Институт ба семинар
Есүс Христ ба үүрдийн сайн мэдээний багшийн гарын авлагын оршил


Есүс Христ ба үүрдийн сайн мэдээний багшийн гарын авлагын оршил

Шашны багшаас юуг хүсэн хүлээдэг вэ?

Та заахад бэлтгэж байхдаа шашны институт, семинарын зорилгыг ойлгох нь чухал юм:

“Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудыг Есүс Христийн сургаал ба Цагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ, түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдралд бэлтгэхэд нь туслах явдал мөн” (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012 он], x).

Та сайн мэдээний дагуу амьдарч, суралцагчдадаа сайн мэдээг үр дүнтэй зааж, ангийг эсвэл хөтөлбөрийг зүй ёсоор удирдан явуулснаар энэ зорилгодоо хүрч чадна. Та эдгээр арга замаар бэлтгэж, сайн мэдээг заах үед Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахад бэлтгэгдэнэ.

Энэ нь суралцагчдад итгэлээ хүчирхэгжүүлэн, хөрвөлтөө гүнзгийрүүлэхийн тулд Сүнсээр суралцахад нь туслах таны боломж юм. Та суралцагчдад Есүс Христийн сайн мэдээний чухал сургаал, зарчмуудыг олж тогтоон, ойлгож, үнэн ба ач холбогдлыг мэдэрч, мөн хэрэгжүүлэхэд удирдан залснаар тэдэнд энэ зорилгодоо хүрэхэд тусалж чадна.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага нь заах үйл явцыг болон ангидаа хэрхэн амжилттай байх талаар ойлгоход туслах нэн чухал эх үүсвэр юм. Энэ гарын авлагыг байнга судалж бай.

Энэ хичээлийн зорилго юу вэ?

Энэ Есүс Христ ба үүрдийн сайн мэдээ (Шашин судлал 250) анги нь Есүс Христийн мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх бус байдлын дараах амьдралын туршид хийж гүйцэтгэсэн Түүний бурханлаг үүргүүдэд анхаарал хандуулснаар Түүний мөнхийн тохинууллын талаар суралцах боломжийг суралцагчдад олгодог. Жишиг бүтээлүүд, орчин үеийн бошиглогчдын үгс болон “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2–3) нэртэй баримт бичгийг энэ ангийн сүнслэгээр нөлөөлөхүйц материал болгон ашигласан болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Ж.Скотт нь Есүс Христийн амьдрал ба номлолыг судлахын ач холбогдлыг ийнхүү онцлон тэмдэглэсэн байдаг:

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Бидний Аврагч мөн Гэтэлгэгч гэсэн Есүс Христийн тэнгэрлэг дуудлагын юутай ч харьцуулшгүй, мөнхийн бөгөөд хэмжээлшгүй үр дагавруудыг илүү сайн ойлгож, үнэлж дүгнэхийн тулд бие дааж судлах төлөвлөгөө гаргахыг би та нарт чин сэтгэлээсээ уриалж байна. Судруудын тухай сайтар тунгаан бодож, эрж хайн, чин сэтгэлээсээ залбирах аваас Түүний үнэлж баршгүй Цагаатгалын талаарх ойлголт тань бэхжих болно (“Тэр Амьд! Түүний нэр алдаршиг!” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 77).

Суралцагчид Аврагчийн бурханлаг дуудлагын ач холбогдол, тэдний амьдрал дахь Түүний нөлөөг ойлгож, үнэлдэг болох үед тэдний амьдралын салшгүй нэгэн хэсэг болох амьдралын саад бэрхшээлүүдийн эсрэг хүчирхэгжиж, авралын төлөвлөгөөн дэх Аврагчийн бурханлаг үүргүүдийн талаар ярилцахад илүү сайн бэлтгэгдсэнээ мэдрэх болно.

Суралцагчаас юуг хүсэн хүлээдэг вэ?

Суралцагчид хичээл бүрийн Суралцагчийн унших материал хэсэгт жагсаасан судрын хэсгүүдийг болон бошиглолын үгсийг уншсан байх ёстой. Суралцагчид ирцийн шаардлага хангаж, хичээлийн материалын талаар мэдлэгийнхээ хүрээг бас харуулсан байх ёстой.

Энэ гарын авлагын хичээлүүд хэрхэн зохион байгуулагдсан бэ?

