Шинэ Гэрээ 2023
6-р сарын 26-аас 7-р сарын 2. Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21: “Тэр амилсан”


“6-р сарын 26-аас 7-р сарын 2. Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21: ‘Тэр амилсан,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“6-р сарын 26-аас 7-р сарын 2. Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Далайн эрэг дээр Есүс Петртэй ярьж байгаа нь

Миний хоньдыг тэжээ, Камилл Корри

6-р сарын 26-аас 7-р сарын 2

Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21

“Тэр амилсан”

Maтай 28; Maрк 16; Лук 24, Иохан 20–21-ийг залбирч уншаад, Христийн Амилалтын ачаар танд байгаа баяр баясгалангийн тухай эргэцүүлэн бод. Энэ үйл явдлын тухай гэрчлэлийг сонсоод хэн адислагдаж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Олон ажиглагчид Назарын Есүсийн үхэл гайхалтай амьдралын харамсмаар төгсгөл мэт санагддаг байж болох юм. Энэ чинь Лазарыг үхлээс босгосон хүн биш үү? Тэр фарисайчуудын аминд нь хүрнэ гэсэн заналхийллийг удаа дараа сөрж гарч чадсан биш бил үү? Тэр сохор, уяман өвчтэй, саа өвчтэй хүмүүсийг эдгээх хүчтэй гэдгээ харуулсан. Салхи болон далай Түүний үгэнд орсон. Гэтэл Тэр энд загалмайд хадуулан, “Гүйцэлдлээ!” (Иохан 19:30) хэмээн хэлэх ч гэж дээ? “Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй” (Maтай 27:42) гэх мэтээр элэглэн шоолж, сэтгэлийнхээ гүнээс гайхсаныг нь сонсож болохоор байв. Гэвч бид Есүсийн үхэл энэ түүхийн төгсгөл биш байсныг мэднэ. Булшин дахь нам гүм байдал түр зуурынх байсан бөгөөд Христийн авралын ажил дөнгөж эхэлж байсныг бид мэднэ. Тэрээр өнөөдөр “үхэгсдийн дунд” (Лук 24:5) биш, харин амьд хүмүүсийн дунд байгаа. Христийн сургаал мартагдахгүй, учир нь Түүний үнэнч шавь нар “үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” хэмээх амлалтад нь итгэн, сайн мэдээг “бүх үндэстэнд” (Maтай 28:19–20) тунхаглах юм.

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20

Есүс Христ амилсан.

Эдгээр судрын хэсгээс хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал үйл явдал болох Есүс Христийн Амилалтын тухай унших болно. Уншихдаа Амилалтын эргэн тойронд болсон үйл явдлуудын гэрч болсон хүмүүсийн оронд өөрсдийгөө тавиад үзээрэй. Та тэдний туршлагаас юу сурч мэдэж болох вэ?

Та Аврагчийн Амилалтын тухай уншихдаа юу мэдэрч байна вэ? Энэ нь амьдралын талаарх таны үзэл бодол, харилцаа, Христэд итгэх итгэл, сайн мэдээний бусад үнэнд итгэх итгэл зэрэгт хэрхэн нөлөөлсөн талаар эргэцүүлэн бод.

Bible Dictionary дахь “Resurrection”-ийг; Судруудын удирдамж дахь “Амилуулалт”-ыг topics.ChurchofJesusChrist.org”-оос үзнэ үү.

Лук 24:13–35

Бид Аврагчийг “[миний] дотор бай[гаач]” хэмээн урьж болно.

Амилсан Аврагчтай уулзсан хоёр аялагч шавийн туршлагыг уншихдаа, Христийн дагалдагчийн хувьд өөрийн туршлагуудтай дүйцэх зүйлсийг хайж ол. Та өнөөдөр хэрхэн Түүнтэй хамт алхаж мөн Түүнийг жаахан удаан хамт “байхыг” урьж болох вэ? (Лук 24:29). Та амьдралдаа Түүний оршихуйг хэрхэн олж харах вэ? Ариун Сүнс ямар арга замаар Есүс Христийн бурханлаг байдлыг танд гэрчилж байсан бэ?

Хамт байгаач, энэ үдэш надтай,” “Надтай хамт үлдээч!,” Дуулал, д. 84–85 дууллуудыг үзнэ үү.

Лук 24:36–43; Иохан 20

Бие, сүнс хоёр дахин нэгдэхийг Амилалт гэдэг.

Есүс Христийн Амилалтын тухай түүхүүд нь амилах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход танд тусална. Жишээлбэл, амилсан биесийн талаар ямар үнэнийг Лук 24:36–43 болон Иохан 20-оос олж мэдсэн бэ? Та мөн Амилуулалтын тухай өөр бусад судрыг судалж болно. Үүнд: 1 Коринт 15:35–44; Филиппой 3:20–21; 3 Нифай 11:13–15; Сургаал ба Гэрээ 88:27–31; 110:2–3; 130:1, 22.

Иохан 20:19–29

“Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ.”

