2016
Шашны эрх чөлөөг дэмжих нь
July 2016


Бошиглогч, төлөөлөгчид өнөөдөр ч үгээ хэлдэг

Шашны эрх чөлөөг дэмжих нь

Сүмийн мэдээ, үйл явдлыг news.lds.org-оос үзнэ үү.

Сүмийн удирдагчид бүх үндэстний хүмүүс шашны эрх чөлөөг хөхиүлэн дэмжихэд хамтарч ажиллах ёстой хэмээн нэг бус удаа хэлж байсан.

2015 оны 4-р сард Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф АНУ-ын Калифорнийн Лос Анжелес дахь Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Жон А.Видцөүгийн нэрэмжит шашны симпозиум дээр “Сүмийн гишүүд бүх шашин шүтлэг, улс төрийн үзэл бодолд болон үндэстэн бүрийн хүмүүсийн дунд эе эвийг эрэлхийлдэг.

Зураг
president-uchtdorf-speaking-with-others

Хардаж сэрдэх, шалихгүй зан гаргах хуучин заншлаа орхин, нэг нэгнээ өөр өнцгөөс, харь хүн эсвэл дайсан бус, харин хамтран аялагчид, ахан дүүс, Бурханы хүүхдүүд гэдэг талаас нь харахаар хичээх нь хүн төрөлхтний оршин тогтнох хүнд хэцүү боловч хамгийн үр ашигтай, эрхэм туршлага байдаг” гэж хэлсэн. Түүний энэ урилга бол сүүлийн үед бошиглогч, төлөөлөгчдийн бие биеэ хүндэлж, ойлгохыг уриалан дуудаж хэлсэн үгсийн нэг юм.

2015 оны 10-р сард Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс АНУ-ын Калифорнийн Сакрамэнто дахь Б’най Израиль цуглааны шашны удирдлагын буюу санваарын бага хурал дээр хэлсэн үгэндээ “Шашин, засгийн газар хоёрын хооронд дайсагнал байх ёсгүй. Бид уур хилэн, дайсагнал, зөрчилдөөний уур амьсгалд автсан үедээ бүгд хохирол амсдаг” гээд,

Зураг
elder-oaks-at-religious-conference

“Засгийн газар, тэдний хууль тогтоомж нь итгэгчдийг болон шашны байгууллага, үйл ажиллагааг зүй ёсоор хамгаалж байх ёстой” гэж хэлсэн. Мөн шашны зарчим, сургаал, байгууллагууд бүх хүнд “хамтдаа аз жаргал, эв нэгдэлтэй, амар тайван амьдарч, “нийтийн хууль, засгийн газрын байгууллага, иргэд цэцэглэн хөгжиж болох нөхцөлийг бүрдүүлэхэд тусалж чадна” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Түүнчлэн, ахлагч Өүкс Аргентин дахь цугларалтаар шашны эрх чөлөөний тухай үг хэлсэн юм (“News of the Church,” Лиахона, 2016 оны 1-р сар, 16-г үзнэ үү).

Зураг
elder-holland-meets-with-parliamentary-group-in-london

2015 оны 6-р сард Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Английн Лондонгийн Лордын танхимд бүх намын гадаад харилцаа хариуцсан парламентын бүлэгт хандан үг хэлсэн. Тэрээр “Хүмүүсийн хамгийн гүн гүнзгий үнэт зүйлсийг хөнддөг шашин ба шашны байгууллагууд хүмүүсийг өдөөхийн зэрэгцээ тэдэнд уучлах, эвлэрэх, хувийн амьдрал, нийгэмд сайн сайхны төлөө дахин зүтгэх гэсэн хандлагыг төлөвшүүлэх өвөрмөц хүчин чадалтай” гэжээ.

Зураг
elder-christofferson-meets-with-people-of-faith-in-brazil

2015 оны 4-р сард Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Сан Пауло дахь Бразилын лалын шашны сүм дэх шашин хоорондын бүлэгт хандан, “Шашны эрх чөлөө нь өөр хоорондоо өрсөлдсөн олон янзын гүн ухаан оршин тогтнож буй дэлхийн амар амгалан байдлын тулгуур юм” хэмээн хэлсэн байна. Тэрээр улс үндэстний шашны эрх чөлөөний хүчирхэг үндсийг тэмдэглэсэн үйл ажиллагааны үеэр ислам, католик, адвентист, еврей, протестант, хожмын үеийн гэгээнтэн, уугуул спиритуалист, тодорхой итгэл үнэмшилгүй болон бусад хүнд хандан португаль хэлээр үг хэлсэн билээ. Тэрээр “Бид сонгосон шашин, итгэлээ ганцаараа эсвэл нийтээрээ, гэр орондоо эсвэл гэрээсээ гадна, олон нийтэд нээлттэй эсвэл хувиараа шүтэн биширч, сахих, дагах, заах бүх хүний эрх чөлөөг хадгалан, хамгаалахын тулд хамтдаа ажиллаж, амар амгаланг эрэлхийлэх болтугай” хэмээн хэлсэн.

2015 оны 5-р сард Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк Австралийн Сидней дэх Австралийн Нотредамын Их Сургуульд жил болгон зохион байгуулагддаг шашны эрх чөлөөний лекцэн дээр “Шашин шүтлэгтэй хүмүүс бусад нэн чухал эрх чөлөөг салбарлуулдаг шашны эрх чөлөөг хамгаалахын тулд тэргүүн эгнээнд зогсдог байх ёстой. “Бид зөвхөн өөрийн шашныг илэрхийлэх боломжоо хамгаалаад зогсохгүй шашин болгоны сургаал, хуулиудыг хэрэгжүүлэх эрхийг хамгаалах ёстой” гэж хэлсэн юм.

Зураг
elder-rasband-address-byu-students

2015 оны 9-р сард Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд АНУ-ын Ютагийн Прово дахь Бригам Янгийн Их Сургууль дээр оюутнуудад хандан үг хэлж байхдаа Далын ахлах ерөнхийлөгчөөр үйлчилж байв.

“Та нарын насны зарим хүн шашны бүлгүүд яагаад улс төрд оролцдог юм бол гэж гайхдаг бөгөөд шашин шүтлэгтэй хүмүүсийн оролцох гэсэн сэдэлд эргэлзсэн байдлаар ханддаг.” Сүүлийн жилүүдэд улс төрийн хэлэлцээрт шашин үүрэг гүйцэтгэх ёсгүй гэж үзэх бүлэглэлүүдийн нэгдмэл дуу хоолой чангарсаар, “та бидэн шиг итгэлтэй хүмүүсийн хохирогч ангийг бий болгох аюулыг” нэмэгдүүлж байна.

Ахлагч Расбанд дэлхийн хэмжээнд тэдний үеийнхнээс энэ сэдвээр идэвхтэй оролцох хэрэгтэй байгааг оюутнуудад хэлсэн. “Бидэнд танай үеийнхний өрөвч сэтгэл, хүндлэл, шударга байдлын бодит ойлголт хэрэгтэй байна. Бидэнд эдгээр нарийн түвэгтэй нийгмийн асуудлыг шийдэхэд та нарын өөдрөг үзэл, шийдэмгий байдал хэрэгтэй байна.” Энэ бүхний хариулт Аврагчийн “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун” (Иохан 13:34) гэсэн зарлигаас эхэлнэ гэж тэр хэлсэн.