Энэ нь 50 минут үргэлжлэхээр бичигдсэн, 28 хичээлээс бүрдсэн, нэг улирал заахаар төлөвлөгдсөн анги болно. Хэрэв танай анги долоо хоногт хоёр удаа цуглардаг бол анги болгонд нэг хичээл заа. Хэрэв танай анги долоо хоногт нэг удаа 90-100 минутаар хичээллэдэг бол, анги болгонд хоёр хичээлийг нэгтгэн заа. Хичээл бүрийн хөтөлбөр дөрвөн хэсгээс бүрдэнэ:

  • Оршил

  • Нөхцөл байдлын тухай унших материал

  • Заах зөвлөмж

  • Суралцагчийн унших материал

Оршил

Энэ хэсэг нь хичээлийн сэдэв, зорилгын талаар товч танилцуулга өгнө.

Нөхцөл байдлын тухай унших материал

Энэ хэсэг нь орчин үеийн бошиглогчдын захиас гэх мэт хичээлийн хөтөлбөрт орсон сургаал, зарчим, сайн мэдээний үнэнүүдийг илүү сайн ойлгоход тань тусалж болох материалуудыг санал болгодог.

Заах зөвлөмж

Заах зөвлөмж хэсэг нь юу заах, мөн хэрхэн заахад аль алинд нь туслах материалууд орсон байна (мөн Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 4.3.3 болон 4.3.4-р хэсгүүд -ийг үзнэ үү). Санал болгосон сургалтын үйл ажиллагаанууд нь суралцагчдад ариун үнэнийг олж тогтоож, ойлгож, хэрэгжүүлэхэд туслах зорилгоор төлөвлөгдсөн. Та өөрийн заах арга барил, суралцагчдынхаа хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан зөвлөмжүүдээс заримыг, эсвэл бүгдийг ашиглахаар сонгож болно. Хичээлийн материалыг хэрхэн ашиглах талаар эргэцүүлэн бодохдоо Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс ахын өгсөн дараах зөвлөгөөг дага:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Миний мэдэхээр, ерөнхийлөгч Пакэр бидэнд эхлээд хүлээн авч, дараа нь дасан зохиц хэмээн байнга заадаг байсан. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтар судалсан бол, үүнийгээ заахдаа Сүнсийг дагаж, дасан зохицож чадна. Гэвч энэ уян хатан байдлын талаар ярихад, бид дасан зохицохын оронд шууд хүлээн авах уруу таталт гарч ирдэг юм. Энэ нь тэнцвэртэй байлгах явдал юм. Энэ нь үргэлж анхаарч байх асуудал. Гэхдээ эхлээд хүлээн авч, дараа нь дасан зохицох гэсэн хандлага нь зөв газар дээрээ бат бөх зогсох хамгийн сайн арга зам болно” (“Aхлагч Даллин Х.Өүкстэй хийсэн ярилцлага” [Шашны институт ба семинарын шууд нэвтрүүлэг, 2012 оны 8-р сарын 7], si.lds.org).

Заах зөвлөмж хэсэгт тодоор бичсэн хамгийн багадаа нэг сургаал, эсвэл зарчмын талаарх мэдэгдэл орсон байна. Суралцагчид эдгээр сургаал, зарчмыг судалж, сурсан зүйлээ хуваалцана. Тэдний хэрэглэх үгс гарын авлагад бичигдсэнээс өөр байж болно. Ийм тохиолдолд тэдний хариулт буруу байна гэсэн ойлголт өгөхгүй байхад анхаар. Гэхдээ тодорхойлолт нь илүү оновчтой байх шаардлагатай бол ойлголтыг болгоомжтой залруулж тусал.

Суралцагчдад насан туршдаа судрын суралцагч байхад нь туслахын тулд судрын хожмын үеийн гэгээнтэн хувилбарт өгөгдсөн судрын тусламжуудыг хэрхэн ашиглахыг тэдэнд зааж өг. Ангидаа суралцагчдад судраас суралцах чадвар, арга барилыг дадлагажуулах боломжийг ашигла (Сайн мэдээг заах ба судлах нь, 20–23). Ингэснээр таны суралцагчид судрыг хайрлах хайраа гүнзгийрүүлж, асуултынхаа хариултуудыг олох хүсэлтэй болж, Ариун Сүнсний хүчээр удирдагдаж сурна.