Зарим хүн “үзэхээс нааш би итгэхгүй” (Иохан 20:25) хэмээн хэлсэн Томасын адил бодож байж болох юм. Таны бодлоор хараагүй атлаа итгэх нь яагаад адислал вэ? (Иохан 20:29-ийг үзнэ үү). Та харж чадахгүй зүйлсдээ итгэснээр хэрхэн адислагдаж байснаа тунгаан бодоорой. Аврагчийг харж чадахгүй байсан ч Түүнд итгэлтэй байхад юу тусалдаг вэ? “Үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд” итгэх итгэлээ хэрхэн үргэлжлүүлэн хүчирхэгжүүлэх вэ? (Алма 32:16–21; Ифер 12:6-г үзнэ үү). Та Есүс Христэд итгэхэд тусалсан туршлагуудаа тэмдэглэлдээ бичиж, таньдаг хүнтэйгээ хуваалцаж болно.

Иохан 21:1–17

Аврагч намайг Өөрийнх нь бусад хонийг тэжээхэд урьдаг.

Иохан 21 дээр гардаг, Аврагчийн төлөөлөгчидтэйгөө харилцах харилцааг Лук 5:1–11-д цэдэглэсэн, загасны тороо хаяхыг анх тэдэнд тушаасан түүхтэй харьцуулах нь сонирхолтой байж болох юм. Та ямар адил болон ялгаатай талыг олсон бэ? Та шавь байх талаар ямар ойлголт олж авсан бэ?

Иохан 21:15–17 дахь Аврагчийн Петрт хэлсэн үгс танд ямар хамаатай вэ? Их Эзэний хоньдод тохинуулахад саад болж байгаа зүйл танд байна уу? Хэрэв Их Эзэн танаас “Намайг хайрладаг уу?” хэмээн асуувал та юу гэж хариулах вэ? Их Эзэнийг гэх хайраа хэрхэн харуулж болохоо тунгаан бод.

Мөн 1 Петр 5:2–4, 8-ыг болон Жэффри Р.Холландын “Эхний агуу зарлиг” хэлсэн үгийг 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 100–103-аас үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Лук 24:5–6.Лук 24:5–6-ийн талаар ерөнхийлөгч Томас С.Монсон “Үүнээс илүү чухал үг Христийн тухай өөр сударт байхгүй” хэмээн хэлсэн (“Тэр амилсан!,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96). Эдгээр үг танд болон танай гэр бүлийн хувьд ямар утга агуулгатай вэ?

Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20–21.Гэр бүлээрээ эдгээр бүлгийг уншихдаа, түүх болгон дээрх Есүстэй харилцсан хүмүүст анхаарлаа хандуул. Жишээлбэл, Аврагчийн булшин дээр ирсэн хүмүүсийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Та Еммау хүрэх зам дээр явж байсан төлөөлөгч, шавь нарын үг, үйлдлээс юу сурч мэдсэн бэ?

Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” дууг хамтдаа дуулахыг бод (Хүүхдийн дууны ном, 45). Гэр бүлийнхнийхээ таньдаг, нас барсан хүний тухай ярилцаад, энэ дуун дээр гарч буй үнэн хэрхэн тайтгаруулж байгаа талаар ярилц.

Зураг
Есүс зам дээр хоёр хүнтэй ярилцаж байгаа нь

Еммау хүрэх замд, Вэнди Кэллэр

Maтай 28:16–20; Maрк 16:14–20; Лук 24:44–53.Эдгээр шүлэгт Есүс төлөөлөгчдөөсөө юу хийхийг хүссэн бэ? Бид энэ ажлыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ? Гэр бүлийн гишүүд Их Эзэн Өөрийн зорилгуудыг гүйцэлдүүлэхийн тулд тэдэнтэй “хамт ажиллаж” байгааг мэдэрч байсан туршлагаа хуваалцаж болно (Марк 16:20).

Иохан 21:15–17.Хамт хоол идэж байхдаа эдгээр шүлгийг уншиж болно. Энэ нь “Хургануудыг минь тэжээ” хэмээх Аврагчийн үгсийг илүү утга учиртай болгож болох юм. Шинэ Гэрээн дээр Есүсийн хонины тухай юу гэж заасан дээр үндэслэхэд (жишээлбэл, Maтай 9:35–36; 10:5–6; 25:31–46; Лук 15:4–7; Иохан 10:1–16-г үзнэ үү), хоньдоо тэжээх гэдэг нь яагаад Бурханы хүүхдүүдэд үйлчлэхийг дүрслэхэд тохирсон үг гэж бодож байна вэ? Уг адилтгал нь Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын бидний талаар юу гэж боддог талаар юу зааж байна вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?,” Хүүхдийн дууны ном, 45.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сүнсийг урьж, сургаалаас суралцахад дуу хөгжмийг ашигла.Христ амилсан!” (Дуулал, no. 105) гэх мэт дуулал нь Сүнсийг урьж мөн Аврагчийн Амилалтын талаар суралцахад тань тусалж болно.

Зураг
Булшны дэргэд амилсан Христийг харсан эмэгтэй

Амилсан Христ, Волтэр Рэйн