2022
Үгийн нөлөөлөх хүч
2022 оны 11-р сар


Үгийн нөлөөлөх хүч

Эртний болон өнөө үеийн бошиглогчдын үгсэд нөлөөлөх хүч байдаг. Учир нь тэдний үг бол Их Эзэний үг юм.

Мормоны Номон дахь нэгэн гайхалтай шүлгээс бид бошиглогч Алмагийн гаргасан амин чухал шийдвэрийн талаар уншдаг. Эдгээр танил үгийг эргэн харахын өмнө, тэрхүү шийдвэрийг ямар хүнд нөхцөлд гаргасан талаар хамтдаа бодоод үзье.

Өөрсдийгөө зорамчууд хэмээн нэрлэсэн хэсэг хүн нифайчуудаас тусгаарлагдан1, леменчүүдийн ойролцоох нутгийн хилд цугларсан байв.2 Хэдэн арван мянган хүний амь үрэгдсэн, урьд өмнө болж байгаагүй том тулаанд нифайчууд леменчүүдийг ялаад удаагүй байсан3 ба “зорамчууд леменчүүдтэй харилцаанд орох вий хэмээн, мөн энэ нь агуу алдагдлын шалтгаан болох вий хэмээн ихээр айв.”4 Дайнд санаа нь зовж байснаас илүүтэй, “Бурханы үг тэдэнд номлогдсон”5 зорамчууд хиймэл шүтээн шүтэж, “Их Эзэний замуудыг гажуудуулж”6 байгааг Алма мэджээ. Энэ бүхэн Алмад тун хүнд туссан ба “гуниг харамслыг төрүүлэв.”7

Эдгээр ээдрээтэй, хүнд хэцүү нөхцөл байдалд орсон Алма юу хийвэл зохих талаар тунгаан боджээ. Өнөө үеийн ээдрээтэй, хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад биднийг зоригжуулж, зааж чиглүүлэхээр хадгалагдан үлдсэн үгсийг бид түүний шийдвэрээс олж уншдаг.8

“Мөн эдүгээ, шударга байсан түүнийг хийхэд хүмүүсийг удирдахад үгийг номлох нь их нөлөө болж байсан учир—тийм ээ, энэ нь хүмүүсийн оюун ухаанд илднээс, эсвээс тэдэнд тохиолдсон юунаас ч илүү хүчтэйгээр нөлөө үзүүлж байв—тиймийн тул тэд Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сорих нь зайлшгүй болов хэмээн Алма боджээ.”9

Олон боломжит шийдлийн дундаас Алмагийн итгэл тэднийг үгийн хүчинд найдахад хүргэсэн юм. Судар дахь хамгийн хүчирхэг номлолуудын заримыг тэрхүү шийдвэрийн дараахан номлосон байдаг нь тохиолдлын зүйл биш. Алма 32, 33-р бүлгээс бид Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн талаарх Алмагийн хүчирхэг номлолыг уншиж болох ба 34-р бүлгээс Есүс Христийн Цагаатгалын талаарх Амюлекийн үндсэн сургаалыг уншдаг.

Үгийн нөлөөлөх хүчийг харуулсан жишээнүүд

Үнэндээ бид Бурханы үгийн нөлөөлөх хүчийг амьдралдаа туршиж үзэхээр шийдсэн хүмүүсийн дээр гайхамшигт адислалууд асгардаг талаар сударт олон удаа дурдсан байдгийг уншдаг.10 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр “бидний хожмын үед эсэн мэнд үлдэх гарын авлага”11 хэмээн тодорхойлсон Мормоны Ном руу анхаарлаа хандуулахдаа та бүхнийг надтай хамт дараах гурван жишээг тунгаан бодохыг урьж байна.

