Ирээд, Намайг дага
7-р сарын 29-өөс 8-р сарын 4: “Бурханд найдан амьдар.” Алма 36–38


“7-р сарын 29-өөс 8-р сарын 4: ‘Бурханд найдан амьдар.’ Алма 36–38,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“7-р сарын 29-өөс 8-р сарын 4. Алма 36–38,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2023)

Зураг
Залбирч байгаа эмэгтэй

Эмэгтэй, Жэн Толмэн, хуулбарлаж болохгүй

7-р сарын 29-өөс 8-р сарын 4: “Бурханд найдан амьдар”

Алма 36–38

Алма эргэн тойрондоо байгаа ёс бусыг хараад, их “бэрхшээл,” “сэтгэлийн тарчлал,” “харууслыг” (Алма 8:14) мэдэрсэн. “Энэ хүмүүсийн дундах ийм ёсон бус нь сэтгэлийг минь өвтгөх бөлгөө” (Алма 31:30) хэмээн тэр зорамчуудын талаар хэлжээ. Тэр зорамчуудын дунд хийсэн номлолоосоо эргэн ирээд, үүнтэй адил мэдрэмжийг мэдэрсэн ба олон нифай үндэстэн хүний “зүрх сэтгэл хатуурч эхэлснийг, мөн үгийн чандын учир тэд гомдож эхэлснийг хар[ж]” түүний зүрх сэтгэл “үлэмж харамсаж байв” (Алма 35:15). Алма энэ бүхнийг харж, мэдрээд юу хийсэн бэ? Тэрээр дэлхийн байдалд зүгээр нэг сэтгэлээр унаж эсвэл итгэл алдраагүй юм. Харин “тэрээр хөвгүүдээ цугларах болго[ж],” тэдэнд “зөв шударгад хамаарах зүйлүүдий[г]” (Алма 35:16), “зөвхөн Христэд мөн түүгээр бус аваас хүмүүн аврагдаж чадах өөр зам эсвээс арга үгүй. … Болгоогтун, тэр бол үнэн хийгээд зөв шударгын үг билээ” (Алма 38:9) хэмээн заасан.

Гэр орон болон Сүмд суралцах санаа

Алма 36; 38:5–6

Би Бурханаар төрж чадна.

Алмад тохиолдсонтой адил сэтгэл хөдөлгөм хөрвөлт олон хүнд тохиохгүй. Ихэвчлэн урт хугацаанд явагддаг ч гэлээ хүн бүр “Бурханаар төрөх” ёстой (Алма 36:23; 38:6). Та Алма 36-г уншихдаа, Бурханаас төрөх гэдэг нь юу гэсэн үг болохыг бод. Жишээлбэл: Та Бурханаар төрөх явцдаа нүглийн талаар болон Есүс Христийн талаар ямар бодолтой байдаг вэ? Бурханаар төрөх нь өөрийн алдаа дутагдалд хандах хандлагад тань хэрхэн нөлөөлдөг вэ? Таны итгэл үнэмшил, үйлдэлд ямар өөрчлөлт гарч болох вэ? Та эдгээр өөрчлөлтийг хэрхэн мэдэрч байгаагаа тунгаан бод.

Мөн Мозая 5:7; 27:25–26; Алма 5:14; 22:15; Хиламан 3:35-ыг үзнэ үү.

Алма 36:12-24; 38:8–9

Есүс Христ уй гашууг баяр баясгалангаар сольдог.

Хүмүүс заримдаа наманчлалыг гэм нүглийн зовлонт шийтгэл гэж үздэг тул наманчлахаас айдаг. Алма энэ талаар юу гэж хэлэх байсан гэж та бодож байна вэ? Үүнийг олж мэдэхийн тулд та Алмагийн амьдрал түүнийг наманчлахын өмнө ямар байсныг (Алма 36:6–17-г үзнэ үү) наманчилсны дараах түүний тухай тодорхойлолттой (18–27-р шүлгүүдийг үзнэ үү) харьцуулж болно. Алма 36:17–18-д цэдэглэснээр, Алма энэ өршөөлийг хэрхэн хүлээн авсан бэ?

