“Библи,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Библи
Сая сая хүнд Есүс Христэд итгэх итгэлийг заах нь
Библид гардаг түүхүүдийг олон мянган жилийн тэртээ бичсэн байдаг. Уг түүхүүдэд өнөө үеийнхээс тэс өөр хүмүүс, соёл, нөхцөл байдлыг дүрсэлсэн байдаг. Гэсэн ч бид Библийг судлах үедээ ихэнх түүх нь танил гэдгийг олж мэддэг. Бид баяр баясгалан, зөрчил сөргөлдөөнтэй нүүр тулж буй гэр бүлүүд, гутарч цөхрөх үедээ итгэлээсээ зууран барьдаг хүмүүс, дайн дажин, байгалийн гамшиг тохиолддог улс үндэстнүүдийн тухай уншдаг. Хамгийн чухал нь, Бурхантай холбогдохыг эрэлхийлж буй мөн үүнийгээ Есүс Христэд итгэх итгэл, найдварын ачаар олж авдаг хүмүүсийн тухай бид уншдаг.
Библи гэж юу вэ?
Библи бол Бурханы үг юм. Энэ нь Адам, Евагийн үеэс Есүс Христийн амилалтын дараах үе хүртэлх бошиглогчдын болон бусад сүнслэгээр өдөөгдсөн зохиогчдын бичээсийг агуулдаг. Эдгээр бичээст Бурханы зарлиг, гэрээ, илчлэлүүд мөн Түүний хүүхдүүдтэйгээ харилцах харилцаануудыг багтаасан байдаг. Библи нь Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ гэсэн хоёр хэсэгтэй. Хуучин Гэрээнд бошиглогчид Аврагчийн ирэхийг гэрчилдэг. Шинэ Гэрээ нь Есүс Христийн тохинуулал болон мөнх бус амьдралын тухай цэдэг юм.
Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Судрууд, Мормоны Ном, Бошиглогчид, Илчлэлт, Иосеф Смит
1-р хэсэг
Библи бол Бурханы үг бөгөөд Есүс Христийн гэрч
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид Библийг Бурханы үг хэмээн дээдэлдэг. Бид Библи дээрх Есүс Христийн сайн мэдээний зарчмуудыг судалдаг бөгөөд үүнд Түүний зарлиг, сургаалууд багтдаг (Сургаал ба Гэрээнүүд 42:12-ыг үзнэ үү).
Есүс Христ бол Библийн гол цэг юм. Түүнийг Библи дээрх Иехова, Их Эзэн Бурхан, Гэтэлгэгч, Израилын Ариун Нэгэн, Иммануел, Бурханы Хурга зэрэг олон нэрээр нь мэддэг. Түүний дэлхий дээрх номлолыг Хуучин Гэрээний бошиглогчид зөгнөн хэлсэн ба Шинэ Гэрээнд уг номлолыг нүдээр үзсэн гэрчүүдийн шастирууд байдаг (Исаиа 9:6; Иохан 20:31-ийг үзнэ үү). Есүс Христээр дамжуулан бидэнд үзүүлсэн, Бурханы биднийг хайрлах хайрын тухай Библи гэрчилдэг. Тэрээр биднийг нүглийнхээ өршөөлийг хүлээн авч, Бурханы оршихуйд амьдрахаар эргэн очих боломжийг бидэнд өгсөн. Христийн шавь болохыг хичээх үедээ бид Библийг судалснаар тайтгарал, удирдамж олж авч чадна.
Бодох зүйлс
-
Бошиглогч Иосеф Смит Библийн талаар “судрыг уншдаг хүн үүнийг хамгаас илүүгээр үргэлж хайрлах болно, судрыг мэддэг болсон хүн хаана ч Бурханы мутрыг нээн илрүүлсэн л бол үүнийг хүлээн зөвшөөрнө” гэж хэлжээ. Библи таны Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? Та үүнийг уншаад, Бурханы талаар юу сурч мэдэж болох вэ? Эрт үед амьдарч байсан хүмүүс амьдралдаа Түүний мутрыг хэрхэн харж байсан мөн өнөөдөр та нар амьдралдаа Түүний мутрыг хэрхэн хардгаа бичиж болно.
-
Та мэргэн ухаан, удирдамжийг эрэлхийлбэл Бурханы үгээр дамжуулан заавар хүлээн авах боломжтой. Сургаалт үгс 3:5–6; Иеремиа 29:12–13; Иохан 14:23; Колоссай 3:16; Иаков 1:5-ыг уншаад, Их Эзэн бидэнд хэрхэн Библиэр дамжуулан удирдамж өгдөг тухай жишээг олж болно. Дараа нь итгэл найдвар, заавраар таныг адисалсан Библийн цөөн хэдэн шүлгийг бич.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Бид Есүс Христийг гэрчилдэг Библийг судалснаар Аврагчийг таньж мэдэх боломжтой. Гэтлэл 3:6–14; Матай 3:13–17; Лук 2:25–38-ыг хамтдаа уншиж, Библи хэрхэн Аврагчийг гэрчилдэг жишээг олж мэд. Та нар мөн Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын тухай Библийн видеог үзэж болно. Эдгээр түүхээс Христийн тэнгэрлэг номлолын тухай юу сурснаа ярилц. Есүс бол бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ хоёрт хэрхэн гэрчилдэг вэ?
