Шинэ Гэрээ 2023
7-р сарын 17–23. Үйлс 10–15: “Эзэний үг түгэн түгсээр байлаа”


“7-р сарын 17–23. Үйлс 10–15: ‘Эзэний үг түгэн түгсээр байлаа,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“7-р сарын 17–23. Үйлс 10–15,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Петр Корнелтой ярьж байгаа нь

7-р сарын 17–23

Үйлс 10–15

“Эзэний үг түгэн түгсээр байлаа”

Сүнсийг өөртөө бодол, мэдрэмжээр нөлөөлүүлэх цаг гарган, Үйлс 10–15-ыг анхааралтай унш. Эдгээр бүлэгт таны суралцаж болох зүйл юу байна вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр хүмүүсийн эртнээс уламжлагдан ирсэн уламжлал, итгэл үнэмшлийг олонтоо зэмлэдэг байсан бөгөөд үүнийгээ Тэр тэнгэрт авагдаж, Сүмээ илчлэлтээр удирдахдаа ч зогсоогоогүй. Тухайлбал, Есүсийг амьдарч байх үед Түүний шавь нар зөвхөн иудейчүүддээ сайн мэдээг номлож байсан. Харин Аврагчийг нас барсны дараахан Петр дэлхий дээрх Сүмийн удирдагч болсон бөгөөд Есүс Христ иудей биш хүмүүст сайн мэдээг номлох цаг болсныг Петрт илчилжээ. Сайн мэдээг харийнхантай хуваалцах санаа өнөө үед хачирхалтай сонсогдохгүй. Тиймээс энэ түүхээс бидэнд зориулсан ямар сургамжийг авч болох вэ? Магадгүй эртний болон орчин үеийн Сүмд хайраар дүүрэн Аврагч Өөрийн сонгосон удирдагчдыг удирддаг гэдэг нь эндээс сурч мэдэж болох нэг зүйл байж болох юм (Амос 3:7; Сургаал ба Гэрээ 1:38-ыг үзнэ үү). Тасралтгүй үргэлжлэх илчлэлт бол Есүс Христийн үнэн бөгөөд амьд Сүмийн гол шинж юм. Бид Петрийн адил тасралтгүй үргэлжлэх илчлэлтийг хүлээн зөвшөөрөхөд мөн “[Түүний] илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд” мөн “Тэрээр цаашид илчлэх” “Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйл” (Итгэлийн тунхаг 1:9) гээд “Бурханы үг бүрээр” (Лук 4:4) амьдрахад бэлэн байх ёстой.

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Үйлс 10

“Бурхан бол нүүр тал хардаггүй.”

Иудейчүүд олон үеийн турш “Абрахамын үр удам” байх эсвэл Абрахамын шууд удам байх гэдэг нь Бурханд таалагдсан, сонгогдсон хүн гэсэн утгатай гэдэгт итгэдэг байсан (Лук 3:8-ыг үзнэ үү). Тэд бусад хүнийг Бурханд таалагдаагүй, “цэвэр бус” харийнхан гэж тооцдог байжээ. Үйлс 10-р бүлэгт Их Эзэн Петрт хэн “Түүнд таалагддаг” тухай юу заасан бэ?(Үйлс 10:35). Та энэ бүлгээс Корнел Их Эзэнд таалагдахуйц амьдарч байсан гэсэн ямар нотолгоог олж болох вэ? “Бурхан бол нүүр тал хардаггүй” (34-р шүлэг; мөн 1 Нифай 17:35-ыг үзнэ үү) гэдэг нь юу гэсэн утгатай болохыг тунгаан бод. Яагаад энэ үнэнийг мэдэх нь танд чухал вэ?

Иудейчүүд Абрахамын үр удам биш хүмүүсийг дорд үздэг байсны адил та өөрөөсөө өөр хэн нэгний талаар таагүй эсвэл мэдэхгүй байж буруу таамаглал гаргаж байгаагаа анзаарч байсан уу? Та энэ байдлаа хэрхэн ялан дийлж чадах вэ? Хэдэн өдөр дараах энгийн үйл ажиллагааг гүйцэтгэж үзэх нь сонирхолтой байж болох юм. Та хэн нэгэнтэй харьцах бүрдээ “Энэ хүн бол Бурханы хүүхэд” хэмээн дотроо бодохыг хичээ. Ийн хичээхдээ та бусадтай харилцах, тэдний тухай бодох байдалд тань ямар өөрчлөлт гарахыг ажигласан бэ?

Мөн 1 Самуел 16:7; 2 Нифай 26:13, 33-ыг болон Рассэлл М.Нэлсоны “Бурхан ялах болтугай” хэлсэн үгийг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 101–104-өөс үзнэ үү.

Үйлс 10; 11:1–18;15

Тэнгэрлэг Эцэг надад илчлэлтээр дамжуулан шат шатаар заадаг.

Петр Үйлс 10-т дүрсэлсэн үзэгдлийг харахдаа эхлээд ойлгохгүй, “[энэ нь] ямар утгатай болохыг ойлгож ядан байсан” (17-р шүлэг). Харин Петрийг ойлгохыг эрэлхийлэхэд Их Эзэн түүнд илүү агуу ойлголтыг өгсөн. Та Үйлс 10, 11, 15-ыг уншихдаа үзэгдлийнх нь талаарх Петрийн ойлголт цаг өнгөрөх тусам улам гүнзгийрч байсныг анзаараарай. Танд асуух зүйл гарч ирэхэд та Бурханаас илүү агуу ойлголтыг хэрхэн эрэлхийлж, хүлээн авч байсан бэ?