Мөн ахлагч Мэттю С.Холландын “Хүүгийн үлэмж хурц бэлэг” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 49–51-ээс үзнэ үү.

Алма 37

Судруудыг “мэргэн зорилгын тулд” хадгалсан билээ.

Өнөө үед судартай байх нь хэчнээн гайхамшиг хийгээд адислал болохыг бодож үзээрэй! Алма 37-г уншихдаа та судартай байснаар ирэх адислалуудыг хайж ол (жишээ болгож, 7–10, 18–19, 44–45-р шүлгүүдийг үзнэ үү).

Алма 37:38–47-д Алма “Христийн үгийг” Лиахонатай зүйрлэдэг. Та уг зүйрлэлийн талаар тунгаан бодохдоо, Христийн сургаалын гайхамшиг болоод хүчийг “өдөр өдрөөр” (Алма 37:40) мэдэрч байсан арга замуудаа тунгаан бод.

Мөн Д.Тодд Кристоффэрсоны “Судрын адислал” хэмээх захиасыг 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 38-аас үз мөн Дуулал номын д. 147 дээрх “Ариун судрыг судлах үед” дууллыг үзнэ үү.

Зураг
Судар уншиж буй эмэгтэй

Судрууд нь Бурханыг хэрхэн дагахыг бидэнд заадаг

Aлмa 37:1-14

Зураг
seminary icon
“Өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг.”

Заримдаа асуудлууд маань том бөгөөд төвөгтэй учраас шийдлүүд нь ч мөн адил том бөгөөд төвөгтэй байна гэж бидэнд бодогдох үе бий. Гэхдээ энэ нь үргэлж Их Эзэний арга зам байдаггүй. Та Алма 37:1–14-ийг уншихдаа, Түүний ажлаа хэрхэн хийж байгаа байдлын юу нь таны сэтгэлийг хөдөлгөж байгааг эргэцүүлэн бод. Дараа нь та энэ зарчмыг амьдралдаа харж байсан арга замуудын талаар тунгаан бодоод, бичиж болно.

Хэрэв та энэ зарчмыг хэн нэгэнд заах байсан бол байгалийн эсвэл өдөр тутмын амьдралын ямар жишээг ашиглаж мөн тайлбарлах байсан бэ? Та мөн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110–114) захиаснаас зарим зүйлийг олж болно.

Таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртуулдаг ямар өчүүхэн бөгөөд энгийн зүйлс байдаг вэ?

Заримдаа “өчүүхэн бөгөөд энгийн” сонголтууд нь бидний амьдралд маш том өөрчлөлт авчирдаг. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөчөөс нэг сэдэв аваад, дараахтай адил асуултуудыг өөртөө тавихыг бод. Үүнд: Үүнтэй холбоотой сонголтууд маань надад болон эргэн тойрны хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ? Намайг илүү их амар амгалан, аз жаргалд хөтлөх ямар өчүүхэн бөгөөд энгийн сонголтуудыг би хийж чадах вэ?

Мөн Майкл О.Данны хэлсэн “Ганц хувь сайжруулах” хэмээх захиасыг 2021 оны 10-р сарын Лиахона дээрээс үзнэ үү.

Өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг ашигла. Сайн мэдээг заах, суралцах үйл явц нь амьдралын олон өөр зүйлтэй адил өчүүхэн бөгөөд энгийн арга замаар гүйцэлдэх боломжтой. Жишээ болгож, чимх давс юм уу хөрөнгийг өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийн хүчийг заахдаа хэрхэн ашиглаж болох вэ? (Матай 5:13; 13:33-ыг үзнэ үү).

Алма 37:35–37

“Их Эзэнтэй зөвлө.”

Алма 37:35–37-оос Алмагийн өөрийн хүү Хиламанд өгсөн урилгуудыг хайж ол. Эдгээр урилгын аль нь үйлдэл хийхэд тань сүнслэгээр нөлөөлж байна вэ? Жишээ нь: Та “Их Эзэнтэй зөвлөх” (37-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатайг тунгаан бодож ч магадгүй. Тэр үүнийг хийх гэж хэрхэн хичээдэг вэ? Тэрээр таныг сайн зүйлсэд хэрхэн чиглүүлсэн бэ?

