Институт ба семинар
28-р хичээл: Есүс Христийн онцгой гэрч


28-р хичээл

Есүс Христийн онцгой гэрч

Оршил

Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга: “Бид Түүний зүй ёсоор томилогдсон төлөөлөгчдийн хувьд, Есүс бол амьд Христ, Бурханы үхэшгүй Хүү хэмээн гэрчилж байна” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 3) хэмээн тунхагласан. Энэ хичээлийн турш бид Есүс Христийн мөнхийн тохинуулал, Түүний талаарх бошиглогчдын гэрчлэлүүдийг судалсан. Бид Ариун Сүнсээр дамжуулан Есүс бол амьд Христ гэсэн хувийн гэрчлэлийг олж авах үед Аврагчийн талаарх өөрийн гэрчлэлийг бусадтай хуваалцахад бэлэн болсон байдаг.

Нөхцөл байдлын тухай унших материал

Заахад зориулсан зөвлөмж

2 Нифай 25:26; Мозая 18:8-11

Христийн гэрч болж зогсох нь

Суралцагчдаас тэдний дунд Сүмийн цорын ганц гишүүн эсвэл Сүмийн жишгүүдийг төлөөлөх хүсэлтэй цорын ганц хүн байсан нөхцөл байдалд орж байсан тохиолдол байгаа эсэхийг асуу. Тэднээс дараах асуултуудад хариулахыг хүс.

  • Тийм нөхцөл байдалд байхдаа Есүс Христийн дагалдагчдын хувьд хариу үйлдэхэд танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

  • Та нарын туршлагын зарим утга учиртай эсвэл сорилттой талууд юу байсан бэ?

Суралцагчдад бошиглогч Абинадайн сургаалуудад хөрвөгдсөн Мормоны Номын Алмагийн түүхийг сануул. Алма хөрвөгдсөнийхөө дараа сайн мэдээг мөн адил номлож эхэлсэн юм. Мозая 18 дээрээс бид баптисмын гэрээнүүдийн талаарх түүний сургаалуудыг уншиж болно. Нэг суралцагчийг Moзая 18:8-11-ийг чанга уншихад урь. Суралцагчдыг даган уншаад, баптисмын гэрээ хийж, гэрээг сахихад бэлэн болсныг тодорхойлдог хүний хандлага ба үйлдлүүдийг олж тодорхойлоход урь. Суралцагчдыг хариулсны дараа 9-р шүлэг дээрх “мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсох” гэдэг хэллэгийг онцол. Дараа нь асуу:

  • “Ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн” Бурхан Эцэг болон Есүс Христийн гэрч болж зогсоно гэдэг нь юу гэсэн үг вэ? (Moзая 18:9).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Төлөөлөгчид нь бүх дэлхийгээр Христийн нэрний онцгой гэрчүүд байхаар дуудагдаж мөн томилогддог ч (С ба Г 107:23-ыг үзнэ үү) бүх цаг үед, бүх газар Есүс Христийн гэрч байж, гэрчлэх үүрэг нь Ариун Сүнсний гэрчлэлийг хүлээн авсан Сүмийн гишүүн бүрд хамаатай” (“Witnesses of Christ,” Ensign,1990 оны 11-р сар, 30).

  • Ахлагч Өүксийн хэлснээр, хэн Есүс Христийн талаар гэрчлэх үүрэг хүлээсэн байдаг вэ? (Суралцагчдад дараах үнэнийг сайн ойлгуул: Сүмийн бүх гишүүн Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн гэрчүүд болж зогсох гэрээнд орсон байдаг.)

  • Бид өөрсдийн итгэл, гэрчлэлийг үгээр хуваалцахаас гадна өөр ямар арга замаар Христийн гэрч болон зогсож чадах вэ? (Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд тэднийг Матай 5:14–16 болон 3 Нифай 18:24-ийг судлахад урьж болно.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Бөмбөрцгийн баруун талд номлож байсан номлолынхоо үеэр Аврагч энэ зарлигийг өгсөн юм: ‘Дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ—та нарын харсан тэдгээр нь миний үйлдсэн зүйлүүд болой’ (3 Нифай 18:24). Хүмүүс биднээс Есүс Христийн ямар нэгэн зүйлийг олж харах ёстой. Бидний үйлдэж, ярьж, харж, бүр боддог тэрхүү арга зам нь Түүнийг болон Түүнийг замуудыг төлөөлж байдаг” (“Becoming a Witness of Christ,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 3-р сар, 60).

  • Та нар Есүс Христэд итгэх итгэлээ тусган харуулахуйц үйлдэж, ярьж, эсвэл харагдаж чаддаг хүмүүсийг харж байсан уу?

  • Та нар хэн нэгэнд Есүс Христийн гэрч байхыг хүсэхгүй байдал эсвэл айдсаа даван туулахад нь юу гэж зөвлөх вэ?

