Хуучин Гэрээ 2022
Санах зүйлс: Бошиглогчид ба бошиглол


“Санах зүйлс: Бошиглогчид ба бошиглол,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Санах зүйлс: Бошиглогчид ба бошиглол,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
санах шигтгээ зураг

Санах зүйлс

Бошиглогчид ба бошиглол

Хуучин Гэрээний уламжлалт Христийн шашныхны судрын сүүлчийн хэсгийг (Исаиагаас Малахи хүртэлх) “Бошиглогчид” гэж нэрлэдэг.1 Ойролцоогоор Хуучин Гэрээний дөрөвний нэгийг эзэлдэг энэ хэсэг нь Их Эзэнтэй ярьж, дараа нь Түүнийг төлөөлөн үг хэлж, Түүний үгийг МЭӨ 900-аас 500 оны хооронд хүмүүстэй хуваалцаж байсан Бурханы эрх бүхий үйлчлэгчдийн үгсийг агуулдаг.2

Бошиглогчид ба бошиглол нь Хуучин Гэрээний туршид чухал үүрэг гүйцэтгэдэг. Абрахам, Исаак, Иаков зэрэг патриархууд үзэгдэл үзэн, тэнгэр элч нартай ярилцдаг байсан. Мосе Бурхантай нүүр тулан ярилцаж, Түүний тааллыг Израилын хүүхдүүдэд дамжуулдаг байв. 1 болон 2 Хаад номд бошиглогч Элиа, Елиша хоёрын мартагдашгүй үйл хэрэг, захиасуудыг өгүүлдэг. Хуучин Гэрээнд мөн Мириам (Гэтлэл 15:20-ийг үзнэ үү), Дебора (Шүүгчид 4-ийг үзнэ үү) зэрэг эмэгтэй бошиглогчдоос гадна Ребека (Эхлэл 25:21–23-ыг үзнэ үү), Ханна (1 Самуел 1:20–2:10-ыг үзнэ үү) гэх мэт бошиглолын сүнсээр адислагдсан өөр бусад эмэгтэйн тухай өгүүлдэг. Хэдийгээр Дуулал номыг албан ёсоор дуудагдсан бошиглогчид бичээгүй ч тэд, ялангуяа Мессиагийн ирэлтийг тэсэн ядан хүлээж байхдаа мөн л бошиглолын сүнсээр дүүрсэн байв.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд эдгээрийн аль нь ч гайхмаар зүйл биш юм. Үнэндээ Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь бошиглогчид зөвхөн түүхийн нэгэн сонирхолтой хэсэг биш, харин Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг гэдгийг бидэнд заадаг. Зарим нь бошиглогчдыг Хуучин Гэрээний үед л байсан гэж үздэг ч бид бошиглогчдыг Хуучин Гэрээний цаг үед байсан шиг одоо ч байдаг гэж үздэг.

Гэсэн ч Исаиа эсвэл Езекиелийн бүлгийг унших нь одоогийн Сүмийн ерөнхийлөгчийн Ерөнхий чуулган дээр өгсөн захиасыг уншихаас өөр санагдаж магадгүй юм. Заримдаа эртний бошиглогчдод бидэнд хандан хэлсэн үг байгааг олж хараагүй байж болно. Эцсийн эцэст бидний амьдарч байгаа өнөөгийн ертөнц тэдний номлож, бошиглож байсан ертөнцөөс хамаагүй өөр. Үүнээс үүдэн бидэнд амьд бошиглогч байгаа юм чинь яагаад эртний бошиглогчдын үгсийг нөр их хүчин чармайлт гарган байж унших хэрэгтэй юм бэ гэсэн асуулт гарч ирж магад.

Ямар ч байсан тэдэнд бидэнд хэлэх зүйл бий.

Ихэнх хэсгийн хувьд, өнөөгийн хүмүүс Хуучин Гэрээний бошиглогчдын зорилтот хүмүүс биш юм. Яг манай хожмын үеийн бошиглогчид өнөөгийн хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар онцлон ярьдгийн адил тэр бошиглогчдод ч гэсэн тухайн цаг үе, газар нутагт хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой асуудлууд байсан.

