Гарын авлагууд болон дуудлагууд
2. Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд хувь хүн, гэр бүлүүдийг дэмжих


“2. Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд хувь хүн, гэр бүлүүдийг дэмжих,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“2. Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд хувь хүн, гэр бүлүүдийг дэмжих,” Ерөнхий гарын авлагын авлагын түүвэр

гэр бүлийн зураг

2.

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд хувь хүн, гэр бүлүүдийг дэмжих

2.0

Оршил

Есүс Христийн Сүмийн удирдагчийн хувьд та Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд хувь хүн, гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлдэг (1.2-ыг үзнэ үү). Энэхүү ажлын эцсийн зорилго бол Бурханы бүх хүүхдэд мөнх амьдралын адислалаас хүртэж, баяр баясгаланг бүрэн дүүрэн мэдрэхэд туслах явдал юм.

Бурханы аврал, өргөмжлөлийн дийлэнх ажлыг гэр бүлээр дамжуулан гүйцэлдүүлдэг. Сүмийн бүх гишүүний хувьд энэ ажил гэр төвтэй.

2.1

Бурханы төлөвлөгөөн дэх гэр бүлийн үүрэг

Өөрийн төлөвлөгөөний нэгэн хэсэг болгон Тэнгэрлэг Эцэг дэлхий дээр гэр бүлүүдийг үүсгэсэн. Тэрээр бидэнд аз жаргалыг мэдрүүлэхээр гэр бүлүүдийг өгсөн. Гэр бүл нь сурч, өсөж хөгжин, үйлчилж, наманчилж, уучлах боломж олгодог. Мөн биднийг мөнх амьдралд бэлдэхэд тусалдаг.

Бурханы мөнх амьдралын амлалтад мөнхийн гэрлэлт, үр хүүхэд болон мөнхийн гэр бүлийн өөр бусад бүх адислал ордог. Энэхүү амлалт нь одоо гэрлээгүй байгаа эсвэл Сүмд гэр бүлгүй хүмүүст ч хамаарна.

2.1.1

Мөнхийн гэр бүл

Сүмийн гишүүд ариун сүмд лацдан холбогдох ёслолыг хүлээн авч, гэрээ байгуулах үед мөнхийн гэр бүл үүсдэг. Гишүүд тэрхүү гэрээгээ сахиж мөн унаж бүдэрсэн үедээ наманчилснаар мөнхийн гэр бүлийн адислалуудыг хүртдэг. Сүмийн удирдагчид гишүүдэд эдгээр ёслолыг хүлээн авахад бэлдэж, гэрээгээ эрхэмлэн дээдлэхэд нь тусалдаг.

Мөнхийн гэр бүлийг байгуулахын өөр нэгэн хэсэг бол нас барсан өвөг дээдэстэйгээ лацдан холбогдох боломжийг гишүүдэд олгодог ёслолуудыг ариун сүмд гүйцэтгэх явдал юм.

2.2.1

Нөхөр, эхнэр хоёр

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт нь Бурханаас хүмүүнд томилогдсон (Сургаал ба Гэрээ 49:15-ыг үзнэ үү). Эхнэр, нөхөр хоёр мөнх амьдрал өөд хамтдаа хөгжин дэвших заяатай (1 Коринт 11:11-ийг үзнэ үү).

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн селестиел гэрлэлтийн гэрээг байгуулсан байх нь мөнх амьдралыг хүлээн авахад тавигддаг шаардлагуудын нэг юм (Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү). Хосууд гэрлэлтийн лацдан холбох ёслолыг ариун сүмд хүлээн авснаар энэ гэрээг байгуулдаг. Энэ гэрээ бол мөнхийн гэр бүлийн үндэс суурь юм. Үнэнчээр сахих юм бол энэ нь тэдний гэрлэлтийг мөнхөд үргэлжлэх боломжийг олгодог.