-
Хожмын үеийн хамгийн агуу үйл явдал, илчлэлүүдийн зарим нь бошиглогчид Библийг судлах үед тохиолдож байсан. Иосеф Смит—Түүх 1:10–20; Сургаал ба Гэрээнүүд 76:11–20; Сургаал ба Гэрээнүүд 138:1–11-д цэдэглэсэн Сүмийн түүхэн дэх эдгээр цаг үеийн заримыг уншиж, ярилц. Дараа нь та бүлгээрээ Сэргээлтийн тухай “Иосеф Смитийн анхны залбирал” юм уу “Бурханы Сүнс” дууллыг дуулж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг гэрчүүд,” 2007 оны 11-р сарын ерөнхий чуулган
-
Д.Тодд Кристоффэрсон, “Судрын адислал,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38–40
-
“Scriptures Legacy” (видео), ChurchofJesusChrist.org
2-р хэсэг
Бурхан хүүхдүүдээ адислахын тулд Ариун Библийг хадгалж үлдсэн
Бидэнд өнөөдөр судалж, суралцах Библи байгаа нь үнэхээр гайхамшиг юм. Түүхэн дэх эрэлхэг зоригтой хүмүүс болон Их Эзэний ачаар бид “олон зууны турш хүмүүний зүрх сэтгэлийг эргүүлж, тэднийг залбирч, зөв замыг сонгож, Аврагчаа олохоор эрж хайхад хүргэсэн” энэхүү гайхамшигт цэдгээс суралцах боломжтой болсон. Энэ ариун ном бидэнд Бурханы Сүнсийг мэдрэхэд тусалдаг.
Библийг анх еврей, грек, арамей хэлээр бичжээ. Гэсэн хэдий ч олон зууны туршид мөн уг номыг олон удаа засварласнаас болж зарим тодорхой, эрхэм үнэт үнэн алдагдсан юм (1 Нифай 13:26–29; Итгэлийн тунхаг 1:8-ыг үзнэ үү). Үүний улмаас Бурхан бошиглогч Иосеф Смитэд эдгээр үнэний заримыг нь сэргээхийг зааварласан ба энэ нь эдүгээ Библийн Иосеф Смитийн Орчуулга гэж нэрлэгддэг. Бошиглогчийн сүнсээр нөлөөлөгдсөн орчуулга Их Эзэний хүүхдүүд Библи болон үүний сургаалуудыг зөв ойлгох нь Түүнд хэчнээн чухлыг харуулдаг.
Бодох зүйлс
-
Бурханы үг Түүний хүүхдүүдийг адислахын тулд олон он жилийг даван туулсан бөгөөд Түүний үг үүрдийнх юм. Исаиа 40:8; Иохан 1:1; 1 Петр 1:25-ыг уншиж, Түүний үгийн мөнхийн мөн чанарын талаар олж мэд. Эдгээр шүлэг Есүс Христийн сайн мэдээний талаар танд юу зааж байна вэ? Уг шүлгүүд Библийг судлах хичээл зүтгэлээ нэмэгдүүлэхэд тань хэрхэн сүнслэгээр нөлөөлж байна вэ?
-
Иосеф Смит Библид сүнслэгээр өдөөгдсөн засвар оруулах нь бошиглогчийн хувьд дуудлагынх нь нэг хэсэг гэж мэдэрсэн. Тэрээр Библийн ихэнх орчуулгыг 1833 он гэхэд дуусгасан ч 1844 онд нас барах хүртлээ хэвлэлтэд зориулж хийсэн ажлаа засварлаж байжээ. Maтай 4:1–11; Матай 18:11; Марк 16:3–6-ийн Иосеф Смитийн Орчуулгыг унших талаар бодож үз. Эдгээр засвар нь судрын хэсэг бүрийн талаарх ойлголтыг тань хэрхэн өөрчилж байна вэ? Эдгээр үнэн сэргээгдсэн нь таны хувьд яагаад чухал вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Библийн ачаар “хэдэн арван сая хүн Бурхан, Есүс Христ хоёрт итгэх болсон.” Библи яагаад тийм олон хүнд хүрсэн бэ? Ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “The Miracle of the Holy Bible” хэмээх захиаснаас та энэхүү ариун судрын номыг бидэнд авчрахын тулд амиа өгсөн хүмүүсийн золиослолын тухай мэдэж авч болно. Эсвэл та дараах хэл дээр гарсан Библийн тухай видеог үзэж болох юм.
-
Англи хэл: “King James Bible Anniversary”
-
Испани хэл: “Latter-day Saint Edition of the Holy Bible in Spanish”
-
Португал хэл: “History of the Translation of Biblia Sagrada”
-
Уг видеог үзсэний дараа та бидэнд Библийг авчрахад тусалсан хүмүүсийн талаарх сэтгэгдлээ хуваалцаж болох юм. Библийг судалж, үүний талаар бодох арга барилд тэдний түүх хэрхэн нөлөөлж байна вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
2 Tимот 3:15–17; Aлма 37:6–10
-
Robert D. Hales, “Preparations for the Restoration and the Second Coming: ‘My Hand Shall Be over Thee,’” Liahona, Nov. 2005, 89–90
-
Судруудын удирдамж, “Иосеф Смитийн орчуулга (ИСО)”, Gospel Library
-
Church History Topics, “Joseph Smith Translation of the Bible,” Gospel Library