Үүний зэрэгцээ бошиглогчид хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой асуудлаас цаадахыг харж чаддаг. Нэгд, тэд аль ч цаг үед хамааралтай мөнхийн үнэнүүдийг заадаг. Илчлэлээр адислагдсан тэд илүү том дүр зургийг, Бурханы үйл хэргийг илүү өргөн хүрээнд хардаг. Жишээлбэл, Исаиа тухайн үеийн хүмүүст нүглийнх нь талаар сэрэмжлүүлээд зогсохгүй, 200 жилийн дараа амьдрах израилчууд боолчлолоос чөлөөлөгдөх тухай бичихдээ Бурханы бүх хүн чөлөөлөгдөх тухай заасан. Нэмж дурдахад, тэр алдагдсан Израилын овог аймгууд цугларч, “үндэстнүүд” “дахин дайн сурахгүй” (Исаиа 2:4), “Их Эзэний мэдлэгээр дүүрэн” (Исаиа 11:9) “шинэ дэлхийн” (Исаиа 65:17) талаарх амлалтууд гэх мэт өнөөдрийг хүртэл гүйцэлдэхийг хүлээж байгаа бошиглолуудыг бичсэн байдаг. Исаиа гэх мэт Хуучин Гэрээний бошиглогчдын үгсийг уншихад, тэдний төсөөлж байсан тэр гайхамшигтай өдөр өөрсдийнхөө гүйцэтгэх үүргийг ухааран ойлгох үед баяр баясгаланг мэдэрч, урам зориг авдаг.3

Тиймээс та эртний бошиглолуудыг уншихдаа, тэдгээрийг бичсэн нөхцөл байдлын талаар олж мэдэх нь тустай. Гэхдээ та бас өөрийгөө тэдний оронд тавьж, Нифайн хэлсэнчлэн “[тэднийг] өөрсөдтэйгөө адилтгах” хэрэгтэй (1 Нифай 19:23–24-ийг үзнэ үү). Заримдаа энэ нь Вавилон бол зөвхөн эртний хот биш, харин материаллаг зүйлсийг дээгүүр тавих үзэл, бардамналын бэлгэдэл болохыг хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Энэ нь аль ч эрин үед Бурханы хүмүүсийг Израил гэж дууддаг мөн Сион бол Иерусалимын өөр нэгэн нэр биш, харин хожмын өдөр Бурханы хүмүүсийн хүлээн авах үйл хэрэг гэдгийг ойлгох гэсэн үг юм.

Бид бошиглол олон арга замаар гүйцэлдэх боломжтой гэдгийг ойлгодог тул судруудыг өөрсөдтэйгөө адилтгадаг.4 Үүний тод жишээ бол Исаиа 40:3 дахь “Хашхирагч нэгний дуу ‘Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ, их замыг шулуун болгогтун’” гэсэн бошиглол юм. Вавилон дахь олзлогдсон еврейчүүдэд энэ мэдэгдэл Их Эзэн боолчлолоос гарч, Иерусалим руу буцах арга замыг зааж өгөх тухай байж болох юм. Матай, Марк, Лук нарын хувьд энэ бошиглол Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын замыг бэлтгэсэн Баптисч Иоханаар гүйцэлдсэн.5 Харин Иосеф Смит энэ бошиглол Христийн мянган жилийн тохинуулалд бэлтгэх хожмын өдрүүдэд биелсээр байгаа хэмээх илчлэлтийг хүлээн авсан юм.6 Өөрөөр хэлэхэд, эртний бошиглогчид бидэнд хандан ярьсныг бид ойлгож эхэлж байна. Мөн тэд эртний Израилд чухал ач холбогдолтой байсан ч бидэнд ч бас хамаатай олон үнэт, мөнхийн үнэнийг заасан.