Нэгдүгээрт, Алма өөрийн хүмүүст Их Эзэн тэдний өвөг дээдсийг хэрхэн аварсан талаар сануулахдаа: “Болгоогтун, тэрээр тэдний зүрх сэтгэлийг өөрчилсөн, тийм ээ, тэр тэднийг гүн нойрноос сэрээсэн, мөн тэд Бурханы хувьд сэрсэн. Болгоогтун, тэд харанхуйн дунд байсан; гэсэн хэдий ч, тэдний бодгалиуд үүрдийн үгийн гэрлээр гэрэлтүүлэгдсэн билээ12 хэмээн заасан байдаг. Танд харанхуйн дунд байгаа мэт санагдаж байж магадгүй. Та сүнслэг удирдамжийг үнэхээр хүсэж байна уу? Хэрэв тийм бол Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сориод үзээрэй.

Хоёрдугаарт, номлогч байхад нь Их Эзэн леменчүүдийг хэрхэн хөрвүүлснийг харсан Аммон энэ талаар эргэцүүлэн бодохдоо, “Болгоогтун, тэрээр хэчнээн мянган ах дүүсийг минь тамын шаналлаас сулласан билээ; мөн тэд гэтэлгэлийн хайрыг дуулахад хүргэгддэг, мөн энэ нь бидэнд байдаг түүний үгийн хүчний учир юм13 хэмээн хэлсэн. Ах, эгч нар аа, хайртай хүмүүсээ гэтэлгэх хайрын дууг дуулаасай гэж тэсэн ядан хүлээж буй олон хүн бидний дунд бий. Бүхий л чадлаараа хичээл зүтгэл гаргахдаа, бидэн дотор байдаг Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сорихоо санацгаая.

Гуравдугаарт, бид Хиламаны Номоос “Тийм ээ, чөтгөрийн бүх башир аргыг мөн урхи мөн арга залийг нь тасчин хуваах, амьд хүчирхэг, … зовлонгийн үүрдийн ангал дээгүүр гарах давчуу бөгөөд нарийн замаар Христийн хүмүүнийг удирдах Бурханы үгэн дээр тулгуурлахыг хүсэх хэн боловч тулгуурлаж … мөн тэнгэрийн хаант улсад, Бурханы баруун мутар талд … өөрсдийн … бодгалиудаа байрлуулж болохыг бид харж болно”14 хэмээн уншдаг. Та өнөө үеийн философид гүн нэвтэрсэн чөтгөрийн бүх башир арга, урхи, арга залийг таслан зогсоохыг эрэлхийлж байна уу? Та зөвхөн гэрээний замд анхаарлаа илүү их хандуулахын тулд хэт их мэдээллийн улмаас үүссэн төөрөгдлийн үүлийг сарниулахыг хүсэж байна уу? Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сорь.

Үгийн хүчээр өөрчлөгдсөн хүний хувьд би хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасан гайхалтай үгээр энэхүү үнэнийг гэрчлэх гэсэн юм. Тэр: “Миний хувьд, Мормоны Номын хүч нь ‘Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр’ уншсан хүмүүсийн амьдралд ирдэг гайхамшигт өөрчлөлтүүдээр хамгийн тод харагддаг. Олон хөрвөгч энэхүү номын зааврыг дагахын тулд урьд өмнө нь дуртай байсан зүйлсээ орхидог. … Энэ нь Есүс Христэд бодгалиудыг авчрах таны хамгийн үр дүнтэй зэмсэг байх болно”15 хэмээсэн.

Нөлөөлөх хүчийн эх сурвалж

Эдгээр болон бусад жишээнээс бид Бурханы хүүхдүүдийн амьдралд нөлөөлөх Түүний үгийн хүчийг харж болно. Бид тэрхүү нөлөөлөх хүч эсвэл хүч чадлын эх сурвалж нь юу юм бол? гэж асууж болно.

Энэ асуултын талаар бодохдоо, сударт “үг” гэх үг хамгийн багадаа хоёр утгаар хэрэглэгддэгийг санах нь нэн чухал. Саяхан ахлагч Дэвид А.Бэднар “Есүс Христийн олон нэрийн нэг нь ‘Үг’ юм” мөн “ариун судруудад бичигдсэн Аврагчийн сургаал мөн ‘үг’”16 гэж заасан.

