2022
Ариун сүмд анхаарлаа төвлөрүүл
2022 оны 11-р сар


Ариун сүмд анхаарлаа төвлөрүүл

Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь юу юунаас илүүтэй амьдралыг тань адислах болно гэдгийг би амлаж байна.

Хүндэт ах, эгч нар аа, Ерөнхий чуулганы энэ гайхалтай таван хуралдааны үеэр бид тэнгэр нээлттэй байгааг дахин мэдэрлээ. Та нарыг өөрсдөдөө төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж, тэдгээрийг дагаасай гэж би залбирч байна. Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү Есүс Христ хоёр та нарт туслахад бэлэн байгаа. Би та нараас Тэдний тусламжийг эрэлхийлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг хичээнгүйлэн хүсэж байна.

Саяхан Нэлсон эгч бид хоёрт Мормоны Номын видеонууд цувралын дөрвөн шинэ хэсгийг урьдчилан үзэх боломж тохиосон юм.1 Энэ нь биднийг сүнслэгээр өдөөсөн! Аврагчийн нифайчуудад үзэгдсэн хэсгээс товч үзүүлэхийг зөвшөөрнө үү.

Аврагч ариун сүмд хүмүүст харагдахыг сонгосон нь чухал ач холбогдолтой. Энэ бол Түүний өргөө. Энд Түүний хүч дүүрэн байдаг. Их Эзэний бидний төлөө хийж буй бүхнээс хараагаа салгахгүй байцгаая. Тэрбээр ариун сүмүүдээ улам хүртээмжтэй болгож байна. Тэрээр бидний ариун сүм барих явцыг улам хурдасгаж байна. Тэр Израилыг цуглуулахад туслах чадварыг маань улам нэмэгдүүлж байна. Тэр мөн бидний хүн нэг бүрийн сүнслэгээр цэвэршүүлэгдэх үйл явцыг улам хялбарчилж байна. Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь юу юунаас илүүтэй амьдралыг тань адислах болно гэдгийг би амлаж байна.

Одоогоор 168 ариун сүм үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 53 ариун сүм шинээр баригдаж, 54 ариун сүмийн зураг төсөл хийгдэж байна!2 Дараах газруудад шинэ ариун сүм барихаар төлөвлөж байгаагаа зарлахад таатай байна. Үүнд: Солонгосын Бусан, Филиппинийн Нага, Филиппинийн Сантьяго, Нигерийн Экэт, Перугийн Чиклаёо, Аргентины Бүэнос Айрэс Сити Цэнтэр, Бразилын Лондрина, Бразилын Прето Рибэйрао, Гуатэмалагийн Хүэхүэтэнанго, Флоридагийн Жаксонвилл, Мичиганы Гранд Рапидс, Техасын Проспэр, Невадагийн Лөүн Маунтайн, Вашингтоны Такома.

Бид бас ариун сүмд очиход цаг хугацааны асуудалтай тулгардаг томоохон хотуудыг сонгон, нэмж ариун сүм барихаар төлөвлөж байна. Иймээс би Мехико хотын ойролцоо шинээр ариун сүм баригдах дөрвөн газрыг зарлах гэж байгаадаа баяртай байна. Үүнд: Күэрнавака, Пачука, Толука болон Тула.

Хүндэт ах, эгч нар аа, та бүхэн ариун сүмд урьд өмнөхөөсөө илүү анхаарлаа төвлөрүүлэх болтугай. Бурхан, Есүс Христ хоёрт өдөр бүр илүү ойртохын тулд өсөж хөгжихөөр та бүхнийг адисалж байна. Би та нарт хайртай. Биднийг дахин уулзтал Бурхан та нартай хамт байг хэмээн би Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.

Эх сурвалж

  1. Эдгээр шинэ видеог Gospel Library болон бусад суваг дээр олон хэлээр үзэх боломжтой. Захиасууд чуулган өндөрлөcний дараа буюу өнөөдрөөс эхлэн долоо хоног тутам нийтлэгдэнэ.

  2. 2022 оны 10-р сарын 1-ний байдлаар 4 ариун сүм засварт ороод байна (Ютагийн Сайнт Жорж, Ютагийн Мантай, Ютагийн Солт Лэйк, Охайогийн Колумбус) мөн 3 ариун сүм онцгойлон адислагдах гэж байна (Шинэ Зеландын Хамилтон, Эквадорын Күйто, Бразилын Бэлэм).