2016
Өвөг дээдсийнхээ итгэлд үнэнч бай
July 2016


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Өвөг дээдсийнхээ итгэлд үнэнч бай

Зураг
pioneer-family-kneeling-in-the-snow

Майкл T.Малм, Цасан дээр сөхрөн суусан анхдагч гэр бүл,

Жон Линфорд эхнэр Мариа, гурван хүүгийн хамт Английн Гравэли дахь гэр орноо орхин, агуу Солт Лэйкийн хөндий дэх гэгээнтнүүдтэй нэгдэхийн тулд олон зуун бээр аялах шийдвэр гаргах үедээ 43 настай байсан юм. Тэд номлолд үйлчилж байсан дөрөв дэх хүүгээ үлдээн, эд хогшлоо зарж, Торнтон нэртэй усан онгоцоор Ливерпулээс аян замдаа гарсан байна.

Тэдний Нью Йорк хот руу далайгаар, дараа нь Айова руу газраар хийсэн аялал гойд юмгүй хэвийн байв. Гэхдээ Торнтон усан онгоцоор ирсэн Линфордынхон болон бусад хожмын үеийн гэгээнтэн 1856 оны 7-р сард Жэймс Г.Виллигийн золгүй гар тэрэгний багт хамрагдан, Айова хотыг орхих үеэс гай зовлон тохиолдож эхэлсэн юм.

Хатуу ширүүн цаг агаар, хүнд бэрх аялал нь Жонд болон багийн олон гишүүнд муугаар нөлөөлж байв. Эцэст нь тэрээр хүндээр өвчилж, сульдаж туйлдсан тул түүнийг гар тэргэн дээр авч явахаас өөр аргагүй болсон билээ. Гар тэрэгний баг Вайомингт очих үед түүний биеийн байдал улам бүр доройтсон байв. Солт Лэйк хотоос аврах багийнхан 10-р сарын 21-нд Жоныг нас барснаас хэдхэн цагийн дараа ирсэн юм. Тэрээр өглөө эрт Свийтвотэр голын эргийн ойролцоо нас баржээ.

Жон гэр бүлээ Сионд авчрахын тулд ая тухтай, амар тайван амьдралаа зовлон зүдгүүр, гачигдал, хүнд сорилтоор сольсондоо харамссан болов уу?

Тэр нас барахынхаа өмнө “Үгүй ээ, Мариа. Өөрсдийгөө энд ирсэнд би баяртай байна. Би Солт Лэйкт хүрч чадахгүй ч чи хөвгүүдтэйгээ хүрч чадна. Хэрэв хөвгүүд минь Сионд өсөж торнин, гэр бүлээ өсгөн өндийлгөж чадвал би туулсан бүхэндээ харамсахгүй”1 гэж хэлжээ.

Мариа хөвгүүдийнхээ хамт аяллаа дуусгаж чадсан юм. Мариа 30-аад жилийн дараа өөд болох үед Жон тэр хоёр итгэл, үйлчлэл, үнэнч байдал, золиослолын өвийг үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж чадсан.

Анхдагч байна гэдэг бол “бусдын явах замыг бэлдэж эсвэл нээхээр бусдын урд явдаг хүнийг хэлдэг”2 тул хожмын үеийн гэгээнтэн байх нь анхдагч байна гэсэн үг юм. Түүнчлэн анхдагч байна гэдэг нь золиослол гэж юу болохыг танин мэдэхийг хэлнэ. Хэдийгээр одоо Сүмийн гишүүдээс Сион руу аялахын тулд гэр орноо орхин явахыг шаардахгүй байгаа ч ихэнхдээ тэдэнд хуучин зуршил, урт удаан хугацаанд дагаж ирсэн уламжлал, хайрт найз нөхдөө орхих шаардлага гардаг. Зарим нь Сүмийн гишүүнчлэлийг нь эсэргүүцсэн гэр бүлийн гишүүдээ орхих хүндхэн шийдвэрийг гаргадаг. Гэхдээ хожмын үеийн гэгээнтнүүд хайрлаж явдаг, юунаас ч эрхэм хүмүүс нь тэднийг хэзээ нэгэн цагт ойлгож, хүлээн авна гэдэгт итгэн залбирсаар урагшилдаг юм.