Эхнэр, нөхрийн хоорондох бие махбодын дотно харьцаа гайхалтай сайхан, нандин байх учиртай. Энэ нь үр хүүхэдтэй болох, эхнэр нөхөр хоёрын бие биедээ хайраа илэрхийлэх Бурханаар томилогдсон арга зам юм. Амин хувиа хичээх биш, харин энхрийлэн хайрлаж, хүндлэн дээдлэх нь тэдний дотно харилцааг удирдан хөтөлж байх ёстой.

Бурхан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зөвхөн гэрлэснээр бэлгийн дотно харьцаанд орох ёстой хэмээн зарлигласан.

Эхнэр, нөхөр хоёр Бурханы мэлмийд адил тэгш эрхтэй. Нэг нь нөгөөхөө давамгайлах ёсгүй. Тэд шийдвэр гаргахдаа хоёр талаас бүрэн оролцож, нэгдмэл байж, хайраар хандах ёстой.

2.1.3

Эцэг эх ба үр хүүхэд

Хожмын үеийн бошиглогчид “Өөрийн хүүхдүүддээ өгсөн өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээсэн Бурханы зарлиг хүчин төгөлдөр байгаа” гэж заажээ (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг мөн Сургаал ба Гэрээ 49:16–17-г үзнэ үү).

Бие биеэ хайрладаг эхнэр, нөхөр хоёр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх хамгийн тохиромжтой орчныг бүрдүүлдэг. Хувь хүний нөхцөл байдал эцэг эхчүүдэд үр хүүхдээ хамтдаа өсгөн хүмүүжүүлэхэд саад болж болох юм. Гэхдээ Өөрөөс нь тусламж эрэлхийлэн, байгуулсан гэрээгээ сахихыг хичээх юм бол Их Эзэн тэднийг адислах болно.

Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ мөнх амьдралын адислалуудыг хүртэхэд бэлдэхэд нь туслах амин чухал үүрэг хариуцлага хүлээдэг. Тэд үр хүүхдүүддээ Бурханыг болон бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэхийг заадаг (Матай 22:36–40-ийг үзнэ үү).

“Эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”). Хэрэв гэрт эцэг хүн эсвэл нөхөр байхгүй бол эх нь гэр бүлийг тэргүүлдэг.

Гэр бүл тэргүүлэх гэдэг нь гэр бүлийн гишүүдээ Бурханы оршихуй руу эргүүлэн удирдахад туслах үүрэг хариуцлага юм. Үүнийг Есүс Христийн үлгэр жишээг даган эелдэг зөөлөн, номхон дөлгөөн, цэвэр ариун хайраар үйлчилж, зааж сургаснаар хийдэг (Матай 20:26–28-ыг үзнэ үү). Гэр бүлийг тэргүүлэхэд гэр бүлийн гишүүдийг тогтмол залбирч, сайн мэдээнээс суралцахад мөн бишрэл шүтлэгийн бусад тал дээр удирдан залах явдал бас ордог. Эцэг эхчүүд эдгээр үүрэг хариуцлагаа гүйцэтгэхээр нэгдмэл байдалд ажилладаг.

“Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”). Өсгөн хүмүүжүүлэх гэдэг нь Аврагчийн үлгэр жишээг даган тэжээж тэтгэх, зааж сургах, дэмжиж туслах гэсэн утгатай (3 Нифай 10:4-ийг үзнэ үү). Эх хүн нөхөртэйгөө нэгдэн, гэр бүлийнхэндээ сайн мэдээний үнэнд суралцаж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлтэй болоход нь тусалдаг. Тэд гэр бүл дотроо хайраар дүүрэн уур амьсгалыг бий болгодог.

“Энэхүү ариун үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”). Тэд хамтдаа болон Их Эзэнтэй залбиран зөвлөлддөг.

2.2

Гэр орон дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажил

Тэргүүн Зөвлөл “Гэр орон бол зөв шударга амьдралын үндэс суурь юм” хэмээн хэлсэн (First Presidency letter, Feb. 11, 1999).