Бошиглогч Нифай энэ хоёр утгын хоорондох хамаарлыг дүрслэн бичихдээ: “Эдгээр үгсийг анхааран сонсож мөн Христэд итгэ; мөн хэрэв та нар эдгээр үгсэд үл итгэх аваас, Христэд итгэ. Мөн хэрэв та нар Христэд итгэх болбоос та нар эдгээр үгсэд итгэх болно, учир нь эдгээр нь Христийн үгс, мөн тэрээр эдгээрийг надад өгсөн юм”17 гэжээ. Тиймээс бид эртний болон өнөө үеийн бошиглогчдын үгсэд нөлөөлөх хүч байдгийг баттай мэднэ. Учир нь тэдний үг бол Их Эзэний үг юм.18 Эрхэм анд найзууд аа, энэхүү мөнхийн үнэнийг хүлээн зөвшөөрөх нь эцсийн өдрүүдэд сүнслэг байдлын хувьд амьд гарахад амин чухал.19 Яагаад гэвэл, бошиглогдсоны дагуу тэнд “Талхаар өлсөх, усаар цангах бус, Харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм.”20

Эцэст нь, Бурханы үгийн нөлөөлөх хүч бол Их Эзэн Есүс Христ билээ.21 Бид үүнийг илүү бүрэн дүүрэн ойлгосноор, Түүний бошиглогчдын болон Гэтэлгэгчийн гүйцэтгэдэг үүргүүдийн хоорондын мөнхийн чухал холбоог олж харж чадна. Түүнийг хайрлах бидний хайр, Түүнд илүү ойртож, Түүний хайранд байх хүсэл22 маань бидний хувийн Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүнээс ирэх үгийн нөлөөлөх хүчийг23 болон “Их Эзэний сонгогдсон савнуудаар”24 дамжин ирэх Түүний үгийн нөлөөлөх хүчийг хоёуланг нь амьдралдаа туршиж үзэхэд хүргэдэг. Аврагчийн талаар болон Түүний бошиглогчдын үгсийг судлахад өөр бусад эх сурвалж тустай байж болох ч уг эх сурвалжууд хэзээ ч тэдгээрийг орлох ёсгүй гэдгийг бид танин мэдэх болно. Бид гүн гүнзгий, байнгын25 эх сурвалжаас шимтэн хүртэж байх ёстой.26

Ах, эгч нар минь, би та нарын хүн нэг бүрийг хайрладгаа хэлмээр байна. Энэхүү хайраараа би та нарыг Бурханы үгийн нөлөөлөх хүчийг ялангуяа Мормоны Номоор дамжуулан амьдралдаа өдөр бүр мэдрээсэй гэж хүсэж байна. Ингэснээр та нар Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны бошиглолын амлалтыг мэдэрнэ. Тэрээр, “Та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч байгаад судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно. Судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэж, та нар асуултууддаа хариулт, хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг би амлаж байна. Та нар өдөр бүр Мормоны Номд эзэмдүүлбэл … тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг амлаж байна”27 гэсэн.

Тэнгэрлэг Эцэг маань биднийг төгс хайрлаж, хүн нэг бүрийг гэртээ эргэн ирж Өөртэй нь хамт мөнх амьдраасай хэмээн хүсдэг учраас бидэнд хандан үг хэлдэг гэдгийг би гэрчилж байна. “Үг нь махбод болсон”28 гэдгийг мөн Есүс Христийг болон биднийг аварч, гэтэлгэх Түүний хүчийг би гэрчилж байна. Түүний нөлөөлөх хүч өмнөх болоод өнөөгийн бошиглогчдынх нь үгсээр дамжин ирдэг гэдгийг би мэднэ.

Бид Бурханы үгээс тууштай зууран барьж,29 өргөмжлөл болон мөнх амьдрал руу хөтөлдөг гэрээний зам30 дээр үлдэх мэргэн ухаан, номхон дөлгөөн байдлыг олж авах болтугай хэмээн би чин сэтгэлээсээ залбирч байна. Бид үгийн нөлөөлөх хүчээр дамжуулан хүн бүр олж авах боломжтой хүчит өөрчлөлтийг тасралтгүй мэдрэх болтугай.31 Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Алма 30:59-ийг үзнэ үү.

