Судрууд
Мормоны Ном


Мормоны Ном

Бүлэг 2

Мормон нифайчуудын их цэргийг удирдав—Цус мөн хядаан уг нутгийг бүрхэв—Нифайчууд яллагдагсдын харамслаар гашуудаж мөн гаслав—Тэдний ач ивээлийн өдөр улирч одов—Мормон Нифайн ялтсуудыг олж авав—Дайнууд үргэлжлэв. Ойролцоогоор мэ 327–350 он.

1Мөнхүү улиран тохиох дор тэр нэгэн жилд нифайчууд болон леменчүүдийн хооронд дахин дайн эхлэв. Мөн би залуу байсан хэдий ч, биеэр том байв; тиймийн тул Нифайн хүмүүс намайг өөрсдийн удирдагч, өөрөөр хэлбэл их цэргийнхээ удирдагчаар томилов.

2Тиймийн тул улиран тохиох дор би арван зургаа дахь насандаа нифайчуудын их цэргийн тэргүүнд, леменчүүдийн эсрэг явсан билээ; тиймийн тул гурван зуун хорин зургаан жил улиран одсон байв.

3Мөнхүү улиран тохиох дор гурван зуун хорин долоо дахь онд леменчүүд бидний дээр үлэмж агуу хүчээр ирж, үүний хэрээр тэд миний их цэргийг сүрдүүлэв; тиймийн тул тэд тулалдсангүй, мөн тэд умард нутгуудыг чиглэн ухарч эхлэв.

4Мөнхүү улиран тохиох дор бид Анголын хотод ирээд, мөн бид хотыг эзэмшилдээ авч, мөн леменчүүдээс өөрсдийгөө хамгаалахаар бэлтгэл хийв. Мөнхүү улиран тохиох дор бид өөрсдийн хүчээр хотыг бэхлэв; бидний бүх бэхлэлт байсан хэдий ч леменчүүд бидний дээр ирж мөн биднийг уг хотоос зайлуулав.

5Мөн тэд түүнчлэн биднийг Давидын нутгаас зайлуулав.

6Мөн бид жагсан алхаж мөн, тэнгисийн эргийн дэргэд өрнөд хилд байх Иошуагийн нутагт ирэв.

7Мөнхүү улиран тохиох дор бид тэднийг нэгтгэн хамтатгаж болохын тулд, өөрсдийн хүмүүсийг аль болох хурднаар цуглуулав.

8Гэвч болгоогтун, уг нутаг дээрэмчдээр мөн леменчүүдээр дүүрсэн байв; мөн миний хүмүүсийн дээгүүр нүүрлэх агуу устгал байсан хэдий ч, тэд хилэнцэт үйлүүдээ наманчилсангүй; тиймийн тул нифайчуудын тал мөн түүнчлэн леменчүүдийн талын аль алинд нь, нутгийн бүх гадаргуу дээгүүр, цус мөн хядаан тархав; мөн энэ нь уг нутгийн бүх гадаргуу дээгүүр бүхнийг хамарсан үймээн байв.

9Мөн эдүгээ, леменчүүд хаантай байлаа, мөн түүний нэр Аарон байв; мөн тэрбээр бидний эсрэг дөчин дөрвөн мянган цэрэг эрстэйгээр ирэв. Мөн болгоогтун, дөчин хоёр мянгатайгаа би түүнийг сөрөн зогсов. Мөнхүү улиран тохиох дор би түүнийг өөрийн их цэрэгтэйгээ дийлснээс тэрбээр миний өмнө зугтав. Мөн болгоогтун, энэ бүхэн тохиож, мөн гурван зуун гучин жил улирч одсон байлаа.

10Мөнхүү улиран тохиох дор бошиглогч Самуелын бошиглосончлон нифайчууд алдсаа наманчилж эхлэв, мөн уйлж эхлэв; учир нь болгоогтун, уг нутагт байсан хулгайч нар, мөн дээрэмчид, мөн алуурчид, мөн илбийн ид шид, мөн шулмын аргын учир хэн ч өөрийн болох юуг ч хадгалж чадахгүй байлаа.

11Тийн бүх нутагт, мөн ялангуяа Нифайн хүмүүсийн дунд эдгээр зүйлүүдийн улмаас гашуудал мөн гаслан байж эхлэв.

12Мөнхүү улиран тохиох дор би, Мормон, Их Эзэний өмнөх тэдний гашуудал мөн тэдний гаслан мөн тэдний харууслыг үзээд, дотроо зүрх сэтгэлдээ баясч эхлэв, Их Эзэний нигүүлсэл хийгээд тэсвэрийг мэдсэний учир, тиймийн тул тэд дахин зөв шударга хүмүүс болохын тулд тэрбээр тэдэнд нигүүлсэнгүй хандах болов уу хэмээн бодов.

13Гэвч болгоогтун миний энэ баяр хөөр хий хоосон байв, учир нь тэдний харуусал Бурханы сайн сайхны улмаас наманчлалд хүргэсэнгүй; харин, нүгэлдээ аз жаргалыг хүртэхийг нь Их Эзэн тэдэнд байнга эс зөвшөөрдгийн улмаас энэ нь яллагдагсдын харуусал байсан буюу.

14Мөн тэд харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр Есүст ирсэнгүй, харин тэд Бурханыг зүхэж, мөн үхэхийг хүсч байв. Гэсэн хэдий ч тэд амьдралынхаа төлөө илдээр тэмцэх болно.

