Хуучин Гэрээ 2022
9-р сарын 19–25. Исаиа 40–49: “Ард түмнийг минь тайвшруул”


“9-р сарын 19–25. Исаиа 40–49: ‘Ард түмнийг минь тайвшруул,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“9-р сарын 19–25. Исаиа 40–49,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Есүс сохор хүнийг эдгээж байгаа нь

Сохор хүнийг эдгээсэн нь, Карл Хэйнрих Блох

9-р сарын 19–25

Исаиа 40–49

“Ард түмнийг минь тайвшруул”

Исаиа ихэвчлэн бэлгэдлийн үг хэллэг хэрэглэдэг байв. Эдгээр бэлгэдлийн таны оюун ухаанд өгч, зүрх сэтгэлд төрүүлэх бодол, мэдрэмжийг анхаараарай. Энэ нь түүний заасан зүйлийг илүү сайн ойлгоход тань тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

“Тайвшруул” гэдэг нь Исаиа 40-р бүлгийн эхний шүлэгт орсон үг юм. Энэ нь бошиглогчийн захиасын өнгө аяс, онцолж буй зүйл өөрчлөгдөж байгааг тэмдэглэдэг. Исаиагийн өмнөх бичээсүүд Израил, Иуда хоёрт нүглээс нь болж ирэх сүйрэл, боолчлолын талаар сэрэмжлүүлж байсан бол сүүлчийн бошиглолууд нь 150 гаруй жилийн дараа Иерусалим устгагдаж, ариун сүмийг бузарлаж, хүмүүсийг Вавилонд олзлон аваачих үед еврейчүүдийг тайвшруулахад чиглэгдсэн байв. Гэхдээ эдгээр бошиглол нь ялагдаж, сэтгэлээр унасан израилчуудаас ч хойш олон зууны тэртээ амьдрах хүмүүст хамаатай юм. Тэдгээр нь заримдаа ялагдаж, сэтгэлээр унаж, бүр төөрөлддөг бидэнд ч хандан ярьдаг.

Исаиа тэдэнд болон бидэнд “Бүү айгтүн” (Исаиа 43:1) гэсэн энгийн захиас үлдээсэн. Бидэнд найдвар бий. Их Эзэн чамайг мартаагүй бөгөөд Түүнд юу ч хийгээд нэмэргүй мэт санагдах нөхцөл байдлыг өөрчлөх хүч бий. Их Эзэн “тэнгэрийг бүтээж, … дэлхий болон түүнээс гарах бүхнийг дэлгэсэн, дээрх хүмүүст амьсгалыг өгөгч” биш гэж үү?” (Исаиа 42:5). Тэрээр Вавилоноос ч, нүглээс ч мөн таныг боолчилсон бүхнээс хүчтэй биш гэж үү? Тэрээр “Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн” (Исаиа 44:22) хэмээн гуйсан. Тэрээр хэрэгтэй үед тань төдийгүй таныг аврахын тулд эдгээж, сэргээн, хүчирхэгжүүлж, уучилж, тайвшруулж чадна.

Нифай, Иаков хоёр Исаиа 48–49-ийг өөрсдийнхөө хүмүүстэй хэрхэн адилтгасныг мэдэхийн тулд 1 Нифай 22, 2 Нифай 6-г үзнэ үү.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Исаиа 40–49

Есүс Христ намайг тайвшруулж, итгэл найдвар төрүүлж чадна.

Израилчууд Вавилонд олзлогдсондоо сэтгэлээр унаж, гүн шаналалд автсан байх. Бурханы сонгосон, гэрээний хүмүүс гэсэн байр сууриа үүрд алдсан байх гэж олон хүн бодож байсан биз. Исаиа 40–49-ийг уншиж байхдаа тайтгарал, найдвар өгч байсан байж болох хэсгүүдийг олно уу. Олсон хэсэг бүрд эдгээр шүлгээр Их Эзэн танд юу гэж хэлж байгааг тунгаан бодож, тэмдэглээрэй. Эхэлж ажиллах хэдэн шүлгийг өгөв.

Та эдгээр захиасыг урмын үг, итгэл найдвар хэрэгтэй байгаа хүнтэй хэрхэн хуваалцаж болох вэ? (Исаиа 40:1–2-ыг үзнэ үү).

Мөн Жэффри Р. Холланд, “Найдварын төгс гэрэл,” Ensign, May 2020, 81–84 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99–102-ыг үзнэ үү.

Зураг
Ойн шугуй дахь гол

Их Эзэнд дуулгавартай байснаар “амар тайван [маань] гол мэт … бай[на[” (Исаиа 48:18).

Исаиа 40:3–8, 15–23; 42:15–16; 47:7–11

Бурханы хүч дэлхийнхний хүчнээс илүү агуу болой.

Исаиа өөрийн хүмүүст Бурханы зүйрлэшгүй хүч чадлыг ахин дахин сануулж, тэр ч байтугай тэднийг хүрээлж байсан дарангуйлагч дэлхийнхний хүч чадалтай харьцуулж байсан. Исаиа 40:3–8, 15–23; 42:15–16; 47:7–11-ийг (47-р бүлгийг Израилыг олзолсон Вавилонд хандан бичсэнийг анхаарна уу) уншихдаа энэ захиасыг олоорой. Эдгээр судрын хэсэгт дэлхийн эд зүйлсийн талаар танд юу зааж байна вэ? Тэдгээр нь Бурханы талаар юу зааж байна вэ? Яагаад уг захиас боолчлолд байсан еврейчүүдэд үнэ цэнтэй байсан байж болох талаар тунгаан бод. Яагаад энэ нь танд чухал вэ?