Дараах хэллэгүүдийг самбар дээр бич:

Христийн тухай ярих

Христэд баясах

Христийн талаар номлох

Христийн талаар бошиглох

Христийн талаар бичих

Суралцагчдыг 2 Нифай 25:26-г чимээгүй уншихад урьж, тэднээс самбар дээр хураангуйлж бичсэн арга замуудаар хувь хүн хэрхэн Есүс Христийн талаар гэрчлэлээ хуваалцаж болохыг тайлбарлахыг хүс. Шаардлагатай бол ангийн хэлэлцүүлэгт туслах зорилгоор ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг ашигла:

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Нифайн ‘Бид Христийн тухай ярьдаг’ хэмээх хэллэг [2 Нифай 25:26] нь бидэнд харилцан яриа болон албан бус орчинд Аврагчийн талаарх санал сэтгэгдлээ ярихдаа халширахгүй байхыг зөвлөж байгаа юм. Эдгээр нь ихэвчлэн хэн нэгэнтэй хоёул байх үед нээлттэй, нөхөрсөг арга замаар Түүний хэн болох, мөн Тэр юу хийж, бас юу заасан талаар бусадтай ярилцаж, Түүнийг хайрлаж, дагахад урамшуулан дэмжихийг хэлнэ.

“‘Бид Христэд баясдаг’ гэдэг нь бидний Христэд итгэх итгэлийг харуулсан, гол төлөв аз жаргалтай хандлагатайгаар амьдрахыг хэлнэ. Бидэнд үхэл болон нүглээс гэтэлгэгдэж мөн Түүгээр төгс болоход ‘түүний ач ивээл хангалттай’ (Моронай 10:32–33-ыг үзнэ үү) гэдгийг бид мэднэ. Бид урам хугарсан, бүр гай зовлон тохиолдсон үед ч мөн адил Түүний ачаар мөнхийн аз жаргалыг олж авах боломжтой гэдгийг бид мэддэг. Бидний Есүс Христэд итгэх итгэл туяаран гэрэлтэх тэр үед бид ‘эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн’ (Матай 11:28–30-ыг үзнэ үү) хүмүүст хэрхэн Түүнд амралт олж болохыг үзүүлнэ.

“‘Бид Христийн талаар номлодог’ гэдэг нь бүрэн цагийн болон гишүүний номлолын ажлыг хэлж байгаа ч, үүнд бидний мөргөлийн үйлчлэл, ням гаргийн ангиуд болон Түүний талаар зааж, сургадаг, ижил төстэй орчинд явагддаг бидний бүх үйл ажиллагаа ордог юм. Бид багшийн болон суралцагчийн зүгээс оролцох нь Түүнийг гэрчлэх гэрчлэлийн маань нэг хэсэг юм. …

“‘Бид Христийн талаар бошиглодог’ гэдэг нь бид Түүний талаарх гэрчлэлээ Сүнсний хүчээр дамжуулан илэрхийлэхийг хэлнэ (1 Коринт 12:3-ыг үзнэ үү). ‘Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн’ (Илчлэлт 19:10). Түүний анхны ирэлтийн талаар эрт цагт бошиглосон хүмүүсийн адил, бид ч гэсэн Түүний Хоёр дахь ирэлтийн талаарх бошиглолуудыг өөрсдийн үг, үйлдлээр баталдаг. …

“‘Мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой’ гэдэг нь Христийн талаарх гэрчлэлийн мөнхийн цэдгийг бий болгох мэргэн ухааныг хэлнэ. Бидний гэрчилдэг гэрчлэлүүд нь ‘тэнгэр элчүүд харж байхын тулд тэнгэрт цэдэглэгддэг болой; мөн тэд [бидэнд] баясдаг бөлгөө’ (С ба Г 62:3) гэдгийг бид ойлгодог. Бидний өөрийн үр удам болон бусад хүн өөрийн тусын тулд Христийн талаар бидний бичсэн эсвэл тэмдэглэн үлдээсэн гэрчлэлүүдийг харж, баясах болно (“Becoming a Witness of Christ,” Ensign, 2008 оны 3-р сар, 62–63).

Та хичээлийн энэ хэсгийг төгсгөхдөө суралцагчдадаа самбар дээрх хэсгүүдийн нэгнийх нь талаар бодож үзэн, Есүс Христийн илүү хүчирхэг гэрч болохын тулд хийх зүйлийнхээ талаар зорилго тавихад урамшуулан дэмж.

Есүс Христийн талаар гэрчлэх нь

Суралцагчдыг энэ семестрээр үзсэн хичээлүүдээ эргэн санаж, ангид ярилцсан Есүс Христийн зарим үүрэг ба Түүнтэй холбоотой зарим сэдвийг олж тодорхойлохыг хүс. Суралцагчдын хариултуудыг самбар дээр дүгнэн бич. (Үүргүүдэд Өмгөөлөгч, Аврагч, Цагаатгагч Нэгэн, Ууган Хүү, Цорын Ганц, Иехова, Мессая, Бүтээгч зэрэг орсон байж болно. Сэдвүүдэд дараах зүйлс орсон байж болох юм: Есүс Христийн Бурханы төлөвлөгөөн дэх голлох байр суурь; Түүний мөнх бус байдлын өмнөх оршихуйн үйлчлэл; Тэр амьд хэмээх үнэн бодит байдал; Түүний мөнх бус байдлын дараах тохинуулал, Хоёр дахь ирэлт; Түүний мянган жилийн засаглал; Түүний сайн мэдээний сэргээлт; Түүний Сүмийн удирдлага; мөн Тэрээр дэлхийн Гэрэл ба Амь нь байдаг арга замууд.)