15Мөнхүү улиран тохиох дор миний харуусал дахин надад ирж, мөн ач ивээлийн өдөр тэдний хувьд, биеийн мөн сүнсний хувьд ч өнгөрсөн болохыг би харсан юм; учир нь тэдний мянга мянгыг Бурханаа илтээр эсэргүүцээд унагаагдахыг, мөн уг нутгийн гадаргуу дээр өтөг бууц мэт овоологдохыг харсан буюу би. Мөн тийн гурван зуун дөчин дөрвөн жил улирч одсон байв.

16Мөнхүү улиран тохиох дор гурван зуун дөчин тав дахь онд нифайчууд леменчүүдийн өмнө зугтаж эхлэв; мөн тэдний ухралтанд тэднийг зогсоох боломжтой болохын өмнө, тэд бүр Жашоны нутагт ирэх хүртлээ мөрдөгдсөн ажгуу.

17Мөн эдүгээ, Жашоны хот нь Аммарон цэдгүүдийг, тэдгээр нь устгагдахгүй байж болохын тулд, Их Эзэний төлөө хадгалсан тэр нутгийн ойр байв. Мөн болгоогтун би Аммароны үгийн дагуу явж, мөн Нифайн ялтсуудыг авч, мөн Аммароны үгсийн дагуу цэдгийг үйлдэв.

18Мөн Нифайн ялтсууд дээр би бүх ёс бус хийгээд жигшүүрт хэргүүдийн бүрэн шастирыг бичсэн болой; гэвч эдгээр ялтсууд дээр би тэдний ёс бус хийгээд жигшүүрт хэргүүдийн бүрэн шастирыг үйлдэхээс татгалзав, учир нь болгоогтун, би хүмүүний замналыг болгоох болсон тэр цагаас ёс бус хийгээд жигшүүрт хэргүүдийн үргэлжийн дүр зураг нүдний минь өмнө байсан буюу.

19Мөн тэдний ёс бусын улмаас би халаглаж байна; учир нь миний бүх өдрүүдэд, тэдний ёс бусын улмаас зүрх сэтгэл минь харууслаар дүүрсээр ирсэн юм; гэсэн хэдий ч, эцсийн өдөр өргөгдөх болно гэдгээ би мэднэ.

20Мөнхүү улиран тохиох дор энэ жилд Нифайн хүмүүс дахин мөрдөгдөж мөн хөөгдөв. Мөнхүү улиран тохиох дор бид Шем хэмээн нэрлэгдэх умард зүгийн нутагт ирэх хүртлээ бид хөөгдсөн буюу.

21Мөнхүү улиран тохиох дор бид Шем хотыг бэхлэв, мөн бид тэднийг устгагдахаас аварч магадын тул, бид аль болох олноор боломжийн хэрээр өөрсдийн хүмүүсийг цуглуулсан болой.

22Мөнхүү улиран тохиох дор гурван зуун дөчин зургаа дахь онд тэд бидний дээр дахин ирж эхлэв.

23Мөнхүү улиран тохиох дор би өөрийн хүмүүстэй ярьж, мөн тэд леменчүүдийн өмнө өөрсдийн эхнэр, мөн өөрсдийн хүүхдүүд, мөн өөрсдийн байшин, мөн гэр орныхоо төлөө зоригтойгоор зогсохыг агуу эрч хүчээр тэдэнд уриалав.

24Мөн миний үгс тэднийг ямартай ч зоригжуулан босгож, үүний хэрээр тэд леменчүүдийн өмнө зугтсангүй, харин тэдний эсрэг зоригтойгоор зогсов.

25Мөнхүү улиран тохиох дор гучин мянгатай их цэрэгтэйгээр бид тавин мянгатай их цэргийн эсрэг тэмцсэн юм. Мөнхүү улиран тохиох дор тэд бидний өмнө зугтах болсон тийм тууштайгаар бид тэдний өмнө зогсов.

26Мөнхүү улиран тохиох дор тэднийг зугтахад бид тэднийг их цэрэгтэйгээ мөрдөн хөөж, мөн тэдэнтэй дахин тулав, мөн тэднийг бут цохьсон буюу; гэсэн хэдий ч Их Эзэний хүч бидэнтэй хамт байсангүй; тийм ээ, Их Эзэний Сүнс бидэнтэй эс үлдсэнээс бид өөрсдөдөө л найдах болов; тиймийн тул бид ахан дүүсийнхээ адил сул дорой болсон байв.

27Мөн миний хүмүүсийн, тэдний ёс бус хийгээд тэдний жигшүүрт хэргүүдийн улмаас, энэ агуу гай гамшгийн улмаас, зүрх сэтгэл минь харуусав. Гэвч болгоогтун, бид леменчүүдийн мөн Гадиантоны дээрэмчдийн эсрэг, бид дахин өвийн нутгуудаа эзэмшилдээ авах хүртлээ явсан бөлгөө.

28Мөн гурван зуун дөчин ес дэх он улирч одов. Мөн гурван зуун тавь дахь онд бид леменчүүд хийгээд Гадиантоны дээрэмчидтэй хэлцэл байгуулж, түүгээр өвийн нутгуудаа бид хуваалгав.

29Мөн леменчүүд, тийм ээ, бүр өмнөд нутагт хөтлөх нарийн гарц хүртлэх умард зүгийн нутгийг бидэнд өгсөн бөлгөө. Мөн бид өмнө зүгийн бүх нутгийг леменчүүдэд өгөв.