2022
Дайсны довтолгоонд тэсвэртэй амьдралыг бүтээх нь
2022 оны 11-р сар


Дайсны довтолгоонд тэсвэртэй амьдралыг бүтээх нь

Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ зохиосон бурханлаг загварын төлөвлөгөө, техникийн үзүүлэлтийн дагуу амьдраасай хэмээн би залбирч байна.

Бид чуулганы төвийн энэ үзэсгэлэнт индэр дээрээс олон жилийн турш гайхалтай зөвлөгөө, сүнслэг өдөөлт, заавар болон илчлэлтийг хүлээн авсаар ирсэн билээ. Заримдаа үг хэлэгчид Есүс Христийн сайн мэдээний зарчмыг тодорхой, хүчирхэг тайлбарлахын тулд өөрсдийн мэдлэг, туршлагатай холбон харьцуулдаг.

Жишээ нь: Онгоц бага зэрэг хазайхад л биднийг зорьсон газраас маань маш хол газар луу чиглүүлдэг гэдгийг бид дээрх байдлаар сурч авсан.1 Мөн ийм байдлаар, бид Их Эзэний Өөрийг нь дагах урилгад хариулахад шаардагддаг зүрх сэтгэлийн хүчтэй өөрчлөлтийг бидний бие махбодын зүрхний үйл ажиллагаатай харьцуулсан жишээнээс сурч авсан.2

Энэ удаад би барилгын инженерийн мэргэжлээр сурч байсан үеийнхээ ажлын талбараас санаа авсан харьцуулалтаа даруухнаар нэммээр байна. Би их сургуульд сурч эхэлснээсээ хойш л “газар хөдлөлтийг эсэргүүцэгч” гэж тооцогдох барилга, байгууламжийг хэрхэн зохион бүтээх талаар заадаг хичээлийг авахад шаардагдах ангиудаа дуусгахыг мөрөөдөн хүлээж байлаа.

Хүлээсний эцэст энэ хичээлийн анхны өдөр ирлээ. Профессор хамгийн түрүүнд “Та нар хичээлээ хурдхан эхлүүлж, газар хөдлөлтийг эсэргүүцэх барилга байгууламжийг хэрхэн зохион бүтээх талаар сурахыг тэсэн ядан хүлээж байгаа байх” гэж хэлэхэд бидний дийлэнх нь толгой дохив. Дараа нь профессор “Газар хөдлөлтийн эсрэг, түүнийг сөрөн зогсдог, ‘эсэргүүцэгч’ барилга байгууламжийг хэрхэн зохион бүтээхийг би та нарт зааж чадахгүй. Ийм зүйл байх боломжгүй гэдгийг хэлж байгаад намайг уучлаарай. Биднийг хүссэн хүсээгүй газар хөдлөлт болох учраас энэ нь боломжгүй зүйл.

Харин би та нарт газар хөдлөлтөөс үүссэн хүчийг тэсвэрлэх чадвартай, ямар нэгэн ноцтой эвдрэл гэмтэл авалгүй тогтож, зориулалтын үйлчилгээгээ үзүүлсээр байх барилга байгууламжийг хэрхэн зохион бүтээхийг зааж чадна” гэж хэлэв.

Инженер нь зохион бүтээж буй барилга байгууламжийнхаа суурь, багана, дам нуруу, бетонон хавтан, бусад бүтэц хэсгийн хэмжээ, чанар, шинж чанар зэргийг илтгэсэн тооцооллыг боловсруулдаг. Энэхүү тооцооллыг төлөвлөгөө, техникийн үзүүлэлт болгон хөрвүүлдэг ба уг барилга байгууламжийг зохион бүтээж, ашиглах тэрхүү зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд ажилчид уг нарийвчлалыг маш чанд дагаж мөрдөх ёстой.

Газар хөдлөлтийн хүчийг тэсвэрлэх инженерийн анхны ангиас хойш 40 гаруй жил өнгөрсөн ч ирээдүйд мэргэжлийнхээ дагуу барих барилгаа зохион бүтээхдээ энэ зарчмыг ашиглах нь маш чухал ач холбогдолтой гэдгийг илүү гүн гүнзгий, бүрэн дүүрэн ойлгож эхэлсэн тэр мөчийг би маш тод санаж байна. Үүгээр ч зогсохгүй, хамгийн чухал нь энэхүү зарчим миний хувийн амьдралд болон миний эерэг нөлөө үзүүлж болох хүмүүсийн амьдралд байнга оршсоор байх болно.

Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ бүтээсэн авралын төлөвлөгөөний мэдлэгт найдаж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авч, амьд бошиглогчдын сүнслэг удирдамжид найдаж байгаа нь ямар их адислал вэ! Дээр дурдсан бүх зүйл бидний Тэнгэрлэг Эцэгтэйгээ болон хайрт гэр бүлийнхэнтэйгээ хамт байх мөнхийн хувь заяаг сүйрүүлэхийг үргэлж эрэлхийлдэг Сатанаас ирэх довтолгоонд тэсвэртэй, мөн нүгэлд, бас уруу таталтад тэсвэртэй аз жаргалтай амьдралыг хэрхэн бүтээхийг бидэнд тодорхой заадаг бурханлаг загварын “төлөвлөгөө,” “техникийн үзүүлэлтийг” багтаадаг.

Аврагч Өөрийн тохинууллын эхэнд “чөтгөрт соригдохоор үлдсэн.”3 Гэвч Есүс тэрхүү агуу сорилтыг амжилттай давсан. Есүст Сатаныг эсвэл уруу таталтыг эсэргүүцэх хандлага нь хэрхэн тусалсан бэ? Есүст хамгийн хэцүү цаг мөчөө ялан дийлэхэд нөлөөлсөн зүйл бол дайсны уруу таталтыг эсэргүүцэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн Өөрийнх нь сүнслэг бэлтгэл байсан юм.

Ямар хүчин зүйлүүд Аврагчийг тэр чухал цаг мөчид бэлтгэлтэй байхад тусалсан бэ?

Нэгдүгээрт, Тэрээр 40 өдөр, 40 шөнө тогтмол залбирч, мацаг барьсан. Энэ нь Түүний бие махбодыг сул дорой болгосон ч Тэр сүнслэг байдлын хувьд маш хүчирхэг байсан юм. Азаар бид ийм удаан хугацаанд биш, сард ердөө нэг удаа 24 цаг мацаг барьдаг ба энэ нь бидэнд сүнслэг хүч чадлыг авчирч, биднийг энэ амьдралын сорилтод тэсвэртэй байхад бэлтгэдэг.

Хоёрдугаарт, Аврагчийн соригдож буй түүхээс бид Түүнийг үргэлж оюун санаандаа судруудыг тунгааж, зөв цаг мөчид тэдгээрээс эш татан Сатанд хариу өгч байгааг хардаг.

Удаан хугацаанд мацаг барьснаас үүдсэн өлсгөлөнгөө дарахын тулд чулууг талх болгон хувирга гэж Сатаныг уруу татахад Их Эзэн түүнд “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна гэж бичигдсэн байдаг” гэж хариулсан.4 Дараа нь Их Эзэнийг ариун сүмийн орой дээр байх үед чөтгөр Түүнийг хүч чадлаа харуул гэж сорихыг оролдоход Их Эзэн эрх мэдэлтэйгээр “Бурхан Эзэнээ бүү сорь гэж бас бичигдсэн байдаг” гэж хариулжээ.5 Сатаныг гурав дахь удаагаа сориход Их Эзэн “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм”6 гэж хариулсан.

Газар хөдлөлт нь зөв зохион бүтээж, барьсан барилга байгууламжид ч хүртэл зарим нэг хана цуурах, тавилга унах, тааз нурах, цонх хагарах зэрэг гэмтэл хохирлыг учруулдаг. Гэхдээ сайн зохион бүтээж, барьсан барилга байгууламж нь зориулалтын дагуу оршин суугчдаа хамгаалдаг бөгөөд бага зэргийн засвар хийснээр анхны байдалдаа ордог.

Үүнтэй адил амьдралаа төгс бурханлаг загварын дагуу босгох гэж хичээж байгаа бидний хичээл зүтгэлээс үл хамааран, дайсны довтолгоо бидний амьдралд “цууралт” эсвэл тодорхой хэмжээний хохирол учруулж болох юм. Эдгээр “цууралт” нь бидэнд алдаа гаргасандаа, бүх зүйлийг төгс хийгээгүйдээ эсвэл хүссэн шигээ сайн байж чадахгүй байгаадаа харамсах, гэмших зэрэг мэдрэмжээр илэрч болно.