Гэр орондоо Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг хийхэд нь гишүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Сүмийн удирдагчид Сүнс оршдог гэр орныг бий болгоход тэднийг урамшуулдаг. Тэд бас Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, сайн мэдээнээс гэр орондоо суралцаж, судлах, долоо хоног бүр гэр бүлийн үдэш хийх зэрэгт гишүүдийг урамшуулан дэмждэг.

2.2.3

Гэртээ сайн мэдээнээс суралцаж, судлах

Сайн мэдээнээс суралцаж, судлахыг гэрт төвлөрсөн, Сүмээс дэмжсэн байх учиртай. Сүмийн удирдагчид бүх гишүүнийг Хүндэтгэлийн өдөр, мөн долоо хоногийн туршид сайн мэдээнээс гэртээ суралцахад урамшуулдаг.

Гэртээ сайн мэдээг судлахдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагад тусгасны дагуу судраас суралцвал зохино.

2.2.4

Гэр бүлийн үдэш ба бусад үйл ажиллагаа

Хожмын үеийн бошиглогчид Сүмийн гишүүдэд гэр бүлийн үдшээ долоо хоног бүр хийхийг зөвлөсөн. Энэ бол хувь хүн, гэр бүлүүдийн хувьд сайн мэдээнээс суралцаж, гэрчлэлээ хүчирхэгжүүлж, эв нэгдлийг тогтоон, бие биетэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх ариун нандин цаг юм.

Гэр бүлийн үдшийг гишүүдийн нөхцөл байдалд тааруулан хийнэ. Үүнийг Хүндэтгэлийн өдөр эсвэл өөр өдөр, цагт хийж болно. Үүнд дараах зүйлс орж болно.

  • Сайн мэдээнээс суралцаж, заах (Ирээд, Намайг дага дээрх материалыг хүссэнээрээ ашиглаж болно).

  • Бусдад үйлчлэх

  • Дуулал болон Хүүхдийн хэсгийн дууг дуулах эсвэл тэдгээрийг хөгжим дээр тоглох (19-р бүлгээс үзнэ үү)

  • Гэр бүлийн гишүүдийг Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил хөтөлбөрийг гүйцэтгэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх

  • Гэр бүлийн хурлаар зорилго тавьж, асуудлыг шийдвэрлэж, хуваариа уялдуулан холбоно.

  • Цагийг зугаатай сайхан өнгөрүүлэх үйл ажиллагаануудыг явуулж болно.

Ганц бие гишүүд, мөн бусад хүн ердийн Хүндэтгэлийн өдрөөр бишрэн шүтэх үйл ажиллагаанаас гадуур бүлгээрээ цуглан, гэр бүлийн үдэшт оролцож, сайн мэдээнээс суралцах байдлаар нэг нэгнээ хүчирхэгжүүлж болно.

2.2.5

Хувь хүмүүсийг дэмжих

Сүмийн удирдагчид нэмэлт дэмжлэг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусална. Удирдагчид эдгээр гишүүнд болон тэдний гэр бүлд найзалж нөхөрлөх, олон нийтийн дунд эерэг харилцаатай болох, сүнслэг байдлаар өсөж хөгжих боломжтой болоход тусална.

2.3

Гэр орон, Сүм хоёрын хоорондын харилцаа

Бурханы аврал, өргөмжлөлийн ажил нь гэрт төвлөрч, Сүмээр дэмжигддэг. Дараах зарчмууд нь гэр орон, Сүм хоёрын хоорондын харилцаанд хамаатай.

  • Удирдагч, багш нар эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг хүндэлж, тэдэнд тусалдаг.

  • Сүмийн зарим цуглаан тойрог, салбар бүрд нэн чухал байдаг. Үүнд ариун ёслолын цуглаан, Хүндэтгэлийн өдөр болдог анги, чуулгын цуглаанууд орно. Чухал биш өөр олон цуглаан, үйл ажиллагаа, хөтөлбөр бий.

  • Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчилж, золиос гаргаж буй гишүүдийг адислах болно. Гэхдээ Сүмийн үйлчлэлд зарцуулдаг цаг нь гишүүдийн гэр орон, ажил, өөр бусад үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь саад болох ёсгүй.