Мөн “Abide with Me!Hymns, д.166-г үзнэ үү.

Исаиа 41:8–13; 42:1–7; 43:9–12; 44:21–28; 45:1–4; 48:10; 49:1–9

“Чи миний боол.”

Исаиа 40–49-д тэр чигээрээ Их Эзэн Өөрийн “үйлчлэгч” ба “гэрчүүдийн” талаар ярьдаг. Зарим хэсэгт эдгээр үг Есүс Христийг хэлж байгаа мэт (Исаиа 42:1–7-г үзнэ үү), заримд нь Израилын угсааг (Исаиа 45:4-ийг үзнэ үү), харин заримд нь еврейчүүдийг Иерусалим руу эргэн очиж, ариун сүмийг сэргээн барьж босгохыг зөвшөөрсөн Кореш хааныг хэлдэг (44:26–45:4-ийг үзнэ үү). Аль ч тохиолдолд эдгээр хэсэг нь Их Эзэний үйлчлэгч, гэрчийн хувьд танд ямар хамаатай болохыг эргэцүүлэн бодно уу. Жишээлбэл, дараахтай адил асуултуудыг тунгаан бодоорой.

Исаиа 41:8–13; 42:6; 44:21. Их Эзэн юу хийлгэхээр таныг дуудсан бэ? Сүмийн албан дуудлага болон Түүнд үйлчлэх бусад гэрээт үүргийнхээ талаар эргэцүүлэн бодно уу. Тэр таныг үйлчилж байхад хэрхэн дэмжин тусалж, “гараас чинь атгад[аг]” (Исаиа 42:6) вэ? Тэр хэрхэн таныг Өөрийн зарц болгохоор “бий болгосон” бэ? (мөн Исаиа 48:10-ыг үзнэ үү).

Исаиа 43:9–12. Ямар утгаараа та Есүс Христийн гэрч вэ? Тэр таны Аврагч гэдгийг амьдралд тань тохиолдсон ямар үйл явдал харуулсан бэ?

Исаиа 49:1–9. Та гаргасан хүчин чармайлт, үзүүлсэн үйлчлэл тань “дэмий хөдөлмөрлөж, хүчээ юунд ч биш, хоосон зарцуулсан” мэт санагдах үед туслах ямар захиасуудыг эдгээр шүлгээс олсон бэ? (4-р шүлэг).

Мөн Мозая 18:9; HenryB. Eyring, “A Child and a Disciple,” Ensign эсвэл Liahona, May 2003, 29–32-ыг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Исаиа 40:3–4.“Эзэний замыг бэлдэх” гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг судлахын тулд танай гэр бүл муруй зүйлийг тэгшилж, энд тэндгүй хог хаясан шалыг цэвэрлэж эсвэл чулуурхаг газар зам гаргаж болно. Мөн та Баптисч Иохан, Иосеф Смит хоёрын зургийг үзүүлж болно (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 35, 87-г үзнэ үү). Тэд Их Эзэний ирэх замыг хэрхэн бэлдсэн бэ? (Лук 3:2–18; Сургаал ба Гэрээ 135:3-ыг үзнэ үү). Бид Түүнд зориулан замыг бэлтгэхэд хэрхэн тусалж болох вэ? (жишээлбэл, Сургаал ба Гэрээ 33:10-ыг үзнэ үү).

Исаиа 40:28; 43:14–15; 44:6.Бид эдгээр шүлгээс Есүс Христийн ямар ямар нэр, цолыг олж болох вэ? Нэр бүр Түүний талаар юуг бидэнд зааж байна вэ?

Исаиа 41:10; 43:2–5; 46:4.Эдгээр шүлгийг “Бат бөх суурь” (Сумийн дуулал болон хүүхдийн дуу, 6-р хуудас) дуулалд оруулсан байдаг. Гэр бүлийнхэнд тань хамтдаа дуулал дуулж, эдгээр шүлгийн үгтэй адилхан үгийг олох нь таалагдаж болох юм. Эдгээр үг Есүс Христийн талаар бидэнд юу зааж байна вэ?

Исаиа 44:3–4; 45:8.Эдгээр шүлгийг уншсаныхаа дараа, гэр бүлээрээ Их Эзэний тэдэн дээр цутгасан адислалуудын талаар ярингаа ургамал усалж болно. Ургамлыг услахад юу болдог вэ? Их Эзэн биднийг адислахдаа биднээс юу хүсэн хүлээдэг вэ?

Исаиа 48:17–18.Гол мөрөн, далайн давлагааны зураг, видео зэргийг үзүүлэх талаар бодож үзээрэй. Амар амгалан хэрхэн гол мөрөнтэй адилхан байж болох вэ? Зөв шударга байдал хэрхэн давлагаатай адилхан бэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Бат бөх суурь,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 6-р хуудас.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Үгсийг тодорхойлоорой. Судар дахь мэдэхгүй, бас ойлгодог гэж бодож байгаа үгийнхээ тайлбарыг харахыг хичээ. Заримдаа тайлбар нь шүлгийг өөрөөр уншиж, шинэ сүнслэг ойлголт олж авахад тань тусалж болох юм.

Зураг
Есүс нэгэн охин, эрэгтэйн хамт

“Эзэн ард түмнээ тайвшруулсан бөгөөд зовсон хүмүүсээ энэрнэ” (Исаиа 49:13).Гилеадын гавар, Анн Адэл Хэнри