Гарын авлагууд болон дуудлагууд
3. Санваарын зарчмууд


“3. Санваарын зарчмууд,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“3. Санваарын зарчмууд,” Ерөнхий гарын авлагын түүвэр

Ариун сүмийн ойролцоо алхаж буй гэр бүл

3.

Санваарын зарчмууд

3.0

Оршил

Санваар бол Бурханы эрх мэдэл ба хүч юм. Тэнгэрлэг Эцэг санваараар дамжуулан “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) Өөрийн ажлыг гүйцэлдүүлдэг. Бурхан дэлхий дээрх Өөрийн охид, хөвгүүдэд энэ ажлыг гүйцэтгэх эрх мэдэл ба хүчийг өгдөг (1-р бүлгийг үзнэ үү).

3.2

Санваарын адислалууд

Гэрээ ба санваарын ёслолуудаар дамжуулан Бурхан Өөрийн бүх хүүхдэд агуу адислалуудыг боломжтой болгосон. Эдгээр адислалд дараах зүйлс орно. Үүнд:

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэж, гишүүн болох

  • Ариун Сүнсний бэлэг хүлээн авах

  • Ариун ёслолоос хүртэх

  • Сүмийн дуудлага, үүрэгт ажилд үйлчлэх эрх мэдэл, хүчийг авах

  • Патриархын адислал ба эрүүл мэнд, тайтгарал, удирдамж заавар авах зэрэг санваарын бусад адислалыг хүлээн авах

  • Ариун сүмд Бурханы хүчээр хишиг хүртэх

  • Гэр бүлийнхээ гишүүдтэй мөнхөд лацдан холбогдох

  • Мөнх амьдрал амлагдах гэх зэрэг болно.

3.3

Мелкизедек санваар ба Аароны санваар

Сүмд санваар нь Мелкизедек санваар, Аароны санваар гэсэн хоёр хэсэгт хуваагддаг (Сургаал ба Гэрээ 107:1-ийг үзнэ үү).

3.3.1

Мелкизедек санваар

Мелкизедек санваар нь “Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун санваар хэмээн нэрлэгддэг” (Сургаал ба Гэрээ 107:3). Энэ санваарын хүчээр Бурханы охид хөвгүүд Түүнтэй адил болох боломжтой (Сургаал ба Гэрээ 84:19–21; 132:19–20-ийг үзнэ үү).

Энэхүү эрх мэдлээр дамжуулан Сүмийн удирдагчид Сүмийн бүх сүнслэг ажлыг удирдан явуулж, гүйцэтгэдэг (Сургаал ба Гэрээ 107:18).

Гадасны ерөнхийлөгч бол гадасныхаа тэргүүлэх дээд прист юм (Сургаал ба Гэрээ 107:8, 10-ыг мөн энэ гарын авлагын 6-р бүлгийг үзнэ үү). Бишоп бол тойргийнхоо тэргүүлэх дээд прист юм (Сургаал ба Гэрээ 107:17; мөн энэ гарын авлагын 7-р бүлгийг үзнэ үү).

Мелкизедек санваарын албан тушаал, үүрэг хариуцлагын тухай мэдээллийг 8.1-ээс үзнэ үү.

3.3.2

Аароны санваар

Аароны санваар бол “Мелкизедек санваарын … хавсралт” юм (Сургаал ба Гэрээ 107:14-ийг үзнэ үү). Үүнд:

  • Тэнгэр элч нарын тохинуулал

  • Наманчлалын сайн мэдээ

  • Нүглээс ангижрахын төлөө хүртэх баптисм гэх зэрэг гаднах ёслолуудыг гүйцэтгэх түлхүүрүүд орно.

(Сургаал ба Гэрээ 13:1; 84:26–27; 107:20-ийг үзнэ үү.)

Бишоп бол тойргийн Аароны санваарын ерөнхийлөгч юм (Сургаал ба Гэрээ 107:15-ыг үзнэ үү).

Аароны санваарын албан тушаал, үүрэг хариуцлагын тухай мэдээллийг 10.1.3-аас үзнэ үү.

3.4

Санваарын эрх мэдэл

Санваарын эрх мэдэл бол Бурханыг төлөөлөх, Түүний нэрээр үйлдэх эрх мэдэл юм. Сүмд санваарын бүх эрх мэдлийг санваарын түлхүүр атгадаг хүмүүсийн удирдлага доор ашигладаг.

3.4.1

Санваарын түлхүүрүүд

Санваарын түлхүүр бол Бурханы хүүхдүүдийн төлөө санваарыг хэрхэн ашиглахыг удирдан чиглүүлэх эрх мэдэл юм.

