2012
Залбирлын хүч
долдугаар 2012


Залбирлын хүч

Зураг
youth in front of Cebu City Philippines Temple

Филиппиний Себу арлын өсвөр үеийн хүүхдүүд залбирлынхаа хариуг хүлээж авсан ухай өгүүлж байна.

Дэлхий даяарх олон арван мянган арлаас 7,107 нь Өмнөд Ази дахь арлын улс Филиппинд байдаг ажээ. Тэрхүү 7,107 арал зөвхөн нам түрлэгийн үед л байдаг гэсэн онигоо Филиппинд өргөн дэлгэрчээ. Далайн өндөр түрлэгийн үед арлуудын тоо 7,100 болж, зарим арал далайн түвшингээс доош усан дор ордог гэнэ. Филиппиний залуу эрэгтэй, эмэгтэйчүүд сайн мэдээгээр амьдрахын тулд хэрхэн чадах бүхнээ хийдэг вэ? Тэд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирдаг.

Ганцаардаж байгаа юм шиг санагдах үе амьдралд олон тохиолддог. Гэвч бид Тэнгэрлэг Эцэг бидэнд туслахад ямагт бэлэн байдгийг, Тэрбээр бидний залбирлыг сонсож, хариулахад үргэлж бэлэн байдгийг санах юм бол энэхүү мэдлэгийн авчирдаг итгэл найдвар дээр тулгуурлаж болно.

Залбирал итгэлийг бий болгодог

Хозелито Б. 12-той байхдаа түүх ярих тэмцээнд оролцохоор томилогдсон тухайгаа ийн ярьж байна. Багш нь түүнээс 10 хуудас текстийг цээжилж, хэдэн зуун багш сурагчдын өмнө ярихыг хүссэн гэнэ. Энэ нь тайзан дээр гарахаас айдаг Хозелитод төдийгүй өөр хэнд ч гэсэн айн сүрдэж, халширмаар даалгавар байлаа.

“Тиймээс би хамгийн түрүүнд удирдамж хүсч залбирсан” гэж Хозелито хэллээ. “Хэрэв би текстийн аль нэг хэсгийг мартвал цээжээр уншиж байгаа түүхийн шинэ мөрүүдийг надад сануулахыг би залбирлынхаа үед хүссэн. Залбирч дууссаны дараа Хуучин Гэрээн дэх дуртай нэг судраа саналаа. Сургаалт Үгс 3:6-д, ‘Өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно’ гэсэн байдаг.”

Хозелито цухалдангуй байлаа. Гэвч текстийг цээжлэхээр бүтэн долоо хоног шаргуу ажиллажээ. Бас өдөр бүр олон удаа залбирч байв. Тэгсээр тэмцээн явагдах өдөр боллоо.

Тэмцээний нээлтийн мэндчилгээний үеэр Хозелито мөн л сандарч байлаа. “Гэвч түүх ярих үедээ би дажгүй байсан шүү. Намайг чадах бүхнээ хийсэн үед Бурхан надад туслах болно гэдгийг би мэдэж байсан. Маш олон сурагч байсан болохоор би сандарч, айж байсан ч Бурхан миний залбиралд хариулсан юм” гэж тэр ярив.

Хозелито түүхийг цээжээр ярьсан төдийгүй, бас уран уншиж, тэмцээнд нэгдүгээр байр эзэлжээ. “Дэргэд чинь тайтгаруулах хүн байхгүй үед залбирал тусалдаг. Бурхан чамд туслахаар үргэлж бэлэн байдаг” гэж Хозелито хэлэв.

Залбирал хүч чадал өгдөг

Идэвхтэй Хожмын Үеийн Гэгээнтэн гэр бүлд өсч байгаа Кен Ж. өндөр жишгүүдээ баримтлахад хэзээ ч ийм их бэрхшээлтэй тулгарч байсангүй. Кенийг ахлах сургуульд ороход асуудал улам төвөгтэй болж, тэр зарим үед ялангуяа сургууль дээр гэр бүлийнхээ сайн нөлөөнөөс тусгаарлагддаг байлаа.

“Миний ахлах сургуулийн найз нар Сүмийн гишүүд биш байсан ч бүгд надтай үнэхээр ойр дотно байсан. Бидний үерхэл бат бөх байлаа. Нэг л асуудал байсан нь найз нар маань манай Сүмийн жишгүүдэд үл нийцэх юмсыг хийдэг байлаа” хэмээн Кен ярилаа.

Гэртээ бол зөвийг сонгоход Кенд ямар ч асуудал байдаггүй байлаа. Харин сургууль дээрээ ирсэн үед гэр бүл нь түүнд нөлөөлөх боломжгүй болохоор тэр буруу сонголт хийдэг ажээ. “Би Сүмийн жишгүүдтэй үл нийцэх зүйл хийсэн үедээ семинарт ирж суухад хичээл дээр жишээ болгон ярилцаж байгаа хүн нь би юм шиг үргэлж санагддаг байлаа.”

Кен өөрчлөлт гаргахыг хүссэн боловч ганцаараа ийнхүү өөрчлөлт гаргаж чадахгүй юм шиг санагдсан гэнэ. “Иймд би Бурханд хандан залбирч, найз нар маань буруу зүйл хийсэн үед уруу татагдахгүй харин үгүй гэж хэлэх хүч чадал, зоригийг надад өгөөч хэмээн гуйхаар шийдсэн” хэмээн тэр ярив. “Тэгээд би Бурхан миний залбиралд хариулсныг мэдэрсэн шүү. Найз нар маань надаас ямар нэг буруу зүйл хийхийг хүсэх үед эсвэл уруу татах үед үгүй гэж хэлэхэд илүү амар болсон. Би юу зөв, юу буруу болохыг аль хэдийн мэддэг байсан. Тэгээд буруу зүйлийг хийхгүйн төлөө залбирснаар зөв зүйлийг хийх хүч болоод бэлэгтэй болсноо мэдэрсэн.”