Суралцагчийн унших материал

Энэ хэсэгт хичээлд үзэх сэдвүүдийн талаарх суралцагчдын ойлголтыг баяжуулах судрын хэсгүүдийг болон Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүдийн үгсийг жагсаасан байна. Суралцагчдыг хичээлд ирэхээсээ өмнө эдгээр материалыг уншдаг байхад урамшуулан дэмж. Тэд эдгээр сүнслэг нөлөө бүхий материалыг судалснаар ангид болох ярилцлагуудад оролцоход илүү сайн бэлтгэгдэхээс гадна хичээлийн сэдвийн талаар илүү өргөн ойлголт олж авна. Улирлын эхэнд “Суралцагчийн унших материал”-ын бүх жагсаалтыг суралцагчдад тарааж өг.

Би заахад хэрхэн бэлтгэх вэ?

Их Эзэн таныг заахаар бэлтгэх үед туслах болно. Та бэлтгэх үедээ өөрөөсөө дараах зүйлсийг асуух нь ашиг тустай байж болох юм:

  • Би Ариун Сүнсний удирдамжийг авахаар залбирсан уу?

  • Би оноосон судрын хэсгүүдийг болон нөхцөл байдлын тухай унших материалуудыг судалсан уу?

  • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээнд зохицуулж, эсвэл тааруулах шаардлагатай ямар нэг зүйл байгаа эсэхийг олж тогтоосон уу?

  • Би суралцагчдад унших материалаас сурч авах боломжтой зүйлийг бүрэн өгөхийн тулд тэдний уншлагын явцыг хэрхэн шалгаж чадах вэ?

  • Би суралцагч бүрийг хичээлд бүрэн оролцоход хэрхэн тусалж чадах вэ?

Дараах зөвлөмжүүд мөн тус болж мэднэ:

  • Хичээл болгоны өмнө даалгасан судрын хэсгүүдийг болон нийтлэлүүдийг уншихад суралцагчдыг урамшуулан дэмж.

  • Суралцагчдаас суралцагчийнхаа үүргийг биелүүлэхийг хүс.

  • Суралцагчдад сургаал, зарчмуудыг өөрийн үгээр тайлбарлаж, холбогдох туршлагаасаа хуваалцаж, мэддэг болон мэдэрч байгаа зүйлсийнхээ талаар гэрчлэх боломжийг байнга гаргаж өг.

  • Та өдрөөс өдөрт, анги болгонд хэрэглэх сургалтын үйл ажиллагаагаа болон заах арга барилаа өөрчил.

  • Сүнсийг урин залж, суралцагчдад нэг нэгнээсээ сурч, заах боломж болон үүрэг хариуцлага олгох сургалтын орчин бүрдүүл (С ба Г 88:78, 122-ыг үзнэ үү).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт ийнхүү заасан байдаг:

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Суралцагчид сонгох эрхээ ашиглах нь Ариун Сүнсэнд зааварлах эрхийг олгодог учраас тэдэнд хичээлд чөлөөтэй оролцох боломж олго. … Суралцагчид үнэнийг үгээр илэрхийлэх үед тэр нь тэдний бодгальд батлагдан, хувийн гэрчлэл нь хүчирхэгждэг” (“To Understand and Live Truth,” [ахлагч Ричард Ж.Скоттой хийсэн уулзалт, 2005 оны 2-р сарын 4], 3;si.lds.org).

Би хичээлийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрхэн зохицуулж чадах вэ?

Та заахаар бэлтгэж байхдаа онцгой халамж шаардлагатай суралцагчдад анхаарлаа хандуулаарай. Тэдэнд туслах үйл ажиллагаануудыг тохируулан ашигла. Жишээ нь, зарим суралцагчид судрын аудио бичлэгийг ашиглах боломж өгөх нь тустай байж болох юм. Эдгээрийг LDS.org-оос амархан татаж авч болно.

Нэмэлт санаанууд болон эх сурвалжууд шаардлагатай бол disabilities.lds.org дээрх Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эх сурвалжууд хуудаснаас мөн Шашны институт, семинарын бодлогын гарын авлага дахь Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулан зохицуулсан ангиуд ба хөтөлбөрүүд нэртэй хэсгээс зөвлөмж ав.