3.4.1.1

Санваарын түлхүүрийг атгагчид

Их Эзэн дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаарах бүх түлхүүрийг Өөрийн төлөөлөгч бүрд хүртээсэн. Хамгийн ахмад, амьд төлөөлөгч бол Сүмийн ерөнхийлөгч бөгөөд санваарын тэдгээр бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэлтэй дэлхий дээрх цорын ганц хүн мөн (Сургаал ба Гэрээ 81:1–2; 107:64–67, 91–92; 132:7-г үзнэ үү).

Сүмийн ерөнхийлөгчийн удирдлага доор дараах санваарын удирдагчдад түлхүүрүүдийг өгдөг ба тэд ийн хүлээн авснаар өөр өөрийн хариуцсан үүрэгт ажлыг тэргүүлэн удирддаг. Үүнд:

  • Гадас, дүүргийн ерөнхийлөгч

  • Бишоп, салбарын ерөнхийлөгч

  • Мелкизедек болон Аароны санваарын чуулгын ерөнхийлөгч

  • Ариун сүмийн ерөнхийлөгч

  • Номлолын ерөнхийлөгч ба номлогчийг бэлтгэх төвийн ерөнхийлөгч

Эдгээр удирдагч өөрсдийн дуудлагад онцгойлон адислагдахдаа санваарын түлхүүрийг хүлээн авдаг.

Санваарын түлхүүрийг бусдад, тухайлбал орон нутгийн санваарын удирдагчдын зөвлөхүүд, Сүмийн байгууллагуудын ерөнхийлөгчдөд өгдөггүй. Сүмийн байгууллагуудын ерөнхийлөгч нь санваарын түлхүүр атгагчдын удирдлага доор тэргүүлэн удирддаг (4.2.4-ийг үзнэ үү).

3.4.1.2

Их Эзэний ажлын дэг жаяг

Санваарын түлхүүрүүд нь Их Эзэний аврал, өргөмжлөлийн ажлыг эмх цэгцтэй хийх боломжоор хангадаг (Сургаал ба Гэрээ 42:11; 132:8-ыг үзнэ үү). Санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүс үүрэг хариуцлагынхаа хүрээнд Их Эзэний ажлыг тэргүүлэн удирддаг. Тэргүүлэх энэхүү эрх мэдэл нь зөвхөн тухайн удирдагчийн дуудлагын тодорхой үүрэг хариуцлагад л хүчинтэй. Санваарын удирдагч дуудлагаас чөлөөлөгдөхдөө цаашид эдгээр түлхүүрийг атгахаа больдог.

3.4.2

Санваар хүртээх ба санваарт томилох

Санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүсийн удирдлага доор Аароны болон Мелкизедек санваарыг зөвхөн Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд хүртээдэг (Сургаал ба Гэрээ 84:14–17-г үзнэ үү). Зохих санваар хүртээсний дараа тухайн хүнийг дикон юм уу ахлагч гэх мэт уг санваарын албанд томилно. Санваартан тухайн албаны эрх, үүрэг хариуцлагын дагуу санваарыг ашигладаг (Сургаал ба Гэрээ 107:99-ийг үзнэ үү).

Санваар хүртээж, томилох тухай мэдээллийг 8.1.1, 18.10-аас үзнэ үү.

3.4.3

Сүмд үйлчлэх санваарын эрх мэдлийг итгэмжлэн олгох

3.4.3.1

Онцгойлон адислах

Сүмийн гишүүд санваарын түлхүүр атгадаг хүмүүсийн удирдлага доор онцгойлон адислагдахдаа тухайн дуудлагынхаа хүрээнд үйлдэх эрх мэдлийг Бурханаас хүлээн авдаг. Жишээлбэл:

  • Бишопоор дамжуулан тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дуудагдаж, онцгойлон адислагдсан эмэгтэйд тойргийн Халамжийн нийгэмлэгийн ажлыг удирдан явуулах эрх мэдэл өгөгддөг.

Дуудагдаж, онцгойлон адислагдсан бүх хүн дор бүрдээ өөр өөрийн тэргүүлэн удирддаг хүнийхээ удирдлага доор үйлчилнэ (3.4.1.2-ыг үзнэ үү).

Тэд дуудлагаасаа чөлөөлөгдөхдөө дуудлагатай нь холбоотой эрх мэдлийг цаашид эдлэхээ больдог.

3.4.3.2

Үүрэг даалгавар

Сүмийн тэргүүлэх удирдагчид үүрэг даалгавраар дамжуулан эрх мэдлийг итгэмжлэн өгдөг. Эдгээр үүрэг даалгаврыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүлээн авахдаа Бурханаас үйлдэх эрх мэдэл хүлээн авдаг. Жишээлбэл:

  • Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга нь бүсүүдэд үйлчлэх, гадасны чуулганыг тэргүүлэн удирдахаар томилогдсон Далын гишүүдэд ийн үйлдэх эрх мэдлийг итгэмжлэн өгдөг.

