2015
Энэ хэр чухал байв гэж дээ?
2015 оны аравдугаар сар


Энэ хэр чухал байв гэж дээ?

Кэлли Лэйнг, АНУ, Вашингтон

Намайг хилийн чанадад ЮСС Вест Виржиниа шумбагч онгоцны аяллаар явж байх үед португаль хэлээр ярьдаг офицерийг гурван долоо хоногийн турш Бразилийн тэнгисийн цэргийн солилцооны хөтөлбөрт явуулах зар ирсэн юм. Шумбагч онгоцны багт португалиар ярьдаг ганц хүн нь би байлаа.

Надад эхэндээ явахгүй гэсэн бодол төрж байв. Би гурван сар хилийн харуул хийгээд дууссан байсан бөгөөд гэр бүлтэйгээ уулзахыг тэсэн ядан хүсэж байсан ч солилцооны хөтөлбөр миний бодлоос гарахгүй байлаа. Би Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, явах ёстой гэсэн тодорхой хариулт хүлээж авсан болохоор энэ даалгаврыг биелүүлэхийг зөвшөөрөв.

Бэлтгэл ажлын үеэр маш олон саадтай тулгарч байв. Нэг удаа би явахаа болих талаар бодож байлаа. “Энэ хэр чухал байв гэж дээ?” гэж би бодов. Гэсэн хэдий ч Ариун Сүнс энэ ажлаа үргэлжлүүлэхэд намайг өдөөсөн юм.

Зураг
Illustration depicting men on board a Navy ship. One of the men is pointing and yelling at a man sitting at a table. Another officer is standing in the doorway.

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Эцэст нь, хэдэн өдрийн дараа би Бразилийн нэгэн хөлөг онгоцон дээр ирэв. Офицеруудын хоолны өрөөнд орж ирэхэд хөлгийн ахмад нэгэн залуу офицер руу хашгирч, хуруугаараа чичиж байлаа. Ахмад намайг хараад, хийж байсан зүйлээ зогсоож, “Өө, миний америк найз ирсэн байна. Тавтай морилно уу. Би таныг уух юмаар дайлж болох уу?” гэж буруу хазгай англиар хэлэв.

Би номлолоосоо хойш уугаагүй байсан Бразилийн алдарт согтууруулах бус ундааг уумаар байгаагаа португалиар хэлэв. Онгоцон дээр бүх төрлийн согтууруулах ундаа байгаа гэж тэр хэлсэн ч би архи уудаггүй гэдгээ хэлсэн юм.

Тэр орой нь нэг хүн өрөөний минь хаалгыг тогшив. Хаалгаа нээтэл, хоолны өрөөнд харсан залуу офицер зогсож байлаа.

“Чи америк хүн.” “Чи архи уудаггүй. Чи португалиар ярьдаг. Чи Мормон юм биш биз?” гэж тэр хэлэв.

“Тийм ээ, мөн” гэж би хариулав.

Тэр намайг тэврээд уйлж эхлэв.

Дэслэгч Мендез гэдэг энэ офицер шинэхэн хөрвөгч бөгөөд Бразилийн Тэнгисийн Цэргийн Академийг төгсөөд удаагүй байв. Хөлөг онгоц зогсох боомт бүр дээр түүнийг бусад цэрэгтэй адил муу зүйл хийхийг ахмад түүнээс хүсдэг байсан гэдгийг би удалгүй мэдэж авсан юм. Харин дэслэгч Мендез харуулын ажлыг байнга сайн дураараа хийж, боомт дээр болдог үйл ажиллагаануудаас зайлсхийдэг байв. Ахмад үүнээс нь залхсан байжээ. Намайг хоолны өрөөнд орох үед дэслэгч Мендезийг цэргүүдтэй нэгдээгүй болохоор нь ахмад түүн рүү хашгирч байжээ.

“Дараагийн боомт дээр зогсох үед чи бусад офицертой хамт гарах болно” гэж тэр дэслэгчид тушаав. “Чи айлчилж ирсэн америк офицерт яаж наргиж цэнгэдгийг үзүүлэх болно. Тэр биднээс ийм зүйл хүлээж байгаа.”

Ахмадыг өөрийнх нь зарчмуудыг ойлгож, хүлээн зөвшөөрөөсэй гэж дэслэгч Мендез олон сар залбирчээ. Намайг ирснээс хойш сайн мэдээний талаарх яриа хоолны өрөөнд болдог ихэнх ярианы гол сэдэв болох болов. Бид бусад офицертой Иосеф Смит, Сэргээлт, мэргэн ухааны үг, ариун явдлын хууль зэргийн талаар ярилцдаг байв. Хүмүүсийн дэслэгч Мендезэд хандах хандлага удалгүй өөрчлөгдөж эхэлсэн юм. Офицерууд ил гаргаж тавьсан порнографтай материалуудаа далд хийж, дараагийн боомт дээр бид клубт очихын оронд хамтдаа ресторанд хоол идэж билээ.

Гурван долоо хоногийн дараа гэхэд, ахмадтай төдийгүй офицеруудтай олон удаа ярилцсаны үр дүнд эрчүүд зүрх сэтгэлээ зөөлрүүлсэн юм. Намайг явахаас өмнө ахмад “би одоо ойлгож байна” гэж дэслэгч Мендезэд хэлээд, түүнийг зарчмуудынхаа эсрэг яв гэж дахин ятгахгүй гэлээ.

Би энэ явдлыг хэзээ ч мартахгүй. Тэнгэр дэх Эцэг маань биднийг нэг бүрчлэн мэддэг, хайрладаг, бидний хувийн амьдралд санаа тавьдаг гэдгийг дэслэгч Мендез бид хоёр ойлгож авсан юм.