Судрууд
Мормоны Ном


Мормоны Ном

Бүлэг 4

Дайн ба хядаан үргэлжлэв—Ёс бусыг үйлдэгчид ёс бусыг үйлдэгчдээ шийтгэнэ—Бүх Израилд урьд үзэгдээгүй илүү агуу ёс бус явдал тархав—Эмэгтэйчүүд мөн хүүхдүүд хиймэл шүтээнүүдэд золиослогдов—Леменчүүд нифайчуудыг өөрсдийнхөө өмнө хөөн, хөнөөж эхлэв. Ойролцоогоор мэ 363–375 он.

1Мөнхүү эдүгээ улиран тохиох дор гурван зуун жаран гурав дахь онд нифайчууд леменчүүдийн эсрэг их цэрэгтэйгээ, Эзгүйрэлийн нутгаас гаран, тулалдахаар өгсөн одов.

2Мөнхүү улиран тохиох дор нифайчуудын их цэрэг дахин Эзгүйрэлийн нутагт хүртэл ухраагдав. Мөн тэднийг туйлдсан хэвээр байхад нь, леменчүүдийн шинэхэн их цэрэг тэдэн дээр ирэв; мөн тэд ноцтой тулалдаанд орж, үүний хэрээр леменчүүд Эзгүйрэл хотыг эзэмшилдээ авч, мөн нифайчуудын олныг хөнөөн, мөн олон олзлогдогсдыг авсан бөлгөө.

3Мөн үлдсэн нь зугтаж мөн Тианкум хотын оршин суугчидтай нэгдэв. Эдүгээ Тианкум хот тэнгисийн эргийн ойролцоо хилийн тэнд байх ажээ; мөн энэ нь түүнчлэн Эзгүйрэл хотын ойр байв.

4Мөн нифайчуудын их цэрэг леменчүүдийн өөдөөс явсан учир тэд цохигдож эхлэв; учир нь тэгээгүй байсан аваас, леменчүүд тэднийг давах хүчтэй байж чадахгүй байв.

5Гэвч, болгоогтун, Бурханы шүүлтүүд ёс бусыг үйлдэгчдийг дийлэх болно; мөн ёс бусыг үйлдэгчдээр ёс бусыг үйлдэгчид нь шийтгэгддэг; учир нь хүмүүний үрсийн зүрх сэтгэлийг цус урсгахад хүргэн өдөөн хатгадаг нь ёс бусыг үйлдэгчид юм.

6Мөнхүү улиран тохиох дор леменчүүд Тианкум хотын эсрэг ирэх бэлтгэлээ базаав.

7Мөнхүү улиран тохиох дор гурван зуун жаран дөрөв дэх онд леменчүүд, тэд түүнчлэн Тианкум хотыг эзэмшилдээ авч болохын тулд, Тианкум хотын эсрэг ирэв.

8Мөнхүү улиран тохиох дор тэд нифайчуудад ялагдан мөн ухрав. Мөн нифайчууд, тэд леменчүүдийг дахин буцааснаа хараад, тэд дахин өөрсдийн хүчинд сагсуурав; мөн тэд өөрсдийн хүчээр урагшилж, мөн Эзгүйрэл хотыг дахин эзэмшилдээ авсан ажгуу.

9Мөн эдүгээ эдгээр бүх зүйлүүд үйлдэгдэж, мөн нифайчууд болон леменчүүдийн аль аль талд мянга мянга нь хөнөөгджээ.

10Мөнхүү улиран тохиох дор гурван зуун жаран зургаан жил улиран одож, мөн леменчүүд нифайчуудын дээр тулалдахаар дахин ирэв; мөн нифайчууд өөрсдийн үйлдсэн хилэнцээс наманчлаагүй хэвээр байв, харин ёс бусын үйлээ үргэлжлүүлсээр байсан ажгуу.

11Мөн хэлээр тайлбарлахад, эсвээс хүмүүнд нифайчууд мөн леменчүүд аль аль хүмүүсийн дунд байсан цус мөн хядааны аймшигт дүр зургийн төгс дүрслэлийг бичих нь боломжгүй юм; мөн зүрх сэтгэл болгон хатуурав, тиймээс тэд цус урсгахдаа байнга баясдаг байв.

12Мөн Их Эзэний үгсийн дагуу, энэ хүмүүсийн дунд байсан лугаа адил, тийм агуу ёсон бусын үйл Лихайн бүх хүүхдүүдийн дунд ч, бас бүр Израилын бүх угсааны дунд ч байсангүй.

13Мөнхүү улиран тохиох дор леменчүүд Эзгүйрэл хотыг эзэмшилдээ авч, мөн энэ нь тэдний тоо нифайчуудын тоог давамгайлсны улмаас буюу.

14Мөн тэд түүнчлэн Тианкум хотын эсрэг урагш давшиж, мөн оршин суугчдыг нь тэндээс хөөв, мөн эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн аль алинаас олон олзлогдогсдыг авч, мөн тэднийг хиймэл бурхаддаа тахил болгон өргөв.

15Мөнхүү улиран тохиох дор гурван зуун жаран долоо дахь онд, леменчүүд тэдний эмэгтэйчүүд мөн тэдний хүүхдүүдийг золиосолны улмаас, нифайчууд хилэгнэж, иймээс тэд агуу их хилэнтэйгээр леменчүүдийн эсрэг явж, үүний хэрээр тэд леменчүүдийг дахин дийлж, мөн тэднийг нутгаасаа үлдэн хөөв.

16Мөн гурван зуун далан тав дахь он хүртэл леменчүүд нифайчуудын эсрэг дахин ирсэнгүй.

17Мөн энэхүү онд тэд өөрсдийн бүх хүчээр нифайчуудын эсрэг дахин ирэв; мөн тэдний тооны агуу ихийн улмаас тэд тоологдоогүй буюу.

18Мөн энэ цагаас эхлэн нифайчууд леменчүүдийн дээгүүр хүч чадлыг олсонгүй, харин нарны өмнөх шүүдэр лугаа адил тэднээр арчигдах болов.

19Мөнхүү улиран тохиох дор леменчүүд дахин Эзгүйрэл хотын эсрэг уруудан ирэв; мөн Эзгүйрэл нутагт үлэмж ноцтой тулалдаан болж, түүнд тэд нифайчуудыг дийлэв.

20Мөн тэд дахин тэдний өмнө зугтаж, мөн тэд Боазын хотод ирэв; мөн тэнд тэд үлэмж зоригтойгоор леменчүүдийн эсрэг зогсож, үүний хэрээр леменчүүд, тэд хоёр дахь удаагаа дахин ирэх хүртлээ тэднийг дийлсэнгүй.

21Мөн тэднийг хоёр дахь удаагаа ирэхэд, нифайчууд хөөгдөн мөн үлэмж агуу аллагаар хүйс тэмтрүүлэв; тэдний эмэгтэйчүүд мөн тэдний хүүхдүүд дахин хиймэл шүтээнүүдэд золиослогдов.

22Мөнхүү улиран тохиох дор нифайчууд дахин тэдний өмнө, хотод ч тосгодод ч байсан бүх оршин суугчдыг өөрсөдтэйгээ аван, зугтав.

23Мөн эдүгээ би, Мормон, леменчүүд уг нутгийг сүйрүүлэх гэж буйг харсан учир, тиймийн тул би Шим толгойд очин, мөн Их Эзэний төлөө Аммароны нуусан бүх цэдгүүдийг авав.