл

  1. Жишээ нь, Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11 дэх хэвлэл (2003), “lift,” 718–19-ийг үз.

  2. Harold B. Lee, Stand Ye in Holy Places (1974), 318

Залбирал бол сүнслэг байдлын өргөлтөд хүрэхэд бидэнд туслах тэнгэрлэг бэлэг юм. Залбирал нь Бурхантай харилцах бидний харилцааг өргөжүүлэн хөгжүүлдэг.

Зүүн талд: © Dynamic Graphics, Inc-ийн гэрэл зураг.

Зүүн талд: Крейг Даймондын гэрэл зураг чимэглэл, © IRI; баруун талд © IRI-ын гэрэл зураг