Энэхүү туршлагаас түүний сурч мэдсэн хамгийн чухал зүйл нь “залбирал бол даруу байдлын чинь тэмдэг, учир нь чи өөрийгөө сул дорой болохыг мөн хүч чадалтай болоход чинь зөвхөн Бурхан л тусалж чадна гэдгийг хүлээн зөвшөөрсөн” гэдгийг ойлгосон явдал мөн хэмээн Кен ярив (Сургаал ба Гэрээ 112:10-ыг үз).

Залбирал адислалуудыг авчирдаг

Заримдаа бидэнд тайтгарал, хүч чадлаас илүү их зүйл хэрэгтэй болдог. Зарим үед илүү их бодитой адислалууд бидэнд хэрэгтэй байдаг. Taния Д. ийм үеийг санаж байна. Гэр бүл нь санхүүгийн онцгой хүнд үетэй тулгарчээ. “Бямба гарагийн орой байлаа. Бидэнд ирэх долоо хоногийн хэрэгцээнд ердөө 40 песо [1 ам.доллар орчим] үлдсэн байлаа. Идэх юм, тэр ч бүү хэл пийшингээ галлах нүүрс ч байсангүй. Манайд хэрэгтэй байсан бүх зүйлсийн жагсаалтыг ээж надад өгснийг харвал энэ бүхнийг худалдаж авахад 250 песо хэрэгтэй байлаа. Хамгийн түрүүнд худалдаж авах хэрэгтэй зүйл нүүрс байлаа. Учир нь нүүрсгүйгээр яаж хоол хийх билээ” гэж Тания ярив. Хэрэгтэй юм болгоныг худалдаж авахад мөнгө хүрэхгүйг Taния ойлгож байлаа. Тэгтэл маргааш нь сүм рүү явах автобусны мөнгө ч байхгүйг тэр мэджээ. “Сүм рүү явах автобусны мөнгө хүрэхгүй нь гэдгийг би ээжид хэллээ. Ээж үнэхээр итгэлтэй хүн. Тиймээс ‘Бурхан хангана даа’ гэж тайван хэлж билээ.

Бидэнд хэрэгтэй бүх зүйлийг худалдаж авах мөнгө байгаагүй учраас би дэлгүүр лүү явах замдаа уйлсан. Би яахаа мэдэхгүй байлаа” гэж Тания хэлэв. Тэр 20 песогийн дэвсгэртүүдээс нэгийг авч халаасандаа хийгээд өөрийн хийж чадах цорын ганц зүйлийг хийж залбирчээ. “Бид хэрэгцээгээ хангах арга замыг олохын төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан.”

Гэтэл түүнийг анхны дэлгүүрт ортол нүүрсний үнэ 5 песогоос 20 песо болж өссөн байлаа. “Нүүрс авахаа больдог юм бил үү гэж бодтол Ариун Сүнс надад юутай ч гэсэн нүүрсийг ав хэмээн шивнэхийг мэдрээд би нүүрсийг худалдаж авлаа. Одоо надад ердөө 20 песо үлджээ, гэтэл дүүдээ живх, ундны ус гээд худалдаж авах зүйл зөндөө байдаг. Тэгээд хоол хүнс худалдаж авахаар дараагийн дэлгүүрт очтол бараа нь дэндүү өндөр үнэтэй байв. Би 20 песо хийсэн халаасандаа гараа хийж үзтэл 20 песогийн дэвсгэрт тав байлаа. Дэлгүүрийн эзний өмнө очоод би уйлж гарлаа.

“Тэгээд хэрэгтэй бүх зүйлээ худалдаж аваад цаана нь маргааш сүм рүү явах автобусны мөнгө ч үлдсэн байлаа. Би гэртээ ирээд өрөөндөө орж, бидэнд өгсөн адислалынх нь төлөө Бурханд баярласнаа илэрхийлэн залбирлаа. Бурхан үнэхээр амьд бөгөөд ялангуяа Тэр бидэнд чухал хэрэгтэй болсон үед бид чин сэтгэлээсээ залбирвал Бурхан бидний залбиралд хариулдгийг би мэднэ. Тэр үнэхээр бидний залбиралд хариулах болно” хэмээн Тания ярив.

Залбирал биднийг Тэнгэрлэг Эцэгт ойртуулдаг

Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсож, хариулдаг гэдэгт бид итгэлтэй байхын хамт залбирлын хариулт үргэлж тэр дороо бас бидний хүсэн хүлээсэн байдлаар ирдэггүйг санах хэрэгтэй. Бидний залбирлын хариу Бурханы хүсэл болон Түүний тогтоосон цагт ирдэг.

Бид олуулаа эсвэл ганцаархнаа байсан ч, сайн цаг, саар цаг алинд ч, далайн түрлэг өндөр байхад ч, нам байхад ч, Бурхан бидэнд туслахад ямагт бэлэн байдгийг Филиппиний Себу арлын эдгээр өсвөр үеийнхэн мэддэг ажээ. Хэрэв бид чин сэтгэлийн залбирлаар Түүнд хандвал Тэр биднийг адислахад үргэлж бэлэн байдаг.

Зүүн талаас: Хозелито, Жоаханна, Роза, Кен нар Филиппиний Себу Хотын Ариун сүмийн өмнө.

Зүүн талд: гэрэл зургийг Эдвин Редрино; баруун талд: photograph © iStockphoto.com/Hector Joseph Lumang