2016
Сүнслэг матрууд
July 2016


Биднийг дахин уулзтал

Сүнслэг матрууд

“Ойлгосонгүй, Тэнд ямар ч матар харагдахгүй л байна шүү дээ” гэж би хэлэв.

Зураг
crocodile-eye

Гэрэл зургийг iStock/Thinkstock

Би үргэлж Африкт очиж, амьтдыг харахыг хүсдэг байсан бөгөөд эцэст нь тийм боломж надад тохиосон юм. …

Амьтдын ус уухаар ирэхийг харахаар бид цөөрмийн дэргэд зогсов. Их халууны улирал байсан болохоор ус гэх юм бараг байхгүй, шавар л харагдаж байсан. Заануудыг шавар руу алхан ороход ус шүүрэн гарч, амьтад зааны мөрнөөс ууж байв.

Ялангуяа гөрөөснүүд ихэд сандран үймэлдэж байлаа. Тэд шаварт ойртон ирснээ шууд эргэн, айдаст автан гүйж одов. Би тэр хавьд ямар ч арслан байхгүйг хараад, тэд яагаад уснаас уугаагүй болохыг хөтчөөсөө асуув. Түүний хариулт буюу сургамж өгөх гэсэн зүйл нь ‘матар’ байсан юм.

Хөтчийг тоглож байгаа болов уу гэж бодоод би түүнээс “Тэгээд асуудал нь юунд байгаа юм бэ?” гэж лавлан асуулаа. Тэрээр дахиад л “матар” гэж хариулав.

“Ойлгосонгүй. Тэнд ямар ч матар харагдахгүй л байна шүү дээ” гэж би хэлэв. …

Түүнд итгэхгүй байгааг тэр мэдэж байгаа нь илт байсан тул надад сургамж өгөхөөр шийдсэн бололтой. Бид машинаар дэнж өөд явж, шавартай цөөрөм рүү доош харж болох газарт очив. “Тэр байна, өөрөө хар даа” гэж тэр хэлэв.

Би шавар, багахан ус, хол зогсох айдаст автсан амьтдаас өөр юу ч олж харсангүй. Тэгээд гэнэт би бүхнийг харав. Нэгэн аварга том матар шаварт шигдэн, цангасан зэрлэг амьтан ус уух гэж ирэхийг хүлээн хэвтэж байх нь тэр. …

Хөтөч санасныг бодвол надад сайхан хандсан байлаа. Түүнийг эхлээд “матар” гэж хэлэхэд “бүгдийг мэднэ” гэсэн байдлаар тоомжиргүй хандахад маань тэр “Өөрөө очоод, үз дээ!” гэж хэлж болох л байв.

Миний харснаар бол тэнд ямар ч матар байхгүй байсан юм. Би өөртөө итгэлтэй байсан болохоор тэнд юу байгааг олж харахын тулд алхаж ороход ч бэлэн байсан. Миний энэ бардам байдал үхэлд хүргэж болох байлаа! Харин тэр надад сургамж өгөх тэвчээртэй нэгэн байв.

Залуу найзууд минь, би та нарыг хөтөчтэйгөө миний тэр үед байснаас илүү ухаалаг ярилцана гэдэгт итгэж байна. Бүхнийг мэдэгч болох гэсэн тэр санаа үнэндээ надад ч, бас та нарт ч зохихгүй юм. Би үүгээр бахархдаггүй бөгөөд тус болж магадгүй гэж бодоогүй бол үүнийг та нарт хэлэхээс ч ичих байв.

Амьдралд түрүүлж хөл тавьсан хүмүүс усан цөөрмийг бага ч болов судалсан болохоор матрын талаар сэрэмжлүүлж байгаа юм. Зөвхөн та нарыг хоромхон зуур хэдэн хэсэг болгон тасчих том саарал гүрвэл байгаад зогсохгүй, Африкийн тэрхүү сайтар далдлан нуугдсан матраас ч аюултай, илүү зальтай, бараг харагдахгүй сүнслэг матруудын талаар сэрэмжлүүлж байна.

Эдгээр сүнслэг матар нь таны бодгалийг устгах эсвэл бэртээх чадвартай. Тэд таны болон таныг хайрладаг хүмүүсийн амар амгалан байдлыг устгаж чадна. Энэ тухай сэрэмжлүүлэх хэрэгтэй бөгөөд өнөөгийн мөнх бус байдалд тэдгээрээр дүүрээгүй ус гэж тун ховор болсон байна. …

Аз болоход, бид зөвлөгөөг нь одоо төдийгүй цаашид дахин авах хүсэлтэй байвал тохиолдож болох эдгээр зүйлээс хамгаалах хөтчүүд бидний амьдралд хангалттай бий.