Гэхдээ бид Есүс Христийн сайн мэдээ болох бурханлаг загварын төлөвлөгөө, үзүүлэлтийг дагасан учраас одоо хүртэл хөл дээрээ зогсож байна гэдэг нь уг зарчимтай үнэхээр хамаатай зүйл юм. Дайсны хүчин чармайлт эсвэл бидэнд тулгарсан хүнд нөхцөл байдал бидний амьдралын бүтэц хэв маягийг сүйтгэж нураагаагүй, харин бид зүгээр л үргэлжлүүлэхэд бэлэн байна.

Бидний оршин тогтнохуйн7 зорилго хэмээн сударт амласан баяр баясгаланг бид ямар ч бэрхшээл, уй гашууг амсахгүй эсвэл уруу таталт, саад тотгор, дэлхийн амьдралын бодит сорилтын үр дагавраас үүссэн “цууралтгүй” байна гэж ойлгож болохгүй.

Энэ баяр баясгалан Нифайн “амьдралынхаа турш өчнөөн зүдгүүрийг туулсан хэдий ч, амьдралынхаа бүхий л өдрүүдэд би Их Эзэний өндөр их ээл хишгийг хүртсэн”8 гэж хэлсэн түүний амьдралыг харах хандлагатай холбоотой юм. Амьдралынхаа бүхий л өдрүүдэд! Ах нар нь Нифайг үл ойшоон, эсэргүүцэж байхад, бүр усан онгоцон дээр түүнийг хүлэх үед, мөн эцэг Лихай нь нас барсан өдөр, тэр ч байтугай Лемен, Лемүел хоёр түүний хүмүүсийн мөнх бус амьдралын дайсан болсон үед буюу тэрхүү хэцүү өдрүүдэд ч гэсэн Нифай Их Эзэний өндөр ээл хишгийг хүртсээр л байсан.

Их Эзэн биднийг эсэргүүцэж чадахаас маань илүү хүнд сорилтод хэзээ ч оруулахгүй гэдгийг мэдэж авах нь бидэнд амар тайван байдлыг авчирдаг. Алма биднийг “мөн [бид] өөрсдийн үүрч чадахаас илүүгээр уруу таталтад автагдахгүйн тулд үргэлж сэрэмжилж мөн залбираасай, тэгснээр Ариун Сүнсээр удирдуулан, даруухан, дөлгөөн, хүлцэнгүй, тэвчээртэй, хайр хийгээд бүхий л тэсвэрээр дүүрэн болоосой”9 хэмээн уриалсан.

Амьдралын сорилтод ч мөн адил үүнтэй ижилхэн зарчмыг ашиглаж болно. Аммон бидэнд “явагтун, мөн зовлонгуудаа тэвчээртэйгээр туул, мөн би та нарт амжилтыг өгөх болно”10 гэсэн Их Эзэний үгийг сануулдаг.

Их Эзэн биднийг саад тотгор, уруу таталт, үл ойлголцол, сул дорой байдал, тэр ч байтугай үхэлтэй тулгарах үед үргэлж тусалдаг. Тэрээр “Мөн эдүгээ, би нэгд хэлснээ бүгдэд хэлдэг гэдгийг үнэнээр би та нарт хэлдэг, зоригтой байгтун, бяцхан хүүхдүүд минь; учир нь бибээр та нарын дунд байна, мөн бибээр та нарыг орхих нь үгүй”11 хэмээн хэлсэн. Тэр хэзээ ч биднийг орхихгүй!

Бид Эцэгийнхээ зохиосон, бидний Аврагч Есүс Христээр дамжуулан гүйцэлдсэн бурханлаг загварын төлөвлөгөө, техникийн үзүүлэлтийн дагуу амьдраасай хэмээн би залбирч байна. Ийнхүү Аврагчийн Цагаатгалаар дамжуулан бидэнд ирдэг нигүүлслийн ачаар бид нүглийг тэвчдэг, уруу таталтад тэсвэртэй, амьдралынхаа гунигтай, хүнд үеийг даван туулж чадах хүчирхэг амьдралыг амжилттай бүтээх болно. Түүнчлэн бидний Эцэг болон Аврагчийн хайраар дамжуулан амлагдсан бүх адислалыг авах нөхцөл бидэнд бүрдсэн байх болно. Есүс Христийн нэрээр, амен.