Үйлс 10, 11, 15-д Их Эзэн илчлэлтээр дамжуулан үйлчлэгчдээ удирдаж байсан жишээнүүдийг өгүүлсэн байдаг. Эдгээр бүлгийг уншихдаа илчлэлтийн тухай мэдэж авсан зүйлсээ бичиж тэмдэглэх нь тустай байж болно. Сүнс бидэнтэй ямар ямар арга замаар ярьдаг вэ?

Квинтин Л.Күкийн “Бошиглогчдод үргэлжлэн ирсээр буй илчлэлт ба бидний амьдралыг удирдан чиглүүлэх хувийн илчлэлтийн адислал” хэлсэн үгийг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 118–122-оос үзнэ үү.

Үйлс 11:26

Би Христэд итгэгч, учир нь би Есүс Христэд итгэж, дагадаг.

Христэд итгэгч хэмээн дуудуулах нь ямар ач холбогдолтой вэ? (Үйлс 11:26-г үзнэ үү). Христэд итгэгч гэдгээ мэдүүлнэ гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Нэрний ач холбогдлыг эргэцүүлэн бод. Жишээлбэл, овог тань таны хувьд ямар утга учиртай вэ? Сүмийн нэр яагаад танд чухал вэ? (Сургаал ба Гэрээ 115:4-ийг үзнэ үү). Гэрээгээр Есүс Христийн нэрийг өөртөө авах нь таны хувьд ямар утгатай вэ? (Сургаал ба Гэрээ 20:77-г үзнэ үү).

Түүнчлэн Мозая 5:7–15; Aлмa 46:13–15; 3 Нифай 27:3–8-ыг болон Рассэлл М.Нэлсоны “Сүмийн зөв нэр” хэлсэн үгийг 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 84–87-оос үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Үйлс 10:17, 20.Сүнслэг туршлага олж авсан ч дараа нь сурсан эсвэл мэдэрсэн зүйлдээ эргэлзэж байсан цаг үе бидэнд байгаа юу? Эргэлзээгээ арилгахад бидэнд туслах ямар зөвлөгөөг бид нэг нэгэндээ өгч болох вэ? (Нийл Л.Андэрсэны “Амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд” хэлсэн үгийг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 18–24-өөс үзнэ үү.)

Үйлс 10:34–35.“Бурхан бол нүүр тал хардаггүй” гэдгийг та гэр бүлийнхэндээ хэрхэн зааж чадах вэ? (Үйлс 10:34). Гэр бүлийнхнийгээ эдгээр шүлгийг уншиж байх хооронд та тэдэнд өөр өөр яс үндэс, соёл заншилтай хүмүүсийн зургуудыг үзүүлж болох юм. Эдгээр шүлэг дэх үнэнүүд бидний үйлдэлд хэрхэн нөлөөлөх вэ? (жишээ болгон, “I’ll Walk with You” [Children’s Songbook, 140–141]-ийг үзнэ үү).

Үйлc 12:1–17.Петрийг шоронд хориход Сүмийн гишүүд цугларч, түүний төлөө залбирсан түүхийг танай гэр бүлийнхэн жүжигчлэн тоглож болно. Бид хэзээ залбирснаар адислагдаж байсан бэ? Бид Сүмийн удирдагч эсвэл хайртай хүн гэх мэт хэн нэгний төлөө залбирахад сүнслэгээр өдөөгдөж байна уу? “Хичээнгүйлэн залбирна” гэдэг нь ямар утгатай вэ? (Үйлс 12:5-ыг мөн Алма 34:27-г үзнэ үү).

Зураг
Петр шоронгоос суллагдав

Петр шоронгоос суллагдав, А.Л.Ноакэс

Үйлс 14.Энэ бүлгийг хамтдаа унших явцад гэр бүлийн тань зарим гишүүн шавь нарт болон Сүмд ирсэн адислалуудыг, бусад нь шавь нарт тулгарсан эсэргүүцэл, сорилт бэрхшээлүүдийг тэмдэглэж болно. Яагаад Бурхан зөв шударга хүмүүст хүнд хэцүү зүйл тохиолдохыг зөвшөөрдөг вэ?

Үйлс 15:1–21.Эдгээр шүлэгт, хөрвөгчид Мосегийн хуулийг, тэр дундаа хөвч хөндөх ёслолыг сахих шаардлагатай эсэх талаарх Сүм дэх зөрчилдөөнийг дүрсэлдэг. Төлөөлөгчид энэ зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд юу хийсэн бэ? Сүмийн удирдагчид Сүмийн ажлыг хэрхэн удирддаг тухай энэ жишээнээс бид юу сурч мэдэж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Би үргэлж Тантай байх болно,” Хүүхдийн дууны ном, 78–79

Заах чадвараа сайжруулах

Зураг зур. Зургууд нь гэр бүлийн гишүүдэд судрын сургаал, түүхүүдийг төсөөлөн бодоход тус болох боломжтой. Та гэр бүлийн гишүүдээ Үйлс 10 дээрх Петрийн үзэгдэл гэх мэтчилэн уншсан зүйлсийнхээ зургийг зурахад урьж болно.

Зураг
Петр, Корнел хоёр

Петр, Корнел хоёрын туршлага “Бурхан бол нүүр тал хардаггүй” (Үйлс 10:34) гэдгийг харуулдаг.