Алма 38

Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцах нь хайртай хүмүүсийг маань хүчирхэгжүүлж чадна.

Алмагийн хүү Шиблондоо хэлсэн үгс өөрсдийн хайртай хүмүүсийг сайн мэдээний дагуу амьдрахад нь хэрхэн хүчирхэгжүүлж, урамшуулах талаар сайн жишээ үзүүлдэг. Алма 38-ыг судлах нь гэр бүлийн гишүүд болон найз нөхдөдөө Есүс Христэд хүч чадал олж авахад нь туслах зарим санааг өгч болно. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэ.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Aлмa 36:6-24

Наманчлал нь Есүс Христ доторх баяр баяслыг надад авчирдаг.

  • Наманчлал нь баяр баясгаланг авчирдаг гэдгийг ойлгоход нь хүүхдүүддээ туслахын тулд та тэдэнд нэг талд нь баяртай царай, нөгөө талд нь гунигтай царай зурсан цаас өгч болох юм. Таныг Алма 36:13, 17–20-ийг уншиж эсвэл тоймлон ярих үед сонсоод, Алмагийн мэдрэмжийг дүрслэн харуулахдаа эдгээр царайны аль нэгийг өргөхөд тэднийг урь. Том хүүхдүүд түүнд ямар байсныг дүрсэлсэн үг хэллэгийг бичиж болно. Алмаг юу гунигтай болгож, юу баяр хөөртэй болгосон бэ? Дараа нь та тэдэнд наманчлах үед мэдэрдэг баяр баясгалангийн тухай ярьж өгч болно.

Алма 37:6–7

“Өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг.”

  • Танай хүүхдүүд том зүйлийг тохиолгодог өчүүхэн зүйлсийг олохдоо баяртай байж болно. Зай, машины түлхүүр мэтийн зүйлс эсвэл өөрийг нь тайвшруулдаг тоглоом ч байж болно. Дараа нь та нар Алма 37:6–7-г уншаад, Бурханы биднээр хийлгэхийг хүсдэг өчүүхэн бөгөөд энгийн зарим зүйлийн тухай бодож болох юм. Бид эдгээр жижиг эсвэл энгийн зарлигийг дуулгавартай дагавал ямар том зүйл тохиолдож болох вэ?

  • Танай хүүхдүүд дусал дуслаар аягыг усаар дүүргэх зэрэг туршилт явуулж болно. Энэ нь хэрхэн Алма 37:6–7-той холбоотой вэ? Та нар өдөр бүр судар унших гэх мэт Их Эзэний “өчүүхэн бөгөөд энгийн зүйлс” нь аяганд дусал дуслаар орох устай юугаараа адилхан байгаа талаар ярилцаж болно.

  • Хүүхдүүдэд гэр орон, сургууль эсвэл сүм дээр агуу зүйлсийг тохиолгон авчрах арга замуудын талаар бодож үзэхэд нь тусал. “Бяцхан горхи урсаж байна” (Хүүхдийн дууны ном, 116) дуу мөн энэ зарчмыг харуулна.

Алма 37:38–47

Судрууд надад өдөр бүр тусалж чадна.

  • Алма Хиламанд хэрхэн хандсантай адилаар та хүүхдүүддээ Бурханы үгийг хайрлах хайраа хөгжүүлэхэд нь хэрхэн тусалж болох вэ? Та тэдэнд Лиахонагийн зургийг үзүүлж (жишээлбэл: Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 68) эсвэл тэднийг энэ талаар мэддэг зүйлээ хуваалцаж байхдаа Лиахонаг зурахад урихыг бод (Алма 37:38–47; 1 Нифай 16:10, 28–29-ийг үзнэ үү). Судрууд Лиахонатай юугаараа адилхан бэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Алмад болон Мозаягийн хөвгүүдэд тэнгэр элч үзэгдэж байгаа нь

Алмад болон Мозаягийн хөвгүүдэд тэнгэр элч үзэгдсэн нь, Кларк Кэлли Прайс