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцсан дараах мэдэгдлийн видео бичлэгийг татаж авч, үзүүлнэ үү. Хэрэв видео бичлэг нь танай хэл дээр байхгүй байвал нэг суралцагчийг мэдэгдлийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Есүс бол миний найз. Өөр хэн ч надад ийм ихийг өгөөгүй. ‘Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй’ (Иохан 15:13–13). Тэр миний төлөө Өөрийн амийг өгсөн. Тэр мөнх амьдралд хүрэх үүдийг нээсэн. Зөвхөн Бурхан л үүнийг хийж чадах байсан. Би Түүний найз байхаар зохистой байх гэж найдаж байна.

Тэр бол миний жишээ үзүүлэгч. Түүний амьдралын зам, туйлын аминч бус үйлдэл, тусламж хэрэгтэй хүмүүст хүрч чаддаг байдал, эцсийн золиослол зэрэг нь бүгд надад үлгэр жишээ болдог юм. …

Тэр бол миний багш. Өөр ямар ч дуу хоолой ийм гайхамшигтай хэлээр ярих нь үгүй. …

Тэр бол намайг эдгээгч. Би Түүний ер бусын гайхамшгуудыг гайхан биширдэг. …

Тэр бол миний удирдагч. Түүний төрөлтөөс хойш өнгөрөн одсон хоёр мянганы турш би Түүнийг хайрлаж, мөн Түүнийг дагасан хүмүүсийн үргэлжлэн урсах урт цуваанд нэгдэн орсон нь миний хувьд нэн хүндэтгэлтэй хэрэг юм. …

Тэр бол миний Аврагч, бас миний Гэтэлгэгч. Үгээр дүрслэхийн аргагүй зовлон шаналалд Өөрийн амийг өгснөөр Тэр үхлийн дараах мөнхийн харанхуйн гүн ёроолоос намайг болон бидний хүн нэг бүрийг, мөн Бурханы бүх охид, хөвгүүдийг өргөн гаргахаар доош бууж ирсэн юм. …Миний талархалд хязгаар гэж үгүй. Миний Их Эзэндээ өргөх талархлын үгсэд төгсгөл гэж үгүй билээ.

Тэр бол миний Аврагч бас миний Хаан. Мөнхийн мөнхөд Тэрээр хаадын Хаан, эзэдийн Эзэнээр хаанчилж, мөн засаглах болно. Түүний эзэгнэлд төгсгөл гэж үгүй. Түүний алдар суунд шөнө гэж үгүй билээ” (“My Testimony,” Ensign, 2000 оны 5-р сар, 71).

Суралцагчдадаа дараах үйл явдлыг танилцуул: Хэрэв хэн нэгэн хүн Есүс Христийн талаар юунд итгэдэг вэ гэж та нараас асуувал, та нар энэ талаар хамгийн их онцолж дурдах ямар гурав эсвэл дөрвөн итгэл үнэмшил байгаа вэ? Суралцагчдад итгэл үнэмшлээ бичих хугацаа өг. Дараа нь суралцагчдыг хоёр хоёроороо хуваагдаж, хариултуудаа нэг нэгэнтэйгээ хуваалцахад урь. Тэднийг сонгосон зүйлээ яагаад сонгох болсноо, мөн Аврагчийн талаарх тэдний ойлголт болон хайрыг хүчирхэгжүүлсэн өөрсдийн туршлагуудыг ярилцахад урамшуулан дэмж. Хангалттай хугацаа өнгөрсний дараа тэдний дунд Есүс Христийн талаарх гэрчлэлээ ангийнхантайгаа хуваалцах хүн байгаа эсэхийг асуу:

Амьд Христийн мөнхийн тохинууллын талаарх өөрийн гэрчлэлийг хуваалцаж, хичээлийг төгсгө. Бүхий л цаг үеийн турш Их Эзэн Есүс Христийн гүйцэтгэсэн олон чухал үүргийн төлөө талархлаа илэрхийлж болно. Дараа нь суралцагчдад дараах уриалгыг өг: Энэ хичээлийг үзэж, дуусгаж байгаагийн хувьд Аврагчийн талаарх таны гэрчлэлийг сонссоноор хүчирхэгжиж болох өөрийн мэддэг хэн нэгний талаар бод. Ирэх долоо хоногийн турш, мөн цаашид та хэнд нөлөөлөх, өөрийн гэрчлэлийг хэрхэн хуваалцах талаар шийдвэр гаргана уу.

Суралцагчийн унших материал