Зураг
Эртний бошиглогч бичиж байгаа нь

Цаг хугацааны бүрэн байдал, Грэг К. Олсэн

Тэд Есүс Христийн талаар гэрчилсэн

Хуучин Гэрээний бошиглолуудад өөрийгөө харахаас илүү Есүс Христийг олж харах нь чухал байж болох юм. Хэрэв та хайж үзвэл, нэрээр нь дурдаагүй байсан ч Түүнийг олох болно. Хуучин Гэрээний Бурхан Эзэн Иехова бол Есүс Христ гэдгийг санах нь тустай байж болох юм. Бошиглогчид Эзэн юу хийж байгааг эсвэл юу хийхийг дүрслэхдээ Аврагчийн тухай ярьж байдаг.

Та мөн Тослогдсон Нэгэн (Исаиа 61:1-ийг үзнэ үү), Гэтэлгэгч (Хосеа 13:14-ийг үзнэ үү) болон Давидын удмаас ирээдүйд гарах хааны талаарх эшлэлүүдийг олох болно (Исаиа 9:6–7; Зехариа 9:9-ийг үзнэ үү). Эдгээр нь бүгд Есүс Христийн тухай бошиглол юм. Ерөнхийд нь авч үзвэл, та чөлөөлөх, өршөөх, гэтэлгэх, сэргээх талаар унших болно. Аврагчийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ байлгаснаар эдгээр бошиглол таныг өөрийн эрхгүй Бурханы Хүү рүү чиглүүлнэ. Эцсийн эцэст бошиглолыг ойлгох хамгийн сайн арга зам бол Иоханы хэлсэнчлэн “Есүсийн гэрчлэл” (Илчлэлт 19:10) болох “бошиглолын сүнстэй” байх явдал юм.

Тэмдэглэл

  1. Исаиа, Иеремиа, Езекиел, Даниел нарын бичсэн ном зузаан тул тэднийг ихэвчлэн гол бошиглогчид гэж нэрлэдэг. Бусад бошиглогчийн (Хосеа, Иоел, Амос, Обадиа, Иона, Мика, Нахум, Хабаккук, Зефаниа, Хаггай, Зехариа, Малахи) ном богино тул бага бошиглогчид гэж нэрлэдэг. Гашуудал номыг бошиглогчид биш, бичвэрүүдийн нэг хэсэг гэж үздэг.

  2. Бошиглолын номуудыг хэрхэн эмхэтгэснийг бид мэдэхгүй. Зарим тохиолдолд бошиглогч өөрийн бичсэн бичвэр, бошиглолын цуглуулгын ажлыг хянаж байсан байж болох юм. Бусад тохиолдолд түүнийг нас барсны дараа цэдэглэж, эмхэтгэсэн байх магадлалтай.

  3. “Израилын цугларалтын баяр хөөр, хойшлуулшгүй байдлын талаар бод. Адамаас эхлээд бүх бошиглогч эдүгээг харсан. Бошиглогч бүр Израилын цугларах, Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх бидний өдрийн тухай ярьсан. Үүнийг бодоод үз дээ! Энэ гараг дэлхий дээр амьдарч байсан бүх хүн дотроос гагцхүү бид энэхүү эцсийн бөгөөд агуу цугларалтын үйл явдалд оролцож байгаа нь юутай их сэтгэл хөдлөм гээч!” (Рассэлл М. Нэлсон, “Израилын найдвар” [дэлхий даяарх өсвөр үеийнхэнд зориулсан онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], New Era and Ensign, 8, ChurchofJesusChrist.org). Мөн Роналд А. Расбандын “Бошиглолын биелэл” үгийг Ensign, May 2020, 75–78 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 89–94-өөс үзнэ үү.

  4. Аврагч Исаиагийн тухай “Түүний ярьсан бүх зүйл, бүр түүний ярьсан үгсийн дагуу байсаар ирсэн мөн байх болно” (3 Нифай 23:3; налуу бичилт нэмэгдсэн) гэж айлджээ.

  5. Матай 3:1–3; Марк 1:2–4; Лук 3:2–6-г үзнэ үү.

  6. Сургаал ба Гэрээ 33:10; 65:3; 88:66-г үзнэ үү.