  • Сүм нь тохинуулагч ах, эгчээр үйлчлэх эрх мэдлийг Сүмийн гишүүдэд итгэмжлэн өгдөг.

Үүрэг даалгавраар итгэмжлэн өгөгдсөн эрх мэдэл нь тодорхой үүрэгт ажилд, үргэлжлэх хугацаанд хамаарна.

3.4.4

Санваарын эрх мэдлийг зөв шударгаар ашиглах

Энэхүү эрх мэдлийг зөвхөн зөв шударга байдалд ашиглаж чадна (Сургаал ба Гэрээ 121:36-г үзнэ үү). Үүнийг сэнхрүүлэл, тэсвэр тэвчээр, нинжин сэтгэл, эелдэг дөлгөөн байдал, хайр, найрсаг байдлаар ашиглана (Сургаал ба Гэрээ 121:41–42-ыг үзнэ үү).

Санваарын эрх мэдлийг ашигладаг хүмүүс өөрсдийн хүсэл бодлыг бусдад тулгадаггүй. Мөн тэд үүнийг амин хувийн зорилгоор ашигладаггүй.

3.5

Санваарын хүч

Санваарын хүч бол Бурхан үр хүүхдүүдээ адислахад ашигладаг Өөрийнх нь хүч юм. Бурханы санваарын хүч Сүмийн эмэгтэй, эрэгтэй бүх гишүүн Түүнтэй байгуулсан гэрээгээ сахих үед тэдэнд хүрдэг. Гишүүд санваарын ёслолыг хүлээн авахдаа эдгээр гэрээг байгуулдаг. (Сургаал ба Гэрээ 84:19–20-ийг үзнэ үү.)

Гишүүд санваарын хүчийн дараах адислалуудыг хүртэх боломжтой. Үүнд:

  • Амьдралыг нь чиглүүлэх удирдамж чиглүүлэг

  • Томилогдсон, онцгойлон адислагдсан эсвэл хүлээн авсан үүрэгт ажлаа хэрхэн биелүүлэхээ олж мэдэх илчлэлт

  • Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёртой илүү адил болоход хэрэгтэй тусламж ба хүч чадал

3.5.1

Гэрээ

Гэрээ бол Бурхан, Түүний хүүхдүүд хоорондын ариун нандин амлалт юм. Бурхан гэрээний нөхцөлийг өгдөг бөгөөд Түүний хүүхдүүд эдгээр нөхцөлийг дагахаа хүлээн зөвшөөрдөг. Бурхан Өөрийн хүүхдүүдийг гэрээгээ сахисан тохиолдолд адислахаа амладаг.

Эцсээ хүртэл тэвчин гэрээгээ сахисан бүх хүн мөнх амьдралыг хүлээн авна (2 Нифай 31:17–20; Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү).

Эцэг эх, Сүмийн удирдагчид, мөн бусад хүн хувь хүмүүсийг сайн мэдээний ёслолуудыг хүлээн авахаар гэрээ байгуулахаар бэлтгэхэд нь тусална. Тухайн хүнийг байгуулах гэж буй гэрээгээ ойлгосон байхад тэд анхаарна. Гэрээ байгуулсных нь дараа үүнийгээ сахихад түүнд тусална. (Moзая 18:8–11, 23–26-г үзнэ үү.)

3.5.2

Ёслол

Ёслол нь санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг ариун нандин зан үйл юм.

Олон ёслолын үеэр, хувь хүмүүс Бурхантай гэрээ байгуулдаг. Үүний жишээнд баптисм, ариун ёслол, хишиг, гэрлэлтийн лацдан холбох ёслол гэх зэрэг орно.

Аврал, өргөмжлөлийн ёслолууд мөнх амьдралд нэн чухал. Дэлгэрэнгүй мэдээллийг 18.1-ээс үзнэ үү.

3.6

Санваар ба гэр орон

Гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүд гээд Сүмийн бүх гишүүн гэр орондоо өөрсдийгөө болон гэр бүлийнхнийгээ хүчирхэгжүүлэхэд тусалдаг Бурханы санваарын хүчээр адислагддаг (3.5-ыг үзнэ үү). Энэ хүч нь гишүүдэд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг хувийн болон гэр бүлийнхээ амьдралд гүйцэтгэхэд тусална (2.2-ыг үзнэ үү).

Мелкизедек санваартай эрэгтэйчүүд гэр бүлийнхээ гишүүдэд удирдамж чиглүүлэг өгч, эдгээн, тайтгаруулахаар санваарын адислалуудыг өгч болно. Мөн хэрэгтэй үед Сүмийн гишүүд эдгээр адислалыг хамаатан садан, тохинуулагч ах нар, орон нутгийн Сүмийн удирдагчдаасаа авахаар эрэлхийлж болно.