Анхдагч байх зам амаргүй ч гэсэн бидний урд явж, дагах замыг үзүүлсэн хамгаас агуу анхдагч Аврагчийн зам мөрийг бид дагадаг.

“Ирж, Намайг дага”3 хэмээн Тэрээр урьсан.

Тэр “Би бол зам, үнэн, амь мөн”4 хэмээн тунхаглаж,

“Над уруу ир”5 гэж урин дуудсан байдаг.

Энэ замаар алхахад хэцүү байж болно. Зарим хүнд ариун журмыг сахих, үнэнч шударга байх, Бурханы зарлигуудад дуулгавартай байх талаар болчимгүй нэгний дооглон тохуурхаж хэлсэн, эвгүй үгсийг тэвчиж өнгөрөөхөд хэцүү байж болно. Зарчмыг дагаж мөрдөх явдлыг дэлхийнхэн үргэлж дорд үзсээр ирсэн. Ноа хөвөгч авдар барих заавар хүлээн авах үед мунхаг хүмүүс бороо орон ортол үүлгүй тэнгэр өөд харан, дооглон, тохуурхаж байсан юм.

Олон зуун жилийн өмнө Америк тивд Зарахемла хот түймэрт шатан, Моронайха хот газарт булагдаж, Моронай хотыг усанд автах хүртэл хүмүүс эргэлзэн, маргалдаж, дуулгаваргүй хэвээр байсан. Харин энэ бүхэн болж өнгөрсний дараа элэглэл, тохуурхал, хараал зүхэл, нүгэл үгүй болсон юм. Тэдгээр нь дүнсгэр нам гүм байдал, түнэр харанхуйгаар солигдсон байв. Бурханы тэвчээр барагдаж, төлөвлөснийхөө дагуу гүйцэлдүүлсэн билээ.

Мариа Линфорд Англид шашин шүтлэгийнхээ улмаас хавчигдан гадуурхагдаж, “Бурханы бэлдсэн нутагт”6 хүрэхээр аялах замдаа хүнд хэцүүг даван туулж, улмаар Сүмийнхээ мөн гэр бүлийнхээ төлөө олон сорилт бэрхшээлийг даван гарсан ч хэзээ ч итгэл алдарч байгаагүй.

1937 онд ахлагч Жорж Албэрт Смит (1870–1951) Мариагийн дурсгалд зориулсан булшны дэргэдэх ёслол дээр түүний үр садаас: “Та нар өвөг дээдсийнхээ итгэлд үнэнч амьдрах уу? хэмээн асуугаад, … [Тэдний] та нарын төлөө хийсэн бүх золиослолд зохистой байхыг хичээгээрэй”7 хэмээн хүсжээ.

Бид зүрх сэтгэл, гэр орон, нийгэм, улс орондоо Сионыг байгуулахаар эрэлхийлэх үедээ, сэргээгдсэн сайн мэдээний адислалыг Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирэх найдвар, амлалттай хамт хүртэх боломжийг олж авахын тулд байгаа бүхнээ зориулсан хүмүүсийн эрс шийдэмгий эр зориг, өөрчлөгдөшгүй итгэлийг үргэлж санаж байх болтугай.

Эшлэлүүд

  1. Андрю Д.Олсэн, The Price We Paid (2006), 45–46, 136–137-г үзнэ үү.

  2. The Compact Edition of the Oxford English Dictionary (1971), “pioneer.”

  3. Лук 18:22

  4. Иохан 14:6

  5. Иохан 7:37; 3 Нифай 9:22-ыг үзнэ үү.

  6. “Ирцгээ, ирцгээ гэгээнтнүүд ээ,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 2.

  7. Олсэн, The Price We Paid, 203–474-ийг үзнэ үү.