  2. Алма 31:3-ыг үзнэ үү.

  3. Алма 28:2-ыг үзнэ үү.

  4. Aлмa 31:4 Өмнө нь Алма, түүний хүмүүс амлисайчууд, леменчүүдийн хооронд байсан ийм “харилцаа” асар их уй гашуу, алдагдалд хүргэхийг харж байсныг онцолно уу (Алма 2:21–38; Алма 3:1–3-ыг үзнэ үү).

  5. Aлмa 31:8

  6. Aлмa 31:1

  7. Aлмa 31:2

  8. Moрмон 8:34–35-ыг үзнэ үү.

  9. Алма 31:5; тодотгол нэмэгдсэн.

  10. (Жишээг 1 Нифай 15:24; Алма 32:41–43; 36:26; 37:8, 44–45-аас үзнэ үү).

  11. Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79.

  12. Алма 5:7; тодотгол нэмэгдсэн.

  13. Алма 26:13; тодотгол нэмэгдсэн.

  14. Хиламан 3:29–30; тодотгол нэмэгдсэн.

  15. Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Гайхамшигт гайхамшиг,” (2016 оны 6-р сарын 23-нд болсон шинэ номлолын ерөнхийлөгчдийн семинар дээр хэлсэн үг), Моронай 10:4-ийн хэсгээс эш татсан.

  16. Дэвид А.Бэднар, “Гэвч бид тэднийг анхаарсан нь үгүй болой,” Лиахона, 2022 оны 5-р сар, 16.

  17. 2 Нифай 33:10; тодотгол нэмэгдсэн.

  18. Сургаал ба Гэрээ 1:38-ыг үзнэ үү.

  19. Сургаал ба Гэрээ 1:14–18-ыг үзнэ үү.

  20. Амос 8:11

  21. Алма 34:6-г үзнэ үү.

  22. Иохан 15:10-ыг үзнэ үү.

  23. Марк 5:25–34-ийг үзнэ үү.

  24. Moронай 7:31

  25. “Агуу итгэлийн хадгалалтын хугацаа богино тул үүнд бэлдэх өөр сайн арга зам бий. Бид судрууд дахь Христийн үг, амьд бошиглогчдын сургаалыг тууштай судлахаар шийдэж болно. Үүнийг би хийнэ. Би Мормоны Номыг дахин аваад, үүнээс гүн гүнзгий, байнга шимтэн хүртэх болно” (Henry B. Eyring, “Spiritual Preparedness: Start Early and Be Steady,” Liahona, Nov. 2005, 39).

  26. “Миний хувьд судраас унших явдал нь эрдэм мэдлэгийн эрэл хайгуул биш. Харин энэ нь Их Эзэний болон Түүний бошиглогчдын үг, бидний хоорондын хайрын харилцаа юм. …

    Би сударт байдаг зүйлийг дэлгэрэнгүй тайлбарлах гэсэн том боть номуудыг тэр болгон уншдаггүй. Оронд нь би эх сурвалжтайгаа байж, үнэний суурь, цэвэр усны ундарга болох Бурханы үгийг өгсөн байдлаар нь, бидний судар хэмээн хүлээн зөвшөөрсөн номуудад цэдэглэгдсэнээр нь амтлахыг илүүд үздэг. Бид судруудыг уншсанаар, уншсан зүйлийг маань Бурхан Өөрийн хүүхдүүдийг гэгээрүүлж, адисалж, баяр баясгалантай байлгахын тулд өгсөн гэсэн баталгааг Сүнснээс авах боломжтой” (Gordon B. Hinckley, “Feasting upon the Scriptures,” Tambuli, June 1986, 2, 4).

  27. (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” Ensign, Nov. 2017, 62 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)

  28. Иохан 1:14

  29. 1 Нифай 8:30-ийг үзнэ үү.

  30. “Гэрээний зам бол өргөмжлөлийг хүртэж, мөнх амьдралыг хүлээн авахад хөтлөх цорын ганц зам билээ” (Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг инерцийн хүч,” Лиахона, 2022 оны 5-р сар, 97).

  31. Алма 5:11–13-ыг үзнэ үү.